Семинар
84-р хичээл—Суралцахуйн үнэлгээ 5: Сургаал ба Гэрээ 51–75


“84-р хичээл—Суралцахуйн үнэлгээ 5: Сургаал ба Гэрээ 51–75,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйн үнэлгээ 5,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

84-р хичээл: Сургаал ба Гэрээ 71–75

Суралцахуйн үнэлгээ 5

Сургаал ба Гэрээ 51–75

Хүүхдийн өсөлтийг хэмжиж байгаа нь

Өөрийн сүнслэг суралцахуйг эргэцүүлэн бодож, үнэлэх нь биднийг Аврагчид илүү ойртоход тусална. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээг судлах явцад суралцагчдын олж авсан туршлага сүнслэгээр өсөхөд нь тэдэнд хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тайлбар: Танд энэ хичээлийн бүх үнэлгээг хийх хангалттай цаг байхгүй байж болно. Суралцагчдад хамгийн тустай гэж үзэж буй суралцахуйн үнэлгээний хэсгүүдийг сонго.

Өсөлт хөгжлөө үнэлэх

Суралцагчдад дараах асуултын хариултыг олоод, ангийнхантайгаа хуваалцах боломжийг олгох талаар бодож үз. Тэд ангиасаа нэг найзыг сонгоод, нэг минутад хариултаа хуваалцах замаар үүнийг гүйцэтгэж болно. Үүнийг хэд хэдэн удаа давтаж болно.

(Та жишээ болгон дуртай үйл ажиллагаагаа хуваалцаж болох юм. Уг үйл ажиллагааныхаа ахицыг хэмжих хэрэгслийг харуулах эсвэл зургийг нь үзүүлэх талаар бодож үз. Жишээлбэл: Хэрэв та гүйх дуртай бол секунд хэмжигч үзүүлж, түүгээр өсөлтөө хэрхэн хэмжих тухай тайлбарлаж болно.)

  • Та нар ямар үйл ажиллагаанд оролцох дуртай вэ?

  • Та нар сайжирч байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Та нарын ахиц дэвшлийг хэмжих тусгай хэрэгсэл байдаг уу?

Бие махбодынхоо хөгжил дэвшлийг хэмжих нь өсөлтөө харахад тусалдаг шиг сүнслэг өсөлт хөгжлөө үнэлэхэд бид цаг гаргах хэрэгтэй. Ариун Сүнс бол бидний сүнслэг өсөлт хөгжлийг хэмжихэд тусалдаг зэмсэг юм. Ахиц дэвшлээ мэдэхийн тулд Ариун Сүнсийг урих нэг арга зам бол сурсан сүнслэг сургамжуудынхаа талаар залбирч байгаад эргэцүүлэн бодох, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлснээр сүнслэг байдлын хувьд хэрхэн өссөн тухайгаа тунгаан бодох явдал юм.

Суралцагчдыг семинарын сүүлийн хэдэн долоо хоногийн (Сургаал ба Гэрээ 51–75) тэмдэглэл болон судалсан судруудаа уншиж, олж авсан сургамж, тавьсан зорилгоо харахад урь. Суралцагчдад сүнслэг өсөлтийнхөө талаар эргэцүүлэн бодоход туслахын тулд дараах асуултуудыг үзүүл. Тэд хариултаа судлах тэмдэглэлдээ бичих юм уу тунгаан бодохыг сонгож болно.

  • Семинараас сурсан сүнслэг үнэнээ хэрэгжүүлэхийн тулд та нар юу хийсэн бэ? Эдгээр үнэнийг хэрэгжүүлэх нь сүнслэг байдлын хувьд өсөхөд тань хэрхэн тусалж байгаа вэ?

  • Та нар Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой илүү адилхан болохоор сурсан зүйлээ хэрэгжүүлэх үедээ Тэдний тусалж байгааг хэрхэн анзаарсан бэ?

Хэт хувийн биш бол хариултаа хуваалцах боломжийг суралцагчдад олго. Суралцагчдыг цаашдын амьдралдаа эдгээр сургамжийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх үедээ Сүнсэнд мэдрэмтгий байхад урамшуул.

Зарлигуудын зорилгыг тайлбарлах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийн эхний өгүүлбэр дэх “хуулиуд” гэдэг үгийг арилгаад тэдэнд үзүүлэх талаар бодож үз. Суралцагчид дутуу үгийн оронд боломжит хувилбаруудыг санал болгож болно. Дутуу үг юу байсныг олж тогтоохоор оролдож дууссаны дараа мэдэгдлийг бүрэн эхээр нь харуул.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Эцэг, Хүү хоёр биднийг хязгааргүй, төгс хайраар хайрладаг мөн бид Тэдний хардаг бүх зүйлийг харж чадахгүй гэдгийг Тэд мэддэг учраас биднийг удирдан чиглүүлэх, хамгаалах хуулиудыг өгсөн. Бурханы хайр, Түүний хууль хоёрын хооронд хүчирхэг хамаарал байдаг. (Russell M. Nelson, “The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 2, speeches.byu.edu)

  • Та нарт Бурханаар хамгаалагдсан, хайрлагдсан гэдгээ мэдрэхэд ямар зарлиг тусалсан бэ?

    Суралцагчдыг дараах асуултын хариултыг олохын тулд судар болон тэмдэглэлээ ашиглахад урь.

  • Бид Сургаал ба Гэрээнээс саяхан Бурханы ямар ямар хуулиудыг судалсан бэ?

Та суралцагчдаар хариултыг нь самбарт бичүүлж болно. Тэд дараахаас заримыг нь дурдаж магадгүй. Үүнд: Наманчлал (58:42–43), Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих (59:9–13), ариун явдал (63:13–16), бусдыг уучлах (64:9–11).

Дараахтай адил жишээг үзүүл. Суралцагчдыг зарлигуудын зорилгыг найздаа хэрхэн тайлбарлах талаар дадлага хийхэд урь. Уг жишээг дагалдсан дараах асуултууд тэдний хариултыг чиглүүлж тусална.

Нэг найз тань ямар нэгэн зарлигт дургүйцсэн дургүйцлээ чамтай хуваалцаж байна гэж төсөөл. Бурхан яагаад бидэнд зарлигуудыг өгч зовоодог юм бол гэж тэр гайхдаг.

Энэ жил Сургаал ба Гэрээнээс судалсан нэг зарлигийг сонгоод, дараах зүйлийг хуваалц. Үүнд:

  • Уг зарлиг нь Тэнгэр дэх Эцэгийн маань хамгаалалт, удирдамж юм.

  • Уг зарлиг нь Бурханы хайрын нотолгоо юм.

Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюуныг өгөх

Та Сургаал ба Гэрээ 64:20–43-ыг судлах хичээлийн нэг хэсэг болгон, суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараахтай төстэй зургийг зурахад урьсан байж магадгүй. Энэ зургийг үзүүлээд, суралцагчдаас тухайн хичээлийн талаар юу санаж байгаагаа хуваалцахыг хүс. Өмнө нь тэднийг оюун ухаан болон зүрх сэтгэлийг дүрслэн зураад, Их Эзэнд зориулдаг хэмжээгээр нь тэдгээрийн доторхыг өнгөөр будахад урьж байсан.

Зүрх сэтгэл ба оюун ухаан

Суралцагчдыг зурсан зургаа олоход эсвэл ямар байсныг нь санахыг хичээхэд урь. Тэдэнд зүрх сэтгэл, оюун ухаанаа хэрхэн будсанаар нь ердөө тухайн агшныг буулгасан байсныг санахад тусал. Энэ нь тогтмол биш бөгөөд өөрчлөгдөх боломжтой. Тэд оюун ухаан, зүрх сэтгэлээ Түүнд илүү их зориулах хүсэлтэй болохын тулд Аврагчийн тусламжийг эрэлхийлэх боломжтой. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын заримд хариулж бичин, туршлагаа эргэцүүлэн бодоход урамшуул.

  • Та нар Аврагчид зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулах хүслээ нэмэгдүүлэхийн тулд юу хийсэн эсвэл хийж чадах байсан бэ?

  • Зүрх сэтгэл, оюун ухаанаа Аврагчид зориулах хүсэлд тань ямар өөрчлөлт гарсан гэж та нар анзаарсан бэ?

  • Та нарын бодол санаа, үйлдлүүд бусадтай болон Есүс Христтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Цөөн хэдэн суралцагчид энэ туршлагаас юу нь чухал байсныг бас энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцах боломжийг олго.

Суралцагчид судлах тэмдэглэл дээрх анхны зургийнхаа хажууд дахин нэг зүрх сэтгэл, оюун ухааныг дүрсэлсэн зураг зурж болно. Тэднийг сайжруулах хичээл зүтгэлийнхээ үр дүнд одоо Аврагчид зориулж буй хэмжээгээрээ зүрх сэтгэл, оюун ухаанаа өнгөөр ялган будахад урь. Суралцагчид хоёр зургийг харьцуулж, Аврагчид зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулах хүсэл эрмэлзэл нь сайжирсан эсэхийг тодорхойлох боломжтой.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултын дараах хэсгийг үзүүлж, энэ жил Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар сурсан зүйлээ хуваалцахад тэднийг урих талаар бодож үз. (Шаардлагатай бол та тэдэнд Сургаал ба Гэрээ 59 ба тухайн хэсгийг судалсан тэмдэглэлээ товчхон унших цагийг гаргаж өгч болох юм.)

Та нар гэртээ ч, сүм дээр ч хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг хичээдэг үү?

Сургаал ба Гэрээ 59-ийг судалсан хичээл дээр суралцагчдыг Хүндэтгэлийн өдөр Аврагчийг хүндэтгэх төлөвлөгөө гаргахад урьсан байж магадгүй. Хэрэв тийм бол үр дүнд нь юу хийснээ эргэцүүлэн бодоход тэднийг урь. Хэдэн суралцагч сайн дураараа төлөвлөгөөнийхөө зарим хэсгийг ангийнхантайгаа хуваалцах нь тустай байж болох юм.

Суралцагчдад Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих хичээл зүтгэлээ үнэлэхэд туслахын тулд дараах асуултуудыг үзүүлэх талаар бодож үз. Суралцагчдыг жагсаалтаас хоёр эсвэл гурван асуултыг сонгоод судлах тэмдэглэлдээ хариултыг бичихэд урь.

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд хийсэн ямар нэг зүйлээ бод. Үүний үр дүнд Хүндэтгэлийн өдрийн туршлага тань хэр сайжирсан бэ?

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэсэн хичээл зүтгэл тань та нарыг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт хэрхэн ойртуулсан бэ?

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад та нарт ямар бэрхшээл тулгардаг вэ?

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд та нар юу хийж эхлэхийг хүсэж байна вэ?

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь яагаад чухал вэ?

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд хараахан хийж амжаагүй ч, энэ ням гаргаас хийж эхлэх боломжтой ямар зүйл жагсаалтад тань байгаа вэ?

  • Та нар Хүндэтгэлийн өдөр зарим зүйлийг хийж эхэлснээр эсвэл хийхээ больсноор Тэнгэр дэх Эцэг болон Есүс Христийг хэрхэн илүү сайн хүндэлж чадсан бэ?

Эдгээр асуулт нь суралцагчдын хувьд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих хичээл зүтгэлээ хувь хувьдаа үнэлэхэд зориулагдсан боловч хэрэв тохиромжтой бол та хуваалцах хүсэлтэй суралцагчдыг өөрсдийн хариулт, туршлагаас хуваалцахад урьж болно.

Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэн, адислалуудыг хүлээн авахад суралцагчдыг, ялангуяа хараахан ямар ч үйлдэл хийгээгүй байж болох суралцагчдыг урамшуул. Та тэднийг дараагийн Хүндэтгэлийн өдрийг илүү ариунаар сахихын тулд ямар нэг зүйлийг хийх сануулгыг утсандаа тохируулахад урьж болно. Аврагч тэднийг Өөрт нь ирээсэй хэмээн хүсдэгийг мөн Хүндэтгэлийн өдрийг сахих нь Түүнд ойртох нэг арга зам гэдгийг гэрчил.