“12-р сарын 27-оос 1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3: ‘Миний ажил мөн алдар суу,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“12-р сарын 27-оос 1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
12-р сарын 27-оос 1-р сарын 2
Мосе 1; Aбрахам 3
“Миний ажил мөн Миний алдар суу”
Та Мосе 1, Абрахам 3-ыг уншихдаа оюун ухаан, зүрх сэтгэлээ Сүнснээс ирэх өдөөлтөд нээлттэй байлга. Тэрээр таныг заахад бэлтгэхэд тань туслах бодол, санаагаар урамшуулах болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн тань гишүүд гэртээ Мосе 1, Абрахам 3-ыг уншиж байхдаа гайхалтай туршлага хуримтлуулсан байж болно. Та ангийнхандаа эдгээр туршлагаа хуваалцах боломжийг хэрхэн олгох вэ? Дараахтай төстэй энгийн асуултууд байж болно. Энэ долоо хоногт судраа уншиж байхад тань танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Юу таныг гайхшируулсан бэ? Аль хэсэг нь таныг түр зогсож, тунгаан бодоход хүргэсэн бэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож байгаагаа мэдрэхэд тань юу тусалсан бэ?
Сургаалыг заа
Мосе 1:1–10, 37–39; Абрахам 3:22–26
Бид Бурханы хүүхдүүдийн хувьд тэнгэрлэг хувь тавилантай.
-
Мосе, Абрахам хоёрын үзэгдлүүдэд илчлэгдсэн үнэнүүд бидний сонголт болон амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах чадварт хүчтэй нөлөө үзүүлдэг. Та эдгээр үнэнийг Мосе 1, Абрахам 3 дээрээс олж мэдэхэд ангийнхандаа хэрхэн тусалж болох вэ? Нэг санаа хэлэхэд, ангийг хэд хэдэн бүлэг болгон хувааж, бүлэг бүрд дараах хэсгүүдээс нэгийг оноож өгөх явдал юм. Үүнд: Мосе 1:1–10; Мосе 1:37–39; Абрахам 3:22–26. Бүлэг бүр “Би хэн бэ?” “Би яагаад энд байгаа вэ?”, “Бурхан намайг хэн болоосой гэж хүсдэг вэ?” зэрэг асуултын хариултыг хайж олж болно. Хангалттай хугацаа өгсний дараа бүлгүүдийг хариултаа хуваалцахад урь. Эдгээр хариулт бидний өдөр тутмын үйлдэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Бид Сатаны нөлөөг эсэргүүцэж чадна.
-
Мосе 1:12–23 дээрх Мосегийн Сатантай нүүр тулсан явдал ангийн гишүүдийг уруу таталт юм уу дайсны хууран мэхлэлттэй тулгарах үед тэдэнд тусалж чадах сургамжуудыг агуулсан байдаг. Бид Мосегийн хариултаас юу мэдэж авч болох вэ? “I Am a Son of God” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг нь биднийг сүнслэг туршлагууддаа эргэлзэхэд уруу татдаг Сатаны арга мэхүүдээс нэгийг ярилцахад ангийн гишүүдэд тусалж чадна (мөн “Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү). Хэрэв ангийн гишүүд Сатаны хүчин чармайлтыг таньж, эсэргүүцэхэд бие биедээ туслахын тулд санаа оноо, урмын үгсээ хуваалцвал ач холбогдолтой байж болно.
-
Мосегийн туршлагаас авсан сургамжаас харахад, Сатан Бурханы үнэн ба хүчийг хуурамчаар үйлдэх замаар биднийг уруу татдаг. Төсөөлөн бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд ангид хиймэл ургамал, хүүхэлдэй зэрэг хуурамч эд зүйлсийг авчир. Бид эдгээрийг хуурамч гэдгийг хэрхэн хэлж чадах вэ? Өнөө үед Сатан биднийг уруу татахаар ямар худал хуурмаг зүйлсийг ашиглаж байна вэ? Бид эдгээрийг хэрхэн таньж, эсэргүүцэж чадах вэ? (Мосе хэрхэн эсэргүүцсэнийг олж мэдэхийн тулд Мосе 1:13–18-ыг үзнэ үү.) Их Эзэн хичээл зүтгэлд маань хэрхэн тусалдаг вэ? (Мосе 1:24–26).
Энэ амьдрал бол Бурханы зарлигласан зүйлсийг хийх эсэхээ харуулах боломж юм.
-
Та ангийнхандаа амьдрал нь Бурханы зарлигуудад итгэлтэй байх эсэхээ батлах боломж гэдгийг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг туршлагуудаа, жишээ нь сургууль, ажил эсвэл спортын багтаа чадвараа харуулах шаардлагатай болсон үеэ хуваалцахыг хүссэнээр ярилцлагаа эхлүүлж болно. Тэд өөрсдийгөө батлан харуулахын тулд юу хийх шаардлагатай болсон талаараа ярьж болно. Эдгээр туршлага Абрахам 3:24–26 дээр дүрсэлсэнтэй юугаараа адилхан байна вэ? Хоорондоо ямар ялгаатай байна вэ? Бид өөрсдийгөө батлан харуулахыг хичээхдээ Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг хэрхэн оролцуулж болох вэ? (Aбрахам 3:25). Бид дуулгавартай байгаагаа батлан харуулахын тулд энд байгаагаа мэддэг байх нь бидний амьдралын сорилт бэрхшээлд хандах хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?
-
Бид Абрахам 3:22–28-аас мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаар эсвэл бидний “анхны байдлын” (26-р шүлэг) талаар өөр юу сурч болох вэ? Эдгээр үнэн бидэнд яагаад чухал вэ?
Нэмэлт эх сурвалж
Өөрт илчлэгдсэн зүйлсдээ бүү эргэлз.
Ахлагч Жэффри Р.Холланд Мосе 1 дээрх Мосегийн туршлагын талаар ингэж заасан. “Мосегийн өнөөгийн та нарт зориулсан захиас бол хамгаалалтаа сулруулахгүй байх явдал юм. Агуу илчлэлт, зарим гайхамшигтай, гэрэлтсэн мөч, онгод орсон замын эхлэл үүгээр дуусна гэж бүү бодоорой. … Гэвч нэгэнтээ залбирлынхаа хариултыг авсан л бол сайн зүйлээс ухрахад хүргэх уруу таталтаас болгоомжил. Үүний талаар залбирах үед, хэрэв энэ нь зөв байсан бол, тэгээд үүнд итгэж, үүний дагуу амьдарсан бол энэ нь зөв. Дарамт шахалт ихсэх үед бүү бууж өг. Аз жаргалыг тань устгахаар шийдсэн тэр нэгэнд бүү бууж өг. Эргэлзээтэйгээ нүүр тул. Айдсаа ял. ‘Тиймээс итгэлээ бүү хая’ [Еврей 10:35]. Зам дээрээ үлдэж, таны өмнө тавигдсан амьдралын сайн сайхныг хараарай” (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 79).