Семинар
81-р хичээл—Сургаал ба Гэрээ 68:25–31: Гэртээ сайн мэдээг заах ба суралцах


“81-р хичээл—Сургаал ба Гэрээ 68:25–31: Гэртээ сайн мэдээг заах ба суралцах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 68:25–31,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

81-р хичээл: Сургаал ба Гэрээ 67–70

Сургаал ба Гэрээ 68:25–31

Гэртээ сайн мэдээг заах ба суралцах

Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг зааж байгаа нь

Есүс Христийн сайн мэдээнээс суралцах нь хүүхдүүдийг Аврагчид итгэх итгэлээр амьдралын сорилт, бэрхшээлтэй тулгарахад бэлтгэж тусалдаг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээнээс суралцахад нь туслах онцгой чадвартай. Энэ хичээл нь гэр орондоо сайн мэдээг хүүхдүүддээ заа хэмээн эцэг эхчүүдэд өгсөн Их Эзэний зарлигийг илүү сайн ойлгоход тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бидний мөнх бус аялал дахь тусламж

Бид дэлхийд ирэхдээ мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдарч байсан дурсамжаа алдсан гэдгийг суралцагчдад сануулах талаар бодож үз. Нэмж дурдахад, бид Сатаны хууран мэхлэгч, сүйтгэгч нөлөө бүхий унасан дэлхийд ирсэн. Эдгээр бодит байдал нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд үнэнч амьдрахад бэрхшээл учруулдаг.

  • Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийнх нь тухай мэдэж авч, мөнх бус сорилт бэрхшээлийг даван туулахад туслахын тулд юуг өгсөн бэ?

    Та суралцагчдын хариултыг самбарт жагсааж болно. Хэрэв тэд дурдаагүй бол жагсаалтад “эцэг эх, асран хамгаалагч” гэж нэм.

  • Та нар эдгээр нөлөөний ачаар хэрхэн адислагдсан бэ?

  • Эцэг эх, асран хамгаалагчид яагаад хүүхдүүдэд мөнх бус байдлын сорилтыг даван туулахад нөлөө үзүүлж чадна гэж та нар бодож байна вэ?

Өнөөдөр тэд сайн мэдээнээс суралцахад нь хүүхдүүдэд туслах эцэг эхийн үүргийн тухай судрын хэсгээс суралцах болно гэдгийг тэдэнтэй хуваалцахыг бод. Суралцагч бүр гэр бүлийн өөр өөр нөхцөл байдалтай бөгөөд зарим нь гэртээ тийм ч таатай нөхцөл байдалд байдаггүй байж болзошгүйг анхаарч, мэдрэмжтэй ханд.

сургалтын материалын шигтгээ зурагСуралцагч бүрийн нөхцөл байдлыг мэдэх. Суралцагч бүрийн нөхцөл байдалд хэрхэн мэдрэмжтэй хандах талаар илүү их сургалт авахыг хүсвэл Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Заадаг хүмүүсээ хайрла хэсгээс “Суралцагчдыг Бурхан хэрхэн хардаг шиг хар” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. “Асуултаа азнаж, эргэцүүлэн бодоод, өөрөө хариулаад үз” ур чадвараар дадлага хийх талаар бодож үз.

Дараахыг тайлбарлах талаар бодож үз.

Гэр бүлийн нөхцөл байдал маш олон янз байдаг. Зарим хүн Аврагчийг дагахад Нифай шиг чиглүүлэхийг хичээдэг эцэг эхээс төрдөг (1 Нифай 1:1-ийг үзнэ үү). Зарим нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк нар шиг эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл хоёул Сүмийн гишүүн биш эсвэл сүмд идэвхтэй бус эцэг эхтэй өсдөг. Бүр зарим нь Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс шиг эцэг эхийнхээ нэгийг амьдралынхаа эхэн үед алдсан байдаг. Мосе (Гэтлэл 2:10-ыг үзнэ үү) эсвэл Самуел (1 Самуел 1:24–28-ыг үзнэ үү) шиг зарим өсвөр үеийнхэн эцэг эхээсээ хол өсдөг. Абрахам, Лимхай хоёрын эцэг эхтэй адилаар зарим хүний эцэг эх бузар мууг үйлдэхийг идэвхтэй хичээдэг (Абрахам 1:1–17, 27; Мозая 7:9; 11:1–5-ыг үзнэ үү).

Судрын тэмдэглэлдээ гэр бүлийнхээ нөхцөл байдлыг дүрслэн бич. Гэр бүлийнхээ туршлагаас юу сурч байгаагаа тунгаан бод. Та нар ирээдүйд эцэг эх болоод төрөх мэдрэмж, эцэг эх болох хүслийнхээ талаар оруулж болно.

Хэрэв суралцагчдад таатай бол тэд санал бодлоо хуваалцаж болно.

Өнөөдөр сурсан зүйл нь Есүс Христийн сайн мэдээг тэдэнд заахыг хичээж буй хүмүүсийг, тэр дундаа эцэг эх, асран хамгаалагчдаа дэмжихэд хэрхэн тусалж болох талаар бодоход суралцагчдыг урь. Тэд бас сурч мэдсэн зүйлээ ирээдүйд хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож болох юм.

Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ юу заа хэмээн зарлигласан бэ?

Огайо дахь чуулганд цугларах үеэрээ дөрвөн ах бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэний удирдамжийг эрэлхийлжээ. Их Эзэн тэдэнд үүргийнх нь талаар хэд хэдэн зөвлөгөө өгсний дараа Сионы бүх гэр бүлд илүү ерөнхий зөвлөгөө өгчээ.

Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ … заахыг зарлигласан гэсэн бүрэн бус өгүүлбэрийг самбарт бичихийг бод. Дараа нь суралцагчид дараах шүлгүүдээс тохирох үг, хэллэгийг олмогцоо самбар дээрх мэдэгдэлд нэмж бичиж болно. Эсвэл та тэднийг тэмдэглэлдээ өгүүлбэрийг бичиж, хариултаа нөхөхөд урьж болно.

Сургаал ба Гэрээ 68:25–31-ийг уншаад, Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ юу заахыг зарлиг болгосныг олж мэд.

Их Эзэн эцэг эхчүүдээс заахыг хүсдэг олон зарчмаар өгүүлбэрийг гүйцээх цаг гаргаж өгсний дараа тэднийг дараах асуултад хариулахад урь.

  • Гэрт нь сайн мэдээ байхгүй хүмүүст Их Эзэн эдгээр зарчмыг сурах өөр ямар арга замыг өгсөн бэ?

  • Эдгээр шүлэг дэх зарчмыг та нарыг том болоход хэн зааж өгсөн бэ? Тэд та нарт зааж байсан дурсамж бий юу? Хэрэв тийм бол ямар дурсамж байна вэ?

  • Эдгээр шүлэг дэх зарчмууд та нарын амьдралд хэрхэн нөлөөлсөн эсвэл хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчид тухайн хүнээс эсвэл шүлгүүдээс авсан сургамж нь Их Эзэний тэднийг хайрлах хайрыг болон эдгээр зарчмыг сураасай гэсэн Түүний хүслийг мэдрэхэд тэдэнд хэрхэн тусалсан эсвэл тусалж болох талаар тунгаан бодож болно.

Сургаал ба Гэрээ 68:25–31-ийг хэрэгжүүлэх

Сургаал ба Гэрээ 68:25–31 нь янз бүрийн нөхцөл байдалд байгаа өсвөр насныханд хэрхэн тусалж чадах талаар авч үзэхийн тулд суралцагчдад судлах зарим жишээг гаргаж өг. Та доор өгөгдсөн жишээ, асуултуудыг эсвэл тэдэнд тустай жишээг өөрөө зохиогоод ашиглаж болно. Тэд эдгээр жишээг анги, бүлгээрээ эсвэл бие даан авч үзэж болно.

Үйл ажиллагаа А

Эцэг эх нь залуу эрэгтэйд Аврагчийг дагах үлгэр жишээг үзүүлэх гэж хичээдэг ч тэрээр гэр бүлээрээ судар судлах эсвэл залбирахад урих үед дандаа гомдоллодог. Тэднийг өөрт нь зөвлөгөө өгөхийг оролдох үед тэр үл тоомсорлож эсвэл утсаараа тоглох хандлагатай байдаг.

  • Сургаал ба Гэрээ 68:25–31 дэх Их Эзэний сургаал эцэг эхийнх нь хийх гэж оролдож буй зүйлийн талаар Их Эзэн юу гэж боддогийг ойлгоход түүнд хэрхэн тусалж болох вэ?

  • Ямар судрууд түүнийг нөхцөл байдалд илүү сайн хариулахад чиглүүлж болох вэ? (Зарим жишээ Ефес 6:1–3; Мозая 4:14–15-д; 12 настай байх үеийн Аврагчийн жишээ Лук 2:51–52-д бий.)

  • Тэр эцэг эхээ ямар арга замуудаар дэмжиж болох вэ? Эдгээр үйлдэл нь түүний гэр бүлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Үйл ажиллагаа Б

Залуу эмэгтэйн эцэг эх салсан бөгөөд тэр эцэг эх хоёртоо цагаа хувааж зарцуулдаг. Ээж нь Сүмийн тухайд тоглож тохуурхах маягаар хандаж, охиноо өөрийнх нь гэрт байхдаа сайн мэдээний сургаалыг заавал дагах ёстой гэж хүсдэггүй. Аав нь түүнийг сайн мэдээний дагуу амьдарч семинар, сүм, өсвөр үеийнхний үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмждэг. Ээжтэйгээ байхтай харьцуулахад аавтайгаа байх нь хатуу бас хязгаарлагдмал санагддаг.

Гэтлэл 20:12-ыг унш.

  • Энэ залуу эмэгтэй; Их Эзэнийг дагангаа эцэг эхээ хоёуланг хүндэтгэх ямар арга замууд байна вэ?

  • Сүмийн удирдагчдын өөр ямар санаа, сургаал эсвэл туршлага түүнд тусалж болох вэ?

Үйл ажиллагаа В

Нэгэн залуугийн өсвөр нас маш хэцүү байдалтай өнгөрсөн ба одоо эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй. Тэдний тухай бодох нь түүнийг шаналгадаг.

  • Сургаал ба Гэрээ 68:25–31-д жагсаасан зарчмуудыг заахаар Их Эзэн өөр ямар хүмүүсийг түүн рүү илгээснийг тунгаан бодох нь энэ залуу эрэгтэйд хэрхэн тусалж болох вэ?

  • Сургаал ба Гэрээ 68:25–31 дэх шүлгүүд энэ залууд ирээдүйдээ бэлтгэхэд нь хэрхэн тусалж болох вэ?

Үйл ажиллагааг дуусгахын тулд Сургаал ба Гэрээ 68:25–31-д Их Эзэний эцэг эхчүүдэд хандан заахыг зарлигласан нэг зарчмыг сонгоод, дараа нь уг зарчмыг заахад ашиглаж болох нэг шүлгийг судраас ол. Энэ зарчим өнөөгийн өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болохыг хуваалц.

Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдад гэртээ сайн мэдээнээс суралцахтай холбоотой туршлага, асуулт эсвэл санаа зовоосон асуудлаа хуваалцах боломжийг олгох нь тустай байж болох юм. Суралцагчид тэнгэрээс томилогдсон эх сурвалж эсвэл өөрсдийн туршлагыг ашиглан үе тэнгийнхнийхээ асуулт, санаа зовнилд хариулж болно.

Суралцагчдад гэр бүлийн нөхцөл байдал нь ямар ч бай, Их Эзэн тэднийг Өөрт нь болон Түүний сайн мэдээнд хамгийн сайн аргаар гүн гүнзгий, мөнхөд хөрвөгдөхийг хүсдэг гэдгийг ойлгоход тусал. Суралцагчдыг сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болох талаар хувийн илчлэлт эрэлхийлэхэд урих талаар бодож үз. Эдгээр нь тэднийг Есүс Христэд ирэхэд туслах үүрэг хариуцлагаа биелүүлэхээр чармайж буй эцэг эхээ дэмжих, өнөөдөр судалсан зарчмуудыг тэдэнд заахаар Их Эзэний бэлтгэсэн хүмүүст талархах, ирээдүйд хүүхдүүддээ заахаар бэлтгэх зэрэг байж болно.