“105-р хичээл—Сургаал ба Гэрээ 89:18–21: ‘Амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 89:18–21,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
105-р хичээл: Сургаал ба Гэрээ 89–92
Сургаал ба Гэрээ 89:18–21
“Амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна”
Есүс Христ Мэргэн ухааны үгийг Иосеф Смитэд илчилснийхээ дараа (“Сургаал ба Гэрээ 89:1–17” гэсэн хичээлийг үзнэ үү) энэ илчлэлтэд заасан зарчмуудыг итгэлтэйгээр сахидаг хүмүүст өгдөг зарим адислалыг тайлбарласан. Энэ хичээл Мэргэн ухааны үгээр амьдрахыг сонгох, Аврагчийн амласан адислалуудыг хүлээн авахад суралцагчдад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хаалт
Ахлагч Вон Г.Кийч далайн эргээр алхаж байхдаа, өөр газраас ирсэн бүлэг серфер залуус далайн тохойд болон задгай далайн дунд байрлуулсан хүний барьсан хаалтад дургүйцэж байхтай таарчээ. Серферүүд тохойн гадна замхарч буй том давлагаанд серфинг хийхэд саад болж байгаа хаалт аяллыг нь сүйрүүлж байгаад бухимдангуй гомдоллож байлаа.
Эцэст нь [нутгийн ахимаг насны нэг серфер] босоод, уг бүлэг хүн рүү дөхөн ирсэн юм. Тэр юу ч хэлэлгүй, үүргэвчнээсээ дуран гаргаж ирээд, серферүүдийн нэгэнд өгөн, далайд тавигдсан хаалтын зүг заав. Серфер бүр дурангаар ээлжлэн харлаа. Тэгээд миний ээлж ирж, би томруулах дурангийн тусламжтайгаар, өмнө нь харж чадахгүй байсан нэг зүйлийг харсан юм. Хаалтын нөгөө талд, усан доторх хадны ойролцоо хооллож буй аварга загаснуудын нурууны сэрвээг олж харав. …
Бид тэр үзэсгэлэнт далайн эрэг дээр зогсох үед бидний бодол гэнэт өөрчлөгдсөн байв. Том давлагаанууд дээр гулгах баяр хөөр, таашаалыг үгүй болгосон уг хориг нь хязгаарлалт, саад мэт санагдаж байсан бол одоо огт өөр санагдаж байв. Усны мандлын доохно нүүрлэсэн аюулыг ойлгосон болохоор уг хориг одоо аюулгүй байдал, хамгаалалт, амар амгаланг өгч байгаа мэт санагдаж байлаа. (Вон Г.Кийч, “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110–111)
-
Ахлагч Кийчийн туршлага бидэнд Бурханы тухай, Түүний зарлигуудын талаар юу зааж болох вэ?
-
Ямар ямар зарлиг биднийг хамгаалах Бурханы хүслийг танд хамгийн сайн харуулж байна вэ? Яагаад?
-
Та Мэргэн ухааны үгийг Тэнгэрлэг Эцэгээс ирсэн адислал гэж хардаг уу эсвэл амьдрал дахь хориг гэж хардаг уу?
-
Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст Тэнгэрлэг Эцэгийн өгдөг адислалуудын талаар та юу мэдэх вэ?
-
Мэргэн ухааны үгийг сахих нь танд хэр чухал вэ? Яагаад?
Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг адислал
Есүс Христ Мэргэн ухааны үгийг Иосеф Смитэд илчилснийхээ дараа энэ илчлэлтийг итгэлтэйгээр сахидаг хүмүүст Түүний болон Тэнгэрлэг Эцэгийн өгдөг адислалуудыг тайлбарласан.
Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг уншаад, Тэдний дуулгавартай хүмүүст өгдөг амлалт бүрийг тэмдэглэ.
-
Зарим хүнд Их Эзэний өгсөн эдгээр амлалтыг унших үед ямар ямар асуулт төрнө гэж та бодож байна вэ?
Эрүүл мэнд, тэсвэр тэвчээрийн адислал (18, 20-р шүлэг)
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 7–8-р догол мөр-ийг унш. Мөн Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах сургаалыг уншина уу. Тэр залуу цэрэг байхад нь Мэргэн ухааны үгийг дагадаггүй зарим цэрэг бие бялдрын бэлтгэлээрээ түүнээс илүү байгааг анзаарч байсан туршлагаа дурсав. Сургаал ба Гэрээ 89:18, 20-д Их Эзэний амласан амлалтуудын талаарх асуултуудад хариулахад нь хэн нэгэнд тус болох үнэнийг олж мэд.
Гэхдээ яваандаа би Бурханы амлалтууд үргэлж хурдан, бидний хүсэн хүлээсэн замаар ирдэггүйг, тэдгээр нь Түүний цагт, Түүний арга замаар ирдэг болохыг ухаарсан юм. Олон жилийн дараа би Бурханы аливаа хуулийг дуулгавартай дагаснаар тэр даруйд ирдэг сүнслэг адислал дээр Мэргэн Ухааны Үгийг дагадаг хүмүүст ирдэг материаллаг адислалыг би олон жилийн тодорхой, бодитоор харсан байх юм. Эргэн санахад, Их Эзэний амлалтууд тэр даруйд ирэхгүй байж болох ч нэгэн цагт заавал ирдгийг би баттай мэднэ. (Дийтр Ф.Угдорф, “Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69)
-
Та Мэргэн ухааны үгийг итгэлтэй сахидаг хэдий ч эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэж буй хүнд тус болох Их Эзэн, Түүний амлалтуудын талаар юу олж мэдсэн бэ?
Мэргэн ухаан хийгээд мэдлэгийн адислал (19-р шүлэг)
Сургаал ба Гэрээ 29:34-ийг уншаад, энэ шүлэгт Аврагчийн заасан сургаал Мэргэн ухааны үгтэй хэрхэн холбогдож болохыг бод.
-
Мэргэн ухааны үг нь хэрхэн бие махбодын адислалаас гадна ихэвчлэн сүнслэг адислал болдог вэ?
-
Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь Аврагчид биднийг илүү дэлхийн мэргэн ухаан, мэдлэгээр болон илүү сүнслэг мэргэн ухаан, мэдлэгээр адислах боломжийг ямархуу байдлаар олгодог вэ?
-
Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас илүү бүрэн дүүрэн илчлэлт хүлээн авахад хэрхэн тусалдаг вэ?
Даниел болон Вавилонд амьдарч байсан залуучууд хааны мэргэн хүмүүс байхаар сургагдаж, бэлтгэгдсэн байв. Тэдэнд хааны идээнээс өгөхөд тухайн үеийн Их Эзэний эрүүл мэндийн хуулийн улмаас Даниел үүнээс идэхийг татгалзжээ. Хааны зарц Даниел болон бусад залууд уг хөтөлбөрт хамрагдаж буй бусад хөвгүүн шиг эрүүл, ухаалаг байх эсэхийг нь шалгахын тулд 10 хоногийн турш өөр өөр хоол идэх сорилт явуулахыг зөвшөөрөв.
Даниел 1:17–20-ийг уншаад, Бурхан Даниелд болон түүний хамтрагчдад өгсөн мэргэн ухааны мэдлэгийн хийгээд сүнслэг адислалуудын нотолгоог олж мэд.
-
Та Бурханы адислалуудын ямар нотолгоог олсон бэ?
Хамгаалалтын адислал (21-р шүлэг)
-
Мэргэн ухааны үгийг сахиснаараа та амьдралдаа Аврагчийн хамгаалалтын ямар ямар жишээг харж байсан бэ?
Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь
-
Мэргэн ухааны үгийн талаар олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн, Христээс ирсэн энэ илчлэлтэд дуулгавартай байх нь яагаад танд үнэ цэнтэй вэ?
Мэргэн ухааны үгийг сахихад тань туслах төлөвлөгөө гарга. Танд тулгарах уруу таталт, нөхцөл байдлуудыг эргэцүүлж, тэдгээрийг даван туулах хамгийн сайн арга замыг шийдэж ол. Залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй өөрийн хүсэл, төлөвлөгөөг хуваалцаж мөн амжилтад хүрэхийн тулд Түүний хүч чадлыг хүс.