Семинар
125-р хичээл—Сургаал ба Гэрээ 111: “Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно”


“125-р хичээл—Сургаал ба Гэрээ 111: ‘Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 111,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

125-р хичээл: Сургаал ба Гэрээ 111–114

Сургаал ба Гэрээ 111

“Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно”

Салем, Массачусэттс

1836 онд Сүм нэлээд их өрөнд орсон байв. Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Сүмийн өрийг төлөх мөнгө олох найдлага тавин Массачусэттсын Салем руу аялжээ. 1836 оны 8-р сарын 6-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 111-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авав. Энэхүү илчлэлтээр Их Эзэн Сүмийн өр болон Сионы эд баялгийн талаар түүний санаа зовж буйг тайвшруулсан. Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их итгэдэг болоход тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Үйл явдал хэрхэн өрнөх бол?

Урам хугарах юм уу нөхцөл байдал дээрдэхгүй байх вий гэсэн айдаст автахад хүргэдэг өсвөр үеийнхэнд байнга тулгардаг бэрхшээлийн талаар бодож үзэхэд суралцагчдыг урих замаар хичээлийг эхлүүл. Дараа нь та дараахтай адил хэмжүүрийг самбарт зурж, доорх асуултад хариулахын тулд үүнийг ашиглахад суралцагчдыг урьж болно.

1–5 оноо
  • Таны бодлоор ихэнх өсвөр насныхан бүх зүйл сайн сайхан болно гэдэгт хэр их итгэлтэй байдаг бол?

Та одоо тулгараад байгаа эсвэл ирээдүйд тулгарч болох асуудал, сорилт бэрхшээлтэй холбоотойгоор өөрийгөө энэ хэмжүүрээр хэрхэн үнэлэхээ тунгаан бодоорой.

Иосефт болон бусад хүний хувьд тохиосон хүнд хэцүү үе

Нэг суралцагчийг дараах түүхэн нөхцөл байдлыг уншихад урихыг бод эсвэл та үүнийг өөрийн үгээр дүгнэн хэлж болно. Эсвэл та суралцагчдыг Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүхийн 1-р боть Үнэний жишиг, 1815–1846 номын ([2018], 258–259) 22-р бүлгийг уншихад урих юм уу тухайн бүлгийн аудиог (saints.ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой) цагийн код 16:14-өөс 17:00 хүртэл сонсож болно. Бидний амьдралд урам хугарах сорилт бэрхшээл тулгардаг шиг Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч 1836 онд Сионы ирээдүйд ихээхэн санаа зовоход хүргэсэн сорилтуудтай тулгарсан гэдгийг та онцолж болно.

Америкийн Нэгдсэн Улсын зүүн хэсгийн газрын зураг

1836 он гэхэд Көртландын ариун сүмийг барих зардлаас болж, түүнчлэн Огайод болон Миссурид газар худалдаж авсны улмаас Сүм нэлээд өрөнд орсон байв. Үүнтэй зэрэгцэн Миссури мужийн Клэй гүнлэг дэх гэгээнтнүүдийг нүүлгэхээс өөр аргагүй болжээ. 1836 оны 7-р сарын сүүлчээр Иосеф, Хайрум Смит, Оливер Каудери, Сидней Ригдон нар эдгээр асуудалд санаа ихэд зовж байсан тул Огайо мужийн Көртландаас Массачусэттсын Салем хүртэл 600 гаруй бээр (965 километр) замыг туулжээ. Тэдний аяллын шалтгаан тодорхойгүй хэдий ч тэд Сүмийн өрийг дарахад тус болно гэсэн мэдээтэй холбоотойгоор ийн арга хэмжээ авсан байж магадгүй юм. Нэгэн түүхэд Сүмийн нэг гишүүн асар их хэмжээний мөнгө нуусан гэгдэх Салем дахь байшингийн талаар Иосеф Смитэд хэлсэн гэж бичсэн байдаг. (Түүхэн оршил хэсгийг “Revelation, 6 August 1836 [D&C 111],” 35, josephsmithpapers.org-оос үзнэ үү.)

  • Та Иосеф Смитийг Сүмд тулгарч байсан асуудлуудыг сайнаар шийднэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 111-ийг судлах үед саад бэрхшээл, сорилтууд бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэхэд туслах арга замуудын талаар Их Эзэний илчлэлтийг эрэлхийлэхэд урь.

“Хэдийгээр та нар мунхаглал үйлдсэн ч гэсэн”

Дараах бүлэг шүлгийг самбар дээр бичих талаар бодож үзээрэй. Тэдгээрийг судлах нэг арга бол эхний бүлгийг уншаад, дараа нь суралцагчдыг хоёр асуултын хариултыг цаасан дээр бичиж, ангийн найздаа дамжуулахад урих байж болно. Суралцагчдын бичсэн зүйлсийн талаар ярилц. Энэ үйл ажиллагааг үлдсэн хоёр бүлэг шүлэгт давт. Энэ нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ хуваалцах, ангийнхнаараа заалгахад тустай.

Шаардлагатай бол мунхаглал гэдэг нь алдаа эсвэл буруу шийдвэр гэдгийг тайлбарла.

сургалтын материалын шигтгээ зурагТэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт төвлөр. Энэ талаар илүү их дадлага хийхийн тулд Багшийг хөгжүүлэх ур чадвар: Есүс Христэд төвлөр дэх “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжүүдийг тодорхойлоход суралцагчдад туслах эрж хайх асуултууд зохиох” ур чадвараар дадлага хийхийг бодож үз. Сургалтыг сайтар судалсны дараа та дараах судрын хэсгүүдийн талаар суралцагчдаас асуусан асуултуудаа өөрчилж эсвэл нэмж оруулахыг хүсэж болно.

Дараах шүлгүүдийг уншаад, бүлэг тус бүр дараах хоёр асуултад хариул.

  • Эдгээр шүлгийн талаар танд ямар ямар асуулт байна вэ?

  • Та эдгээр шүлгээс Бурханы талаар ямар ямар үнэнийг мэдэж авсан бэ?

Хоёр дахь асуултад хариулахдаа суралцагчид Бурханы хэд хэдэн үнэнийг болон зан чанарыг дурдаж болно. Үүнд дараахтай адил үнэнүүд багтаж болно. Үүнд: Бурхан бидний мунхаглалд нигүүлсэнгүй ханддаг (1-р шүлэг-ийг үзнэ үү); Бурхан Сүнснийхээ амар амгалан хийгээд хүчээр бидэнтэй харилцдаг (8-р шүлэг-ийг үзнэ үү); Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө тушааж чадна (11-р шүлэг-ийг үзнэ үү).

  • Таны олж мэдсэн үнэнүүд тулгарч байсан бэрхшээл, санаа зовоосон асуудлуудаа даван туулахад нь Иосеф Смитэд хэрхэн тусалсан байж болох вэ?

  • Тэд танд хэрхэн тусалж чадах вэ?

Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө тушаах болно

Илүү гүнзгийрүүлж судлахад аль үнэнүүд суралцагчдад илүү тустай байх тал дээр Сүнсний өдөөлтийг дага. Хичээлийн үлдсэн хэсэгт Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө тушаах болно гэсэн үнэнд төвлөрөх болно. Энэ үнэнийг самбарт бичиж, суралцагчдыг 11-р шүлэг дэх үнэнийг зааж буй үгсийг тэмдэглэхэд урихыг бодоорой.

Шаардлагатай бол суралцагчдад энэ шүлэг дэх тушаах гэдэг үг нь “тохируулах” гэсэн утгатай гэдгийг ойлгоход тусал. Та самбар дээрх дүгнэх хэмжүүрийг дурдаж, Бурхан “бүх зүйлийг” тэдний сайн сайхны төлөө тохируулж чадна гэдэгт хэр итгэлтэй байгаагаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урьж болно.

Хэрэв тэд энэ үнэнд илүү их итгэхийг хүсвэл Бурханы энэ чанарыг ойлгож, итгэлээ гүнзгийрүүлэхийн тулд тусламж гуйн залбирч болно гэдгийг суралцагчидтай ярилцах талаар бодож үзээрэй.

  • 11-р шүлэг-т цэдэглэснээр, Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө тохируулахын тулд биднээс юу шаарддаг вэ?

Шаардлагатай бол “наж могой мэт овжин, тэгэхдээ нүгэлгүй бай” (11-р шүлэг) гэсэн нь Аврагчийн шавь нар мэргэн ухааныг гэнэн, цэвэр ариун байдалтай хослуулах ёстой гэсэн санааг илэрхийлдгийг тайлбарла.

Дараагийн үйл ажиллагаанд та суралцагчдыг гурван бүлэг болгон хуваарилж болно. Доорх хэсгээс өөр өөр хэсгийг уншихыг бүлгийн суралцагч бүрээс хүс. Суралцагчдыг өгөгдсөн хэсгүүдийг уншиж, ярилцсаны дараа тэднээс самбарт гарч ирэн олж мэдсэн зүйлээ бичихийг хүсэх талаар бодож үзээрэй. Тэд үүнийгээ самбар дээрх үнэн рүү чиглүүлсэн сум бүхий үнэний эргэн тойронд бичиж болно.

Дараах хэсгүүдийг судлаад, Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө тушаахын тулд бидний зүгээс юу хийх хэрэгтэйг олж мэд. Дараах шүлгийг Сургаал ба Гэрээ 111:11-тэй холбох талаар бодож үз.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг уншаад, сурч мэдсэн зүйлээ самбар дээрх жагсаалтад нэмэхэд суралцагчдыг урь.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ийн гэрчилсэн.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Бүх зүйл сайхан болдог. Бүү санаа зов. Би үүнийг өглөө бүр өөртөө хандаж хэлдэг. Бүх зүйл сайхан болно. Хэрэв та чадах бүхнээ хийвэл бүх зүйл сайхан болно. Бурханд найдаж, ирээдүйдээ итгэх итгэлтэйгээр урагшил. Их Эзэн биднийг орхихгүй. Тэр биднийг орхихгүй. (“Latter-day Counsel: Excerpts from Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Oct. 2000, 73)

Суралцагчдыг самбарт бичсэн зүйлийнхээ талаар бие биедээ заахад урь. Тэд яагаад энэ нь тэдэнд утга учиртайг тайлбарлаж болно. Дараах асуултуудын зарим нь ярилцлагыг улам дэлгэрүүлж болно.

  • Бурхан таны сайн сайхны төлөө бүх зүйлийг тушааж чадна гэсэн итгэлийг тань хүчирхэгжүүлж чадах юуг та олж мэдсэн бэ?

  • Асуудлыг мөнхийн талаас авч үзэх нь Бурхан бүх зүйлийг таны сайн сайхны төлөө тушааж чадна гэдэгт итгэхэд тань хэрхэн тусалдаг вэ?

  • Бурхан хэзээ хэрхэн таны эсвэл таны таньдаг хэн нэгний амьдралд бүхнийг сайн сайхан байлгахаар тохируулсан бэ?

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад өнөөдрийн сурч мэдсэн зүйл нь тэдний амьдралд мөн Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг эргэцүүлэн бодох цаг гаргаж өгдөг. Суралцагчдыг тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж авсны дараа та цөөн суралцагчийг ангийнхандаа хуваалцахад урьж болно.

Тэмдэглэлдээ дараах өгүүлбэрүүдээс нэг эсвэл хэд хэдэн өгүүлбэрийг гүйцээж бич.

  • Бурхан бүх зүйлийг миний сайн сайхны төлөө тушааж чадна гэсэн итгэл минь өнөөдөр … хүчирхэгжсэн.
    Өнөөдөр миний сурч мэдсэн зүйл … тулгараад байгаа асуудлыг минь шийдвэрлэхэд тусална.
    Аливаа саад бэрхшээлтэй тулгарах үедээ би … санахыг хүсэж байна.