“7-р сарын 25–31. Естер: ‘Энэ цагийн төлөө’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 25–31. Естер,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
7-р сарын 25–31
Естер
“Энэ цагийн төлөө”
Та ангийн гишүүдээ хэр сайн мэддэг вэ? Долоо хоног тутамд ангийнхаа нэг гишүүнийг илүү сайн мэддэг болохыг хичээ. Энэ нь заахаар бэлдэхдээ тэдний хэрэгцээг харгалзан үзэхэд тусална (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд хажуудаа суугаа хүнтэй Сүнсний заасан, илүү сайн ойлгодог болсон эсвэл Естерийн номыг уншаад амьдралд нь тохиолдсон ижил төстэй ямар нэг зүйлээ хуваалцаж болно. Тэдний цөөн хэд нь ангийнхантайгаа хуваалцаж болно.
Сургаалыг заа
Их Эзэн бусдыг адислах боломж олгодог нөхцөлд биднийг тавьдаг.
-
Ангийн тань гишүүд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд санал болгосноор Их Эзэн Естерт иудейчүүдийг аврах боломж олгосон арга замуудыг олж мэдсэн байж болох юм. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эсвэл та хэд хэдэн жишээг хамт хайж болно (Естер 2:21–23; 3:10–14; 4:14–16-г үзнэ үү). Бид Бурханы мутрыг амьдралдаа олж харахын тулд юу хийж болох вэ? Энэ асуултын хариулт “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн үгэнд бий.
-
Их Эзэн хэрхэн тэднийг “энэ цагийн төлөө” (Естер 4:14) бэлтгэсэн тухай бодож үзэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Естер 4:10–17-г уншихад урь. Мордехаин Естерт хэлсэн үгс ард түмнээ хамгаалах шийдвэрт нь хэрхэн нөлөөлсөн бэ? Бурхан Естерийг иудейчүүдийг аварч чадах байр сууринд тавьсан шиг биднийг Тэрээр бусдыг адисалж болох ямар нөхцөлд тавьдаг вэ? Бид хэрхэн Түүний мутарт илүү сайн зэмсэг болж чадах вэ? Нэмэлт эх сурвалж дахь Виржиниа Ю.Жэнсэн эгчийн мэдэгдлийг унших нь ангийн гишүүдийг Их Эзэнд зэмсэг болж байсан үеэ бодоход сүнслэгээр өдөөж болох юм. Сүнсний удирдамжийн дагуу туршлагаа хуваалцахыг тэднээс хүс.
Мацаг барих нь бид Их Эзэнд найддаг болохыг харуулдаг.
-
Та Естер 4-ийг ашиглан мацаг барьснаар ирдэг адислалуудыг ярилцаж болно. Ангийн нэг гишүүнээр Естерийг болон иудейчүүдийг мацаг барихад хүргэсэн үйл явдлуудыг уншуулж болно. Тэд яагаад мацаг барихаар шийдсэн бэ? Бид яагаад мацаг барьдаг вэ? Та нар Исаиа 58:6–12, Матай 4:1–4; 17:14–21 гэх мэт мацагтай холбоотой нэмэлт судруудыг хамтдаа уншиж болно (Судруудын удирдамж, “Мацаг, мацаг барилт,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Та юм уу ангийн хэдэн гишүүн мацаг барих нь Их Эзэний хүчийг бидний амьдралд хэрхэн авчирдгийг харуулсан туршлагаасаа хуваалцаж болох юм.
Зөв зүйлийг хийхэд ихэвчлэн асар их зориг шаардагддаг.
-
Естер, Мордехаи хоёр зөв шударгын төлөө зоригтой зогссон түүх нь ангийн гишүүдийг зөв зүйл хийх зоригтой байхад сүнслэгээр өдөөж болох юм. Та ангийнхны нэг хэсгийг Мордехаин тухай (Естер 3:1–11), нөгөө хэсгийг Естерийн тухай (Естер 4:10–17; 5:1–4-ийг үзнэ үү) тус тус уншихад урьж болно. Хэрэв Мордехаи, Естер хоёр өнөөдөр энд байсан бол хэцүү байсан ч зөвийг хийхэд хэрхэн биднийг урамшуулах байсан бэ? Ангийн гишүүд зоригтой хөдлөх хэрэг гарч байсан нөхцөл байдлаасаа хуваалцаж болно. Та “Courage” (ChurchofJesusChrist.org) видеог үзүүлж эсвэл “Зөвийг хийгтүн” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 34) гэх мэт үнэний төлөө зогсохтой холбоотой дууллыг дуулах юм уу үгийг нь уншихад ангийнхныг урьж болно. Дараа нь уг видео юм уу дуу нь зоригтой байх талаар юу зааж байгааг ярилцаарай.
Нэмэлт эх сурвалж
Бурханы мутар
Ахлагч Нийл Л.Андэрсэн ингэж заасан:
“Бид заримдаа Их Эзэний мутрыг бусдын амьдралаас олж хардаг хэрнээ ‘Би хэрхэн өөрийнхөө амьдралд Түүний мутрыг олж харах вэ?’ хэмээн гайхдаг. …
“Та нарыг тушаалуудыг дагахад, өөрсдийнхөө амьдралд Их Эзэний мутрыг харахаар итгэлтэй залбирах үед Тэрээр та нарын сүнсний мэлмийг нээх ба та нар ганцаараа биш гэдгээ тов тодорхой мэдэх болно гэдгийг би та нарт амлаж байна” (“Таны хаанчлал ирэх болтугай,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110–114).
“Энэ цагийн төлөө”
Виржиниа Ю.Жэнсэн эгч ингэж заасан: “Та бид энэ онцгой цаг үед тохиолдлоор ирсэн гэдэгт би итгэдэггүй. Эрт дээр үед амьдарч байсан Естерийн адил бидний нөлөө, үлгэр жишээ, хүч чадал, итгэл, гэр орон, гэр бүл, хайртай хүмүүст маань заналхийлэхээр хурж буй хилэнцийн давалгаанаас тэднийг хамгаалж болохын тулд, ‘хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө’ [Естер 4:14] ирсэн гэдэгт би итгэдэг” (“Creating Places of Security,” Ensign, Nov. 1997, 89).