Семинар
72-р хичээл—Сургаал ба Гэрээ 58:38–60: “Нүглүүдээ наманчилсан тэрээр … өршөөгддөг ажгуу”


“72-р хичээл—Сургаал ба Гэрээ 58:38–60: ‘Нүглүүдээ наманчилсан тэрээр … өршөөгддөг ажгуу,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 58:38–60,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

72-р хичээл: Сургаал ба Гэрээ 58–59

Сургаал ба Гэрээ 58:38–60

“Нүглүүдээ наманчилсан тэрээр … өршөөгддөг ажгуу”

Зураг
Аврагч Есүс Христ

Есүс Христийн хамгийн үнэнч шавь нарт хүртэл наманчлал, өршөөл хэрэгтэй. Сургаал ба Гэрээ 58-д Есүс Христ Сүмийнхээ хэд хэдэн удирдагчийг наманчлахад урьж, дуулгавартай байвал нүглийг нь өршөөнө гэж амласан. Энэ хичээлийн зорилго нь нүглүүдээ наманчилдаг хүмүүсийг Аврагч өршөөдөг гэсэн найдварыг мэдрэхэд нь суралцагчдад туслах явдал юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Шархадсан тэд

Нүглээсээ өршөөгдөхөд Есүс Христ бидэнд хэрэгтэй талаар ярилцаж хичээлийг эхлүүлэх тухай бодож үз.

Үүний тулд дараах зургийг харуулах юм уу өсвөр насны хүүхдийн дүрсийг самбар дээр зурж болно. Сонирхолтой болгохын тулд та дараах нөхцөл байдлыг хуваалцахаасаа өмнө ангийнхнаас зураг дээрх хүүхдэд нэр өгч, амьдралынх нь талаар зарим нарийн ширийн зүйлийг зохион хэлэхэд урьж болох юм.

Зураг
Инээж буй өсвөр насны хүү

Найз тань өнгөрсөн шөнө хашлага дээрээс унасан гэж хэлсэн гээд төсөөлөөд үз. Амьсгалахад ч хэцүү өвдөхийн зэрэгцээ түүнд гар нь хугарсан мэт санагдана. Тэр эмчид үзүүлэхгүй байхаар шийдэв. Яагаад гэвэл, эмч болон бусад хүн түүнийг осолдох аюултай хашлаганы хажуугаар явахаар сонгосныг мэдээд урам нь хугарах байх гэж санаа зовжээ. Ингээд тэр бүх зүйл зохих цагтаа бүрэн эдгэрэх л байлгүй гэж найдаад, өвдөлтөө нуухаар төлөвлөв.

  • Найзын тань төлөвлөгөө та нарт ямар санагдаж байна? Яагаад?

Одоо үүнтэй төстэй нөхцөл байдал тулгарсан ч энэ удаад найз тань ноцтой гэм нүгэл үйлдсэн гэдгээ хэлж байна гээд төсөөлөөд үз. Наманчлалын тухай Аврагчийн сургаалыг дагахын оронд тэрээр нүглээ нуухаар шийдсэн ба цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл сайжирна гэж найдаж байгаа.

Өсвөр насны хүүхдийг наманчлахгүй байхад нөлөөлж болох цөөн хэдэн асуулт эсвэл санаа зовоосон зүйлийн талаар хуваалцахад суралцагчдыг урь.

  • Та нар найздаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Аврагч наманчлалын талаар заадаг

1831 онд Иосеф Смит болон бусад ахлагч Миссури руу аялсан ба Их Эзэн тэдний заримд тэнд үлдэж Сион хотыг барихыг зарлигласан гэдгийг тайлбарла. Их Эзэн зааварчилгааныхаа нэг хэсэгт тэдний заримд буруу үйлүүдээ наманчлахыг зөвлөжээ (Сургаал ба Гэрээ 58:14–15, 38–41, 60-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 58:60-ыг уншаад, Зиба Петерсон гэдэг хүнд Их Эзэн ямар зөвлөгөө өгсөн талаар олж мэд.

  • Зибаг Бурханы эсвэл наманчлалын тухай ямар буруу ойлголттой байснаасаа болоод нүглээ нуусан гэж та нар бодож байна вэ? (Та нар нүглээ нуухыг оролдохын үр дагаврын талаар Алмагийн хүүдээ өгсөн зөвлөгөөг уншиж болно. Aлма 39:7–9-ийг үзнэ үү.)

  • Эдгээр буруу ойлголтын аль нь өнөөгийн хүмүүсийг зовоосоор байгаа гэж та нар бодож байна вэ?

Дараах тунгаан бодох асуултыг үзүүлээд, суралцагчдад дор бүрнээ тунгаан бодох эсвэл санаа бодлоо бичих цаг гаргаж өгөх талаар бодож үз.

Дараа нь тэднийг насан туршдаа наманчлахад тусалж чадах сургаалуудыг хичээлээс олж мэдэхэд урь.

Наманчлахаасаа эргэлзэж байсан нүгэл байгаа эсэхээ тунгаан бод. Хэрэв байгаа бол хойшлуулах болсон шалтгаануудаа бод.

Асуулт, хариулт

Суралцагчдыг дараах судрын хэсгийг судлах үед та тэдэнд хичээлийн эхэнд хуваалцсан наманчлалын талаарх тодорхой асуултууд эсвэл санаа зовнисон зүйлсийг нь сануулж болно.

Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг уншаад, наманчлалын талаар зарим хүний асууж болох асуулт, санаа зовнилд хариулахад туслах Аврагчийн сургаалыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 58:42–43 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Тэднийг 42–43-р шүлгээс өөрсдөд нь утга учиртай санагдсан эсвэл тодорхой асуулт, санаа зовнилд нь хариулахад туслах хэллэгүүдийг хуваалцахад урь. Дараа нь бүлгүүдийг олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Суралцагчдыг хуваалцаж байх үед, хэрэв бид нүглээ наманчилбал Их Эзэн биднийг өршөөнө мөн наманчлахын тулд Их Эзэн биднээс нүглээ хүлээж, орхихыг шаарддаг гэдгийг ойлгосон эсэхийг нягтал.

  • Наманчлалын талаар санаа зовнидог хүмүүст эдгээр үнэн хэрхэн тусалж чадах вэ?

Хэрэв суралцагчдад эдгээр шүлгийн хариулаагүй наманчлалын талаар асуулт байвал хариултыг нь энэ хичээлийн үеэр хайж олоход туслах эсвэл ирэх хичээл дээр, бүр эсвэл тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг ашиглан өөрсдөө хайж олохыг санал болгохын аль нь хамгийн зөвийг шийд.

(Тайлбар: Хэрэв суралцагчдад энэ төгс эзэмших сургаалын хэсэг дэх нүглээ хүлээх, орхих гэх мэт тодорхой ойлголтуудын талаар асуух зүйл байвал “Нэмэлт эх сурвалж” хэсэгт тус болох мэдэгдлүүд бий.)

Их Эзэн өршөөдөг

Энэ хэсэг нь наманчилсан хүмүүсийг Аврагч өршөөдөг гэсэн найдварыг мэдрэхэд суралцагчдад туслах зорилготой. Дараах үйл ажиллагаанд хариултаа амжилттай бэлтгэхэд аль эх сурвалж, зөвлөмж суралцагчдад тусалж болохыг залбирч байгаад тодорхойл.

Өөрийгөө өршөөгдөхгүй хэмээн санаа зовж байгаа хэн нэгэнтэй хуваалцаж болох хариултыг бэлтгэж, судлах тэмдэглэлдээ бич. Та нар энэ хүнд санаа зовниж буй зүйлээ даван туулахад тусалж болох Аврагчийн ямар мөн чанар, амлалтуудыг хуваалцаж болох вэ? Хариултаа бэлтгэхэд тань туслах дараах сонголтуудаас хэд хэдийг сонго.

  1. Судар: Наманчилдаг хүмүүст өгсөн Их Эзэний амлалтуудыг агуулсан судрын хэсгүүдийг эсвэл Түүний уучлахад бэлэн байгааг харуулсан түүхүүдийг судраас хай. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалт тустай байж болох юм. Та эдгээр судрын заримыг Сургаал ба Гэрээ 58:42–43-тай солбин тэмдэглэх эсвэл холбох талаар бодож үзэж болох юм.

  2. Хувийн нотолгоо: Аврагч хэн нэгнийг уучилж, өөрчлөгдөхөд нь туслах хүсэлтэй байдгийг гэрчилсэн үеийнхээ жишээг бод. (Хүний нэр, нүглийн дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцах хэрэггүй.)

  3. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022] номын “Есүс Христ танд туслах болно” хэсэг (6–9)-ээс бидэнд найдвар өгөх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх үнэнийг олж мэд.

  4. Орчин үеийн бошиглогчид: Есүс Христийн өршөөнгүй мөн чанарыг ойлгоход бидэнд туслах орчин үеийн Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг хайж ол.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын жишээг та суралцагчидтайгаа хуваалцаж болно.

Зураг
Ахлагч Дийтр Ф.Угдорф

Хайрт залуу найзууд минь, Аврагч яг одоо энд байсан бол та нарт юу гэж хэлэх байсан бэ? …

… Та гаргасан алдаануудаа төдийгүй уруу таталтад орж байснаа, хийдэггүй байж эсвэл илүү сайн хийдэг байж гэж харамссан зүйлсээ санаж болно.

Аврагч зовниж буйг тань мэдрээд, сударт өгүүлсэн дараах үгсээрээ та нарыг тайвшруулна гэдэгт би итгэлтэй байна.

“Бүү ай” [Лук 5:10].

“Бүү эргэлз” [Сургаал ба Гэрээ 6:36].

“Зоригтой бай” [Матай 14:27].

“Зүрхээ бүү шаналга” [Иохан 14:1, 27].

Тэр та нарын алдаа дутагдлыг хаацайлахгүй байх. Алдаа дутагдлыг чинь булзааруулах ч үгүй байх. Харин Тэр та нарыг өршөөхийн тулд та нарыг наманчилж, нүглүүдээ орхин, өөрчлөгдөөсэй гэж хүсэх байсан. Та нарыг наманчлуулахын тулд Тэрээр 2000 жилийн өмнө гэм нүглүүдийг чинь Өөртөө авсан гэдгээ та нарт сануулах байсан байх. Энэ нь хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд бэлэглэсэн аз жаргалын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг билээ. (Дийтр Ф.Угдорф, “Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 9)

Хариултаа бэлдэх хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг сурсан зүйлээ жижиг бүлгээрээ хуваалцахад урь. Ингэснээр хуваалцах хүсэлтэй хүн бүрд хуваалцах боломж гарна.

Мөн Аврагч үргэлжид өршөөх хүсэлтэй байдаг гэдгийн жишээ болгон ChurchofJesusChrist.org дээрх “The Savior Wants to Forgive” (5:50) видеог үзүүлж болно.

Хичээлийн төгсгөлд Аврагчийн өршөөнгүй мөн чанарын тухай гэрчлэлээ хуваалцаж, суралцагчдыг Түүний амлалтуудад итгэн наманчлахад урамшуулах талаар бодож үз.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээрээ давтаж болно. “Нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу” бол судрын түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.

Хэвлэх