“11-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Израилын цугларалт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“11-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
11-р хичээл: Хичээлд бэлтгэх материал
Израилын цугларалт
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн залуучуудад хандан хэлсэн үгэндээ “Чи өнөөдөр энэ дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу хөдөлгөөн, хамгийн агуу үйл хэргийн томоохон хэсэг баймаар байна уу? Энэ үнэ цэнтэй хожмын өдрүүдэд чи Израилыг цуглуулахад тусалмаар байна уу?” хэмээн асуусан юм (“Израилын итгэл найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3, Ensign болон New Era сэтгүүлийн хавсралт 8, ChurchofJesusChrist.org; эх бичвэрийг налуу бичсэн).
Энэ хичээлийг судлахдаа Их Эзэн Өөрийн хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж буйн учир шалтгааныг хайж олоод, Түүнд энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.
1-р хэсэг
Израилын цугларалт гэж юу вэ?
Израилын хүүхдүүд Израил хэмээн нэрлэгдэх болсон Хуучин Гэрээний бошиглогч Иаковын үр удам юм. Тэд бол Иаковын эцэг Исаак болон түүний өвөө Абрахамд Бурханы өгсөн тэрхүү гэрээг хүртэгсэд билээ (Эхлэл 26:3–4, 24; Абрахам 2:6–11-ийг үзнэ үү). Иаковын 12 хүү болон тэдний үр удам “Израилын угсаа” буюу “Израилын арван хоёр овог” гэгддэг. Заримдаа “Их Эзэн Израилын арван хоёр овгийг тэдний ёсон бусын болон эсэргүүцлийн улмаас тарааж мөн сорьдог байв. Гэсэн хэдий ч Их Эзэн Өөрийн сонгосон хүмүүсийг дэлхийн үндэстнүүдийн дунд тараасан нь тэдгээр үндэстнийг адислахын тулд байсан билээ” (Судруудын удирдамж, “Израил,” scriptures.ChurchofJesusChrist.org).
Израилын цугларалтын талаарх зарим бошиглолыг тэмдэглэхийг бодоорой.
Мормоны Номон дээр Аврагч Өөрөө Иаковын үр удмыг цуглуулах болно хэмээн заасан байдаг.
Манай эрин үед, Сүмийн эхэн үеийн зарим гишүүн хожмын өдрүүдэд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэн Сионыг байгуулах Бурханы хүмүүсийн цугларалтын тухай Мормоны Номын бошиглолыг ихэд сонирхож байв (3 Нифай 21:23–26-г үзнэ үү). 1830 оны 9-р сард Сүмийн чуулган болохоос хэдэн өдрийн өмнө, Иосеф Смит хэдэн хүний хамт энэ бошиглолын талаар Их Эзэнээс лавлан асууж, Сургаал ба Гэрээ 29-д цэдэглэсэн илчлэлтийг хүлээн авсан.
Энэ илчлэлт өгөгдсөнөөс нэг сарын дараа Оливер Каудери гурван хүний хамт Их Эзэний сонгосон хүмүүсийг цуглуулахад туслахаар номлолын ажлаа эхэлжээ.
Номлогчид Огайогийн Көртландад хамгийн их амжилт олсон аж. Тэнд тэд ихэвчлэн Сидней Ригдоны Шинэчлэгдсэн Баптист цугларалтынхнаас 130 орчим хөрвөгчид баптисм хүртээснээр дараагийн жил нь Сүмийн хэдэн зуун гишүүний цугларах үүд хаалгыг нээсэн юм. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 170)
Номлолын энэ эхний хүчин чармайлтын дараа Их Эзэн Өөрийнх нь дуу хоолойг сонсох хүмүүсийг цуглуулах ажилд номлогчдыг дуудсаар байв.
1830 оны 12-р сарын сүүлээр Их Эзэн Огайод цугларах газартай холбоотой, Сүмийнхний төлөөх Өөрийн хүслийг Иосеф Смитээр дамжуулан илчилсэн.
Тэрээр “Сүмд миний өгөх зарлиг бол тэд Огайод хамтдаа чуулан цуглах ёстой нь надад зүйтэй байна” хэмээн тунхаглав. Тэд Көртланд бүсэд шинэ хөрвөгчидтэй цуглараад, номлогчдыг Баруун зүгээс эргэн иртэл хүлээх ёстой байв. …
Огайо руу нүүх дуудлага нь Бурханы хүмүүсийг цуглуулах эртний бошиглолуудыг биелүүлэхэд гэгээнтнүүдийг ойртуулсан мэт санагдаж байв. Библи, Мормоны Ном хоёрын аль алинд нь Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг эцсийн өдрүүдийн аюулаас хамгаалахын тулд цуглуулах болно хэмээн амласан байдаг. (Гэгээнтнүүд: Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 109)
Энэ ба бусад илчлэлтээр дамжуулан гэгээнтнүүд эхлээд Огайо болон Миссурид, дараа нь Иллинойд, үүний дараа Солт Лэйк Валлид цугларах зарлиг хүлээн авсан. Цугларсан газар бүрд нь Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зарлиглаж байв.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заажээ.
Их Эзэн Өөрийн хүмүүсийн шүтлэг бишрэлийн тулд мөн Сүмийг өсгөн бэхжүүлж, хамгаалан; зөвлөгөө, заавар өгөхийн тулд тэднийг цуглуулдаг. …
Бошиглогч Иосеф Смит бүх үе дэх цугларалтын бурханлаг зорилго бол ариун сүмүүдийг барьснаар Их Эзэний хүүхдүүд хамгийн дээд ёслолуудыг хүлээн авч мөн тэгснээр мөнх амьдралыг олох явдал юм гэж тунхаглажээ [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 470–472]. (David A. Bednar, “The Spirit and Purposes of Gathering” [Brigham Young University–Idaho devotional, Oct. 31, 2006], byui.edu)
Их Эзэн өнөөдөр Өөрийн хүмүүсийг Сионы гадаснууд болон дэлхий даяарх ариун сүмүүдэд өөрсдийнх нь биеэр, харин сайн мэдээний
мэдлэгт сүнслэг байдлаар цуглуулж байна (1 Нифай 15:12–16-г үзнэ үү).
2-р хэсэг
Би Их Эзэнд Израилыг цуглуулахад хэрхэн тусалж чадах вэ?
Шинэхэн сэргээгдсэн Сүмийн эхэн үеийн хөрвөгч Хибэр С.Кимбалл хожим нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дуудагдсан юм. Хибэр бусадтай сайн мэдээг хуваалцах чадвартаа эргэлзэж байв. Тэр дараа нь ийн дурсжээ.
“1837 оны зургаадугаар сарын эхний өдөр намайг Көртландын ариун сүмд сууж байтал бошиглогч Иосеф над дээр хүрч ирээд, “Хибэр ах аа, Их Эзэний Сүнс надад шивнэн, ‘Миний үйлчлэгч Хибэр Англи руу явж, миний сайн мэдээг тунхаглан, тэр үндэстэнд авралын хаалгыг нээг’ гэж хэллээ” хэмээн надад шивнэн хэлэв. Мөн энэхүү үүргийн талаар ахлагч Кимбалл сандран тэвдэж байв. Би өөрийгөө Бурханы үйлчлэгчдээс хамгийн сул дорой нь гэж боддог байлаа. Тэнд очоод юу гэж хэлэхээ би Иосефоос асуулаа. “Их Эзэн рүү оч, тэгвэл Тэр намайг удирдаж, өөрийг тань [чиглүүлдэг] тэрхүү сүнсээр, надаар дамжуулан ярих болно” гэв.”(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 371)
Ахлагч Кимбалл тэмдэглэлдээ дараах зүйлийг бичсэн байв.
Энэ үүрэгт өөрийгөө сул дорой, тэнцэхгүй гэж бодож байсан тул би өөрт хамгийн их хэрэгтэй байсан мэргэн ухаан, тайтгарал, дэмжлэгийг авахын төлөө Их Эзэнд хандан хүчтэй залбирахад хүрэв.
Бурхан надад үнэнийг түгээхэд минь тусалж, хэлэх зүйлийг хэлж өгч, хэрэгтэй үед тусална гэдэгт итгэн, Түүнд найдвараа тавихыг би хичээсэн. (Journal of Heber C. Kimball, ed. R. B. Thompson [1840], 15)
Хибэр С.Кимбалл хожим нь ийн дурссан байдаг.
Би явж мөн амьд Бурханы Бошиглогчийн үгсийн дагуу номлолоо гүйцээсэн бөгөөд Көртландаас явсан 11 сар, 2 хоногийн хугацаанд сүмд болон Бурханы хаант улсад 2000 орчим бодгаль нэмэгдэн орсон байв. (Heber C. Kimball, “Sermon,” Deseret News, Dec. 2, 1857, 3)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, бид Их Эзэний сайн мэдээг хуваалцан Израилыг цуглуулахад тусалж байхдаа Түүнд найдаж болно хэмээн заасан юм.
Бид одоо бэлэн байгаа нэгний төлөө буюу өнөөдөр Тэр биднийг туслаасай хэмээн хүсэж байгаа нэгний төлөө Их Эзэний мутар дахь зэмсэг байхын тулд Түүний тусламж, зааврыг авахаар залбирах ёстой. Тэгээд бид юу хийх талаар Түүний Сүнсний өдөөлтийг сонсож, анхаарал хандуулахдаа соргог байх ёстой.
Өдөөлтүүд ирэх болно. Бид тоолшгүй олон хувийн гэрчлэлээс, Их Эзэн Өөрийн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг Өөрийн аргаар мөн Өөрийн цаг хугацаанд бэлтгэж байгааг мэддэг. Ийм хүмүүс эрж хайж байдаг бөгөөд биднийг тэднийг олж тогтоохоор эрэлхийлж байх үед Их Эзэн бидэнд хариулснаар тэдний залбиралд хариулдаг. Тэрээр хэрхэн, хаана, хэзээ мөн хэнтэй сайн мэдээг хуваалцах зааварчилгааг чин сэтгэлээсээ хүсэж, эрэлхийлж байгаа хүмүүсийг өдөөж мөн удирдах болно.” (Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)
Ерөнхийлөгч Нэлсон цааш нь ингэж заасан.
Одоо Израилын цугларалтад оролцоход та нарын зүгээс золиос гаргахыг шаардах болно. Энэ нь амьдралдаа зарим нэг өөрчлөлт хийхийг шаардаж магадгүй. Тухайлбал, танд цаг зав, эрч хүч, Бурханаас өгсөн авьяас чадварынхаа заримыг зориулах шаардлага гарна. Чи үүнийг хүсэж байна уу? …
… Израилын цугларалт гэдэг нь Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, ёслолуудыг хүлээн аваагүй, хөшигний хоёр талд байгаа Бурханы хүүхэд бүрд Есүс Христийн сайн мэдээг санал болгох гэсэн утгатай.
… Та нар Израилыг цуглуулахад туслахаар энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал энэ цаг үед энэ дэлхий рүү ирсэн! Одоо энэ дэлхий дээр үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй.
… Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм. (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар,” 8; эх хувийг налуу бичсэн)