“7-р сарын 4–10. 2 Хаад 2–7: ‘Израилд эш үзүүлэгч байдаг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 4–10. 2 Хаад 2–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
7-р сарын 4–10
2 Хаад 2–7
“Израилд эш үзүүлэгч байдаг”
Та заахаар бэлтгэхдээ 2 Хаад 2–7-г уншаад, өөрийн амьдралдаа сүнслэг удирдамж эрэлхийлээрэй. Дараа нь ангийн тань гишүүдийг адислах захиасуудын талаар сүнслэг өдөөлтийг олж сонс.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Заримдаа ангийн гишүүдэд хувиараа судар судалж байхдаа олж мэдсэн ойлголтоо хуваалцахын тулд уншсан бүлгүүдээ хурдан харах хэрэг гардаг. Хичээл эхлэхээс өмнө үүнд зориулж хэдэн минут гаргахыг хичээ. Дараа нь ангийн гишүүдийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бурхан бидний амьдралд гайхамшгуудыг үйлдэж чадна.
-
2 Хаад 2–6 дээрх гайхамшгуудыг ярилцахдаа ангийн гишүүдээс гайхамшиг гэдэг үгийг тодорхойлохыг хүсэх нь тустай байж болох юм. Та ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах ойлголтыг хуваалцаж болно: “[Гайхамшгууд] гэдэг нь бидний тайлбарлаж эсвээс бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй [Бурханы] хүч чадлын илрэл юм. Эдгээр тэмдэг ба гайхамшгууд Бурханы Цорын Ганц Хүү Есүс Христийн амьдрал, тохинууллаас хамгийн тод томруунаар харагдаж байв. Гэхдээ сүрдмээр, гайхамшгаар дүүрэн байсан ч Христийн гайхамшгууд нь Эцэгийнх нь Түүнээс өмнө гүйцэлдүүлсэн мөн бидний эргэн тойронд гүйцэлдүүлсээр байгаа илүү агуу гайхамшгуудын ердөө тусгал төдий байв. … Хэрэв бид харах нүдтэй, сонсох чихтэй байвал гайхамшгийг хангалттай олж харах болно” (“The God That Doest Wonders,” Ensign, May 1989, 15–16). Эдгээр ойлголт нь Бурханы мутрыг амьдралдаа олж харахад хэрхэн бидэнд тусалдаг вэ?
-
Ангийн гишүүдээс 2 Хаад 2–6-д дүрсэлсэн зарим гайхамшгийг жагсаахыг хүс. Бид эдгээр гайхамшгаас Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Ангийн гишүүд өөрсдөд нь эсвэл гэр бүлийнхэнд нь тохиолдсон том, жижиг гэлтгүй гайхамшгийн талаар ярихад бэлэн байж болох юм. Бидний бодож байснаас өөр байсан ч Бурханы гайхамшгуудыг бид хэрхэн илүү сайн таньж чадах вэ?
-
Елиагийн гүйцэтгэсэн зарим гайхамшгийг Есүс Христийн гүйцэтгэсэн зарим гайхамшигтай харьцуулах нь ангийн гишүүдийг сүнслэгээр өдөөж болох юм (2 Хаад 4:8–37, Лук 7:11–16; 2 Хаад 4:42–44, Иохан 6:1–13; 2 Хаад 5:1–15, Лук 17:11–19-ийг үзнэ үү). Эдгээр гайхамшиг нь Аврагчийн тухай мөн Түүний бошиглогчдын талаар юу зааж байна вэ?
Хэрэв бид даруу, дуулгавартай байвал Есүс Христ биднийг эдгээж чадна.
-
Нааманы уяман өвчнийг эдгээсэн үйл явдлаас авах нэг сургамж бол даруу байхын ач холбогдол юм. Хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд та самбарт Нааманы бардамнал ба Нааманы даруу байдал гэж бичиж болно. Ангийн гишүүд Нааманы бардамналыг эсвэл даруу байдлыг харуулсан үг хэллэгийг 2 Хаад 5:1–19-өөс олж самбарт бичиж болно. Бид заримдаа Наамантай юугаараа адил байдаг вэ? Бид заримдаа түүний зарц нартай юугаараа адил байдаг вэ? Нааманы мэдэж авсан зүйлийг бид хэрхэн мэдэж авсан бэ?
-
Энэ түүхээс авч болох өөр нэгэн сургамж бол жижиг зүйлс дээр Бурханд дуулгавартай байхын үнэ цэн юм. 2 Хаад 5:9–12-ыг уншаад, Нааман яагаад “уурласаар буцсан” (12-р шүлэг) тухай бодол санааг нь ангийнхнаасаа асууж хичээлийг эхлүүлж болно. Бид яагаад заримдаа энгийн зүйлсийн оронд Бурханы биднээс хүссэн “илүү бэрх зүйлийг” хийхийг илүүд үздэг вэ? (13-р шүлэг). Эдгээр энгийн зүйлийг хийх нь ямар үнэ цэнтэй вэ?
“Бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм.”
-
Бид бүгдэд ганцаардах эсвэл айж эмээх үе байдаг. 2 Хаад 6:8–23 дээрх түүхийг ярилцах нь ийм мэдрэмжтэй байгаа ангийн гишүүдэд хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бод. Эдгээр шүлгийн юу нь тэдэнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлснийг асууж хичээлийг эхлүүлж болно. Тэд бас “Их Эзэн [тэдний] нүдийг нээж” (17-р шүлэг), ганцаараа биш гэдгээ ойлгоход нь тусалсан туршлагуудаа хуваалцаж болно (мөн “Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү). Бид “айхгүй байхад” бие биедээ хэрхэн тусалж чадах вэ? (16-р шүлэг).
Нэмэлт эх сурвалж
“Сүнслэг нүдээ нээ.”
Ахлагч Роналд А.Расбанд 2 Хаад 6:8–23 дээрх түүхийн талаар ингэж хэлсэн:
“Бидэнд айдсыг маань арилгах, чөтгөрүүдийг ялан дийлэх галт тэрэгнүүд байхгүй ч үүнээс сурах зүйл нь энгийн тодорхой юм. Их Эзэн бидэнтэй хамт байгаа бөгөөд биднийг анхаарч, зөвхөн Өөрийнхөө адисалж чадах арга замуудаар адисалж байдаг. Залбирал нь Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиост бидний оюун санааг төвлөрүүлэхийн тулд бидэнд хэрэгтэй хүч чадал, илчлэлтийг боломжтой болгож өгдөг. Бид заримдаа айдсыг мэдрэх болно гэдгийг Их Эзэн мэдэж байсан. Зарим нөхцөлд би ч бас айдсыг мэдэрч байсан бөгөөд та нар ч бас мэдэрдэг. … Магадгүй энэ Сүмийн хувьд бид дэлхийд чухал нөлөө үзүүлэхэд тооны хувьд цөөхөн мэт санагдаж болох ч өөрсдийн сүнслэг нүдийг нээхэд, ‘бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм’” [2 Хаад 6:16]” (“Бүү тэвдэн сандар,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21).