Семинар
77-р хичээл—Сургаал ба Гэрээ 64:1–17: “Уучлах нь шаардагддаг”


“77-р хичээл—Сургаал ба Гэрээ 64:1–17: ‘Уучлах нь шаардагддаг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 64:1–17,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

77-р хичээл: Сургаал ба Гэрээ 64–66

Сургаал ба Гэрээ 64:1–17

“Уучлах нь шаардагддаг”

Тэврэлдэж буй гэр бүлийн хоёр гишүүн

Миссуригээс Огайо руу аялах үеэр Иосеф Смит болон бусад хүн зөрчилдөж, бие биедээ таагүй хандах болов. Сургаал ба Гэрээ 64-т Есүс Христ тэдэнд уучлах хэрэгтэй хэмээн зааварчилжээ. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн үлгэр жишээг дагаж, илүү өршөөнгүй болоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Уучлалын талаар эргэцүүлэх

Суралцагчдыг уучлалын талаар түүх хуваалцахад урь. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрээс “Forgiveness: My Burden Was Made Light” (8:24) зэрэг видеог үзүүлж болно. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахад урь.

8:27
  • Та нар өөрсдийгөө өршөөнгүй хүн гэж боддог уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад та нараас бусдыг уучлахыг хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Та хэнийг уучлах хэрэгтэй байгаа вэ?

Хэнийг уучлах шаардлагатай байж болох, уучлахын тулд юу хийж болохоо мэдэхийн тулд хувийн илчлэлт хайхад суралцагчдыг урь.

Есүс Христ өршөөнгүй билээ

Сургаал ба Гэрээ 64-ийг судлахад зориулж нэг суралцагчаар дараах хэсгийг уншуулахыг бод.

1831 оны 8-р сард Миссурид Сионыг онцгойлон адисалсны дараа Иосеф Смит, Оливер Каудери, Исаак Морлей, Эзра Бут нар болон бусад хүн Огайо руу гэртээ буцах болов. Хэт халуун, аяллын аюултай нөхцөл байдал, удирдлагатай санал зөрөлдсөн зэрэг нь бүлгийн гишүүдийг нэг нэгнээ шүүмжилж, хэрүүл маргаан дэгдээхэд хүргэжээ. Тэднийг гэртээ ирсний дараа ч тэдний хооронд хурцадмал байдал үргэлжилсээр байв (Гэгээнтнүүд: Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 133–134, 136–137-г үзнэ үү). Тэдний энэ байдлын хариуд Их Эзэн эдүгээ Сургаал ба Гэрээ 64 хэмээн нэрлэгддэг хэсгийг илчлэлт болгон өгсөн юм.

Сургаал ба Гэрээ 64:1–7-г уншаад, Есүс Христ нүгэл үйлдсэн тэдэнд хэрхэн хариулсныг олж мэд.

Аврагч

Аврагчийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Дараах асуултуудыг эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Дараа нь хариултаа ангийнхантайгаа эсвэл хамтрагчтайгаа хуваалцахыг хүс.

  • Та нар эдгээр шүлгээс Есүс Христийн ямар зан чанаруудыг олж харсан бэ?

  • Та нар эдгээр зан чанарын алинд нь хамгийн их талархаж байна вэ? Яагаад?

Биднээс уучлахыг шаарддаг

Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг уншаад, Есүс Христ хэрхэн биднийг Түүний үлгэр жишээг дагахад урьдгийг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зурагСургаал ба Гэрээ 64:9–11 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

  • Аврагчийн Иосефт болон бусдад заасан зүйлсээс юу нь та нарын анхаарлыг хамгийн их татсан бэ?

    Есүс Христ биднээс бүх хүнийг уучлахыг шаарддаг гэсэн үнэнийг олж тогтооход нь суралцагчдад тусал. Энэ үнэнийг самбар дээр бичиж болно. Та бас үүнийг судар дээрээ бичихэд суралцагчдыг урьж болно.

    Суралцагчдад 9–11-р шүлгийг ойлгуулахын тулд хангалттай цаг гарга. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Есүс Христ яагаад биднээс бүх хүнийг уучлахыг хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Биднийг бусдыг уучлахгүй байхыг сонгох үед яагаад бидэнд “илүү их нүгэл” (9-р шүлэг) үлддэг гэж та нар бодож байна вэ?

  • “Чи бид хоёрын хооронд Бурхан шүүг” (11-р шүлэг) хэмээн зүрх сэтгэлдээ хэлэх нь бидэнд бусдыг уучлахад хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

  • Бусдыг уучлах нь Христийнхтэй адил ямар зан чанарыг хөгжүүлэхэд та нарт тусалж чадах вэ?

Бусдыг хэрхэн уучлах талаар сурах

Уучлалтай холбоотой зүйл асуух, асуудлаа хуваалцах цагийг суралцагчдад гаргаж өгөх талаар бодож үз. Суралцагчид самбар дээрх дараах асуултуудад нэргүй санал өгөх хэрэгслээр аль эсвэл ангийнхантай хуваалцаж болох жижиг цаасан дээр хариулж болно.

  • Бусдыг уучлахаар эрэлхийлэх үедээ хүмүүс ямар асуултуудтай тулгарч болох вэ?

  • Аврагчийн уучлах үлгэр жишээг дагахаар хичээж буй хүмүүст ямар бэрхшээл тулгарч байж болох вэ?

Суралцагчид “Аврагч надад бусдыг уучлахад хэрхэн тусалж чадах вэ?” эсвэл “Бусдыг уучилна гэдэг нь миний сэтгэл дахиад шархална гэсэн үг үү?” гэх мэтчилэн асууж болно.

Суралцагчдыг ангиараа эсвэл хувьдаа нэг асуулт сонгоход урь. Дараа нь тэднээс хариултаа тэнгэрээс томилогдсон эх сурвалжаас хайхыг хүс.

Суралцагчид Gospel Library аппликэйшн эсвэл Судруудын удирдамжаас “Есүс,” “уучлах,” “Аврагч,” “нигүүлсэл” гэх мэт үгсийг хайснаар хариултыг олох боломжтой. Түүнчлэн та Матай 5:7; 18:21–35; Мозая 26:30–31 зэрэг судруудыг болон доор жагсаасан төлөөлөгчдийн үгсийг өгч болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг Есүс Христ бусдыг уучлахад бидэнд хэрхэн тусалж болох тухай ийн заасан.

13:21
Ахлагч Гэррит В.Гонг

Заримдаа өөр хэн нэгнийг уучлах хүсэл маань тэдэнд болон бидэнд наманчилж, уучлагдах болно гэдэгт итгэх боломжийг олгодог. Заримдаа наманчлах хүсэл болон уучлах боломж өөр өөр цаг хугацаанд ирдэг. Аврагч маань Бурханы өмнө бидний Зуучлагч болдог төдийгүй Өөрт нь ирэх үед биднийг өөрсөд рүүгээ болон бусад руу ойртоход тусалдаг. Ялангуяа гүн гүнзгий шархалж, гомдсон үед өөрсдөө харилцаагаа засан сайжруулж, зүрх сэтгэлээ эдгээх хэцүү эсвэл бүр боломжгүй ч байж болно. Гэвч хэзээ тэсэх, яаж орхихоо мэдэх бидний өөрийн чадамжаас илүү хүч чадал, мэргэн ухаан тэнгэрээс өгөгдөх боломжтой. (Гэррит В.Гонг, “Үүрд мөнхөд аз жаргалтай,” Лиахона, 2022 оны 11-р сар, 85)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

2:3
Ахлагч Жэффри Р.Холланд

Христ Шинэ Гэрээний үед “Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана” [Лук 6:37] гэж заасан. Харин бидний өдөр “Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (Сургаал ба Гэрээ 64:10). “Гэвч та нарын зарим нь үнэхээр зовлон зүдгүүртэй амьдарч байгаа бол Аврагчийн юу гэж хэлээгүйд анхаарах нь чухал. “Та нарт бусдаас болж тохиолдсон тэрхүү гомдмоор явдлаас үүссэн жинхэнэ шаналал эсвэл бодит зовлонг та нар мэдэрч болохгүй” гэж Тэр хэлээгүй. “Бүрэн уучлахын тулд та нар хор хөнөөлтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл хүч хэрэглэсэн, хөнөөлтэй нөхцөл байдал руу эргэн очих хэрэгтэй” гэж Тэр хэлээгүй. Дэндүү их гомдоох явдал тохиолдсон ч гэсэн, хэрвээ бид хөлөө жинхэнэ эдгэрлийн зам дээр тавих юм бол зовлон шаналлаа даван гарч чадна. Энэ бол бидний хүн нэг бүрийг “Ирж, Намайг дага” [Лук 18:22] хэмээн дууддаг Назарын Есүсийн алхсан өршөөлийн зам билээ. (Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)

Суралцагчдыг олсон хариултуудаа юм уу уучлалын талаарх сэтгэгдлээ хуваалцахад урих талаар бодож үз. Тэд мөн бусдыг уучлахын тулд Аврагчийн үлгэр жишээг дагаснаар хэрхэн адислагдсан тухай жишээгээ хуваалцаж болно. Хэт хувийн туршлага, мэдээллээ хуваалцахгүй байхыг суралцагчдад сануул.

  • Бусдыг уучлахад туслах ямар тодорхой үйлдлийг бид хийж болох вэ?

Суралцагчид дараах хариултуудыг өгч болох юм. Үүнд:

  • Уучлалтай холбоотой Аврагчийн болон бусад хүний түүхийг судал.

  • Хэрэв бид бусдыг уучилбал бидний амьдрал хэрхэн өөр байхыг тунгаан бод.

  • Ачаа дарамтаа Бурханд өгч, бусдыг уучлахын тулд Түүнээс тусламж гуйн чин сэтгэлээсээ залбир.

  • Есүс Христээр дамжуулан бидний зүрх сэтгэл цаг хугацааны явцад өөрчлөгдөж, эцэст нь бусдыг уучилж чадна гэдгийг хүлээн зөвшөөр.

Хувьдаа хэрэгжүүлэх

Хичээлийн эхэнд суралцагчдыг уучлах ёстой хүнийхээ тухай бодоход урьсан. Дараах асуултуудад хариулж байхдаа тэднийг тухайн нөхцөл байдлын талаар тунгаан бодож, сүнслэг нөлөөг эрэлхийлэхэд урь.

Дараах асуултуудыг тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бодол санаа, мэдрэмжээ бичих талаар бодож үз.

  • Та нар Аврагчид найдаж, уучлахын тулд юу хийж чадах вэ?

  • Та нар Есүс Христийн үлгэр жишээг дагаж, илүү өршөөнгүй болохын тулд ямар хүчин чармайлт гаргах вэ?

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээрээ давтаж болно. Энэ судрын түлхүүр үг хэллэг бол “Бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.