Семинар
5-р хичээл—Сургаал ба Гэрээ 1:30–33: “Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм”


“5-р хичээл—Сургаал ба Гэрээ 1:30–33: ‘Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 1:30–33,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

5-р хичээл: Сургаал ба Гэрээ 1

Сургаал ба Гэрээ 1:30–33

“Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм”

Сүмийн албан ёсны лого

Их Эзэн Сургаал ба Гэрээний Өөрийн өмнөх үгд Есүс Христийн шинээр сэргээгдсэн Сүмийн ач холбогдлыг тунхагласан. Тэрээр уг Сүмийг “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” (Сургаал ба Гэрээ 1:30) хэмээн тунхаглажээ. Энэ хичээл суралцагчдад цорын ганц үнэн сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ач холбогдлыг мэдрэхэд туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэний Сүм

Хичээлээ эхлүүлэхдээ та дараах асуулт болон үүний дагалдах мэдэгдлийг хуваалцаж, хэд хэдэн суралцагчийг хариултаа хуваалцахад урь.

Яагаад зарим хүн дараах мэдэгдлүүдтэй санал нийлдэг эсвэл нийлдэггүй вэ?

  1. Надад сүм хэрэгтэй гэж би бодохгүй байна.

  2. Бүх сүм эн тэнцүү үнэн.

  3. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол цорын ганц үнэн сүм мөн.

Та эдгээр мэдэгдлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг дор бүрнээ дүгнэхийг суралцагчдаас хүсэж болно.

Маш олон өөр төрлийн шашин, үзэл бодол байхад үнэнийг олж мэдэх хүндрэлтэй байдаг. Их Эзэн бидэнд юу үнэн гэдэгт итгэлтэй байхад мөн Тэр өөрөө биднээс юу хүсдэгийг мэдэхэд маань туслахын тулд судруудаар дамжуулан удирдамж өгдөг.

Сургаал ба Гэрээний өмнөх үг болгон Их Эзэн “бүх хүмүүст” (Сургаал ба Гэрээ 1:4) сэрэмжлүүлгийг илчилжээ. Захиасныхаа нэг хэсэг болгон Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар тодорхой мэдэгдэл хийсэн.

Сургаал ба Гэрээ 1:30-ийг уншаад, Их Эзэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 1:30 нь төгс эзэмших судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж авахад урьж болно.

  • Та юу олж мэдсэн бэ?

“Бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм”

Суралцагчдыг дээрх гарчигт байгаа хэллэгийг судар дээрээ тэмдэглэхэд урь. Суралцагчдад үнэн бөгөөд амьд Сүм гэсэн нь ямар утгатай болохыг ойлгоход туслах цаг гаргаж өг. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга зам юм.

тараах материал шигтгээ зураг Самбар дээр хоёр багана зур. Суралцагчдыг тараах материалыг судалж, Сүм хэрхэн “үнэн” бөгөөд “амьд” болохыг ойлгоход туслах үг хэллэгүүдийг тэмдэглэхэд урь.

Цорын ганц үнэн бөгөөд амьд Сүм

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заажээ.

Ахлагч Дэвид А.Бэднар

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” (С&Г 1:30) хэмээн Их Эзэн тунхагласан байдаг. Энэ сэргээгдсэн Сүм Аврагчийн Сүм учраас үнэн сүм юм. Аврагч бол “зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6). Ариун Сүнсний ажлууд ба бэлгүүдийн учир энэ нь амьд сүм юм. (Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105)

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан:

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

(1) Сургаалын бүрэн байдал, (2) санваарын хүч, (3) Есүс Христийн гэрчлэл гэсэн энэ гурван хүчин зүйл нь Бурхан яагаад үүнийг дэлхий даяарх цорын ганц үнэн бөгөөд амьд Сүм хэмээн тунхагласныг … тайлбарладаг. …

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь ойлгомжтой, бүх нийтийн, нигүүлсэнгүй бөгөөд үнэн юм. …

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид болон зохих ёсоор эрх олгогдсон гишүүд санваарын хүчийг хүлээн авснаар баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг өгөх мөн ариун ёслолыг түгээх зэрэг шаардлагатай санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэй болдог.

Бидний хайрт бошиглогч болон Сүмийн бусад бошиглогч, ерөнхийлөгч бүрийн атгадаг санваарын түлхүүрүүд нь түүнд Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авах эрхийг олгодог. Бидний цаг үед шаардлагатай, Их Эзэний үгийг үргэлжлүүлэн дамжуулдаг бошиглогчид бидэнд байгаа учраас энэ Сүм “амьд” юм.

Яагаад цорын ганц, үнэн Сүм болохын гурав дахь шалтгаан бол бидэнд Бурханы мөн чанарын тухай, Түүнтэй харилцах бидний харилцааны тухай илчилсэн үнэнүүд байгаа тул бидэнд Есүс Христийн өвөрмөц гэрчлэл бий. (Dallin H. Oaks, “The Only True and Living Church,” New Era, Aug. 2011, 3–5)

Суралцагчдыг тэмдэглэсэн зүйлээ хуваалцахад урь. Тэд олж мэдсэн зүйлээ самбар дээрх хоёр баганад бичиж болно. Суралцагчдаас тэдний тэмдэглэсэн Түүний Сүмийн хэсэг бүрээр дамжуулан Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг болохыг асуу. Христийн талаарх бидний өвөрмөц гэрчлэлийн тухай ерөнхийлөгч Өүксийн санааг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднээс бошиглогч Иосеф Смит, Мормоны Ном эсвэл орчин үеийн бошиглогчдоор дамжуулан сурсан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай үнэнүүдийн талаар бодохыг хүс. Тэд “Үнэн” гэсэн баганад бодлоо нэмж бичих боломжтой.

Шаардлагатай бол, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэж тунхагласан Их Эзэний гэрчлэл нь бусад сүм ямар ч үнэнийг агуулдаггүй гэсэн үг биш болохыг ойлгоход нь суралцагчдад тусал.

Есүс Христийн Сүмийн адислалууд

Аврагч уг Сүмийг “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” хэмээн хэлснийхээ дараа яагаад Өөрийн Сүмийг сэргээх болсон зарим шалтгааныг дурджээ. Сургаал ба Гэрээ 1:31–33-ыг уншаад, Их Эзэн юу заасныг олж мэд.

Суралцагчид хамтрагчтайгаа эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэж болно. Тэд мөн дараах асуултыг хамтдаа ярилцаж болно.

  • Есүс Христийн үнэн бөгөөд амьд Сүм Түүнд хандан өршөөл эрэхэд тань хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдад энэ хичээлийн үеэр олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах жишээнд хариулж бичихэд урих явдал юм. Дуусмагц нь хэд хэдэн суралцагчийг бичсэн зүйлээсээ хуваалцахад урих талаар бодож үз.

Хэн нэгэн танай сүм бусад сүмээс юугаараа ялгардаг болохыг танаас асууж байна гэж төсөөл. Та энэ хүнд Сүмийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж болохуйц байдлаар хэрхэн хариулж болох вэ? Та дараах зүйлийг хариултдаа оруулж болно. Тухайлбал:

  1. Өнөөдөр Их Эзэний Сүмийн талаар Түүний өөрийн гэрчлэлээс таны сурсан зүйл болон уг гэрчлэлийн талаарх таны сэтгэгдэл

  2. Сүм амьд бөгөөд үнэн гэдгийг мэдэрсэн, ойлгосон арга замууд

  3. Христийн Сүмийн гишүүний хувьд хүлээн авсан адислалууд

Та Есүс Христийн үнэн бөгөөд амьд Сүмээр дамжуулан ирдэг адислалуудын талаар мөн үүнд харьяалагдах нь таныг Аврагчтай илүү ойртоход хэрхэн тусалсан талаар гэрчлэлээ хуваалцан дуусгаж болно.

Цээжил

Та энэ хичээлийн турш эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээрээ давтаж болно. Судрын түлхүүр үг хэллэг нь “Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.