“3-р сарын 21–27. Гэтлэл 1–6: ‘Би гэрээгээ саналаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 21–27. Гэтлэл 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
3-р сарын 21–27
Гэтлэл 1–6
“Би гэрээгээ саналаа”
Та Гэтлэл 1–6-г уншиж байхдаа заадаг хүмүүсээ бод. Эдгээр бүлгийн ямар ямар үнэн тэдэнд утга учиртай байж болох вэ? Та тэдэнд эдгээр үнэнийг олж мэдэхэд хэрхэн туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийнхныг сурч байгаа зүйлсээ хуваалцахад урамшуулах нэг санаа бол самбарт Та Гэтлэл 1–6-г уншиж байхдаа өмнө нь анзаарч байгаагүй юуг анзаарсан бэ? гэх мэт асуулт бичих явдал юм. Ангийн гишүүдийг хариултаа хуваалцахад урь.
Сургаалыг заа
Есүс Христ бол бидний Чөлөөлөгч.
-
Гэтлэл 1–2 дээр Аврагчийг нэрээр нь дурдаагүй боловч энэ түүх ангийн гишүүдэд биднийг боолчлолоос чөлөөлөх Түүний тохинуулалд итгэлтэй болоход тусалж чадна. Ангийн гишүүд Гэтлэл 1–2 дээрээс израилчуудад тохиолдсон зовлон бэрхшээлийг дүрсэлсэн үг, хэллэгийг хайж олж болно. Эдгээр дүрслэл бидэнд тохиолддог сүнслэг боолчлол эсвэл бусад зовлон бэрхшээлтэй юугаараа адилхан байна вэ? Израилын хүүхдүүд хэрхэн аврал эрж байсан ба Бурхан тэдэнд хэрхэн хариулсан бэ? (мөн Гэтлэл 2:23–25; 3:7–8-ыг үзнэ үү). Бид чөлөөлөлт хэрэгтэй үед Бурханы хүчийг хэрхэн татан авч болох вэ? Бурхан бидний тусламж хүсэх гуйлтад хэрхэн хариулдаг вэ? Ангийн гишүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25) хэлсэн үгээс нэмэлт ойлголтуудыг хайж болно.
Бид Их Эзэний ажлыг хийх үедээ Их Эзэний хүчийг авч чадна.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тоймд Мосег израилчуудыг боолчлолоос чөлөөлөх даалгавартаа зовних үед Их Эзэн түүнд хэрхэн хариулсан тухай олж мэдэхийн тулд Гэтлэл 3–4-ийг судлахыг санал болгодог. Хэрвээ ангийн гишүүд гэртээ энэ үйл ажиллагааг явуулсан бол тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эсвэл энэ үйл ажиллагааг ангиараа хийж дуусгаж болно. Ангийн гишүүд ялангуяа Гэтлэл 3:11–18; 4:1–17-г судалж, Мосегийн санаа зовнилыг болон Их Эзэн эдгээрт юу гэж хариулсныг олж мэдэж болно. Их Эзэний хариултууд бидэнд Түүний ажлыг хийх чадварууддаа эргэлзэх үед хэрхэн тусалж чадах вэ?
Бид ариун зүйлс болон газруудад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
-
Бид ариун зүйлсэд хэрхэн хандах талаар ярилцлага өрнүүлэхийн тулд та Мосегийн жишээг хэрхэн ашиглаж болох вэ? Жишээ нь, хамтдаа Гэтлэл 3:5-ыг уншсаны дараа та ариун нандин эд зүйлс эсвэл ариун юмсын зургийг (судар, ариун сүм гэх мэт) мөн ердийн эд зүйл юм уу ердийн эд зүйлийн зургийг (дэлхийн ном эсвэл ердийн барилга гэх мэт) үзүүлж болно. Ангийн гишүүд ариун нандин гэж үздэг зүйлсийнхээ тухай ярьж, эдгээр зүйлд хэрхэн хүндэтгэлтэй ханддаг тухай хуваалцаж болно (мөн Левит 19:30; Сургаал ба Гэрээ 6:10–12-ыг үзнэ үү). Аврагч биднээс яагаад ариун нандин зүйлсэд хүндэтгэлтэй хандаасай хэмээн хүсдэг вэ?
Их Эзэний зорилгууд Түүний өөрийн цаг хугацаанд гүйцэлдэх болно.
-
Бидний сайныг үйлдэх чин сэтгэлийн хүчин чармайлтууд болж өгөхгүй байгаа юм шиг санагдах үед, магадгүй найз маань бидний тохинууллын хүчин чармайлтад хариулахгүй, замаасаа төөрсөн хүүхдийнхээ төлөөх залбирал маань хариулагдахгүй байгаа мэт санагдах үед урам хугармаар санагддаг. Ангийн гишүүд Мосед тохиолдсон иймэрхүү туршлагын талаар мэдэж авахын тулд Гэтлэл 5:4–9, 20–23-ыг уншиж болно. Их Эзэн Мосед урам хугарсан мэдрэмжээ даван туулахад нь хэрхэн тусалсан бэ? (Гэтлэл 6:1–13-ыг үзнэ үү). Ангийн гишүүд Их Эзэнд үйлчлэх хүчин чармайлтынхаа үр дүнг шууд үзээгүй үеийн туршлагаасаа хуваалцаж болно. Эдгээр бүлэг дээрх Мосегийн туршлага бидэнд үүнтэй адил нөхцөлд хэрхэн хандах талаар юу заадаг вэ? (Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү.)
Нэмэлт эх сурвалж
Бид Их Эзэний өмнөөс бусдад үйлчилдэг.
Ерөнхийлөгч Жой Д.Жонс нөхөртэйгөө тохинууллын даалгавартаа үнэнчээр ажилласан боловч тэдний хүчин чармайлтаас ямар ч үр дүн гараагүй тухай ярьсан. Энэ хос тунгаан бодож, удирдамж хүсэн залбирчээ. Ерөнхийлөгч Жонс өөрсдийнхөө залбирлын хариуг дурсаж хэлэхдээ
“Бид уг гэр бүлд мөн бишоптоо үйлчлэхийг чин сэтгэлээсээ хичээж байсан ч үнэхээр Их Эзэнийг хайрлах хайраар үйлчилж байсан эсэхээ өөрсдөөсөө асуух хэрэгтэйг ойлгосон. Хаан Бенжамин “Болгоогтун, би та нарт хэлнэ, би та нарт өөрийн өдрүүдийг та нарт үйлчлэхэд зориулсан гэж би хэлсний учир, би бардамнан сайрхахыг хүсэх минь үгүй, учир нь би зөвхөн Бурханд үйлчилж байсан бөлгөө” [Мозая 2:16; тодотгол нэмэгдсэн] гэж хэлэхдээ энэхүү ялгааг тодорхой болгосон юм.
Тэгэхээр Хаан Бенжамин яг үнэндээ хэнд үйлчилж байсан бэ? Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид. Бусдад үйлчлэхдээ хэнд, яагаад үйлчлэхээ мэдэх нь бидэнд хайрын хамгийн дээд илэрхийлэл бол Бурханд үнэнч байх явдал гэдгийг ойлгоход тусалдаг (“Түүний төлөө,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121).