“3-р сарын 28–4-р сарын 3 Гэтлэл 7–13: “Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана!” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 28-аас 4-р сарын 3. Гэтлэл 7–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
3-р сарын 28-аас 4-р сарын 3
Гэтлэл 7–13
“Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана”
Сүнслэг туршлагаа Гэтлэл 7–13-ыг судлахтай хослуулах үед таны заахдаа Сүнсээр удирдуулах чадвар гайхалтай өсөн нэмэгдэх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг Гэтлэл 7–13 дээрээс хувиараа болон гэр бүлийнхээ хамт судлахад төрсөн санаа бодол, туршлагаасаа хуваалцахад нь урамшуулан дэмжих нэг, хоёр асуулт бод. Жишээ нь, та энэ долоо хоногт Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн юуг олж уншсан бэ? эсвэл “Та нар гэр бүлд тань адислал болсон юуг олж уншсан бэ? гэж асууж болно.
Сургаалыг заа
Бид зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийг сонгож чадна.
-
Ангийн гишүүдэд зүрх сэтгэлээ Бурханд нийцүүлэхэд бэлэн байгаа талаар бодоход нь туслахын тулд та дараах судрын хэсгүүдийг хүн бүр уншихыг тэднээс хүсэж болно. Үүнд: Гэтлэл 7:14–25; 8:5–15; 8:16–19; 8:20–32; 9:1–7; 9:8–12; 9:22–26; 10:12–15; 10:21–29; 12:29–33. Дараа нь тэд египетчүүдийн дээр Бурханы илгээсэн 10 тахалд Фараон хэрхэн хариулсныг тайлбарлаж буй үг, хэллэгийг самбар дээр бичиж болно. (Иосеф Смитийн орчуулгын засварууд Фараон зүрх сэтгэлээ өөрөө хатууруулсныг харуулдаг гэдгийг онцлон тэмдэглэж болно.) Фараон яагаад ийм арга замаар хариулсан байж болох вэ? Яагаад зүрх сэтгэл, хүслээ Бурханд нийцүүлэх нь заримдаа хэцүү байдаг вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр эдгээр бэрхшээлийг даван туулахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Та ангид хатуу, зөөлөн материалтай зүйл авчирснаар ангийн гишүүдэд хатуу, зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход тусалж чадна. Хэн нэгнийг Гэтлэл 7–10 (тухайлбал, Гэтлэл 9:22–35) дээрх Фараоны зүрх сэтгэлийг дүрсэлсэн дүрслэлийг уншиж байх хооронд, авчирсан хоёр зүйлээ ангийнханд дамжуулж болно. Яагаад “хатуу” гэдэг үг Фараоны зүрх сэтгэлийг сайн дүрсэлж чадаж байна вэ? Эдгээр шүлэгт зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг хэмээн зааж байна вэ? (Хэрэв тус болохоор бол ангийн гишүүд эдгээр судраас нэг юм уу хэд хэдэн ойлголт хайж олж болно. Үүнд: 1 Нифай 2:16; Мозая 3:19; Алма 24:7–8; 62:41; Ифер 12:27.) Аврагч бидэнд зүрх сэтгэлээ зөөлрүүлэхэд хэрхэн тусалдаг вэ? “A Change of Heart” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг тэдний ойлголтыг нэмэгдүүлж болно.
-
Их Эзэн египетчүүдэд тахлууд илгээсэн учир шалтгааны талаар бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд ангийн гишүүн бүрийг дараах жагсаалтаас нэг эшлэлийг сонгон авч, боломжит шалтгаануудыг олоход урьж болно. Үүнд: Гэтлэл 3:20; 7:5, 17; 9:14–16; 10:1–2. “Бүх дэлхийд [Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой] адил хэн ч байхгүй” (Гэтлэл 9:14) гэдгийг хэрхэн сурч мэдсэнээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
Алгасал баяр болон ариун ёслол Есүс Христээр дамжуулан чөлөөлөгдсөн тухай заадаг.
-
Алгасал баярыг тэмдэглэх нь Израилын хүүхдүүдэд Их Эзэн өөрсдийг нь боолчлолоос чөлөөлсөн гэдгийг сануулж тусалсан юм. Алгасал баярын бэлгэдлийг ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд та дээр нь Есүс Христийн зургийг байрлуулсан Бэлгэдэл, Боломжит утга гэсэн хоёр багана зурж болно. Ангийн гишүүд Гэтлэл 12:1–13-ыг судалж мөн Есүс Христээр дамжуулан бидний чөлөөлөлтийг бэлгэдэж болох ямар нэг зүйлийг самбарт бичиж болно. Дараа нь тэд эдгээр бэлгэдэл Аврагчийн Цагаатгалын талаар бидэнд юу зааж байгаа талаар ярилцаж болно (санаа авах бол “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа хүснэгтийг харна уу). “The Passover” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг тэдэнд Гэтлэл 12 дээр гарсан зүйлсийг ойлгоход тусалж чадна.
-
Зарим хүний хувьд ариун ёслол үргэлж сүнслэг байгаад байдаггүй. Гэтлэл 12-ын талаар ярилцах нь ангийн бүх гишүүнд ариун ёслолын талаар илүү гүн ойлголттой болоход тусалж чадна. Жишээ нь, та ангийн гишүүдийг Гэтлэл 12-ыг харсны дараа, тэр үеийн израилчууд хүү эсвэл охин нь Алгасал баяр тэдний хувьд юу гэсэн үг болохыг асуусан бол юу гэж хэлэх байсныг хуваалцахад урьж болно. Ангийн гишүүд дараа нь, хэрэв хэн нэгэн ариун ёслол тэдний хувьд юу болохыг мөн Алгасал баярын талаарх ойлголтыг нь асуувал юу гэж хэлэхээ ярилцаж болно. Та ангийн гишүүдэд Аврагчийг өдөр бүр санахын тулд юу хийж болох талаар бодох цаг гаргаж өгч болно. “Always Remember Him” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг тэдэнд тусалж болно.
Нэмэлт эх сурвалж
Алгасал баяр Аврагчийн талаар заадаг.
Бэлгэдэл |
Боломжит утга |
---|---|
Бэлгэдэл Хурга (Гэтлэл 12:3–5) | Боломжит утга Есүс Христ |
Бэлгэдэл Хаалганы тотгон дээрх цус (Гэтлэл 12:7) | Боломжит утга Бидний аврагч Есүс Христийн цагаатгагч цус |
Бэлгэдэл Хурга идэх (Гэтлэл 12:8) | Боломжит утга Аврагчийг амьдралынхаа нэг хэсэг болгох |
Бэлгэдэл Гашуун ногоо (Гэтлэл 12:8) | Боломжит утга Боолчлолын гашуун байдал (нүгэл) |