Семинар
104-р хичээл—Сургаал ба Гэрээ 89:1–17: Их Эзэнээс ирсэн Мэргэн ухааны үг


“104-р хичээл—Сургаал ба Гэрээ 89:1–17: Их Эзэнээс ирсэн Мэргэн ухааны үг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 89:1–17,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

104-р хичээл: Сургаал ба Гэрээ 89–92

Сургаал ба Гэрээ 89:1–17

Их Эзэнээс ирсэн Мэргэн ухааны үг

Дасгал хийж буй өсвөр насны хүүхдүүд

1833 онд Сүмийн олон гишүүн тамхи хэрэглэж, согтууруулах ундаа, цай, кофе уух нь нийтлэг болсон байв. Энэ асуудлын талаар Иосеф Смитийг залбирахад хариуд нь Их Эзэн нигүүлсэнгүйгээр Мэргэн ухааны үгийг илчилжээ. Энэ хичээл Мэргэн ухааны үг хэмээх Их Эзэний хайраар дүүрэн зааварчилгааны төлөө талархах мэдрэмжийг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тайлбар: Дараагийн хичээл Мэргэн ухааны үгийг сахиснаар ирэх Сургаал ба Гэрээ 89:18–21 дээрх амлагдсан сүнслэг адислалууд дээр төвлөрөх болно. Мэргэн ухааны үгийн адислалууд бие махбодоос илүү сүнслэг байдлаар ирдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд энэ хоёр хичээлийг хоёуланг заавал илүү тохиромжтой байж болно.

Сатаны заль мэх

Бурханы хүүхдүүдийг урхинд оруулахын тулд Сатаны ашигладаг өгөөшийн талаар ярилцахад суралцагчдыг урь. Та загасны өгөөш авчрах юм уу зургийг нь үзүүлж болно. Мөн та загасчлах туршлагатай суралцагчдаас тэр газартаа ашигладаг хамгийн сайн өгөөшийг дүрслэхийг хүсэж болно. Өөр нэг сонголт нь ChurchofJesusChrist.org дээрх “You Will Be Freed” видеоны эхний хэсгийг цагийн код 0:00-ээс 1:29 хүртэл үзүүлэх юм.

Төрөл бүрийн загасны өгөөш
2:58

Та чөлөөлөгдөх болно

Есүс Христийн Цагаатгалаар бүх хүн өөрчлөгдөж, цэвэршигдэн мөн донтолтоос ангижрах боломжтой.

  • Загасны өгөөшийг Сатаны заль мэхтэй хэрхэн харьцуулж болох вэ?

  • Аврагч бидэнд Сатаны заль мэхийг илрүүлж үүнээс зайлсхийхэд туслах ямар зөвлөгөөг өгсөн бэ?

    Хоёрдугаар асуултад хариулах олон зөв хариулт байгаа. Үүнд: Залбирах (Сургаал ба Гэрээ 10:5-ыг үзнэ үү), өдөр бүр судраас судлах (Хиламан 3:29–30-ийг үзнэ үү), илчлэлтийн сүнсийг эрэлхийлэх (Сургаал ба Гэрээ 8:2–4-ийг үзнэ үү) мөн бошиглогч, Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагах (Сургаал ба Гэрээ 21:5-ыг үзнэ үү) зэрэг орно.

    Бид Аврагчийн зөвлөгөөнд яагаад итгэж болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та тэднийг 2 Нифай 26:24, Иаков 4:10-ыг тус тус уншаад Түүний тухай юу сурснаа хуваалцахад урь.

    Та мөн суралцагчдаас дараах асуултад өгөх хариултаа тунгаан бодож, ангийнхандаа хуваалцахыг хүсэж болно. Үүнд:

  • Аврагчаас болон Түүний эрх мэдэлтэй үйлчлэгчдээс ирсэн тодорхой зөвлөгөө, анхааруулга амьдралыг тань хэрхэн адисалж, хамгаалж байсан бэ?

Мэргэн ухааны үг

Огайогийн Көртланд дахь Ньюел К.Витнейн дэлгүүрийн дээр байрлах жижиг өрөөний дараах зургийг үзүүл. Дараах догол мөр дэх мэдээллийг тайлбарлахдаа, уг өрөөнд дүүрэн эрчүүд, тэдний ихэнх нь тамхи татаж мөн зажилж байна гэж төсөөлөхөд суралцагчдаа урь.

Бошиглогчдын сургууль

1833 оны өвөл 20 орчим санваартан энэ өрөөнд Бошиглогчдын сургуульд оролцохоор байнга уулздаг байв (Сургаал ба Гэрээ 88:127-г үзнэ үү). Тухайн үед нийтлэг байсан учраас эдгээр ахын олон нь цуглааны үеэр тамхи татаж мөн зажилдаг байжээ. Бригам Янг энэ тухай: “Бошиглогч хичээл заахаар өрөөнд орж ирэхэд, тамхины утаа битүү суунагласан байдаг байлаа” гэж дурсжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 297). Эдгээр нөхцөл байдал болон шалан дээр нулимж хаясан зажилсан тамхийг цэвэрлэх Эмма Смитийн санал гомдол Иосеф Смитийг иймэрхүү бодисуудын хэрэглээний талаар залбирахад хүргэжээ. Хариуд нь Их Эзэн Сургаал ба Гэрээ 89-ийг илчилсэн (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүхийн 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018] номын х. 167–168-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 89:1–4-ийг уншаад, Аврагчийн энэ илчлэлтийг өгсөн шалтгаануудыг олж мэд.

  • Энэ хэсгийг илчлэх Есүс Христийн зорилгын талаар та юу сурч байна вэ?

    Суралцагчдыг өмнөх асуултын хариултыг хуваалцах үед тэд Их Эзэн Мэргэн ухааны үгийг өнөө үеийн хор хөнөөлөөс биднийг хамгаалахаар өгсөн гэдгийг ойлгож байгаа эсэхэд анхаар.

  • Аврагч яагаад Мэргэн ухааны үгийг илчилснийг ойлгох нь энэ талаарх бидний бодолд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Бидэнд Түүний хамгаалалт хэрэг болох өнөө үеийн ямар ямар хор хөнөөлт зүйл байдаг вэ?

Суралцагчдыг өмнөх асуултад хариулах үед та тэдний хуваалцсан зарим хор хөнөөлт зүйл биднийг хууран мэхлэхийн тулд хэрхэн бий болж, бүтээгдсэн гэдгийг ойлгоход тэдэнд тусалж болно.

Мэргэн ухааны үгийн талаар өөрт байгаа асуултуудаа эргэцүүлэн бодож, хуваалцах нь суралцагчдад тустай байж болно. Дараах хэсэг нь хариултаа олоход тэдэнд тусалж болох юм.

Бүтээгчээс ирэх хэрэглэгчийн гарын авлага

Дараах үйл ажиллагааг танилцуулахдаа та суралцагчдын мэддэг бүтээгдэхүүний хэрэглэгчийн гарын авлагыг авчрах юм уу үүний талаар ярьж болно. Уг бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх талаар мэдэхийн үнэ цэнийг мөн зохисгүй хэрэглээний зарим анхааруулгыг товч дурд. Бүтээгчийн хувьд Бурхан (Эхлэл 1:27-г үзнэ үү) бидний бие махбодыг төгс ойлгодог бөгөөд тэдгээрийн арчилгаа, хэрэглээний анхааруулга, зааварчилгааг өгсөн гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.

Сүмээс тодорхой заагаагүй, Мэргэн ухааны үгийн нарийн ширийн зүйлсийн талаар асуух зүйл суралцагчдад байвал тэднийг эцэг эх, бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөхөд урамшуул.

Бидний бие махбодын зөв хэрэглээнд зориулан гарын авлага хий. Бүтээлч байж, хүссэнээрээ тохируулан хий. Дараах алхмууд нь үүнийг хийх олон аргын зөвхөн нэг нь юм. Тухайлбал:

  1. Жижиг товхимол болгохын тулд цаасыг дундуур нь нугал. “Мэргэн ухааны үг: Бүтээгчээс ирсэн хэрэглэгчийн гарын авлага” гэх мэт гарчигтай нүүр хуудас хий. Та нүүр хуудсандаа зураг, тэмдэглэл нэмж болно.

  2. Товхимлын дотор, зүүн талын хуудсанд “Бидний юу хийх ёстой талаарх Бүтээгчийн зөвлөгөө” зэрэг гарчиг өг. Баруун талын хуудсанд “Бидний юунаас болгоомжлох ёстой талаарх Бүтээгчийн зөвлөгөө” зэрэг гарчиг өг. Дотор талын хуудаснуудад мөн адил зураг, дизайн чөлөөтэй нэмж оруулаарай.

  3. Сургаал ба Гэрээ 89:5–17-г судлаад, сурсан зүйлийнхээ зургийг нэмж оруулах юм уу энэ тухай бичиж товхимлоо гүйцээ.

    Дараах санаануудаас гадна энэ хичээлийн “Нэмэлт эх сурвалж” хэсгээс тус болох материалыг суралцагчдад өгөх талаар бодож үз.

  4. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол (2022), Судруудын удирдамж, Сүмийн удирдагчдын мэдэгдэл зэрэг тэнгэрээс томилогдсон нэмэлт эх сурвалжуудаас хай. Сурсан зүйлээ товхимолдоо нэмнэ үү.

Суралцагчдад хийсэн зүйлээ үзүүлэх юм уу хуваалцах боломж олго.

Тайлбар: Дараагийн хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт товхимолдоо арын хуудас нэмэх суралцагчдад зориулсан санаа бий. Сургаал ба Гэрээ 18–21 дэх Мэргэн ухааны үгийг сахиснаар ирэх Бурханаас өгдөг адислалуудыг арын хуудсанд тоймлон харуулах болно. Хэрэв энэхүү туршлага суралцагчдад таалагдаж байвал та тэднийг өнөөдөр товхимлоо хураалгах юм уу дараагийн хичээл дээр ангид дахин авчрахад урамшуул.

Бидний нигүүлсэнгүй, тэвчээртэй Аврагч

Аврагч энэхүү зарлигийг илчилснийхээ дараа гэгээнтнүүддээ хэрхэн тэвчээртэй хандсаныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та дараах мэдээллийн заримыг өөрийн үгээр хуваалцаж болно:

1833 онд Есүс Мэргэн ухааны үгийг илчилсэн хэдий ч энэ нь тухайн үедээ зарлиг болгон өгөгдөөгүй байсан юм (2-р шүлэг-ийг үзнэ үү). Үүнийг хүлээн авсны дараа олон гэгээнтэн соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалаас мөн зарим хүний хувьд донтолтоосоо ангижрахыг хичээж эхэлсэн байв. Цаг хугацаа өнгөрөхөд Их Эзэн Бригам Янг, Жон Тэйлор зэрэг Сүмийн удирдагчдыг Сургаал ба Гэрээ 89-д заасан зарчмуудыг сахих тал дээр гэгээнтнүүдээс илүү ихийг хүсэхэд удирдан чиглүүлж байлаа. Хорьдугаар зуун гарсны дараа ерөнхийлөгч Хибэр Ж.Грант “эхэн үеийн гэгээнтнүүдийн заримдаа хэрэглэдэг байсан согтууруулах ундаа, кофе, цай, тамхи болон бусад хортой бодисоос татгалзаж, мэргэн ухааны үгийг яг таг сахихыг тэдэнд уриалж, Мэргэн ухааны үгийг ариун сүмд орох болон номлолд үйлчлэхэд зайлшгүй” (Гэгээнтнүүд, 3:291–292) дагадаг байхаар болгожээ. “1921 онд Их Эзэн ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авахын тулд согтууруулах ундаа, тамхи, кофе, цайнаас татгалзахыг бүх гэгээнтнээс шаардахыг ерөнхийлөгч Хибэр Ж.Грантад илчлэв” (Church History Topics, “Word of Wisdom [D&C 89],” Gospel Library).

  • Өнөө үед донтолттой тэмцэж буй хүмүүст Аврагч ямар тусламж үзүүлдэг вэ?

Хичээлийн эхэнд санал болгосон видеоны төгсгөл хэсэг нь донтолттой тэмцэж буй хүмүүст Христээр дамжин найдвар төрүүлж чадна. Та “You Will Be Freed” видеог цагийн код 1:29-өөс 2:55 хүртэл үзүүлж болно.

Донтолттой холбоотой тусламжийн талаар илүү эх сурвалж хүсэж буй суралцагчдыг ChurchofJesusChrist.org дээрх “Амьдралд зориулсан тусламж” болон тойргийнх нь удирдагчдад хандахад чиглүүлж болно.

2:58

Та чөлөөлөгдөх болно

Есүс Христийн Цагаатгалаар бүх хүн өөрчлөгдөж, цэвэршигдэн мөн донтолтоос ангижрах боломжтой.

Дараах асуултыг тавихын өмнө суралцагчдад Мэргэн ухааны үгийг өгсөн Есүс Христийн сайн сайхныг танин мэдэхэд нь туслах талаар бодож үз. Хэн ч тэдгээрийг хэрэглэдэггүй байсан бол дэлхий хэрхэн өөр байхыг төсөөлөхөд урих нь тустай байж болох юм. Та мөн Мэргэн ухааны үг тэднийг болон тэдний хайртай хүмүүсийг хэрхэн адисалж, хамгаалсан талаар бичих цагийг суралцагчдад гаргаж өг.

  • Мэргэн ухааны үгийг илчилсэн нь Есүс Христийн нигүүлсэл, хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Мэргэн ухааны үг таны амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцаж, энэ илчлэлтийг бидэнд өгсөн Аврагчид талархлаа илэрхийлэн хичээлээ дуусгаж болно.