“8-р сарын 21–27. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“8-р сарын 21–27. 1 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
8-р сарын 21–27
1 Коринт 1–7
“Та нар бүгд нягт нэгд”
Ахлагч Жэффри Р.Холланд “Ихэнх хүн сүнслэг туршлагатай болохыг эрэлхийлэн [Сүмд] ирдэг” гэж заасан (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26). Та 1 Коринт 1–7-г уншихдаа, ангидаа сүнслэг туршлага өгөхийн тулд юу хийж болохоо залбирч байгаад эргэцүүлэн бод.
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг судраас сурч байгаа зүйлсийнхээ дагуу хэрхэн үйлдэж байгаагаа бичихэд урих талаар бодож үз. Ангийн хэдэн гишүүнээс бичсэнээ хуваалцахыг хүс.
Сургаалыг заах
Христийн Сүмийн гишүүд нэгдмэл байхыг хичээдэг.
-
1 Коринтын эхний хэдэн бүлгийг ярилцах нь тойргийн гишүүдийн дунд илүү эв нэгдлийг бий болгох боломж байж болох юм. Та хамрагдаж байсан эв нэгдэл сайтай клуб, бүлэг, баг эсвэл бусад байгууллагынхаа талаар ярихыг ангийн гишүүдээс хүссэнээр хичээлийг эхлүүлж болно. Энэ бүлэг яагаад ийм эв нэгдэлтэй байна вэ? Та дараа нь Паулын эв нэгдлийн талаар заасан сургаалыг 1 Коринт 1:10–13; 3:1–11-ээс судалж болно. Эдгээр шүлэг бидний туршлагатай хамт эв нэгдэлтэй болоход юу тусалдаг мөн үүнд юу саад болдог талаар юу зааж байна вэ? Бид эв нэгдэлд хүрэхийн тулд ямар золиос гаргах хэрэгтэй вэ? Нэгдмэл хүмүүст ямар адислалууд ирдэг вэ? Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа Шарон Юбанк эгчийн өгсөн адилтгалыг үзнэ үү.
-
Паул эв нэгдэлтэй байхад урамшуулахын тулд 1 Коринт 3:9–17-д барилгын зургийг ашигладаг. Энэ адилтгал танай ангийнханд эв нэгдлийг илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ? Жишээ нь, эдгээр шүлгийг хамтдаа уншсаныхаа дараа та ангийнхаа гишүүн бүрд шоо өгөөд, тэдэнд хамтдаа ямар нэг зүйл барьж байгуулах боломж олго. Бид ямар байдлаар “Бурханы барилга” болдог вэ? (1 Коринт 3:9). Бурхан биднийг хувь хүний маань хувьд хэрхэн барьж байгуулдаг вэ? Бид үзэл бодол нэгтэй гэгээнтнүүдийн хувьд юуг хамтдаа барьж байгуулж байна вэ? Хувь хүний хувьд хийх боломжгүй ямар зүйлсийг бид тойргоороо нэгдэн хийж болох вэ?
Бурханы ажлыг хийж гүйцэтгэхэд бидэнд Бурханы мэргэн ухаан хэрэгтэй.
-
Ангийнхныгаа Бурханд найддаг болгоход туслах санаа: Ангийн гишүүдийг бүлгүүдэд хуваагаад, тэднээс 1 Коринт 1:17–31; 2; эсвэл 3:18–20-ийг гүйлгэн уншиж, мэргэн ба мунхаг зэрэг үгсийг хайж олохыг хүс. Дараа нь тэд энэ шүлгүүд Их Эзэний ажилд мэргэн байх талаар юу зааж байгааг бүлгийнхэндээ хуваалцаж болно. Сайн мэдээний ямар зүйлс зарим хүнд мунхаг санагддаг вэ? Эдгээр нь Бурханы мэргэн ухааныг хэрхэн харуулдаг вэ? Ангийн гишүүд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийнхөөсөө илүү Түүний мэргэн ухаанд итгэсэн туршлагаасаа хуваалцаж болно.
Бидний бие махбод ариун нандин юм.
-
Эдгээр шүлгийн талаар ярилцаж эхлэхийн тулд та самбарт дараахтай адил асуултуудыг бичиж болно. Их Эзэн биднийг өөрсдийн бие махбодыг хэрхэн хараасай гэж хүсдэг вэ? Энэ нь бие махбодынхоо талаар бодоосой гэж хүсдэг Сатаны арга замаас хэрхэн ялгаатай вэ? Бидний бие махбод Ариун Сүнсний ариун сүм гэдэг нь ямар утгатай вэ? Ангийн гишүүдийг эдгээр асуултын хариултыг 1 Коринт 6:9–20 (мөн Сургаал ба Гэрээ 88:15; Мосе 6:8–9-ийг үзнэ үү) дээрээс олоход урь.
-
Бие махбодын ариун байдлын талаар ярилцахдаа, ариун явдлын хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж болно. Та ариун явдлын хууль яагаад чухал болох талаар бусдад тайлбарлахад туслах юуг Паулаас болон Сүмийн бусад материалаас мэдэж авсныг нь ангийн гишүүдээс асууж болно. Эдгээр эх сурвалжийн заримд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаасан эх сурвалжууд багтаж болно.
Нэмэлт эх сурвалж
“Ялгаатай зүйлсээ давуу тал болгон өөрчлөх боломжтой.”
Шэрон Юбанк эгч эв нэгдэлд хэрхэн хүрч болохыг сэлүүрчдийн багаар төлөөлүүлэн дүрсэлсэн.
“Сэлүүрчид чанд бие даасан байхын зэрэгцээ хувь хүний чадавхдаа итгэлтэй байх ёстой. Нэг нэгтэйгээ яг адил тамирчидтай баг тэмцээнд ялдаггүй. Сайн багууд сайн холилдсон байдаг буюу нэг нь хариуцаж удирддаг, нөгөө нь ямар нэг зүйлээ цагт нь тааруулж нөөцөлдөг, өөр нэг нь тулаанд ордог, нөгөө нэг нь энх тайвныг тогтоодог. Нэг ч сэлүүрчин нөгөөгөөсөө илүү үнэ цэнтэй биш, тэд бүгд завины хэсгүүд. Гэхдээ тэд хамтдаа сайн сэлүүрдье гэвэл, богино гартай хүн нь гараа арай урт сунгаж, урт гартай хүн нь гараа арай татасхийж, бие биеийнхээ хэмжээ, чадварт нийцүүлэн ажиллаж сурах хэрэгтэй болдог.
Ялгаатай зүйлсээ сул тал биш, давуу тал болгон өөрчлөх хэрэгтэй” (“Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61; Daniel James Brown, The Boys in the Boat: Nine Americans and Their Epic Quest for Gold at the 1936 Berlin Olympics [2013], 161, 179-ийг үзнэ үү).
Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын адислал.
Jeffrey R. Holland, “Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76.
Дэвид A.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50.