“15-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба бидний бурханлаг чадавх,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“15-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
15-р хичээл: Хичээлд бэлтгэх материал
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба бидний бурханлаг чадавх
Бошиглогч Иосеф Смит “Авралын агуу төлөвлөгөө бол бидний анхаарлын төвд байх ёстой сэдэв бөгөөд хүн төрөлхтөнд соёрхсон тэнгэрийн охь манлай бэлгүүдийн нэг гэж тооцогдох учиртай” гэж мэдэгдсэн (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 236). Илчлэлт, үзэгдлүүдээр дамжуулан Иосеф Смит дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүний амьдралыг өөрчлөх замаар хүүхдүүддээ зориулсан Бурханы төлөвлөгөөг ойлгосон юм. Энэ хичээл танд өөрийнхөө хэн болохыг мөн бурханлаг чадавх тань юу болохыг илүү сайн ойлгоход тусална.
1-р хэсэг
Бурханы авралын төлөвлөгөөний талаарх сэргээгдсэн үнэн миний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Өөрийгөө Иосеф Смитийн амьдарч байсан үеийн Их Эзэний сэргээгдсэн Сүмийн шинэ хөрвөгч гэж төсөөл. Та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар хагас дутуу ойлголттой байх байсан байх. Хэрэв та Христэд итгэгч болж өссөн бол дараахтай адил итгэл үнэмшилтэй байсан байж болох юм. Тухайлбал: (1) Бурхан, Есүс, Ариун Сүнс гурав бие махбод, эрхтэн, хүсэл тэмүүлэлгүй нэг Бурхан; (2) хүн төрөлхтөн энэ амьдралаас өмнө амьдарч байгаагүй бөгөөд Бурхан тэднийг оргүй хоосноос бүтээсэн; 3) Бурхан бол танин мэдэх боломжгүй, нууцлаг зүйл. Хүн төрөлхтөн түүний хүүхдүүд гэдэг нь зөвхөн зүйрлүүлсэн хэллэг юм.
Илчлэлтээр дамжуулан Иосеф Смит болон эхэн үеийн гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарыг мөн Түүний авралын тэнгэрлэг төлөвлөгөөг ойлгодог болсон. Өнөөдөр бидний нандигнан хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай зарим сэргээгдсэн үнэнийг тэд олж мэдсэн бол тэдэнд ямар байх байсныг төсөөлөөд үз.
Иосеф Смитийн авралын төлөвлөгөөний талаарх ихэнх ойлголт түүнийг Мормоны Ном болон Хуучин, Шинэ Гэрээний сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байх үеэр ирсэн. 1830 онд бошиглогч Иосеф Эхлэл номыг орчуулж байхдаа, Мосег өндөр ууланд аваачин, Бурханы бүтээлүүдийг тод томруунаар харуулсныг мэдэж авсан юм. Энэ илчлэлтийг бид одоо Агуу Үнэт Сувд дээрх Мосе номын нэгдүгээр бүлэг гэдгээр нь мэдэх болсон. Их Эзэн Мосег Бурханы хүү хэмээн хэлжээ. Бурхан мөн Өөрийн ажлын зорилгын талаар Мосе 1 дээр байдаг чухал үнэнийг заасан.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс үхэшгүй байдал болон мөнх амьдралын тухай ярихдаа ийн заасан.
Мөнх амьдралын бэлэг нь авралын төлөвлөгөөг судалж, суралцаж, ашигласны хариуд ирдэг. Бүх хүн төрөлхтөн амилуулагдаж, үхэшгүй байдлын адислалыг хүлээн авах болно. Бурханы амьдрал буюу мөнх амьдралыг олж авахын тулд бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа авралын төлөвлөгөөний дагуу амьдрах ёстой. (Робэрт Д.Хэйлс, “Авралын төлөвлөгөө: Бидний зүг чигийг заагч эрхэм нандин мэдлэг,” Ensign, Oct. 2015, 25 эсвэл Лиахона, 2015 оны 10-р сар, 32)
Ахлагч Хэйлс мөнх амьдралыг “Бурханы хөтөлдөг амьдрал” гэж тодорхойлсныг анзаар. Тэнгэрлэг Эцэгийн ажил бол таныг Өөрийн оршихуйд буцаан авчирч, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг өгөх явдал гэдэг нь юу гэсэн утгатайг бодож үз.
1833 оны 5-р сарын 6-нд хүлээн авсан илчлэлтэд Иосеф Смит “Эхлэлд хүмүүн тэрчлэн Бурхантай хамт байсан юм” хэмээн цэдэглэсэн байдаг (Сургаал ба Гэрээ 93:29). Иосефын 1842 онд хэвлүүлсэн Абрахамын номын орчуулга нь бидний дэлхийн өмнөх амьдралын мөн мөнх бус байдлын дараах боломжуудын талаар илүү их ойлголт өгсөн.
2-р хэсэг
Бошиглогч Иосеф Смитэд Бурханы зан чанарын тухай ямар сургаал сэргээгдсэн бэ?
1844 онд нас барахаасаа хэдхэн сарын өмнө Иосеф Смит хамгийн сүүлийн чуулган дээр үг хэлжээ. Түүний найз Кинг Фоллетт ослоор нас бараад удаагүй байсан ба гэрийнхэн нь Иосефоос оршуулган дээр үг хэлэхийг хүссэн байв. Иосеф Бурханы зан чанарыг болон бидний Түүнтэй адилхан болох чадавхын талаар зоригтой заасан юм. Кинг Фоллеттэд хандан хэлсэн үг хэмээн олны танил болсон үгэндээ Иосеф ийн тунхаглажээ.
Гэвч Бурханы зан чанарыг зөвөөр ойлгодог хүмүүс дэлхийд туйлын цөөхөн байдаг. … Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй. …
Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн Тэрбээр тэнгэрт хаан ширээндээ заларч байгаа билээ! … Хэрэв та нар Түүнийг өнөөдөр харж чаддаг юм аа гэхэд Тэрбээр дүр төрх, хэлбэр дүрсээрээ яг л хүн шиг өөрсөдтэй чинь адилхныг та нар харах болно. …
Бид Бурханы зан чанарыг ойлгодог болсноор Түүнд хэрхэн ирэхийг мэддэг болж, Тэрбээр бидэнд тэнгэрийг нээж эхэлдэг, мөн тэнгэрийн тухай бүхнийг хэлдэг. …
… Бурхан өөрөө сүнснүүд болон алдар суугийн дунд байгаагаа мэдсэн аж. Тэрээр илүү оюун билигтэй учраас бусад өөрөө оршдог биес түүнтэй адилхан болж хөгжих боломжтой байх хуулиудыг бий болгох нь зохимжтой гэж үзсэн ажээ. Бурхантай харилцах бидний харилцаа мэдлэгээрээ өсөн хөгжих нөхцөлд биднийг тавьдаг. …
Эндээс харвал мөнх амьдрал гэдэг нь цорын ганц мэргэн болоод үнэн Бурханыг танин мэдэх явдал мөн. Та нар өөрсдөө … жижигхэн хэмжээнээс арай илүү хэмжээнд, багаахан чадвараас илүү дээд чадварт, нэг өргөмжлөлөөс нөгөөд, нигүүлслээс нигүүлсэлд, өргөмжлөлөөс өргөмжлөлд … хэрхэн бурхад хаад [хатад болон санваартнууд] болон Бурханы санваартнууд болохыг мэдэх шаардлагатай. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 48, 237, 250)
Тэмдэглэл: Кинг Фоллеттэд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь “Classics in Mormon Thought: The King Follett Sermon,” Ensign, Apr. 1971, 12–17-оос олж үзэж болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Бурханы зорилго бол Түүний хүүхдүүд бид төгс баяр баясгаланг олж, Түүнтэй хамт үүрд амьдран, адилхан болох явдал мөн. (Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ensign, May 2011, 97 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104).
3-р хэсэг
Би селестиел хаант улсад мөнх амьдралыг хэрхэн олж авч чадах вэ?
Сэргээгдсэн Сүмийн эхэн үеийн хөрвөгч байна хэмээн дахин төсөөл. Та тухайн үед хүн нас барахад, түүнийг диваажин руу эсвэл там руу явна гэдэгт ихэнх Христэд итгэгчийн адил итгэх байсан байх. Иосеф Смитийн үеийн ихэнх хүн өөрсдийгөө конгрегационализм юм уу универсализм хэмээн тодорхойлж байв. Хэрэв та “Конгрегационализм” үзэлтэн байсан бол диваажинд цөөхөн хүн очно гэдэгт итгэх байсан. Харин та “Универсализм” үзэлтэн байсан бол Бурхан нүгэлтнүүдэд зарим шийтгэл оногдуулах ч эцэст нь бүх хүн диваажинд очно гэдэгт итгэх байсан.
1832 оны 2-р сард Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үхлийн дараах амьдралын талаар ойлголтоо сайжруулахад нь тусалсан нэг үзэгдлийг үзжээ. Тэр хоёр Жон Жонсоны байшингийн дээд давхарт Иосеф Смитийн Шинэ Гэрээний орчуулга дээр ажиллаж байсан бөгөөд шударга болон шударга бус хүмүүсийн амилалтын тухай өгүүлдэг Иохан 5:29-ийг тунгаан бодохоор ажлаа түр зогсоогоод байв. Иосеф, Сидней хоёрыг үзэгдэл харж, харсан зүйлээ тайлбарлах үед өрөөнд хэд хэдэн хүн хамт байв. Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн энэ үзэгдэл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг. Бидний хойд насны талаарх ойлголтыг тэлж, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдээ адислах хүслийг илчилж буй үнэнүүдийг энэ хэсгээс тэмдэглэхийг бод.