Семинар
132-р хичээл—Сургаал ба Гэрээ 121:34–46: “Тэнгэрийн хүч”


“132-р хичээл—Сургаал ба Гэрээ 121:34–46: ‘Тэнгэрийн хүч,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 121:34–46,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

132-р хичээл: Сургаал ба Гэрээ 121–123

Сургаал ба Гэрээ 121:34–46

“Тэнгэрийн хүч”

Есүс Христ

Либерти шоронгийн хүнд хэцүү нөхцөл байдалд Их Эзэн зөв шударга байдлын зарчмаар дамжуулан тэнгэрийн хүчийг хэрхэн хүртэхийг бошиглогч Иосеф Смитэд заасан. Энэ хичээл Христтэй адил болсноор амьдралдаа тэнгэрийн хүчийг илүү бүрэн дүүрэн хүртэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бусдад үйлчлэх бидний хүсэл

Бурхантай холбогдсон бидний холбоо нь эргэн тойрондоо буй хүмүүст үйлчлэх боломжийг олгодог гэдгийг ухаарч ойлгоход нь суралцагчдад туслах байдлаар хичээлээ эхлүүлэхийг бодоорой. Хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд дараахтай төстэй товч жишээг ашиглаж болох юм.

Молли ангийнхаа ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр саяхан дуудагджээ. Тэр ангийнхаа залуу эмэгтэйчүүдэд туслах хүсэлтэй байсан ч яаж туслахаа мэдэхгүй байв.

  • Молли энэ тухайд танаас зөвлөгөө хүссэн бол та түүнд юу гэж хэлэх байсан бэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөс зөвлөгөө хүссэний дараа ерөнхийлөгч Моллид дараах мэдэгдлийг илгээж, түүний үйлчлэхээр дуудагдсан хүмүүст туслахтай хэрхэн холбогдох талаар бодож үзэхийг зөвлөжээ.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

Та өөрөө хэн нэгнээс илүү өндөр түвшинд байхгүй л бол түүнийг өөд нь татаж чадахгүй. (Harold B. Lee, “Stand Ye in Holy Places,” Ensign, July 1973, 123)

  • Ангийнхаа залуу эмэгтэйчүүдэд туслах гэсэн Моллигийн хүсэлтэй энэхүү мэдэгдэл хэр нийцнэ гэж та бодож байна вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр байхад нь туслахыг хүсэж буй хэн нэгэн байгаа талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Тэд чуулга, ангид нь тэргүүлэхээр дуудагдсан хүмүүсийн талаар болон тохинуулахаар дуудагдсан найз нөхөд, гэр бүл эсвэл хүмүүсийнхээ талаар бодож болно. Тэд санаандаа орж ирсэн зарим нэрийг судлах тэмдэглэлдээ бичиж ч болно.

Туслах гэсэн хүндээ хамгийн сайнаар хэрхэн нөлөөлөх тухай Ариун Сүнснээс ирэх бодол, мэдрэмжээ анзаарахад суралцагчдыг хичээлийн туршид урамшуулан дэмж.

Либерти шорон

Та “Сургаал ба Гэрээ 121–123” гэсэн гарчигтай хичээлийг заасан бол, дараах зургийг харуулж, эдгээр хэсэгтэй холбоотой хам сэдвийн талаар санаж буй зүйлээ хуваалцахад суралцагчдыг урихыг бод.

Либерти шорон

Иосеф Смитийг Либерти шоронд хоригдож байх үед Их Эзэн тэнгэрийн хүчтэй холбогдохын ач холбогдлыг заасан.

Сургаал ба Гэрээ 121:34–36-г уншиж, амьдралдаа бидний тэнгэрийн хүчтэй холбогдох холбоосны талаарх үнэнийг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 121:34–36 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

  • Та юу олж мэдсэн бэ?

Зөвхөн зөв шударга байдлын зарчмаар тэнгэрийн хүчийг удирдаж эсвэл зохицуулах боломжгүй гэдгийг тодорхойлоход суралцагчдад тусал. Энэ үг хэллэгийг судартаа тэмдэглэж аваарай хэмээн суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

Самбарын дээд хэсэгт “Тэнгэрийн хүч” гэж бичээд, доор нь хоёр багана үүсгэн, нэгийг нь “Агуу боломж,” нөгөөг нь “Саад тотгор” гэж нэрлээрэй.

Дараах мэдэгдлийг уншаад, багана тус бүрд хамаарах үйлдэл, хандлагыг жагсааж бичихэд суралцагчдыг урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Юу бидэнд тэнгэрийн хүчнүүдтэй холбогдох илүү агуу боломж өгөхийг бид мэддэг. Түүнчлэн юу бидний өсөлт хөгжлийг зогсоодгийг мөн тэнгэрийн хүчнүүдтэй холбогдох боломжоо нэмэгдүүлэхийн тулд юу хийхээ боливол зохихыг бид мэддэг. (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78)

Суралцагчид дараах шүлгүүдийг жижиг бүлгээр суралцаж болно. Ойлгохгүй байгаа үгсийн тодорхойлолтыг харах нь тэдэнд тустай байж болох юм. Бүлгүүдийг судалж дуусмагц бүлэг бүрээс төлөөлөх нэг хүнийг олсон тохирох үгсээ самбар дээрх багануудад нэмэхэд урь.

Сургаал ба Гэрээ 121:35–45-ыг уншаад, тэнгэрийн хүчинд нэвтрэх боломжийг ихэсгэж эсвэл багасгаж байдаг үйлдэл, хандлагыг олж мэд.

  • Эдгээр үйлдэл, хандлагын зарим нь өнөөгийн өсвөр насныхны амьдралд ямархуу байдлаар илэрдэг вэ?

    Миссуригийн засгийн эрх баригчид хийгээд танхайрагчид Иосеф Смитийг мөн гэгээнтнүүдийг “хянах”-ын (37-р шүлэг) тулд “шударга бусаар эзэгнэх” (39-р шүлэг) аргыг ашигласны улмаас тэд зовлон зүдгүүр амссан гэдгийг олж харахад нь суралцагчдад туслах талаар бодож үз. Эсрэгээрээ, Есүс Христ “эелдэг зөөлөн” хийгээд “чин сэтгэлийн хайр” (41-р шүлгийг үзнэ үү) гэх мэт зөв шударга байдлын зарчмаар бусдын амьдралд нөлөөлдөг жишээг нь дагахыг биднээс хүсдэг.

  • Бусдад үйлчлэх үүрэг хариуцлагыг бидэнд оноох үед биднийг тэнгэрийн хүчтэй холбож байдаг эдгээр үйлдэл, хандлага яагаад чухал байдаг вэ?

  • Эдгээр үйлдэл, хандлагыг хэрэгжүүлэх нь Христтэй адил болоход төдийгүй Түүнтэй адилаар бусдад нөлөөлөхөд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Есүс Христ тохинуулалдаа зөв шударга байдлын зарчмыг хэрхэн харуулсныг судалж мэдэх цагийг суралцагчдад олго. Суралцагчид Христийн амьдралаас өөрийн мэдэх жишээг сонгож, үүнд Түүнийг 121-р хэсэг дэх ямар зарчмыг эсвэл зарчмуудыг харуулж байна гэж ойлгож буйгаа тайлбарлаж болно.

3:21

Та Бурханы хүчтэй холбогдоход нь тусалдаг, 35–45-р шүлэг дэх үйлдэл эсвэл хандлагын үлгэр жишээ болсон хүмүүсийн тухай хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Амлагдсан адислал

Сургаал ба Гэрээ 121:45–46-г уншаад, өнөөдөр судалсан Христийнхтэй адил зан чанарыг бий болгож тэнгэрийн хүчинд холбогдохыг хичээдэг хүмүүст Аврагчийн санал болгодог адислалыг олж мэд.

  • Ямар үг, хэллэг нь танд утга учиртай санагдаж байна вэ?

  • Эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэх үедээ Христтэй улам адил болоход эдгээр адислал танд хэрхэн туслах вэ?

Энэ хичээлээр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Сургаал ба Гэрээ 121:35–45-ын үг, хэллэгийг ашиглан дараах сануулгыг судлах тэмдэглэлдээ гүйцээж бичингээ Ариун Сүнснээс удирдамж эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.

Би дараах арга замаар тэнгэрийн хүчийг хүртэх боломжоо нэмэгдүүлнэ. Үүнд:

  • -ыг/ийг даван туулахаар хичээх

  • -ыг/ийг хөгжүүлэхээр хичээх

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Судрын түлхүүр үг хэллэг нь “Санваарын эрхүүд нь … зөв шударга ёсны зарчмуудаас бусдаар хянагдаж ч мөн шийдвэрлэгдэж ч үл чадах бөлгөө” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.