Семинар
80-р хичээл—Сургаал ба Гэрээ 67: Үнэний гэрчлэл


“80-р хичээл—Сургаал ба Гэрээ 67: Үнэний гэрчлэл,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 67,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

80-р хичээл: Сургаал ба Гэрээ 67–70

Сургаал ба Гэрээ 67

Үнэний гэрчлэл

Иосеф Смит илчлэлтийг бичиж авч байгаа нь

Сүмийн олон удирдагч бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг нийтлэхийг дэмжиж, тэдгээрийг Бурханаас ирсэн гэдгийг ойлгосон. Бусад нь илчлэлтүүдээс олж харсан төгс бус байдалд анхаарч, улмаар тэдгээр нь Их Эзэнээс ирсэн гэдэгт эргэлзсэн. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг бөгөөд Сургаал ба Гэрээ бол Түүний үг гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрчлэл

Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөтэй холбоотой сайн мэдээний үнэний талаарх гэрчлэлээ бодоход туслах арга замыг тодорхойл. Тэд самбар дээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагааг гүйцэтгэж болно.

Самбарын нэг талд хүний дүрс зур. Нөгөө талд гэрчлэл хүлээн авах шаардлагатай байж болох Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний өөр өөр хэсгийг жагсаан бич. Та бас Есүс Христ, одоогийн бошиглогч эсвэл судрууд гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хэсгүүдийг төлөөлдөг зургийг үзүүлж болно. Эдгээрээс цөөн хэдийг сонгоод, суралцагчдыг дараах зүйлсийг ярилцахад урь.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эдгээр хэсгийн талаар гэрчлэлтэй байх нь яагаад тустай вэ?

  • Энэ гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд ямар саад тулгарч болох вэ?

Суралцагчдыг хуваалцах үед та хүний дүрс болон бидний амьдралдаа гэрчлэл эрэлхийлэх ёстой зүйлсийн жагсаалт хоёрын хоорондох саад тотгорыг бичиж болно.

Ярилцлагын дараа та суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний өөр өөр хэсгүүдийн талаарх гэрчлэлээ бодоход урьж болох юм. Тэднийг хичээлийн үеэр гэрчлэл олж авахад эсвэл хүчирхэгжүүлэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Гэрчлэлийг хэрхэн хүлээн авч, хүчирхэгжүүлэх вэ?

Суралцагчдад 67-р хэсгийн агуулгыг ойлгоход нь туслахын тулд та дараах догол мөрөөс зарим мэдээллийг хуваалцаж болох юм.

1831 оны сүүлч гэхэд Иосеф Смит Их Эзэнээс нэлээд олон илчлэлт хүлээн аваад байсан ч тун цөөхөн хүн тэдгээрийг унших боломжтой байв. Их Эзэн тэдгээрийг ном болгон хэвлүүлэх хэрэгтэйг илчилсэн. Мормоны Номын нэгэн адил Зарлигуудын Ном (дараа нь Сургаал ба Гэрээ нэрээр хэвлэгдсэн) гэрчүүдийн гэрчлэлийг багтаах ёстой байв. Гэвч Сүмийн зарим удирдагч гэрчлэхдээ хойрго байсны зэрэгцээ зарим нь хэлний талаар санаа зовж, сайжруулахыг хүссэн.

Саад бэрхшээлүүдийн жагсаалтад “хэл”-ийг нэмэх талаар бодож үз. Өнөөгийн өсвөр үеийнхэнд ийм байдал тулгардаг эсэхийг асуу.

Сургаал ба Гэрээ 67:1–5-ыг уншаад, Их Эзэн эдгээр ахад юу гэж хэлснийг олж мэд.

  • Тэдэнд яагаад үүнийг хэлсэн гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр шүлгээс та нар сайн мэдээний ямар үнэнийг тодорхойлох вэ?

    Суралцагчдад Их Эзэн бидний залбирлыг сонсдог, бидний зүрх сэтгэлийг мэддэг, бидний эрэлхийлдэг үнэний талаарх гэрчлэлийг бидэнд өгч чадна гэсэн үнэнийг олж тогтооход тусал.

  • Энэ үнэн нь гэрчлэл эрэлхийлж байгаа эсвэл гэрчлэлтэй болж чадахгүй байгаа хүнд хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

  • Яагаад “[бидний] зүрх сэтгэлд байгаа айдас” (Сургаал ба Гэрээ 67:3) биднийг адислал хүлээн авахад саад болж магадгүй гэж та нар бодож байна вэ?

  • 5-р шүлэгт Их Эзэн Иосеф Смитийн талаар юу гэж хэлсэн бэ? Хэдийгээр бошиглогч төгс, уран яригч байгаагүй ч “түүний хэлнээс илүү дээр илэрхийлэхийг” оролдох нь яагаад мэргэн бус хэрэг вэ? (Сургаал ба Гэрээ 61:5)

Их Эзэний тусламжтай саад бэрхшээлийг даван туулах

Их Эзэн бидний зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд гэрчлэлд маань саад учруулдаг бэрхшээлийг даван туулахад бидэнд тусалж чадна. Энэ тохиолдолд Их Эзэн Сүмийнхээ ахлагчдад Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийн талаарх “үнэний гэрчлэлийг” (4-р шүлэг) хүлээн авахад туслах сорилгыг өгчээ.

Хэрэв таны суралцагчид сорилгод дуртай бол дараах үйл ажиллагааг таавар таах хэлбэрээр явуулж болно. Тэднийг шүлгийг анхааралтай уншаад, судраа хааж, дараах асуултуудад хариулахыг оролдоход урь.

Сургаал ба Гэрээ 67:6–9-ийг уншаад, Их Эзэний өгсөн сорилгыг олж мэд.

  • Тэд ямар төрлийн илчлэлтийг сонгох ёстой байсан бэ? (6-р шүлгийг үзнэ үү.)

  • Тэд ямар хүнийг сонгох ёстой байсан бэ? (6-р шүлгийг үзнэ үү.)

  • Энэ хүнийг юу бичихэд урьсан бэ? (7-р шүлгийг үзнэ үү.)

  • Тэд амжилттай хийж чадсан бол юу болох вэ? (7-р шүлгийг үзнэ үү.)

  • Тэд чадахгүй бол юу болох вэ? (8–9-р шүлгийг үзнэ үү.)

    Дараа нь юу болсныг олж мэдэхийн тулд та 2021 оны 6-р сарын “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлээс “The Prophet’s Words Are True” гэсэн зурагт дүрслэлийг хэвлэж эсвэл үзүүлээд, тэднийг уншихад урьж болно. Эсвэл саяхан Сүмд хөрвөсөн 25 настай сургуулийн багш Виллям Маклеллин бүлгийнхээ “хамгийн мэргэн” (6-р шүлэг) хүнээр нэрлэгдэж, Их Эзэний сорилгыг явуулах болсон гэдгийг тайлбарла. Түүнийг бичиж дуусахад бичсэн зүйл нь Их Эзэнээс ирээгүй гэдгийг бүгд ойлгов.

  • Эдгээр ах энэ туршлагаас ямар сургамж авсан гэж та нар бодож байна вэ?

    Суралцагчдыг хариулах үед та 9-р шүлгийг харахад урьж болно. Мөн ахлагчдаас олон нь Зарлигуудын Ном дахь илчлэлтүүдийн үнэн зөвийг албан ёсоор гэрчилж, баримт бичигт гарын үсэг зурсан гэдгийг тайлбарлаж болно.

  • Их Эзэн тэднийг мэддэг бөгөөд гэрчлэлд нь тусалж чадна гэдгийг энэ туршлага хэрхэн харуулж байна вэ?

Тэд өөрсдийгөө “атаа жөтөө хийгээд, айдсаас ангид байлгаж, мөн миний өмнө [өөрсдийгөө] даруусгахын хэрээр” (Сургаал ба Гэрээ 67:10) Их Эзэн тэдэнд илүү агуу сүнслэг туршлагуудыг амласан.

Энэ үнэн өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна вэ?

Их Эзэн бошиглогчдоор дамжуулан бидэнд ярьдаг, Сургаал ба Гэрээ нь Их Эзэний үг гэдэгт та нарын таньдаг хэн нэгэн итгэж чадахгүй байгаа гэж төсөөл.

Суралцагчид хүсвэл самбар дээр жагсаасан саад бэрхшээлүүдээс нэгийг нь сонгоод, тухайн хүн гэрчлэл хүлээн авахын тулд энэ саадыг даван туулах хэрэгтэй гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг жишээндээ нэмж болно. Дараа нь та дараах зааврыг хуваалцаж эсвэл харуулж болно.

Дараах зүйлсийг хийснээр энэ хүнд хэрхэн тусалж болох талаар бод.

  1. Их Эзэн бидний залбирлыг сонсдог, бидний зүрх сэтгэлийг мэддэг, Тэр бошиглогчид болон Сургаал ба Гэрээний тухай гэрчлэлийг бидэнд өгч чадна гэдгийг ойлгуулахын тулд юу гэж хэлэхээ бич. Боломжтой бол эдгээр үнэнийг гэрчлэх хувийн эсвэл ойр дотнын хүмүүсийнхээ туршлагыг оруулж болно.

  2. Бошиглогчид болон Сургаал ба Гэрээний талаарх гэрчлэлээ нэмэгдүүлэхийн тулд бид юу хийж болохыг хуваалцахдаа судар, судрын түүхүүд эсвэл өөрийн туршлагыг ашигла (зарим жишээнд Сургаал ба Гэрээ 1:37–38; 21:4–6; Моронай 10: 4-5 орно). Эдгээр үйлдлийн маань төлөө Их Эзэн биднийг хэрхэн адисалж болохыг хуваалц.

Хэдэн суралцагчийг бэлтгэсэн зүйлээ хуваалцахад урь. Тэдний ойлголт, туршлагад таларх.

Их Эзэн бошиглогчдоор дамжуулан ярьдаг, Сургаал ба Гэрээ нь үнэн гэсэн гэрчлэлээ тунгаан бодоход урьснаар хичээлээ дуусга. Их Эзэн тэдний залбирлыг сонсож, зүрх сэтгэлийг нь мэддэг ба гэрчлэлтэй болоход нь тусалж чадна гэдгийг гэрчил. Энэ хичээлийн туршид хүлээн авсан сүнслэг нөлөөгөө бичихэд тэднийг урь.