Семинар
133-р хичээл—Сургаал ба Гэрээ 122: “Эдгээр бүх зүйл … чиний сайн сайхны төлөө байх болно”


“133-р хичээл—Сургаал ба Гэрээ 122: ‘Эдгээр бүх зүйл … чиний сайн сайхны төлөө байх болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 122,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

133-р хичээл: Сургаал ба Гэрээ 121-123

Сургаал ба Гэрээ 122

“Эдгээр бүх зүйл … чиний сайн сайхны төлөө байх болно”

Иосеф Смит Либерти шоронд

Бошиглогч Иосеф Смитийг Либерти шоронд зовж байх үед Бурхан түүнд зовлон зүдгүүр чинь гүн бөгөөд зовлонтой байгаа хэдий ч энэ нь түүнийг Христтэй илүү адилхан болоход тусална гэж заасан. Энэ хичээл Есүс Христийн ачаар хүнд хэцүү сорилтууд биднийг өсөж хөгжих, Түүнтэй илүү адил болоход бидэнд тусалдаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зовлон зүдгүүрээр өнгөлөгдсөн нь

Дараах өнгөлсөн болон өнгөлөөгүй чулууны зургийг үзүүлэхийг бод. Эсвэл та өнгөлөөгүй барзгар чулуу, өнгөлсөн толигор чулуу хоёрыг авч ирж суралцагчдад үзүүлж, бариулж болно.

Барзгар чулуу ба өнгөлсөн чулуу
  • Барзгар чулууг өөгүй толигор болгоход юу шаардлагатай вэ?

Та барзгар чулууг өнгөлөхийн тулд нэлээд урт хугацаагаар бусад чулуунд юм уу элсэнд үрэх, хооронд нь харшилдуулан зүлгэх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж болно. Энэ үйл явцаар чулууны ирмэгүүдийг мөлийлгөж, илүү гүн дэх байгалийн жинхэнэ өнгийг нь гаргана.

Бошиглогч Иосеф Смит өөрийнхөө тухай дараах зүйлийг хуваалцжээ.

Бошиглогч Иосеф Смит

Би яг л өндөр уулнаас өнхрөх асар том хад чулуутай адил бөгөөд энэ үед миний өнгөлөгдөх цор ганц зам бол өөр бусад зүйлийн огцом хүчинд цохигдон ирмэг булангууд маань энд тэндээ элэгдэн үрэгдэж үгүй болох байдал юм. Тиймээс би Төгс Хүчит Нэгний чичиргээнд өнгөлөгдөн толийсон гол болох болно. (Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume D-1, 1556, josephsmithpapers.org)

  • Их Эзэний мутарт илүү сайн зэмсэг болоход Иосеф Смитийн амьдрал дахь ямар зовлон зүдгүүр түүнд тусалсан гэж та бодож байна вэ?

Өнөөдөр судалж байхдаа та бидний хайрт Тэнгэр дэх Эцэг биднийг яагаад зовлонт сорилтыг даван туулах ёстой гэж үзсэн тухай бодож үзээрэй. Аврагч таны амьдралд тохиолдож буй зовлон зүдгүүр, үзэж туулж буй бэрхшээлээр дамжуулан таныг Түүнтэй илүү адил болоход хэрхэн тусалж чадахыг тунгаан бод.

Зовлон зүдгүүр бидэнд сайнаар нөлөөлөх боломжтой

1838–1839 оны өвөл Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Либерти шоронд шударга бусаар хоригдож, хүнд хэцүү зовлон зүдгүүрийг амссан. Иосеф зовж шаналж буй гэгээнтнүүдэд бичиж илгээсэн захидалдаа, туулж буй зовлонд нь Бурханы түүнд илгээсэн үнэнүүд байгаа тухай бас бичсэн байсан.

Доорх шүлгээс олж мэдсэн зүйлсээ жижиг бүлгээрээ уншиж, ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Шаардлагатай бол та дараах асуултуудаар бүлгийн хэлэлцүүлгийг өрнүүлж болно.

  • Эдгээр шүлэгт Бурхан Иосефт ямар үнэнийг зааж байна гэж та харж байна вэ?

  • Сорилт бэрхшээлийг туулж байх үед ийм үнэнийг сонсоход яагаад хэцүү байдаг вэ?

  • Яагаад ийм үнэнийг зовлон бэрхшээл учирсан үед сонсох нь адислал болж болох вэ?

Сургаал ба Гэрээ 122:5–7-г уншаад, Бурхан Иосефыг амьдралдаа даван туулсан сорилт бэрхшээлээсээ юуг ойлгоосой гэж хүссэнийг олж мэд.

Бүлгүүдийг хоорондоо ярилцсаны дараа та бүлэг тус бүрээс нэг төлөөлөгчийг урьж, олж мэдсэн үнэнээ бусдадаа хуваалцахыг хүсэж болно. Шаардлагатай тохиолдолд, дараахтай төстэй үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад тусал. Бурхан бидэнд зовлон зүдгүүрийг даван туулахыг зөвшөөрдөг, учир нь үүгээр бид туршлагажиж, энэ нь бидэнд сайнаар нөлөөлнө гэдгийг Тэр мэддэг.

  • Та нарын бодлоор зовлон зүдгүүр нь бидэнд “туршлага” суулгаж, [бидний] “сайн сайхны төлөө байх болно” (шүлэг 7) гэдэг нь ямар утгатай вэ?

  • Энэ үнэн хичээлийн эхэнд гарсан барзгар болон өнгөлсөн чулуунуудтай хэрхэн холбогдож болох вэ?

    Хэрэв та тэсвэрлэх шаардлагатай бол …” гэсэн хэллэгийг самбарт бичихийг бод. Тэгээд дараах асуултуудад өгсөн суралцагчдын хариултыг жагсаан бич.

  • Өнөө үед олон өсвөр насныханд ямар зовлон бэрхшээл тулгарч байна вэ?

  • Бурхан бошиглогч Иосеф Смитэд юу зааж сургасныг ойлгох нь ийм нөхцөл байдалд яагаад чухал вэ?

    Дараагийн асуулт нь бусдынхаа туршлагыг сонсох, тэдэнтэй хуваалцах, эргэцүүлэн бодоход суралцагчдад онцгой боломж болж болно. Сайн дураараа хариулах хүсэлтэй хэд хэдэн суралцагчид хариулах цаг гаргаж өгөх талаар бодоорой.

  • Та эсвэл таны хайртай хүн эцэст нь адислал болон хувирсан зовлон зүдгүүрийг хэзээ үзэж туулсан бэ?

  • Зовлон зүдгүүрийг туршлага болгон хүлээн авч, өөрийнхөө сайн сайхны төлөө болгохын тулд тухайн хүн юу хийх хэрэгтэй вэ?

4:52

Зовлон зүдгүүрийг туулах үедээ Есүс Христийг санах

тараах материалын шигтгээ зурагЗовлон зүдгүүрийг даван туулах үедээ Аврагчийн онцгой чадварын талаар бодож, ойлгодог болоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг “Зовлон зүдгүүрийг туулах үедээ Есүс Христийг санах” гэсэн гарчигтай тараах материалыг бие даан гүйцээхэд урь. Энэ нь суралцагчдад чимээгүйхэн судалж, эргэцүүлэн бодож, бичиж байхдаа Ариун Сүнсийг урих сайхан боломж болж болох юм.

Зовлон зүдгүүр туулах үедээ Есүс Христийг санах

Сургаал ба Гэрээ 122:8–9-ийг уншаад, Бурхан танд болон танай гэр бүлд тулгарч буй нөхцөл байдлын талаар шууд танд хандан ярьж байна гэж төсөөлөхийг хичээ. Танд сонсоход чухал байсан Түүний заасан үг, хэллэгүүдийг тэмдэглэ. Та өөрт төрж буй бодол санаа, мэдрэмжээ судар эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.

Алма 7:11–12-ыг болон Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг унш. Сургаал ба Гэрээ 122:8–9-ийг илүү сайн ойлгоход туслах Аврагчийн талаарх тэдний зааж буй зүйлсийг тэмдэглэж ав.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Та хэр их зовлонг тэсэж чадах юм бол гэж гайхан бодох үедээ Түүнийг санаарай. Тэрээр таныг хэрхэн өргөхөө мэдэхийн тулд таны зовлон шаналлыг туулсан. Тэрээр ачааг тань авахгүй байж болох ч танд хүч чадал, тайтгарал мөн найдвар өгөх болно. Тэр замыг мэднэ. Тэр гашуун аяганаас уусан. Тэр бүх хүний зовлон шаналлыг туулсан.

Танд ямар ч сорилт тохиолдсон бай, хэрхэн туслан дэмжихээ мэддэг бидний хайрт Аврагч таныг дэмжин тайтгаруулж байна. (Хэнри Б.Айринг, “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106)

  • Сорилт бэрхшээлтэй тулгарч буй үедээ Есүс Христ “бүгдэд доош бууж ирсэн” гэдгийг ойлгох нь танд хэрхэн туслах вэ? (Сургаал ба Гэрээ 122:8). Тэр яагаад үүнийг хийдэг гэж та бодож байна вэ?

  • Зовлон зүдгүүрийг даван туулах үед танд утга учиртай санагдаж байсан өөр ямар судар байсан бэ?

Сурсан зүйлийнхээ талаар хамтрагчдаа эсвэл ангийнхандаа хуваалцах цагийг суралцагчдад гаргаж өг. Зовлон зүдгүүрийг даван туулахад өөрсдөд нь утга учиртай санагдсан судруудыг хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

Сорилт бэрхшээл тэднийг хэрхэн өөрчилж буйг дахин эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Дараах асуултуудын талаар тунгаан бодоход тэднийг урь.

  • Та өнөөдөр зовлон зүдгүүрээ даван туулахад тань тусалж чадах Есүс Христийн талаар юу сурч, мэдэрсэн бэ?

Есүс Христээр дамжуулан бидний бүх зовлон зүдгүүр бидэнд туршлага суулгаж, бидний сайн сайхны төлөө байх болно гэсэн гэрчлэлээр хичээлээ өндөрлө.