“7-р сарын 18–24 Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: ‘Би агуу ажил хийж байгаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 18–24 Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
7-р сарын 18–24
Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8
“Би агуу ажил хийж байгаа”
Ангийнхаа гишүүдийг Езра, Нехемиа нарын номоос гүн сэтгэгдэл төрүүлсэн, мөн суралцаж байх үед нь төрсөн сэтгэгдлээ хуваалцахад урина уу.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Заримдаа самбарт түлхүүр үг юм уу өгүүлбэр бичих нь ангийн гишүүдэд судраас сурч мэдсэн зүйлийг нь сануулж, хуваалцахад хялбар болгодог. Жишээ нь, та Дахин барих, засах, Сэргээн босгох зэрэг үгсийг самбарт бичээд, уншсан зүйлээс нь эдгээр үгтэй холбоотой шүлгүүдээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
Сургаалыг заа
Ариун сүм бидэнд баяр баясгаланг авчирч чадна.
-
Иудейчүүдийн ариун сүмээ дахин барихдаа ямар их баярлаж байсныг унших нь ангийн гишүүдэд өнөө үед ариун сүм байгаад илүү их талархахад тусалж болох юм. Магадгүй та ангийн гишүүдийг Езра 3:8–13, 6:16–22-ыг уншаад, дараа нь иудейчүүдийн ариун сүмийг сэргээн босгож, онцгойлон адисалсныг тэмдэглэсэн зарим арга замын талаар ярилцаж болно. Ариун сүм барих нь яагаад баярлан тэмдэглэх шалтгаан бэ? Та ангийн гишүүдийг ариун сүм ба тэнд хийдэг ажил хэрхэн тэдэнд баяр баясгалан авчирдаг талаар хуваалцахад урьж болно. Нэмэлт эх сурвалж хэсэг дэх мэдэгдэл нь ариун сүмийн ажлын баяр баясгаланг мэдрэхэд ангийн гишүүдийг урамшуулж болох юм.
Бид эсэргүүцэл тулгарсан ч Бурханы ажлыг урагшлуулахад тусалж чадна.
-
Езра номд болон Нехемиагийн номд дайсныхаа эсэргүүцлээс үл хамааран чухал ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийг дүрсэлдэг. Хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд Нехемиагийн “агуу ажлыг” (Нехемиа 6:3) бид амьдралынхаа юутай харьцуулж болохыг ангийн гишүүдээс асууж болох юм. Бурхан биднээр хийлгэхээр ямар чухал ажил өгсөн бэ? Дараа нь та нар Езра 4:4-ийг уншаад, Сатан хэрхэн бидний гарыг сулруулж, Бурханы ажлыг хийхэд саад учруулахыг хичээдэг талаар ярилцаж болно. Бид Нехемиа 2:18–20; 4:6–9; 6:1–3 дээрх Нехемиагаас болон түүний хүмүүсээс юу мэдэж авч болох вэ? Аврагчийн үйлчлэлд “ажиллах зүрхтэй” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Нехемиа 4:6 Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй” (2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72) хэлсэн үгийг, ялангуяа сүүлийн хоёр догол мөрийг хуваалцахыг бод.
-
Зеруббабелын ариун сүмийг барихын тулд гаргасан хүчин чармайлтыг бидний ариун сүмд очиж, авралын ажлыг хийхэд гаргадаг хүчин чармайлттай харьцуулсан ярилцлагыг удирдан явуулах сүнслэг өдөөлт төрж магадгүй. Жишээ нь, та самбарт Зеруббабел ба Бид гэсэн хоёр гарчиг бичиж болно. Зеруббабел-ын доор ангийнхан “Иуда ба Бениамины дайснууд” (Езра 4:1) Зеруббабелын болон иудейчүүдийн ариун сүмийг барих ажлыг нь зогсоохын тулд юу хийснийг бичиж болно (Езра 4-ийг үзнэ үү). Бид гэсэн гарчгийн доор ангийн гишүүд ариун сүмд ороход саад болдог дайсны арга замуудыг жагсааж болно. Дараа нь энэ эсэргүүцлийг даван туулахад бид Их Эзэнээс хэрхэн тусламж эрэлхийлэх тухай зөвлөгөөгөө өөр хоорондоо хуваалцаж болно.
Бид судраас суралцаж байхдаа адислагддаг.
-
Ангийн гишүүд Нехемиа 8:1–12-ыг хамтдаа уншаад, Езра мөн түүний хүмүүсийн Бурханы тухай, Түүний үгийн талаар юу гэж бодож байсныг ярилцаж болно. Ангийн гишүүдийг тэдний бодол санааг харуулсан тодорхой шүлгүүдийг эш татахад урамшуул. Бурханы үгийн талаар ямар бодол санаатай явдгаа хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Бид Бурханы үгийг суралцахын тулд гаргаж буй хүчин чармайлтаа хэрхэн сайжруулж болох вэ?
Нэмэлт эх сурвалж
Ариун сүмийн баяр баясгалангаас хүрт.
Ахлагч Рассэлл М.Нэлсон:
“Бид бусдын ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлын талаарх туршлагаас бүхэл өдрийн турш сүнслэг урам авч болно. Гэхдээ бид өөрсдөө тэрхүү баяр баясгаланг бодитой мэдрэхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой. Энэхүү ажлыг мэдрэх гайхамшигтай мэдрэмжийг үргэлжлүүлэх, улмаар өсгөн нэмэгдүүлэх боломжтой гэсэн уриалгыг би та нарын хүн нэг бүрд өгөхийг хүсэж байна. Би та нарыг энэ жил ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг илүү сайн хийхийн тулд тэр тусмаа цаг заваа зарцуулах гэх мэт ямар ямар золиос гаргаж болох талаар залбирч, тунгаан бодоосой гэж урьж байна.
Бид Бүхнийг Чадагч Бурханы ажилд оролцдог. Тэр амьд. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм. Бид Түүний сүнсэн хүүхдүүд. Тэр бидэнд үргэлж санаа тавьдаг” (Рассэлл М.Нэлсон ба Вэнди В.Нэлсон, “Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан тэнгэрийг нээ,” Лиахона, 2017 оны 10-р сар, 19.)