“137-р хичээл—Сургаал ба Гэрээ 127–128, 1-р хэсэг: Нас барагсдын аврал,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 127–128, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1840 оны 8-р сард Иосеф Смит анх нас барагсдын төлөөх баптисмын сургаалыг заасан. Сүмийн гишүүд нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө авралын ёслолууд гүйцэтгэх боломж олдсонд баяртай байв. Иосеф Смит нас барагсдын төлөөх баптисмын ёслолын талаар гэгээнтнүүдэд зааварлан захидал бичжээ. Энэ хичээл суралцагчдад ариун сүмийн ёслолуудаар илэрдэг Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Анна номлогчидтой ярилцах үеэрээ Аврагчийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэх шаардлагатайг мэдсэн (Матай 3:13–17; Иохан 3:5; 2 Нифай 31:4–11-ийг үзнэ үү). Тэрээр баптисм хүртэхийг чин сэтгэлээсээ хүсэж байсан ч нас барсан эгчийнхээ төлөө санаа зовниж эхлэв. Анна номлогчдоос “Баптисм хүртэхээсээ өмнө нас барсан эгч минь яах вэ?” гэж асуув.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө
Их Эзэн Иосеф Смитэд нас барагсдын төлөөх баптисмын сургаалаа аажим аажмаар илчилжээ. 1840 оны 8-р сард Иосеф Смит, Шэймоур Брансоны оршуулга дээр номлосон. Тэрээр номлон ярих зуураа баптисм хүртэхээсээ өмнө нас барсан хүүгийн бэлэвсэн ээж Жэйн Нэйман руу харав. Иосеф 1 Коринт 15:29-ийг эш татаж, Бурханы төлөвлөгөөгөөр амьд хүмүүс нас барагсдын төлөө өмнөөс нь баптисм хүртэх боломжтой болсныг заасан. Хожим нь Жэйн, хүү Сайрусынхаа төлөө баптисм хүртсэн. Энэ бол энэ эрин үед гүйцэтгэсэн анхны баптисм байжээ (Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 421–422-ыг үзнэ үү).
Дараа нь Их Эзэн нас барагсдын төлөөх баптисмыг ариун сүмд гүйцэтгэх ёстой хэмээн илчилжээ (Сургаал ба Гэрээ 124:29–32-ыг үзнэ үү). 1841 оны 11-р сард гэгээнтнүүд дуусаагүй байсан Наувугийн ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж эхлэв. 1842 оны 9-р сард Иосеф Смит гэгээнтнүүдэд эдгээр ёслолын болон бусад нарийн ширийн чухал зүйлсийн цэдгийг хөтлөхийг зааварлажээ. Тэдгээр заавар нь одоо Сургаал ба Гэрээ 127, 128-д бий (Гэгээнтнүүд, 1:476–477-г үзнэ үү). Иосеф Смит цэдэг хөтлөгч нь ёслолыг гэрчилж байх ёстой бөгөөд сүмийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт үнэн зөв цэдгүүдийг оруулах ёстой хэмээн тайлбарлав. Мөн тэрээр бусад хүн ёслолын гэрч болох ёстой тухай заав. (Сургаал ба Гэрээ 128:2–4-ийг үзнэ үү). Дараа нь тэрээр юмсын энэ дэг жаяг маш тодорхой байх ёстой шалтгааныг тайлбарлав.
Сургаал ба Гэрээ 128:5-ыг уншаад, та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх нас барагсдын төлөөх баптисмын талаар юу сурч мэдэж болохыг олж мэд.
-
Энэ үнэн Тэнгэрлэг Эцэгийн онцлог шинж, зан чанар, зорилгын талаар бидэнд юу заадаг вэ?
-
Энэ үнэн танд болон танай гэр бүлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийн талаар болон нас барагсдын гэтэлгэлийг гэрчилсэн.
Бурхан бүхий л цаг үеийн бүхий л газрын хүүхдүүдээ хамруулж хайрладаг шиг бид тийм л өргөн цар хүрээтэй үүрэг хүлээдэг. Нас барагсдыг төлөөлөн гаргадаг бидний хичээл зүтгэл Есүс Христ бол бүх хүн төрөлхтний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн гэх гэрчлэлийг яруу тод илэрхийлдэг. Түүний ач ивээл, амлалтууд энэ амьдралдаа Түүнийг олоогүй хүмүүст ч хүрдэг. Түүний ачаар хоригдлууд үнэхээр чөлөөлөгдөх болно. (D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 11)
Дэлхий дээр ч, тэнгэрт ч цэдэглэгдсэн
Анна баптисм хүртсэнийхээ дараа ариун сүмд очиж, нас барсан эгчийнхээ төлөө баптисм хүртсэн. Тэрээр энэ ёслол тэнгэрт хүчинтэй эсэхийг хэрхэн мэдэж болох вэ гэж боддог.
Сургаал ба Гэрээ 127:5–7; 128:6–8-ыг уншаад, Аннагийн асуултад хариулж болох зүйлийг олж мэд.
-
Та ямар үг эсвэл хэллэгийг Аннатай хуваалцах вэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ёслолуудын цэдэг хөтлөх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Эдгээр шүлгийг ойлгох нь таны ариун сүмийн туршлагад хэрхэн нөлөөлөх вэ?
“Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг”
Иосеф Смит нас барагсдын гэтэлгэлийн алдар суут сургаалын талаарх үзэл бодлоо захидалдаа уран яруу илэрхийлсэн. Сургаал ба Гэрээ 128:22–23-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар илэрхийлсэн сэтгэл хөдлөлийг олж мэд.
-
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ аврах төлөвлөгөөний талаарх таны мэдрэмжийг эдгээр шүлгийн ямар үг, хэллэг илэрхийлж байна вэ?
-
Та ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож байхдаа эдгээр мэдрэмжийн аль нэгийг хэзээ мэдэрсэн бэ?
-
“Хоригдлууд чөлөөтэйгөөр явах болно” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (22-р шүлэг). Энэ яагаад агуу баяр баясгалангийн шалтгаан байж болох вэ?