Семинар
135-р хичээл—Сургаал ба Гэрээ 124: “Бибээр өөрийн ёслолуудыг илчилж болохын тулд, энэ өргөө … баригдаг”


“135-р хичээл—Сургаал ба Гэрээ 124: ‘Бибээр өөрийн ёслолуудыг илчилж болохын тулд, энэ өргөө … баригдаг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 124,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

135-р хичээл: Сургаал ба Гэрээ 124

Сургаал ба Гэрээ 124

“Бибээр өөрийн ёслолуудыг илчилж болохын тулд, энэ өргөө … баригдаг”

Наувугийн ариун сүм

Гэгээнтнүүдийг Науву хотыг байгуулахад Их Эзэн тэдэнд ариун сүм барихыг зарлигласан билээ (Сургаал ба Гэрээ 124:26–27-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 124-т Их Эзэн ариун нандин ёслолуудыг хүлээн авах газар болохынх нь хувьд ариун сүмийн зорилгын тухай илүү их илчилжээ. Энэ хичээл нь Их Эзэний ариун сүм, тэнд гүйцэтгэдэг хишиг зэрэг ёслолуудын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун сүмийн зорилго

Тайлбар: Энэ хичээл ариун сүмийн гэрээ, ёслолуудад төвлөрнө. Тэдгээр нь ариун нандин бөгөөд энэ талаар бид бишрэл хүндэтгэлтэй ярилцах ёстой (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.0-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

Ариун сүмийн талаар юу мэддэгээ бодоход нь суралцагчдад туслахын тулд доорх нөхцөл байдалд орсон найздаа юу гэж хэлэх байснаа тунгаан бодох эсвэл бичихэд тэднийг урь.

Таны найз интернэтээс ариун сүмийн зураг хараад, аль эсвэл ариун сүмийн хажуугаар явж байхдаа танаас “Ариун сүм гэж юу юм бэ?” хэмээн үнэн сэтгэлээсээ асууж байна гэж төсөөл. Хүмүүс ариун сүмд юу хийдэг вэ?

Дараах зургийг үзүүл.

Гэрлэн дохио

Гэрлэн дохионы өнгөнүүдийг (улаан = итгэлгүй байна; шар = зарим талаараа итгэлтэй байна; ногоон = маш итгэлтэй байна) ашиглан, дараах асуултуудад өгөх хариултыг тань илтгэсэн өнгийг сонго.

  • Та өөрийгөө найздаа ариун сүм, түүний ёслолуудын талаар хэр сайн тайлбарлаж чадна гэж бодож байна вэ?

  • Та Их Эзэн ариун сүмээр дамжуулан хайраа хэрхэн илэрхийлдгийг таньж мэдэхэд нь найздаа тусалж, тайлбарлаж чадах эсэхтээ хэр итгэлтэй байна вэ?

Суралцагчдын хэрхэн хариулсныг мэдэхийн тулд та тэднээс “Та нарын хэд нь ногоон, шар, улаан өнгийг сонгосон бэ?, “Яагаад тэр өнгийг сонгосон бэ?” гэж асуугаарай.

Дээрхтэй адил асуултуудын мөн ариун сүм, ариун сүмийн ёслолуудын талаар өөрт төрж буй асуултуудын хариултыг Ариун Сүнсээр дамжуулан ойлгохын төлөө залбирахад суралцагчдыг урамшуул.

Наувугийн ариун сүм

Гэгээнтнүүдийг Иллинойн Наувуд суурьшмагц Их Эзэн тэдэнд өмнө нь Огайогийн Көртланд; Миссуригийн Жаксон гүнлэг, Миссуригийн Фар Вестэд (88:119; 97:10; 115:7–8-ыг үзнэ үү) зарлигласан шигээ ариун сүм барихыг зарлиглажээ (Сургаал ба Гэрээ 124:31-ийг үзнэ үү). Наувугийн ариун сүмийг барихыг зарлиглах үедээ Их Эзэн нас барагсдын төлөө баптисм хүртэх сургаалыг бошиглогч Иосеф Смитэд аль хэдийн илчилсэн байсан (Topics and Questions, “Baptisms for the Dead”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

“Миний ариун нэрэнд [ариун сүм] барихаар миний хүмүүст ямагт зарлигладаг” (Сургаал ба Гэрээ 124:39) гэж самбарт бич. Суралцагчид судар дээрээ энэ үг хэллэгийг тэмдэглэж болно.

Суралцагчдыг дараах шүлгүүдийг судлаад, олсон хариултаа тэмдэглэхэд урьж болно. Дараа нь тэд жижиг бүлэгт хуваарилагдан, сурсан зүйлээ ярилцаж болно.

сургалтын материалын шигтгээ зураг Сайн мэдээний итгэл үнэмшлийн талаар бусадтайгаа ярилцахад нь суралцагчдад тусал. Үүгээр илүү их дадлага хийх бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Хичээнгүйлэн суралцах нь дахь “Суралцагчдыг сурсан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урих” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 124:25–30, 36–41, 55-ыг уншаад, Их Эзэн яагаад өөрийн хүмүүст ариун сүм барих хэрэгтэй хэмээн тушаасныг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Их Эзэний ариун сүм барих зорилго, амлалтын аль нь танд хамгийн их утга учиртай вэ? Яагаад?

Суралцагчид өөр өөр үнэнийг олж болно. Тухайлбал: Их Эзэн биднийг ариун сүм барь хэмээн зарлигласан, “учир нь үүн дотор Бүхнээс Дээд нь орших буюу” (27-р шүлэг); та нарт алдагдсан тэр зүйлийг сэргээж болох (28-р шүлэг); “хоргодох байрны тулд” миний тогтоосон тэдгээр газрууд нь (36-р шүлэг) “мөн алдар хүндэтгэл, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг та нарт титэмлэж болохын тулд” (55-р шүлэг). Хэрэв суралцагчид энэ тухай дурдаагүй бол 40-р шүлгийг давтаж, ариун нандин ёслолуудыг хүлээн авахын тулд Их Эзэн бидэнд ариун сүм барихыг зарлигласан гэсэн үнэнийг нэмэхэд тэднийг урь. Бидний хичээл энэхүү сүүлийн үнэн дээр голчлон төвлөрөх болно.

Суралцагчдад эдгээр шүлгийн үнэнийг олж тогтооход тусламж хэрэгтэй бол самбар дээр дурдсан шүлгийн дугааруудыг нэг баганад, тэдгээрт харгалзах үг хэллэгүүдийг өөр баганад өөр дарааллаар бич. Суралцагчид дараа нь үг хэллэгүүдийг тохирох шүлэгтэй холбож болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ариун сүмийн ёслолуудыг бидэнд өгөх Их Эзэний зорилгыг ойлгоход бидэнд тусалдаг.

Ахлагч Дэвид А.Бэднар

Бид зөвхөн хувьдаа эсвэл гэр бүлдээ дурсамжтай байх үүднээс ариун сүмүүдийг барьдаггүй буюу ийм зорилгоор тийшээ ордоггүй. Харин ариун сүмд хүлээн авдаг гэрээ, тэнд гүйцэтгэдэг ёслолууд бидний зүрх сэтгэлийн ариусалд болон Бурханы охид, хөвгүүдийн эцсийн өргөмжлөлд нэн чухал. (Дэвид А.Бэднар, “Энэ Өргөө Миний нэрэнд баригдаг,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

  • Та ахлагч Бэднараас юу сурсан бэ?

  • Та энэ мөчийг хүртэл найздаа ариун сүмийн талаар тайлбарлаж өгөхөд тус болох юуг сурсан бэ?

Көртландын ариун сүмд Аврагч болон бусад тэнгэрлэг элч залран иржээ (Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү). Түүнчлэн Көртландын ариун сүм тэнгэрлэг нөлөөг мэдрэх мөн суралцах газар байсан. Их Эзэн Наувуд өнөөгийн ариун сүмүүдэд болдог нэмэлт ёслолуудыг илчилсэн. Өнөөдөр ариун сүмүүдэд Сүмийн итгэлтэй гишүүд нас барагсдын төлөө баптисм хийлгэж, хишиг хүртэж (угаалга, тосолгоог оролцуулаад), ариун сүмийн лацдан холболтод оролцдог.

Дараа дараагийн хичээлээр нас барагсдын төлөөх баптисм, ариун сүмийн лацдан холболт зэрэгт голчлон төвлөрөх болно. Энэ хичээлийн үлдсэн хэсэгт хишиг дээр төвлөрнө.

Хишиг

Наувугийн гэгээнтнүүдэд Их Эзэний илчилсэн нэг ёслол бол хишиг юм.

Хишгийг судлахын өмнө та суралцагчдад хишгийн талаар сонирхож буй асуултаа бодож үзэх мөн хишгийг хүлээн авах нь тэдэнд яагаад чухал талаар бодох хэдэн минут гаргаж өгч болно. Тэд хишгийн талаар судлах үед Ариун Сүнс тэдэнд асуултуудынхаа хариултыг олоход туслах болно гэдгийг тайлбарла.

тараах материалын шигтгээ зурагХишгийн талаар болон Их Эзэн ариун сүмийн энэхүү ёслолоор дамжуулан тэднийг яагаад адислах хүсэлтэй байдаг талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах санааг ашигла.

  1. Дараах жагсаалтаас сонгосон эх сурвалжаа судлах цагийг суралцагчдад гаргаж өг.

  2. Дараах тараах материалыг суралцагчдад судлуулахаар өг.

  3. Суралцагчдад хувиараа, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр суралцах боломж олго.

Дараах эх сурвалжийн заримыг уншаад, Их Эзэн биднийг ариун сүмд хишиг хүлээн авах үед хэрхэн адисалдгийг олж мэд.

Хишиг

Дараах асуултын хариултыг олж мэдэхээр Temples.ChurchofJesusChrist.org дээрх дараах мэдээллийг унш.

  • Намайг хишгээ хүлээн авахад Их Эзэн хэрхэн адисалдаг вэ?

Та Сүмд нэгдэхдээ баптисм, гишүүний баталгаа гэсэн хоёр ёслолыг хүлээн авдаг. Үүнтэй адил, ариун сүмийн хишгийг хоёр хэсэгтэйгээр хүлээж авдаг.

Эхний хэсэгт та хувьдаа ганцаарчлан “анхдагч” ёслолуудыг хүлээн авна. Эдгээр ёслолд таны тэнгэрлэг өв, чадавхтай холбоотой онцгой адислалууд багтдаг. Эдгээр ёслолын нэг хэсэг болгож танд ариун сүмийн гармент өмсөх эрхийг өгнө.

Та хишгийнхээ үлдсэн хэсгийг хоёр дахь хэсэгт бүлгээр хүлээн авна. Энэ нь ариун сүмд ирдэг бусад хүнтэй хамт зааварчилгааны өрөөнд болдог ба авралын төлөвлөгөөний нэг хэсэг болох үйл явдлуудыг харуулдаг. Үүнд: Бүтээлт, Адам, Ева хоёрын Уналт, Есүс Христийн Цагаатгал, Урвалт, Сэргээлтийг багтаасан байна. Мөн та хүмүүсийн Их Эзэний оршихуйд буцаж очиж болох арга замын талаар илүү ихийг мэдэж авна. Хишгийн зарим хэсгийг видеогоор танилцуулж, заримыг нь ариун сүмийн ажилтнууд танилцуулна.

Таныг хишгийн ёслолын үеэр тодорхой гэрээнүүдийг Бурхантай байгуулахад урих болно. Эдгээр гэрээнд дараах зүйлс орно.

  • Бурханы зарлигуудыг дагахаар чин сэтгэлээсээ чармайх хууль болох дуулгавартай байдлын хууль

  • Их Эзэний ажлыг дэмжихийн тулд чадах бүхнээ үйлдэж; харамссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр наманчлах золиослолын хууль

  • Есүсийн дэлхий дээр байхдаа заасан дээд түвшний хууль буюу сайн мэдээний хууль

  • Бурханы хуулиар, албан ёсоор, хуулийн дагуу гэрлэсэн хүнтэйгээ л бэлгийн харьцаанд орох буюу ариун явдлын хууль

  • Бүх цаг зав, авьяас чадвараа мөн Их Эзэний өөрсдөд нь адислал болгон өгсөн бүхнийг Есүс Христийн Сүмийг дэлхий дээр барьж босгоход зориулах буюу бүхнээ зориулах хууль

Та гэрээнүүдээ сахиснаар Аврагчид илүү ойртож, Түүнтэй харилцах харилцаа тань улам хүчирхэгжинэ. Бурхан гэрээгээ сахисан хүмүүст энэ амьдралдаа адислалуудыг хүлээн авах, Өөртэй нь үүрд хамт амьдрахаар эргэн ирэх боломжийг амладаг.

Хишиг хүртсэнийхээ төгсгөлд оролцогчид селестиел өрөөнд ордог нь Их Эзэний оршихуйд буцаж ирэхийн бэлгэдэл юм. Тэнд та тунгаан бодож, залбирч, судруудыг уншиж эсвэл гэр бүл, найз нөхөдтэйгөө санал бодлоо чимээгүйхэн хуваалцаж болно. Энэ нь тайвшралыг олж, тэнгэрлэг удирдамж авч болох амар тайван газар юм. (“About the Temple Endowment,” temples.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Хишиг гэж юу болох, үүнийг хүлээн авахад Их Эзэн хэрхэн адисалдгийг тайлбарлах боломжийг суралцагчдад олго. Үүний тулд та “Ариун сүмийн хишиг гэж юу вэ?”, “Ариун сүмийн хишиг яагаад чухал вэ?” гэж самбар дээр бичиж болно. Хэд хэдэн суралцагчийг эдгээрт хариулахад урь. Мөн суралцагчид хишгийн талаар асуумаар байгаа зүйлсээ, харин бусад суралцагч түүнд тусалж болохуйц судалсан зүйлсээ хуваалцаж болно.

Ариун сүм бид хоёр

Хичээлийн эхэнд гарсан найзын жишээг дахин үзүүлэхийг бод. Ариун Сүнс өнөөдөр юу заасан талаар эргэцүүлэн бодоход эсвэл хичээлийн эхэнд бичсэн зүйл дээрээ өөрсдийн ойлгосныг нэмж бичихэд суралцагчдыг урь. Их Эзэний хайрыг мэдрэхэд нь найздаа туслахын тулд хэрхэн хариулж болох талаар хуваалцахад суралцагчдыг урь.