“73-р хичээл—Сургаал ба Гэрээ 59: Их Эзэний өдөр,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 59,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1831 онд Их Эзэн зарим гэгээнтнийг Сионыг байгуулахаар Миссурийн Жаксон гүнлэг рүү нүүхэд дуудсан. Бошиглогч Иосеф Смит эдгээр гэгээнтэнтэй хамт байхдаа Их Эзэнээс Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих зааврыг хүлээн авчээ. Энэ хичээл суралцагчдад Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг сонгосноор Их Эзэнийг хүндлэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хүндэтгэлийн өдрийн сонголт
Далын ахлагч Ларри Е.Вилсон дараах туршлагыг хуваалцжээ.
10:17
Манай охин Мэри багаасаа гарамгай тоглогч байсан. Тэдний баг хожсоор байгаад аваргын шалгаруулалтад орох болсон ба тэмцээн нь ням гарагт болохоор таарлаа. Хүндэтгэлийн өдөр бол амрах, сүнслэг хүч чадлаа сэргээх өдөр болохоос зугаа цэнгэлийн өдөр биш гэдгийг өсвөр насны Мэри олон жилийн турш заалгасан байсан юм. Гэтэл дасгалжуулагч болон багийн гишүүд нь түүнийг шахаж байсан ба бас тэр өөрөө багийнхнаа гонсойлгохыг хүсэхгүй байлаа. (Ларри Е.Вилсон, “Зөвхөн шударга ёсны зарчмуудаар,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114)
-
Яагаад зарим хүн үүнийг Мэригийн амьдралын чухал шийдвэр гэж үзэж байхад зарим нь тэгж бодохгүй вэ?
-
Хэрэв та нар Мэригийн оронд байсан бол ийм шийдвэр гаргахаасаа өмнө юуг анхаарвал дээр гэж бодож байна вэ?
Хүндэтгэлийн өдөр ямар шийдвэр гаргадгаа хэдэн хором бод. Та нар сонголтоо чиглүүлэхийн тулд ихэвчлэн юу хийдэг вэ? Өнөөдрийн хичээлийг судлахдаа яагаад Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих хэрэгтэй талаар болон хэрхэн сахихыг олж мэдэхэд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Их Эзэний зарлиг ба адислал
Хэдийгээр Полли Найт 55 настай, эрүүл мэндийн асуудалтай байсан ч Их Эзэнд дуулгавартай байж, Сион руу явахаар шийдэн, Нью-Йоркийн Колесвилл дэх гэрээ орхин гарчээ. Полли Сионд (Миссурийн Жаксон гүнлэг) хүрч ирээд хэд хоногийн дараа нас барсан юм. Полли Найтыг оршуулсан өдөр буюу ням гарагт бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 59-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлтээр Их Эзэн Поллигийн гэр бүлийг тайвшруулах үнэнүүдийг заасан юм (1–2-р шүлгийг үзнэ үү). Тэрээр мөн Өөрийн зарлигуудыг, тэр дундаа Хүндэтгэлийн өдрийг онцлон ярьсан. Их Эзэн Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг хүмүүст агуу адислалуудыг амлажээ.
Сургаал ба Гэрээ 59:9–20-ийг уншаад, Хүндэтгэлийн өдөр бид хэрхэн үйлдэж, ямар хандлагатай байвал зохих талаар Их Эзэний өгсөн заавар ба Түүний бидэнд санал болгодог адислал гэсэн хоёр жагсаалтыг гарга.
-
Бид эдгээр шүлгээс Хүндэтгэлийн өдрийн зорилгын талаар ямар үнэнийг олж тодорхойлж болох вэ?
-
Бурханыг гэсэн хайр, бишрэлд анхаарлаа төвлөрүүлэх өдөртэй байх нь та нарын амьдралд хэрхэн тус болох вэ?
Хүндэтгэлийн өдөр Их Эзэнд хүндэтгэлтэй хандах
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын үеэр та нарт дараах асуултыг тавина.
Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар Их Эзэнд хэрхэн хүндэтгэлтэй байж болох тухай санаануудыг судлах тэмдэглэлдээ бичих нь уг зарлигийг хэрхэн дагах талаар бодоход та нарт тусална.
Дараах судруудыг уншаад, Хүндэтгэлийн өдөр Есүс Христ юу хийснийг олж мэд.
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар нэмэлт санаа авахын тулд дараах эх сурвалжуудаас судал.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022), “Бурханаа хайрла, хөршөө хайрла,” 10–14
-
Topics and Questions, “Sabbath Day” мөн “Sacrament,” topics.ChurchofJesusChrist.org
-
Хүндэтгэлийн өдөр Бурханд бишрэлээ харуулахад юу тусалсан бэ? Эдгээр зан байдал танд ямар өөрчлөлт авчирсан бэ?
Судлах тэмдэглэлдээ Хүндэтгэлийн өдөр Аврагчид хэрхэн хүндэтгэлтэй хандахыг хичээх тухай төлөвлөгөө гарга. Та нар гэртээ болон сүм дээр юу хийж эхлэх, юуг үргэлжлүүлэн хийх эсвэл болих тухай санаагаа тодорхойлж болно.