“8-р сарын 14–20. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“8-р сарын 14–20. Ром 7–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
8-р сарын 14–20
Ром 7–16
“Бузар мууг сайнаар дийлэгтүн”
Ром 7–16-г уншаад, ангийнхаа гишүүдэд судраас суралцахад нь хэрхэн туслах талаар хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Төрсөн сэтгэгдлийнхээ талаар тунгаан бодох нь утга учир бүхий туршлага руу хөтөлж болно.
Хуваалцахад урь
Ром 10:17; 15:4-ийг уншаад, Ром 7–16 дээрх Есүс Христэд итгэх итгэлийг нь хөгжүүлдэг эсвэл итгэл найдвар өгдөг судруудыг хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно.
Сургаалыг заах
Бид “Христийн хамтран залгамжлагчид” болж чадна.
-
Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид “Бурханы өв залгамжлагчид” болон ”Христийн хамтран залгамжлагчид” гэх мэт үг хэллэг нь Есүс Христийн тусламжтайгаар бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж Түүнд байгаа бүхнийг хүлээн авч чадна гэсэн утгатай гэдэгт итгэдэг (Ром 8:17-г мөн Сургаал ба Гэрээ 132:20–21-ийг үзнэ үү). Энэ сургаалыг сударт хэрхэн заасан байдгийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг хосууд эсвэл жижиг бүлгүүд болгоод, “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаан бичсэн судруудын заримыг судлахад урьж болно. Дараа нь ангийн гишүүд сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, энэ сургаал яагаад ийм чухал болох талаар ярилцаж болно.
-
“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн адилтгал нь “Бурханы өвлөгчид” (Ром 8:17) болохын тулд бид хэрхэн бэлдэж болохоо ярилцахад ангийн гишүүдэд тусална. Ерөнхийлөгч Өүксийн дурдсан “хууль ба зарчмууд”-ын зарим нь юу вэ? Бид “Бурханы өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид” болж чадна гэдгийг мэдэх нь бидний амьдралд ямар өөрчлөлтийг авчрах вэ? (Ром 8:17).
“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ?”
-
Ром 8-ыг хамтдаа ярилцах нь ангийн гишүүдэд Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах боломжийг олгох юм. Та Ром 8:18, 28, 31–39-ийг ангиараа уншиж байхдаа Есүс Христийн зургийг (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү) үзүүлэх талаар бодож үз. Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг уншсаны дараа төрсөн аливаа бодол эсвэл мэдрэмжээ хуваалцахад урьж болох юм. Зарим нь энэ шүлгээс сурч мэдсэн үнэнийхээ талаарх гэрчлэлээ хэрхэн олж авснаа хуваалцах хүсэлтэй байж ч болно.
Бурханы бүх зарлиг нь хайрла гэсэн зарлиг дотор гүйцэлддэг.
-
Бүх тушаал нь хөршөө хайрлах тушаал дотор хэрхэн “агуулагддаг” (Ром 13:9) гэдгийг ойлгоход туслахын тулд тэднийг санаж байгаа бүх зарлигаа самбарт жагсаан бичихэд урь. Ром 13:8–10; Матай 22:36–40-ийг хамтдаа уншаад, Бурханыг болон хөршөө хайрлахын мөн самбарт жагсаасан зарлиг бүрийг дуулгавартай дагахын харилцан хамаарлыг ангиараа ярилцаарай. Энэ үнэн нь зарлиг, дуулгавартай байдлын талаарх бидний бодлыг хэрхэн өөрчлөх вэ? Тухайлбал, энэ үнэн зарлигуудын зорилгын талаар юу зааж байна вэ?
“Иймд … бид бие биеэ шүүхээ больё.”
-
Та Ром 14-ийн зарим хам сэдвийг өгөхийн тулд Ромын зарим гэгээнтэн хооллох дадал хэвшил, баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг зан үйлийн талаар хоорондоо маргалдсан гэдгийг онцлон тэмдэглэж болно. Үүнтэй адил ямар нөхцөл байдал өнөөдөр бидэнд тулгардаг вэ? Ангийн гишүүд Ром 14-ийг гүйлгэн хараад, Паулын зөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаан дүгнэж болно. Бид шүүмжлэлтэй хандахаас хэрхэн зайлсхийх талаар ямар зөвлөгөөг бие биедээ өгч чадах вэ? Магадгүй ангийн гишүүд ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” (2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90–93) захиасаас санаа авч болох юм.
Нэмэлт эх сурвалж
“Эцэгт байгаа бүхнийг” хүлээн авах (Сургаал ба Гэрээ 84:38).
-
“Becoming Like God” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дараах сургаалт зүйрлэлийг ярьсан юм.
“Нэгэн чинээлэг эцэг шаардлагатай мэргэн ухаан, төлөвшлийг хараахан хөгжүүлээгүй байгаа хүүхдэдээ өмч хөрөнгөө үлдээвэл өв хөрөнгө нь үрэн таран болно гэдгийг мэдэж байв. Эцэг нь хүүхдэдээ ингэж хэлжээ.
Миний чамд өгөхийг хүссэн, надад байгаа бүхий л зүйл зөвхөн баялаг минь биш, харин миний байр суурь, хүмүүсийн дундах нэр хүнд маань юм. Надад байгаа юмыг би чамд амархан өгч чадна, харин чи өөрөө над шиг болох ёстой. Миний суралцсаныг суралцаж, миний амьдарсан шиг амьдарснаар чи өв хөрөнгөө өвлөх бүрэн эрхтэй болно. Би мэргэн ухаан, байр сууриа олж авсан хууль, зарчмуудаа чамд өгнө. Миний жишээг дагаж, миний давж гарсныг давж гарвал чи над шиг болно, надад байгаа бүхэн чинийх болох болно’” (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32).