Семинар
116-р хичээл—Сургаал ба Гэрээ 103: Израилын хуаранг зохион байгуулсан нь


“116-р хичээл—Сургаал ба Гэрээ 103: Израилын хуаранг зохион байгуулсан нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 103,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

116-р хичээл: Сургаал ба Гэрээ 102–105

Сургаал ба Гэрээ 103

Израилын хуаранг зохион байгуулсан нь

шавар дундуур морь, тэрэг татаж байгаа нь

1834 оны 2-р сарын 24-нд бошиглогч Иосеф Смит Миссурид зовж шаналж буй гэгээнтнүүдэд туслах сайн дурынхны бүлгийг зохион байгуулахыг зарлигласан илчлэлтийг Их Эзэнээс хүлээн авчээ. Их Эзэн Израилын хуаран гэгдэх болсон бүлэгт нэгдэх дуудлагад хариулсан хүмүүсээс агуу итгэлтэй байхыг шаардаж байв. Энэ хичээл Их Эзэний суралцагчдад өгсөн зарлигуудыг дуулгавартай дагахад тэдэнд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ нь Сургаал ба Гэрээ 102–105-ыг заах долоо хоногийн Израилын хуарангийн туршлагын талаарх гурван хичээлийн эхнийх нь юм. Хичээлийн цаг хангалтгүйн улмаас гурван хичээлийг тусад нь заах боломжгүй бол та эдгээр хичээлийн санааг хэрхэн нэгтгэж болох талаар бодож үз.

Мөнх амьдралд хүрэх замын саад бэрхшээл

Самбарын нэг талд хүний зураасан дүрсийг зурах талаар бодож үз. Самбарын нөгөө талд мөнх амьдрал гэсэн үгийг бичээд, дундуур нь ямар нэгэн хаалт зур. Дараа нь ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын дараах үгсийг хуваалцана уу.

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф (1807–1898) ийн хэлсэн.

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Би аврал, мөнх амьдралыг хүлээн авахыг хүсдэг бөгөөд миний эрэлхийлж буй зүйл бид хоёрын хооронд юу ч саад болгохыг хүсдэггүй. (Wilford Woodruff, in Journal of Discourses, 17:246)

  • Мөнх амьдралыг эрэлхийлдэг хүмүүсийн замд ямар саад тотгор, хаалт гарч ирж болох вэ?

    Вилфорд Вүдраффын мэдэгдэл нь Их Эзэнээс хүлээн авсан хүнд хэцүү зарлигийн хариу байсан гэдгийг онцлон хэл. Уг зарлигийг ярилцахын өмнө суралцагчдыг дараах асуултыг дотроо тунгаан бодоход урь.

  • Нэгээс (хүсэлгүй) арав (үнэхээр их хүсэлтэй) хүртэлх оноогоор дүгнэвэл, Их Эзэний зарлигууд хэцүү мэт санагдах үед Их Эзэнд дуулгавартай байхыг та хэр их хүсдэг вэ?

Яагаад ингэж хариулсан шалтгаанаа эргэцүүлэн бод. Өнөөдөр судлах явцдаа та зарлиг тушаал хэцүү санагдах үед ч Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс ирсэн Аврагчийг дагахад туслах сургаал, сүнслэг өдөөлтүүдэд анхаарлаа хандуулна уу.

Их Эзэн Сионыг гэтэлгэхээр хувь хүмүүсийг дуудав

Суралцагчдыг 1833 оны сүүлээр Миссурийн гэгээнтнүүдэд тулгарсан нөхцөл байдлын талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад урих нь тустай байж болох юм. Шаардлагатай бол, гэгээнтнүүд хавчигдаж мөн орон гэрээсээ хөөгдөж байсныг тэдэнд сануул.

Бошиглогч Иосеф Смит энэ нөхцөл байдлын талаар Тэнгэрлэг Эцэгийн хүслийг мэдэхээр Түүнд хандан залбирав. Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг Миссурийн гэгээнтнүүдэд хэрхэн туслах талаар зөвлөлдөж байсан тэр өдөр Сургаал ба Гэрээ 103-т цэдэглэгдсэн илчлэлт өгөгдсөн

Сургаал ба Гэрээ 103:15–18, 22, 27–28-ыг уншаад, Есүс Христ гэгээнтнүүдэд юу хий хэмээн зарлигласныг олж мэд.

  • Та эдгээр шүлэг дээрх Их Эзэний зааврыг хэрхэн хураангуйлж хэлэх вэ?

Их Эзэн хувь хүмүүст арав, хорь, тавь, зуутын бүлгүүдийг зохион байгуулахыг зарлиглав. Тэрээр таван зууг дуудсан хэдий ч зуугаас доошгүй хүнийг элсүүлэхийг шаарджээ (Сургаал ба Гэрээ 103:29–34-ийг үзнэ үү). Хожим нь Сионы хуаран гэгдэх Израилын хуаран хэмээх бүлэгт нийтдээ хоёр зуу гаруй эр элсчээ.

  • Израилын хуаранд нэгдэхээр таныг дуудсан бол танд ямар бодол, сэтгэгдэл төрөх байсан гэж та бодож байна вэ? Яагаад?

Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт дараах шүлгүүдийг уншаад, доорх асуултын дагуу ярилцахад урь.

Сургаал ба Гэрээ 103:20, 36-г уншаад, Их Эзэн Израилын хуаранд нэгдсэн хүмүүст юу гэж амласныг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс Израилын хуарангийн гишүүдийг тайвшруулж болох юуг олж мэдсэн бэ?

Хичээлийн эхэнд байгаа мэдэгдэлд Вилфорд Вүдрафф Израилын хуаранд нэгдэх дуудлагынхаа талаар ярьж байсныг тайлбарла. Суралцагчдад уг мэдэгдлийн дараах дэлгэрэнгүй хувилбарыг үзүүлэхийг бод.

Вилфорд Вүдрафф Израилын хуаранд нэгдэх өөрийн шийдвэрийг тайлбарласан.

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Би амь насаараа дэнчин тавьж, Миссури руу явахаар дуудагдсан бөгөөд бидний цөөхөн хэд нь ах дүүсээ гэтэлгэхээр явлаа. Бид итгэлээрээ явахаас өөр аргагүй байв. Хөршүүд маань намайг дуудаж, явахгүй байхыг гуйн, “Битгий яв. Явах юм бол амь насаа алдана шүү дээ” гэцгээж байлаа. Харин би тэдэнд “Миссури мужид хөл тавимагцаа хүрэн зүрхэндээ сум зоолгоно гэдгээ мэдэж байсан ч би явах болно” гэж хариулж билээ. Тэр үед би Бурханы ажлын талаар ингэж л мэдэрч байсан; өнөөдөр ч мөн ийм мэдрэмжтэй байна. Би аврал, мөнх амьдралыг хүлээн авахыг хүсдэг бөгөөд миний эрэлхийлж буй зүйл бид хоёрын хооронд юу ч саад болгохыг хүсдэггүй. (Wilford Woodruff, in Journal of Discourses, 17:246; үг үсгийг шинэчилсэн)

  • Энэ мэдэгдлээс юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Та энэ мэдэгдлээс дуулгавартай дагахад хэцүү зарлигтай тулгарах үед туслах юуг олж мэдсэн бэ?

Суралцагчид сурсан зүйлээ хуваалцахдаа, Биднийг Есүс Христэд итгэх итгэлээ бодит болгох үед Түүний зарлигуудыг дуулгавартай дагах хүсэл, чадвар маань нэмэгдэх болно гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлж магад.

Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах итгэл

Самбарт дараах асуултуудыг үзүүлж болно. Асуултуудыг ангиараа ярилцахын өмнө, суралцагчид жижиг бүлгээр эсвэл хамтрагчтайгаа эхлээд ярилцаж болно. Суралцагчдаас эхний асуултад өгсөн хариултуудаа самбар дээр жагсаан бичихийг мөн хүсэж болно.

  • Өнөө үед өсвөр үеийнхэнд дуулгавартай дагахад хэцүү байж болох Их Эзэний зарлигийн зарим жишээ юу вэ?

  • Эдгээр зарлигийг дагах нь яагаад хэцүү байж болох вэ?

Дараах суралцах үйл ажиллагаа нь Есүс Христийн зарлигуудыг дуулгавартай дагахдаа Түүнд итгэх итгэлээ бодит болгох талаар илүү ихийг олж мэдэхэд суралцагчдад тусална. Дараах суралцах сонголтуудыг суралцагчдад үзүүлээд, судлах цаг гаргаж өг. Ангийг гурван бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд ярилцах дараах сонголтуудын нэгийг оноож өг. Эсвэл та суралцагчдад жижиг бүлгүүд дотроо судлах сонголтыг өгч болно.

Таны нэг найз дуулгавартай дагахад хэцүү нэг зарлигтай тулгарсан байна гэж төсөөл. Дараах судлах сонголтуудаас аль нэгийг сонгоод, найзтайгаа хуваалцахыг хүсэх байсан сургаал, үнэнийг олж мэд.

1-р сонголт: Судрууд дээрх түүхүүд

2-р сонголт: Есүс Христийн тухай түүхүүд

3-р сонголт: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022) товхимол дахь сургаалууд

Суралцагчдад суралцах үйл ажиллагааг гүйцэтгэх цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно. Жишээ нь:

  • Сахихад хэцүү зарлигуудад дуулгавартай байхад бидэнд туслах юуг та судалсан эх сурвалжуудаасаа олж мэдсэн бэ?

  • Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахад хэцүү санагдах үед Түүнд итгэх итгэлээ бодит болгоход тань Тэрээр таныг хэрхэн адисалж байсан бэ?

Төлөвлөгөө гаргах

Суралцагчдад сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх талаар бодох үедээ Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эрэлхийлэх цаг гаргаж өг. Дараах асуултуудыг үзүүлээд, тэдгээрт хариулсан хариултаа судлах тэмдэглэлдээ эсвэл цахим дэвтэртээ бичихэд суралцагчдыг урь.

  1. Танд дуулгавартай дагахад хэцүү байж болох зарлигийн талаар эргэцүүлэн бод.

  2. Юу энэ зарлигийг хэцүү болгож байгааг тодорхойл.

  3. Өнөөдөр энэ зарлигийг илүү дуулгавартай дагахад тань туслах юу сурснаа тодорхойл.

  4. Энэ зарлигийг дуулгавартай дагахдаа Есүс Христэд итгэх итгэлээ бодит болгоход туслах төлөвлөгөө гарга.