“7-р сарын 11–17. 2 Хаад 17–25: ‘Тэрээр Израилын Бурхан ЭЗЭНд итгэж байв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 11–17. 2 Хаад 17–25,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
7-р сарын 11–17
2 Хаад 17–25
“Тэрээр Израилын Бурхан ЭЗЭНд итгэж байв”
Та 2 Хаад 17–25-ыг хувиараа суралцаж байхдаа бичиж тэмдэглэсэн сэтгэгдлээ эргэн хар. Эдгээр бүлгийн аль хэсэг ангийнханд тань чухал гэж та бодож байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд гэртээ судраас суралцахдаа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад бусад гишүүн долоо хоногийн турш судраас суралцахад сүнслэгээр өдөөгдөж болох юм. Та ангийн гишүүдийг дараахтай ижил төстэй асуултад хариулахад урьж хичээлээ эхэлж болно: Энэ долоо хоногт оноосон бүлгүүдийг унших үед Ариун Сүнс танд юу заасан бэ?
Сургаалыг заа
2 Хаад 18:28–36; 19:1–7, 14–19
Итгэл маань соригдох үед бид Их Эзэнд үнэнч байж чадна.
-
2 Хаад 18–19 дээрх үнэнүүд нь итгэл маань соригдох үед хэрхэн хандах талаар мэдэхэд бидэнд тусалж чадна. Та ангийн гишүүдэд эдгээр үнэнийг олж мэдэхэд хэрхэн туслах вэ? Та ангийн гишүүдийг Бурханд болон Түүний төлөвлөгөөнд яагаад итгэдэг хэд хэдэн шалтгаанаа хуваалцахад урьж болно. Дараа нь тэд 2 Хаад 18:28–35-аас ассиричуудын Иерусалимын хүмүүст Их Эзэнд итгэж найдах хэрэггүй гэж хэлсэн шалтгаануудыг хайж олж болно. Өнөө үед Сатан биднийг итгэлдээ эргэлзэхийг ятгах гэж хэрхэн хичээдэг вэ? Дараа нь ангийн гишүүд 2 Хаад 19:1–7, 14–19-өөс итгэл маань соригдох үед хэрхэн хандах талаар Хезекиагаас юу суралцаж болохыг олж болно. Итгэл маань соригдоход Их Эзэн хэрхэн бидэнд ялан дийлэхэд тусалдаг вэ? Ангийн гишүүдэд Их Эзэнд итгэх итгэл, найдвараа шинэчлэх өөр ямар ямар санаа байна вэ?
-
Иерусалимын хэрмийн ойролцоо Хезекиагийн түшмэдтэй ассиричуудын өрнүүлсэн яриаг хураангуйлан ярихаар ангид бэлтгэж ирэхэд ангийн нэг гишүүнийг урьж болно (2 Хаад 18:17–36-г үзнэ үү). Түүнийг уг түүхийг ярьж эхлэхээс өмнө та ангийн гишүүдийг өөрсдийгөө энэ харилцан яриаг сонсож буй Иерусалимын оршин суугчид гэж төсөөлөн бодоход урь. Тэдэнд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ? Тэд юу хийж болох вэ? Та ангийнханд ахлагч Дэвид А.Бэднарын “Тиймийн тул тэд айдсаа дарав” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–34) хэлсэн үгийн зарим хэсгийг өгөөд, айж, эргэлзсэн үед нь тэднийг дэмжих зөвлөгөөг хайж олоход урьж болно. Есүс Христэд итгэх итгэл биднийг зовлон бэрхшээлтэй тулгарах үед хэрхэн дэмжиж байсан бэ?
Судрууд бидний зүрх сэтгэлийг Их Эзэн рүү хандуулж чадна.
-
Бурханы үг Иосиа хааны болон түүний ард түмний амьдралд хэрхэн хүчтэй нөлөөлж байсныг авч хэлэлцэх нь тэрхүү хүчийг өөрсдийн амьдралд эрэлхийлэхэд ангийнхныг сүнслэгээр өдөөж болно. Хэрэв тэдэнд судрууд байгаагүй бол амьдрал нь хэр өөр байх байсныг төсөөлж бодоход ангийнхныг урьж хэлэлцүүлгийг эхлүүлж болно. Дараа нь тэд 2 Хаад 22:8–11; 23:1–6, 21, 24-өөс Иосиа мөн түүний хүмүүс ариун сүмээс дөнгөж олсон судруудаас Бурханы үгийг сонссоноор хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэж болно. Судрууд нь бидэнд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалсан бэ?
-
Бурханы үг Иосиагийн болон түүний хаант улс дахь олон хүний амьдралыг гайхалтай өөрчилсөн нь ангийн тань гишүүдийг мөн адил өөрчлөлтийг амьдралдаа эрэлхийлэхэд сүнслэгээр өдөөж болно. Эдгээр өөрчлөлтийг ярилцсаныхаа дараа (2 Хаад 23:1–6, 21, 24-ийг үзнэ үү) судрын хэсэг эсвэл түүх амьдралыг нь өөрчилж байсан туршлагаасаа ангийн гишүүд хуваалцаж болно. Амьдралынхаа тэр мөчид яагаад тэр судрын захиасыг хүлээж авахад бэлэн байснаа ярьж болох юм. “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл хэлэлцүүлэгт тань тустай байж болох юм.
Нэмэлт эх сурвалж
Судруудаа дахин нээ.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ингэж хэлсэн:
“Бидний хүн нэг бүр амьдралынхаа явцад судруудыг өөрсдөдөө нээх, тэгэхдээ зөвхөн ганцхан удаа биш, ахин дахин нээх ёстой. …
Бид Иосиа хааны адил судрууд руу эргэж, бидэн дээр ажиллаж, Их Эзэнд үйлчлэх гуйвшгүй шийдвэр гаргуулах боломжийг судруудад олгох ёстой гэдэгт би баттай итгэдэг. …
Бурханлаг зүйлсэд хайнга хандах үед бурханлагаар сонсох чихгүй, бурханлагаар ярих дуу хоолойгүй болж, бүр цаашлан холддогийг би мэднэ. Харин надад судруудыг шимтэн судалсан үед холын зай ойртож, сүнслэг байдал эргэн ирдэг. Би бүх зүрх сэтгэл, хүч болон чадлаараа хайрлаж байх ёстой тэдгээр хүнийг илүү хүчтэй хайрлавал, тэдний зөвлөгөөг дагах нь илүү хялбар байдгийг олж мэддэг” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 62–63, 67).