“4-р сарын 11–17. Христийн амилсны баяр: ‘Тэр, үхлийг мөнхөд залгина,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“4-р сарын 11–17. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
4-р сарын 11–17
Христийн амилсны баяр
“Тэр, үхлийг мөнхөд залгина”
Та Христийн амилсны баярын ням гарагт заахаар бэлтгэж байхдаа ангийн гишүүддээ Есүс Христийн цагаатгах золиос болон Амилалтын талаар илүү гүн талархал, гэрчлэлтэй болоход хэрхэн тусалж чадахаа тунгаан бодоорой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг тэд өөрсдөө болон гэр бүлийнхэн нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд Христийн амилсны баяраар юу хийснээ хуваалцахад урьж болох юм.
Сургаалыг заа
Аврагч үхлийг ялсан тул бид ч гэсэн дахин амьдрах болно.
-
Өнөөдөр Христийн амилсны баярын ням гараг учир анхны Христийн амилсны баяр буюу Есүс Христийн амилалтын судрын түүхийг харахыг бод (Иохан 20:1–17). Та ангийн нэг гишүүнийг уг түүхийг өөрийнхөө үгээр тайлбарлаж ярихыг хүсэж болно. Мөн та “He Is Risen” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Ангийн гишүүдэд Аврагчийн тухай дуулал дуулж мөн холбогдох судруудыг унших нь таатай санагдаж болох юм (Сүмийн дуулал номын дуу болгоны доор эшлэл байгаа). Дараа нь ангийн гишүүд дууллын дуртай үг хэллэг болон Аврагчийн талаарх мэдрэмжээ хуваалцаж болно.
-
Та Хуучин Гэрээ Есүс Христийг гэрчилж байгаад талархдаг байхад нь ангийнхандаа туслахын тулд тэднийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм дахь хүснэгтэд байгаа судруудыг болон хүснэгтийн хажууд байгаа Мормоны Номын хэсгүүдийг харахад урьж болно. Бид эдгээр хэсгээс Аврагчийн тухай болон Түүний зорилгын талаар юу мэдэж авдаг вэ? Яагаад эдгээр бошиглолыг мэдэх нь чухал вэ?
Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан амар тайван, баяр баяслыг олж чадна.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тоймд Есүс Христээр дамжин ирдэг амар тайван, баяр баясгаланг дүрсэлж буй судруудын жагсаалтыг багтаасан. Хэрэв ангийн гишүүд эдгээр судрыг гэртээ уншсан бол тэднийг эдгээрийн талаарх бодол, мэдрэмжээ хуваалцахад урамшуул. Эсвэл та нар хэдэн судрыг ангиараа уншиж, Аврагчийн болон Түүний Цагаатгалын ачаар өөрсдийн мэдэрч байгаа амар амгалан, баяр баясгалангийн тухай ярилцаж болно. Бид эдгээр адислалыг амьдралдаа амар амгалан, баяр баясгаланг олж авч чадахгүй байгаа хүмүүстэй хэрхэн хуваалцаж болох вэ? Та бас ангийн нэг гишүүнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71) хэлсэн үгийг өмнөх долоо хоногт уншаад, энэ захиас Аврагчаар дамжуулан баяр баясгаланг олох талаар юу гэж зааж байгааг ангийнхантайгаа хуваалцахад бэлтгэлтэй ирэхэд урьж болно.
-
Та бусдад Христээр дамжуулан амар амгалан, баяр баясгаланг олоход нь хэрхэн туслах талаар ярилцлага өрнүүлэхээр сүнсээр өдөөгдөж болох юм. Та ангийн гишүүдийг таньдаг хэн нэгний, магадгүй тохинуулдаг хүнийхээ тухай, тухайлбал тусламж, үйлчлэл бүр Христийн талаар болон Түүний Цагаатгалын тухай гэрчлэлийг нь сонсох хэн нэгний тухай бодоход урьж болно. Ангийн гишүүдийг эргэн тойрныхноо хүчирхэгжүүлэхийн тулд ямар үйлчлэл хийж эсвэл ямар гэрчлэл хуваалцаж болохоо бодож байхдаа тэднийг судраас эш татахад урамшуулж болно (жишээ нь “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судруудаас). Есүсийнхтэй адил үйлчлэлийн талаар ямар бодолтой байгаагаа хуваалцахад ангийн цөөн гишүүнийг урь.
Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан нүгэл, үхэл, сорилт бэрхшээл, сул дорой байдлыг даван гарахад бидэнд туслах хүчтэй.
-
Аврагчийн Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг тунгаан бодоход ангийн гишүүдэд туслах нэг арга бол самбарт Нүгэл, үхэл, зовлон бэрхшээл, сул дорой байдал зэрэг үгсийг бичих байж болох юм. Ангийн гишүүн бүр “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаан бичсэн судруудын нэгийг уншаад, самбарт бичсэн эдгээр зүйлийг даван туулахад Аврагч хэрхэн тусалдгийг тунгаан бодож болно. Ангийн гишүүд судрын эшлэлүүдийг самбар дээрх нэг ба хэд хэдэн гарчгийн доор бичиж, Аврагч ба Түүний Цагаатгалын тухай гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Түүх болон зүйрлэлүүд Есүс Христийн Цагаатгалыг ойлгоход бидэнд тусалдаг. Жишээ нь, ангийн нэг гишүүнийг ахлагч Волтэр Ф.Гонзалэзын “Аврагчийн мутар” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100) эсвэл Нийлл Ф.Марриот эгчийн “Бурхан дотор байж, цөмөрхийг сэргээн босгох нь” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137) хэлсэн үгэн дээр гарч буй түүхүүд юм уу зүйрлэлүүдийн аль нэгийг хуваалцахад урьж болно. Эдгээр түүх, зүйрлэл Христийн Цагаатгалын талаар бидэнд юу зааж байна вэ? Ангийн гишүүдийг өөрсдийн түүхийг юм уу зүйрлэлүүдийг бодож үзэхдээ хоёр хоёроороо ажиллахад урь.
-
Дараах шүлгүүдээс бид Есүс Христийн бидний авралын төлөө төлсөн төлөөсийн талаар юу сурч мэддэг вэ? Үүнд: Исаиа 53:3–5; Мозая 3:7; Сургаал ба Гэрээ 19:16–19 Тэнгэрлэг Эцэг маань ямар төлөөс төлсөн бэ? (Иохан 3:16-г үзнэ үү).