“82-р хичээл—Сургаал ба Гэрээ 71: Аврагчийн Сүмийг шүүмжилдэг хүмүүст хариулах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 71,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
82-р хичээл: Сургаал ба Гэрээ 71–75
Сургаал ба Гэрээ 71
Аврагчийн Сүмийг шүүмжилдэг хүмүүст хариулах
1831 оны өвөл Иосеф Смитийн тухай болон Сүмийн тухай худал мэдээлэл агуулсан захидлууд Көртланд даяар тархав. Сургаал ба Гэрээ 71-д Аврагч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт уг нутаг даяар явж, худал хуурмаг мэдээллийг залруулахыг захижээ (1–2-р шүлгийг үзнэ үү). Энэ хичээл нь хүмүүсийг бидний итгэл үнэмшлийг шүүмжлэх үед Аврагч биднээс хэрхэн хариулахыг хүсдэгийг ойлгоход суралцагчдад тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн Сүмийн талаарх шүүмжлэлд хариулах
1831 оны өвөл Көртландын гэгээнтнүүд болон Иосеф Смитийн эсрэг хавчлага эрс нэмэгджээ. Хэд хэдэн гэгээнтэн Сүмийг орхисны дотор Эзра Бут, Саймондс Райдер нар байв. Бут Иосеф руу дайрч, Их Эзэний ажлыг нураахыг оролдсон захидлуудыг нийтэлж эхлэв (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume A-1, 153–54, josephsmithpapers.org-ыг үзнэ үү). Иосеф Их Эзэнээс зөвлөгөө хүсэн, Сургаал ба Гэрээ 71-ийг хүлээн авчээ.
-
Та нар Аврагчийн Сүм рүү болон Иосеф Смит рүү хандсан дайралтад хэрхэн хариулахыг хүсэх байсан бэ?
-
Бусад хүнийг бидний итгэл үнэмшлийг шүүмжилж, Аврагчийн Сүмийн талаар худал мэдээлэл хуваалцах үед нөхцөл байдлыг шийдвэрлэх хамгийн сайн арга замыг бид хэрхэн мэдэх вэ?
-
Ямар үед шүүмжлэлийг үл тоох нь дээр гэж бодож байна вэ?
Есүсийн та нарт өгөх хариултыг мэднэ гэдэгтээ хэр итгэлтэй байгаагаа тунгаан бод. Судалж байхдаа та Аврагч бидэнд хэрхэн хариулахыг заадаг янз бүрийн арга замуудыг олж мэд.
Аврагч бидэнд Түүний сайн мэдээг зоригтой ярьж, хуваалцахыг заадаг
Сургаал ба Гэрээ 71:1–3-ыг уншаад, Аврагч Иосеф, Сидней хоёроос тухайн үед Сүмийн талаар тараагдсан худал хуурмаг зүйлд хэрхэн хариулахыг хүссэнийг олж мэд.
-
Та нарт юу нь онцгой санагдсан бэ?
-
1-р шүлэгт цэдэглэснээр Их Эзэн Иосеф, Сидней хоёрт хэрхэн хариулахад туслахын тулд ямар зүйлийг өгсөн бэ?
-
Өнөө үед Аврагчийн зөвлөгөө бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Судруудыг ашиглах болон Сүнсний өдөөлтүүдийг дагах нь яагаад шүүмжлэлд хариулах хамгийн шилдэг арга гэж та нар бодож байна вэ?
-
Шүүмжлэлд хэрхэн хариулахад маань Сүнсний нөлөө ямар байдлаар нөлөөлж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бусад хүн бидний итгэл үнэмшлийг шүүмжилж байгааг дүрслэхдээ галт сумны судрын бэлгэдлийг ашигласан. Та нар энэ мэдэгдлийг судлах явцдаа “Аврагчийн арга замаар хариулах” жагсаалтад юу нэмж болохыг бодож үз.
Есүс Христэд итгэх итгэлийн бамбайгаар бид дайсны бүх галт сумны галыг унтрааж, … амар тайвныг тогтоогчид болдог [Ефес 6:16; Сургаал ба Гэрээ 3:8-ыг үзнэ үү]. …
Амар тайвныг тогтоогч галт сумны галыг хэрхэн намжааж, унтраадаг вэ? Ямар ч л байсан биднийг дорд үзэх нэгний өмнө айн мэгдэж л лав биш. Харин бид итгэлдээ бат зогсож, итгэдэг зүйлсээ үнэмшилтэйгээр хуваалцахдаа ямагт уур уцааргүй, хорсолгүй байх юм. …
Амар тайвныг тогтоогчид бол үлбэгэр хүмүүс биш, тэд Аврагчийн арга замаар бусдыг ятгагчид.
Бидний хайрладаг үнэн рүү чиглэсэн галт сумны галыг бөхөөж, тайвшруулж, унтраах дотоод хүч чадлыг юу бидэнд өгдөг вэ? Энэ хүч Есүс Христэд болон Түүний үгэнд итгэх итгэлээр ирдэг. (Нийл Л.Андэрсэн, “Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 18–19)
Сургаал ба Гэрээ 71:4–7-г уншаад, Их Эзэн нийтлэгдсэн худал мэдээллийг арилгах энэхүү тодорхой нөхцөл байдалд Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт юу заасныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Эдгээр шүлэг дэх Аврагчийн зөвлөгөөг ахлагч Андэрсэны сургаалтай ямар холбоотой гэж та нар үзэж байна вэ?
-
Матай 4:3–11 (Есүс Сатаныг уруу татахад судраар хариулав.)
-
Лук 23:8–10 (Есүс Херодын өмнө зогсоод, дуугүй байв.)
-
Иохан 8:2–11 (Есүс иудейчүүдийн удирдагчидтай нүүр тулж, нэгэн эмэгтэйн амийг аврав.)
-
Сургаал ба Гэрээ 100:5–7 (Их Эзэн бидэнд Өөрийнх нь нэрээр ярих юм бол хэлэх үгсийг маань өгнө гэж амласан.)
-
Сургаал ба Гэрээ 121:41–45 (Их Эзэн хэрхэн засаж залруулах талаар зөвлөгөө өгсөн.)
Аврагчийн арга барилаар хариулах дадлага хийх
Дараах нөхцөл байдал бүрд Христийн адилаар хариулах хэд хэдэн арга замыг хуваалц.
-
Чи олон нийтийн сүлжээнд ариун сүмийн зургийг нийтэлсэн ба хэн нэгэн ариун сүмд ороход өндөр шалгуур тавьдаг гэж Сүмийг шүүмжилжээ.
-
Нэгэн гэр бүлийн цуглаан дээр авга ах нь бошиглогч Иосеф Смитийн талаар таагүй үг хэлэв.
-
Найз чинь Бурхан байдаг гэдгийг баталж чадахгүй байж итгэх нь тэнэг хэрэг гэж хэлжээ.
-
Ажлын газрын чинь нэг хүн хожмын үеийн гэгээнтнүүд бол Христэд итгэгчид биш гэж бусад ажилтанд ярьсан.
Аврагчийн тогтоосон цагт
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр хүлээн авсан илчлэлтдээ дуулгавартай байсан. Тэд уг нутгаар явж, Аврагчийн сайн мэдээг номлож, тархсан худал хуурмагийг залруулжээ.
Сургаал ба Гэрээ 71:8–11-ийг уншаад, Аврагчийн Сүмээ болон сайн мэдээг нь хамгаалдаг бүх хүнд өгсөн баталгааг олж мэд.
-
Эдгээр шүлэгт Есүс Христ болон Түүний ажлын талаар та нарт юу зааж байна вэ?
-
Бидний эсрэг ямар ч дуу хоолой, ямар ч зэвсэг амжилтад хүрэхгүй (9–10-р шүлгийг үзнэ үү) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Таньдаг хэн нэгэн чинь Сүмийг эсвэл Аврагчийн сургаалыг шүүмжилдэг нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслах юуг та өнөөдөр сурсан бэ?