Шинэ Гэрээ 2023
7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28: “Гэрч, үйлчлэгч”


“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Шоронд буй Паул

7-р сарын 31-ээс 8-р сарын 6

Үйлс 22–28

“Гэрч, үйлчлэгч”

Ариун Сүнсээр өдөөгдөн, ангийнхаа гишүүдэд туслах юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдгээ мэдэхийн тулд тулд Үйлс 22–28-ыг дотроо залбирч унш. Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэ. Тэдгээр нь заах төлөвлөгөөний тань эхлэл байж болох юм.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийнхаа гишүүдээс Үйлс 22–28-ыг энэ долоо хоног уншихад өөрсдөд нь чухал санагдсан судрын эшлэлээ бичиж тэмдэглэхийг хүс. Тэдний хариултуудыг цуглуулж, хэдэн шүлгийг нь хамтдаа унш. Яагаад эдгээр шүлэг чухал болохыг хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Үйлс 22:1–21; 26:1–29

Гэрчлэл бол хувийн мэдлэг эсвэл итгэл дээр үндэслэсэн үнэний тунхаг юм.

  • Паулын Фест, хаан Агрийп нарт гэрчилсэн гэрчлэл нь гэрчлэлээ хуваалцах гэж юу болох талаар ярилцах боломжийг олгож болох юм. Та ангийн гишүүдээс Үйлс 22:1–21 эсвэл 26:1–29-ийг дахин уншихыг хүсэж болно. Бид Паулын үлгэр жишээнээс гэрчлэлээ хуваалцах талаар юу мэдэж авч болох вэ? Бид “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын мэдэгдлээс гэрчлэлээ хуваалцах талаар ямар нэмэлт зарчмуудыг олж мэдэж болох вэ? “Гэрчлэл” (Дуулал, д. 71) дууллыг дуулж эсвэл аяыг нь тоглох нь хэлэлцүүлэгт тань Сүнсийг урин авчирч болно.

  • Хэдийгээр Паул Дамаск орох замдаа сүнслэг гэрчлэлтэй болохыг эрэлхийлээгүй ч тэр амьдралынхаа үлдсэн цаг хугацааг энэ гэрчлэлээ хадгалж, хамгаалахад зориулсан (Үйлс 22:10, 14–16; 26:19-ийг үзнэ үү). Гэрчлэлтэй болоход хөдөлмөрлөж, золиос гаргах шаардлагатай гэдгийг ойлгоход Паулын жишээ ангийнханд тань тусалж болох юм. Үүний талаар хэлэлцүүлгийг эхлүүлэхийн өмнө ангийн нэг гишүүн чадварлаг хөгжимчин, зураач эсвэл тамирчин болохын тулд ямар хүчин чармайлт гаргадгаа ярьж болох юм. Ийм чадварыг хөгжүүлэх нь гэрчлэлээ хүчирхэгжүүлж, бэхжүүлэхтэй хэрхэн адилхан бэ? Бид гэрчлэлтэй болж, үүнийгээ хөгжүүлэхийн тулд ямар хичээл зүтгэл гаргах ёстой вэ? (мөн Алма 5:46-г үзнэ үү).

Үйлс 26:9–23

Бусдад үйлчлэх үүрэг хариуцлага бидэнд бий.

  • Их Эзэн Паулыг “үйлчлэгч” (Үйлс 26:16) байхаар дуудсан. Гэхдээ энэ үг ямар утгатай вэ? Ангийн гишүүдэд албан болон албан бус байдлаар хэрхэн бусдад үйлчлэхээ мэдэхэд нь туслахын тулд Үйлчлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? гэх мэт асуултыг самбарт бичиж болно. Ангийн гишүүдийг дараах эх сурвалжаас хариултаа олоход урь. Матай 20:25–28; Үйлс 26:16–18; 3 Нифай 18:29–32; Жийн Б.Бингам, “Аврагчийн адилаар үйлчлэх нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130–133. Олж мэдсэн зүйлээ хуваалцахдаа Сүмийн дуудлага гэх зэрэг бусдад үйлчилж болох арга замын талаар ярилцахад тэднийг урамшуулан дэмж.  

Үйлс 27

Хэрэв бид Их Эзэний бошиглогчдыг анхааран сонсох аваас, Тэрээр биднийг хөтөлж, хилэнцээс хамгаалах болно.

  • Паулыг усан онгоц олон хүний аминд “их хохирол”-той (Үйлс 27:10–11) хэмээн бошиглоход зуутын дарга хэрхэн хариулсныг хуваалцахад ангийн гишүүдийг урь. Зуутын дарга яагаад ингэж хариулсан байж болох вэ? Магадгүй ангийн гишүүд Паулын бошиглолд итгэхэд туслахын тулд зуутын даргад юу гэж хэлэх байснаа хуваалцаж болно. Бид Их Эзэний үйлчлэгчдийг дагах талаар Үйлс 27-оос өөр ямар ямар сургамж авч болох вэ? Ангийн зарим гишүүнд эргэн тойрных нь хүмүүсийн бодлоос өөр байсан ч гэсэн бошиглогчдын удирдамжийг дагаж байсан туршлага байж болох юм. Ангийн хэдэн гишүүнийг туршлагаа хуваалцахад урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Гэрчлэлээ хуваалцах.

Ерөнхийлөгч Рассэлл М.Баллард Паулын хаан Агрийпийн өмнө хэлсэн гэрчлэлийн талаар яриад, гэрчлэлээ хуваалцах нь юу гэсэн үг болохыг ийн заасан.

“Бидний гэрчлэлийн цуглаан Аврагч, мөн сайн мэдээний сургаал, Сэргээлтийн адислал, судрын сургаалууд дээр илүү их төвлөрөх хэрэгтэй. Бид түүх, аяллын тухай яриа, лекц зэргийг өөрсдийнхөө цэвэр гэрчлэлээр солих хэрэгтэй. Манай цуглаан дээр үг хэлж, заахаар итгэл хүлээсэн хүмүүс сүнснүүдийг өргөж, манай хүмүүсийг сэнхрүүлэн, сонсогдож мөн мэдрэгдэхүйц сургаалын хүчээр үүнийг хийх хэрэгтэй. …

… Хайр, талархлаа илэрхийлэх нь үргэлж сайн зүйл байдаг ч ийм илэрхийлэл нь бусдын амьдралд итгэл үнэмшлийн галыг асаах гэрчлэлийг бий болгодоггүй. Гэрчлэлээ хуваалцах гэдэг нь ‘Ариун Сүнсний хүчээр гэрчлэх; хувийн мэдлэг болон итгэлдээ тулгуурлан үнэний талаар чанд мэдэгдэл хийх’ [Судруудын удирдамж, “Гэрчлэх,” scriptures.lds.org] гэсэн утгатай. Үнэний талаар тодорхой мэдэгдэл хийх нь хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирдаг. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилдөг юм. Энэ бол Ариун Сүнсний Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд баталж чадах тэрхүү зүйл юм” (“Pure Testimony,” Liahona, Nov. 2004, 41).

Заах чадвараа сайжруулах

Урьдчилан бэлд. “Таны заах гэж байгаа сайн мэдээний зарчим таныг ангийн гишүүдийнхээ амьдралыг хэрхэн адислах талаар тунгаан бодох үед мөн хичээлд хэрэг болох санаа, мэдрэмж ажилдаа явж, гэрийн ажлаа хийн, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө харилцаж байх үед тань орж ирэх болно. Сүнслэг бэлтгэлийг цаг гарган хийдэг биш, харин үргэлж хийж байх ёстой зүйл гэж бод” (Аврагчийн арга барилаар заах нь, 12).