“1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5: Адам, Ева хоёрын уналт,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
1-р сарын 10–16
Эхлэл 3–4; Мосе 4–5
Адам, Ева хоёрын уналт
Эхлэл 3–4, Мосе 4–5-ын талаар заахаар бэлтгэж байхдаа ямар асуулт эсвэл үйл ажиллагаанууд ангийнханд тань Адам, Ева хоёрын уналтыг илүү сайн ойлгоход тусалж болох талаар бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд Эхлэл 3–4, Мосе 4–5-ыг гүйлгэн харж, өөрсдөдөө чухал санагдсан шүлгийг сонгон авч, ойрхон суугаа хэн нэгэнтэй хуваалцаж болно. Дараа нь цөөн хэдэн хүн өөрт төрсөн бодлоо ангийнхантайгаа хуваалцаж болно.
Сургаалыг заа
Өсөж хөгжихийн тул бидэнд сонгох эрх чөлөө, сөрөг тал байх шаардлагатай.
-
Бурханаас өгөгдсөн сонголт хийх эрх буюу сонгох эрх чөлөө нь мөнх бус амьдралын зайлшгүй хэсэг учраас бид заримдаа үүнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авдаг. Ангийн гишүүдийн энэ бэлгэнд талархах талархлыг нэмэгдүүлэхийн тулд та нар Мосе 4:1–4-ийг уншаад, ярилцаж болно. Эдгээр шүлэгт сонгох эрхийн ач холбогдлын талаар юу гэж зааж байна вэ? Хэрэв бидэнд сонгох эрх байгаагүй бол Бурханы төлөвлөгөө яагаад бүтэлгүйтэх байсан бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа эшлэл зарим ойлголтыг өгч чадна.
-
Ангийн гишүүд энэ долоо хоногт хувиараа эсвэл гэр бүлээрээ суралцаж байх явцдаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103) захиасыг судалсан байх. Энэ долоо хоногийн үеэр та хэдэн хүнийг түүний захиасаас (ялангуяа I, II хэсгээс) Адам, Ева хоёрын уналтыг ойлгоход тусалсан ямар нэг зүйлийг хуваалцахаар бэлтгэж ирэхэд урих талаар бодоорой. Тэнгэрлэг Эцэг яагаад “бүх зүйлд сөрөг тал” (2 Нифай 2:11–16-г үзнэ үү) байхыг бидэнд зөвшөөрдөг вэ? Та ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 29:39–40-ийг уншаад, Сатаны уруу таталтууд яагаад Бурханы төлөвлөгөөнд чухал болохыг ярилцаж болно. Биднийг уруу таталттай тулгарах үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Сатан биднийг “хууран мэхэлж, харалган болгохыг” эрэлхийлдэг.
-
Мосе 4:4–12; 5:13–33 нь Сатаны хилэнцийг үйлдүүлэхээр биднийг уруу татдаг зарим арга замыг олж тогтооход ангийн гишүүдэд тусалж чадна. Та ангийн нэг хагасыг Мосе 4:4–12-ыг, харин нөгөө хагасыг Мосе 5:13, 18–33-ыг уншихад урьж болно. Тэд уншиж байхдаа Сатаны Адам, Ева хоёрыг болон тэдний хүүхдүүдийг уруу татахаар хичээсэн арга замуудыг жагсааж болно. Тэр өнөө үед ч гэсэн эдгээр зүйлээ хэрхэн туршсаар байна вэ? Тэнгэрлэг Эцэг Сатаны хууран мэхлэлтийг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Эхлэл 3:1–7; Мосе 4:22–31; 5:4–15
Есүс Христийн Цагаатгал Уналтаас найдвар, гэтэлгэлийг санал болгодог.
-
Уналтын үр дагаврыг ойлгох тусам бид Есүс Христийн Цагаатгалд улам их талархах болно. Ангийн гишүүд Эхлэл 3:1–7; Мосе 4:22–31 дээрээс Уналтын үр дагавруудыг хайж олон, олж мэдсэн зүйлсээ самбар дээр бичиж болно. Дараа нь тэд Мосе 5:4–12, 14–15-ыг судалж, эдгээр үр дагавраас биднийг гэтэлгэх Бурханы төлөвлөгөөний талаар мэдэж авч (мөн 2 Нифай 2:19–25; Алма 12:22–34-ийг үзнэ үү), олж мэдсэн зүйлсээ самбарт бичиж болно. Тэд бас 10–12-р шүлэг дээрээс Адам, Ева хоёрын Есүс Христийн талаарх гэрчлэлээс тэдэнд ямар сэтгэгдэл төрснийг хуваалцаж болно. Эдгээр судрыг уншсаны дараа Бурханы төлөвлөгөөний талаар бид ямар бодолтой болсон бэ?
-
Адам, Ева хоёрын найдвар, гэтэлгэлийн талаарх түүх амьдрал хүнд хэцүү болсон үед ангийн гишүүдийг урамшуулж болно. Аврагч өөрсдийг нь гэтэлгэж чадна гэдгийг ойлгох үед Адам, Ева хоёрт ямар найдвар төрснийг илтгэх үг, хэллэгийг Мосе 5:7–12 дээрээс олоход тэднийг урихыг бодоорой. Бид хэзээ Адам, Ева хоёртой адилаар итгэл найдвар мэдэрч байсан бэ? Ангийн гишүүдийг Аврагчийн Цагаатгалаар дамжуулан ирдэг найдварыг өгүүлдэг дуртай сүмийн дууллуудаа хуваалцахад урь. Та эдгээрээс заримыг нь хамтдаа дуулж болно.
Нэмэлт эх сурвалж
Бид өөрсдийнхөө төлөө сонголт хийж чадна.
Ахлагч Дэйл Г.Рэнланд
“Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм. Хэрвээ Тэр биднээс зөвхөн дуулгавартай байхыг хүсэж байсан бол бидний зан байдалд нөлөөлөхийн тулд нэн даруй шагнах эсвэл шийтгэх аргыг хэрэглэх байсан.
“Бурхан хүүхдүүдээ селестиел зочных нь өрөөнд шаахайг нь мэрдэггүй зүгээр нэг сургуультай, дуулгавартай “гэрийн амьтад” шиг болгох хүсэлгүй байдаг юм. Бурхан харин хүүхдүүдээ сүнслэг байдлын хувьд өсөж хөгжөөсэй, гэр бүлийн энэ үйлсэд Өөртэй нь хамтран зүтгээсэй хэмээн хүсдэг” (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106).