Семинар
79-р хичээл—Сургаал ба Гэрээ 65: “Тэнгэрийн хаант улс ирж болохын тулд … Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар”


79-р хичээл—Сургаал ба Гэрээ 65: ‘Тэнгэрийн хаант улс ирж болохын тулд … Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 65,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

79-р хичээл: Сургаал ба Гэрээ 64–66

Сургаал ба Гэрээ 65

“Тэнгэрийн хаант улс ирж болохын тулд … Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар”

Есүс Хоёр дахь ирэлтээрээ хэсэг хүний дунд бууж ирж байгаа нь

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон Сүмийн гишүүдийн нэг чухал үүрэг бол Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхэд туслах явдал юм. Сургаал ба Гэрээ 65-д Их Эзэн өөрийн бошиглогч Иосеф Смит ба гэгээнтнүүдэд энэ чухал үүргийг илчилсэн. Энэ хичээл нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх Сүмийн үүргийг ойлгоход суралцагчдад тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Үйл ажиллагааны бэлтгэл

Энэ хичээлийг эхлүүлэх нэг арга зам бол бэлтгэлтэй байх нь амин чухал нөхцөл байдлын талаар бодоход суралцагчдад туслах явдал юм. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Та нарын дуртай, бэлтгэл нэлээн шаарддаг үйл ажиллагаа юу вэ?

  • Хэрэв та нар ийм үйл ажиллагаанд бэлдэхэд хэн нэгэнд туслах байсан бол тэднийг юуг мэдээсэй гэж хүсэх вэ? Та нар тэдэнд хэрхэн тусалж, ямар эх сурвалжийг өгөх вэ?

Суралцагчдад хариултаа бусадтай хуваалцах боломжийг олго.

Суралцагчдад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бидэнд юунд бэлтгэхэд тусалдаг талаар бодоход тусал.

Та нарын үйл ажиллагаа маш их бэлтгэл шаарддагийн адил бидний бэлдэх шаардлагатай үйл явдлууд удахгүй тохиох гэж байна. Их Эзэн биднийг бэлтгэхэд туслахын тулд Сүмээ байгуулсан.

  • Түүний Сүм биднийг юунд бэлтгэдэг вэ?

Суралцагчдад Түүний Сүм биднийг олон зүйлд бэлтгэдэг гэдгийг тайлбарлаж, тэднийг бодлоо хуваалцахад урамшуул. Тэдгээрийн аль нэгийг Сургаал ба Гэрээ 65-аас олохыг тэднээс хүс.

“Эзэний замыг бэлтгэгтүн та нар”

1831 оны 9-р сарын 12-нд Иосеф Смит гэр бүлийн хамт Огайогийн Көртландаас зүүн урагш 30 милийн зайд орших Хайрам дахь Жон Жонсон, Алис Жонсон нарын гэр лүү нүүжээ. 1831 оны 10-р сарын 30-ны ням гарагт Жонсоны гэрт Сүмийн цуглаан болов. Тэр өдрөө бошиглогч Сургаал ба Гэрээ 65-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна.

Жон Жонсоны байшингийн гаднах байдал

Суралцагчид дараах шүлгийг унших явцдаа давтагдсан үг, хэллэг хайх замаар судар судлах чадвараараа дадлага хийж болно. Та тэднийг эдгээр шүлэг дэх “бэлтгэ” гэсэн үг бүрийг онцлон тэмдэглэхэд урамшуулж болно. Тэд мөн 3-р шүлэг дэх “бэлтгэгтүн” гэсэн үгийг тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 65:1, 3-ыг уншаад, Их Эзэний урилгыг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 65:2-ыг уншаад, Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслахын тулд Аврагч бидэнд юу өгснийг олж мэд.

  • Та аль үг, хэллэгийн талаар асуумаар байгаа вэ?

    2–3-р шүлэг дэх үг хэллэгүүдэд дүн шинжилгээ хийж, ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэдгээр үг хэллэгийн утгыг тэднээс асуу. Та шаардлагатай бол дараах агуулгын заримыг хуваалцаж эсвэл үзүүлж болно.

    1. “Хаант улсын түлхүүрүүд” эсвэл “санваарын түлхүүрүүд” нь “Бурханы санваарыг дэлхий дээр удирдан чиглүүлж, хяналт тавихад Бурханаас хүнд өгсөн ерөнхийлөгчийн зөвлөлийн эрхүүд буюу хүч юм” (Судруудын удирдамж, “Санваарын түлхүүрүүд,” scriptures.ChurchofJesusChrist.org). Мөн Матай 16:18–19-ийг үзнэ үү.

    2. “Гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдсан чулуу” бол “Их Эзэний Сүм бөгөөд ‘хэзээ ч уста[х]гүй … мөнхөд бай[ж]’ [Даниел 2: 44] бүх дэлхийг дүүргэх хүртлээ асар их [өсөн нэмэгдэж байгаа]” (Роналд А.Расбанд, “Бошиглолын биелэл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Мөн Даниел 2:31–35, 44–45-ыг үзнэ үү.

    3. “Хүргэн Хүүгийн тулд бэлэн болгогтун” гэдэг нь “сударт Есүс Христийг Хүргэн Хүү болгон бэлгэддэгтэй холбоотой. Сүм бол түүний бэлгэдлийн сүйт бүсгүй юм” (Судруудын удирдамж, “Хүргэн Хүү,” scriptures.ChurchofJesusChrist.org). Мөн Илчлэл 19:7-9-ийг үзнэ үү.

    Сүмийн өсөлт хөгжлийг судлахад суралцагчдад хэрхэн туслах талаар нэмэлт санаа авахыг хүсвэл энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг үзнэ үү.

  • Үнэний мэдэгдэл болох эдгээр шүлгээс бид юу сурч болох талаар та нар хэрхэн дүгнэх вэ?

Суралцагчид Есүс Христ Өөрийнхөө Хоёр дахь ирэлтэд биднийг болон бусдыг бэлтгэхэд туслахын тулд Сүмээ сэргээсэн гэх мэт зүйлийг хуваалцаж болно. Тэднээс 1–3-р шүлгийн хажууд энэ үнэнийг бичихийг хүсэж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тунхагласан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах онцгой хүч, үүргийг авсан бөгөөд энэ зорилгын тулд сэргээгдсэн. Есүс Христийн Сүм дэлхийг уг өдөрт бэлтгэх үүрэгтэй мөн бэлтгэж ч байна. (Д.Тодд Кристоффэрсон “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99, 101.)

  • Та нар энэ мэдэгдлийн талаар юу бодож эсвэл мэдэрч байна вэ?

  • Сүм дэлхийг Аврагчийн эргэн ирэхэд бэлтгэх хэр онцгой чадвартай вэ?

  • Тэр өдөр ямар бэлтгэл хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

Сүм хүмүүсийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалдаг арга замуудыг самбарт жагсааж болно. Хэрэв суралцагчид санаа хэлэхгүй бол та Сүмийн тэнгэрлэгээр томилогдсон дөрвөн үүргийг тэдэнтэй хуваалцаж болох юм. Эдгээр нь (1) Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, (2) тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, (3) бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, (4) гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх замаар Бурханы ажилд туслах юм (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2, ChurchofJesusChrist.org). Та дээрхийг самбарт жагсаан бичээд, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд хүмүүсийг бэлтгэхэд туслах эдгээр үүрэг бүрийн гарчгийн доор тэдгээрт хамаарах илүү тодорхой арга замуудыг хуваалцахыг суралцагчдаас хүс.

“Түүний хаант улс урагш одож болохын тулд, Их Эзэнийг дуудагтун”

Сургаал ба Гэрээ 65:4–6-г уншаад, Аврагч Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхийн тулд хүн бүрийг хувьдаа юу хийж чадна гэж заасныг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Аврагчийн Сүмээрээ дамжуулан гүйцэлдүүлсэн “гайхамшигт ажлууд”-ын жишээ юу вэ? (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2, 1.3, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)

  • Эдгээр ажил биднийг болон бусдыг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн тусалдаг вэ?

Та суралцагчдад “түүний гайхамшигт ажлуудыг мэдүүлэх” (Сургаал ба Гэрээ 65:4) боломжийг хичээл дээр эсвэл хичээлээс гадуур олгож болох юм. Тэд гэр бүл, найз нөхөд эсвэл бусадтай хуваалцах арга замуудыг ярилцаж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний хийж чадах нэг зүйл бол “Түүний хаант улс дэлхий дээгүүр урагш одож болохын тулд, Их Эзэнийг дуудах” (Сургаал ба Гэрээ 65:5) юм гэж заасан.

2:3
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Та нарт … өгөх дөрөв дэх урилга бол Бурханы бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авч болохын төлөө өдөр бүр залбирах явдал юм. Та бид Израилыг агуу хүч чадлаар цугларахыг харахаар амьдарч байгаа бөгөөд үргэлжлүүлэн харсаар байх болно. Та нар тэр цугларалтын цаана байх хүч чадлын нэгээхэн хэсэг байх болно. (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org)

Суралцагчдаас ерөнхийлөгч Нэлсоны урилгыг тунгаан бодохыг хүс. Тэдэнд тунгаан бодох боломж өгсний дараа түүний урилгыг дагаснаар олж авсан туршлагаа хуваалцахад урь.

Та Сүм буюу “Бурханы хаант улс” нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулж “тэнгэрийн хаант улс”-ын ирэх замыг бэлтгэж байгаа гэсэн гэрчлэлээр хичээлээ дуусгаж болно (Сургаал ба Гэрээ 65:6-г үзнэ үү).