“8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: ‘Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
8-р сарын 15–21
Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86
“Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье”
“Дан ганц ярьж мөн хэлэх нь зааж буй хэрэг биш юм” гэсэн ахлагч Дэвид А.Бэднарын зөвлөгөөг заахаар бэлтгэж байхдаа бодож үзээрэй. Сайн мэдээг Их Эзэний арга замаар [заахад] ажиглах, сонсох, ялган таних нь ярихын өмнөх угтвар нөхцөлүүд болдог” (“Becoming a Preach My Gospel Missionary,” New Era, Oct. 2013, 6).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт уншсан зүйлээ хуваалцахад ангийн гишүүдээ урих нэг арга бол самбар дээр бичих явдал юм “Уруул минь баярлан хашхирна” эсвэл “Хэл минь ч өдөржин Таны зөвт байдлыг өгүүлнэ” (Дуулал 71:23, 24). Ангийн гишүүд “баярлан хашхирна” эсвэл “[Их Эзэний] зөвт байдлыг өгүүлэхэд” тэдэнд тусална гэж бодож байгаа зүйлээ хуваалцаж болно.
Сургаалыг заа
“Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн.”
-
Дуулал 51 нь биднийг наманчилж мөн өршөөгдөхийг эрэлхийлэх үед бидний ихэнхэд төрдөг тэрхүү мэдрэмжийг дүрсэлдэг. Ангийн гишүүдэд наманчлалыг илүү сайн ойлгож, байнга наманчлах хүсэлтэй болоход нь туслахын тулд та тэдэнд “Наманчилна” гэдэг нь юу гэсэн үг вэ гэж бодож Дуулал 51-ыг судлахыг санал болгож болно. Дараа нь тэднээр боломжтой хариултуудыг хуваалцуул.. (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт хэрэг болох ойлголтууд бий.) Наманчлал яагаад заримдаа хүсэшгүй зүйл мэт санагддаг вэ? Бид энэ дууллаас наманчлалыг баяр хөөртэй болгодог юуг олж хардаг вэ?
-
Есүс Христийн цагаатгах хүчээр дамжуулан нүглийн өршөөлийг хүлээн авахад ямар мэдрэмж төрдгийг бид хэрхэн тайлбарлах вэ? Ангийн гишүүдийг бодлоо хуваалцахад уриад, Түүний цэвэршүүлсэн өршөөл бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлах шүлгүүдийг Дуулал 51; 85–86 дээрээс олоход тэднийг урь (жишээ нь, Дуулал 51:1–2, 7–12; 85:2–9-ийг үзнэ үү). Эдгээр үг хэллэгийг төсөөлөн бодоход ангийнханд туслах эд зүйлсийг үзүүлэхийг бод. Ангийн гишүүд дараа нь Аврагч Есүс Христийн талаарх мэдрэмжээ мөн бид өршөөгдөж болохын тулд Тэр бидний гэм нүглийг цагаатгахад бэлэн байгаа тухай хуваалцаж болно. Та нар мөн “I Stand All Amazed” (Hymns, ду. 193) гэх мэт Аврагчийн цагаатгах золиосын тухай сүмийн дууллыг хамтдаа дуулж болно.
-
Бид наманчлахын тулд зөвхөн Есүс Христ биднийг цэвэршүүлж чадна гэхээс илүү цэвэршүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Ангийн гишүүд энэ долоо хоногт Дуулал 51; 85–86-аас Их Эзэн өршөөхөд бэлэн байдаг гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн хэсгүүдийг олж болох юм. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та бас тэднийг Дуулал 86:5, 13, 15 руу хандуулж, эдгээр шүлэг Их Эзэний талаар юу гэж зааж байгааг асууж болно. Тэр бол “энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм” (15-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэхүү үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ?
Есүс Христийн талаарх гэрчлэл хүмүүсийг Түүн дээр ирэхэд тусалж чадна.
-
Ням гаргийн хичээл дээр хамтдаа цугларснаар ирэх агуу адислалуудын нэг бол Есүс Христийн бусад дагалдагчийн итгэл, гэрчлэлээс хүч олж авах боломж юм. Энэ боломжийг ангидаа олгохын тулд та ангийн гишүүдээ Дуулал 66:16-г уншаад дараах асуултыг тунгаан бодоход урьж болно. Хэрэв “[чиний] сүнсний төлөө [Их Эзэний] юу үйлдсэнийг өгүүлэх” бол та юу гэж өгүүлэх байсан бэ? Тэд тунгаан бодож байхдаа санаа авахын тулд 5–20-р шүлгийг уншиж болно. Тэднээр хариултыг нь бичүүл. Дараа нь тэднийг жижиг бүлгээр юм уу ангиараа Есүс Христ тэдний бодгалийн төлөө юу хийснийг “өгүүлэхэд” урьж болно.
Нэмэлт эх сурвалж
Наманчлал өөрчлөлт гэсэн утгатай.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон наманчлалыг ингэж тодорхойлсон:
“Есүс танаас мөн надаас “наманчлахыг” хүсэхдээ биднийг оюун санаа, мэдлэг, сүнс, тэр бүү хэл амьсгалах арга замаа хүртэл өөрчлөхөд урьдаг. Тэрээр биднээс хайрлах, бодох, үйлчлэх, цаг заваа зарцуулах, эхнэртэйгээ харилцах, хүүхдүүддээ заах, тэр бүү хэл бие махбоддоо санаа тавих арга замаа өөрчлөхийг хүсэж байна гэсэн үг.
Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг. …
Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!” (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).