“21-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“21-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
21-р хичээл: Хичээлд бэлтгэх материал
Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаал
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Мөнх бус амьдралын зорилго болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлол бол Бурханы хөвгүүд, охидыг тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болох мөнхийн хувь заяанд нь бэлтгэх явдал юм” хэмээн заасан (“Same-Gender Attraction,” Ensign, Oct. 1995, 7). Та мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаалыг судлахдаа гэрлэлт ба гэр бүл нь биднийг Тэнгэрлэг эцэг эхтэйгээ илүү адилхан болоход хэрхэн бэлтгэдэг болохыг ойлгоход туслах зарчмуудыг олж мэд.
1-р хэсэг
Бурханы мөнхийн төлөвлөгөөнд гэрлэлт ямар зорилготой вэ?
1831 онд сүмд шинээр баптисм хүртээд удаагүй Леман Копли гэгч хүн бошиглогч Иосеф Смит дээр очсон байна. Леман өмнө нь гэрлэлтийг эсэргүүцэж, (бэлгийн харьцаанаас татгалзан) ганц биеэр амьдрах нь Христэд бүхнээ зориулж буй хамгийн дээд илрэл гэдэгт итгэдэг шашны бүлэглэл болох шейкерүүдийн гишүүн байв. Леманыг очсоны дараа бошиглогч Иосеф Смит шейкерүүдийн сургаалын талаар Их Эзэнээс асууж, одоо Сургаал ба Гэрээ 49 дээр цэдэглэгдсэн байгаа илчлэлтийг хүлээн авсан юм. (Танд энэ хэсгийн оршил хэсгийг унших нь тус болж болох юм.) Дараах судрын хэсгээс Их Эзэний гэрлэлтийн сургаалыг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэхийг бод.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гэрлэлтийг яагаад Бурхан томилсон талаар тайлбарлажээ. Энэ мэдэгдлээс чухал санагдсан зүйлээ тэмдэглэхийг бод.
Бидэнд яагаад мөнхийн гэрлэлт Эцэгийн төлөвлөгөөнд чухал болохыг ойлгоход тусалдаг хоёр хөдөлшгүй сургаалын шалтгаан бий.
1-р шалтгаан: Эрэгтэй, эмэгтэй сүнсний мөн чанар нь бие биенээ гүйцээн, төгс болгодог учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүс өргөмжлөл өөд хамтдаа дэвших хувьтай. …
… Аз жаргалын төлөвлөгөө хэрэгжихийн тулд эрэгтэй, эмэгтэй аль алиных нь сүнслэг болон бие махбод, оюун санааны мөн сэтгэл санааны чадавхын онцгой уялдаа холбоо хэрэгтэй байсан. Эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь ганц ганцаараа бүтээгдсэн зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй байх байсан. …
2-р шалтгаан: Тэнгэрийн загвараар, мөнх бус амьдралд хүүхдүүдийг авчирч, тэднийг өсөж хүмүүжих хамгийн сайн орчноор хангахад эрэгтэй, эмэгтэй хүн хоёул хэрэгтэй.
Эрт үед Адам, Ева хоёрт өгсөн өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн зарлиг өнөө ч хүчин төгөлдөр байгаа. … Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт мөнх бус байдлын өмнөх оршихуйд буй сүнснүүдийг энэ амьдралд авчрахад зөвшөөрөгдсөн арга зам юм. …
Хайраар дүүрэн, үнэнч нөхөр, эхнэр бүхий гэр орон нь хүүхдүүд хайр, зөв шударга байдалд өсөж чадах мөн хүүхдүүдийн сүнслэг болон бие махбодын хэрэгцээ хангагдах эрхэм дээд орчин юм. Эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь онцлог зан чанар гэрлэлтийн харьцааны бүрэн байдалд хувь нэмрээ оруулдагтай адил эдгээр зан чанар нь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэн, зааж сургахад амин чухал. (Дэвид А.Бэднар, “Гэрлэлт бол Түүний төлөвлөгөөний чухал хэсэг,” Ensign, 2006 оны 6-р сар, 83–84)
2-р хэсэг
Мөнхийн гэрлэлтийн ямар ямар адислал байдаг вэ?
Наувуд Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн тухай илүү өргөн хүрээнд зааж эхлэв. Энэ нь гэгээнтнүүдэд шинэ бөгөөд гайхамшигтай сургаал байв. Тэдний ихэнх нь гэрлэлтийг үхлээр төгсгөл болдог гэдэгт итгэдэг байсан.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Пратт мөнхийн гэрлэлтийн боломжийн талаар өөрт нь заах үед ямар санагдсан тухай өгүүлсэн.
Хайрт эхнэр минь энэ амьдралд болон үүрд мөнхөд надтай хамт байж болно гэдгийг би [Иосеф Смитээс] олж мэдсэн. … Би түүнээс бид эдгээр хайрыг хөгжүүлж, мөнхөд өсөж хөгжин, дээшлэх болно гэдгийг сурч мэдсэн бөгөөд бид мөнхөд нэгдсэний үр дүнд үр удам маань тэнгэрийн одод эсвэл тэнгисийн эргийн элс шиг олон байх болно гэдгийг сурсан. …
Би өмнө нь хайрладаг байсан ч яагаад гэдгээ мэддэггүй байв. Харин одоо би цэвэр ариунаар, өндөрлөгт хүрсэн, өргөмжлөлийн мэдрэмжээр хайрлах боллоо. (A(utobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [2007], 260)
1843 онд бошиглогч одоо Сургаал ба Гэрээ 132 дээр цэдэглэсэн, мөнхийн гэрлэлтийн сургаалыг агуулсан нэгэн илчлэлтийг хэлж бичүүлсэн юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Мөнх амьдралд тэнцэхийн тулд бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнхийн гэрээг байгуулах ёстой [Сургаал ба Гэрээ 132:19-ийг үзнэ үү]. Ариун сүмийн гэрлэлт нь зөвхөн эхнэр, нөхөр хоёрын хооронд байдаг төдийгүй Бурхантай хамтардаг [Матай 19:6-г үзнэ үү]. …
… Гэр бүл ариун сүмд лацдан холбуулснаар уг гэр бүл Бурханы хаант улсын адил үүрд мөнхийнх болж болох юм [Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү]. (Рассэлл М.Нэлсон, “Ceлестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108)
Мөнхийн гэрлэлтийн адислалууд нь зөвхөн дараагийн амьдралд зориулагдаагүй юм. Гэрээгээ үнэнчээр сахихыг хичээдэг хүмүүс энэ амьдралд мөнхийн гэрлэлтийн адислалуудыг эдлэх боломжтой. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заажээ.
Хэрвээ та ухаалаг сонголт хийж, гэрлэлтээ тогтвортой сайхан авч явбал энэ амьдралд үүнээс илүү аз жаргал авчрах зүйл гэж үгүй. (“Санваарын хүч,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74)
Сүмийн зарим гишүүнд мөнхийн гэрлэлт, гэр бүлийн адислалуудыг одоо мэдрэх боломжгүй болгодог нөхцөл байдлын талаар асуулт гардаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон энэ талаар ийн заасан.
Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой үндсэн үнэнийг тунхаглах нь гэрлэж эсвэл гэр бүлтэй болж чадаагүй хүмүүсийн золиос, гаргасан амжилтуудыг үл тоомсорлож эсвэл бууруулж байгаа гэсэн үг биш юм. Та нарын зарим нь сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байх, ижил хүйстэндээ татагдах, бие махбодын болоод сэтгэл санааны хөгжлийн бэрхшээлтэй байх эсвэл бүтэлгүйтнэ гэсэн айдастай байх зэрэг шалтгаанаас болоод гэрлэлтийн адислал авч чадаагүй байгаа. Эсвэл та нар гэрлэсэн боловч гэрлэлт тань салалтаар төгсөж, та нар хоёр хүний ажлыг ганцаараа хийж байгаа байх. Та нарын зарим нь гэрлэсэн боловч асар их хүсэж, гуйн залбираад ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа.
… Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ [зориулан] бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй. (Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38)
3-р хэсэг
Яагаад би Их Эзэний гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаалыг хамгаалах ёстой вэ?
Сэргээлт тасралтгүй үргэлжилсээр байгаа тул Их Эзэн Өөрийн бошиглогчдыг гэрлэлт болон гэр бүлийн сургаалыг онцлохыг сүнслэгээр өдөөсөн юм. 1995 оны 9-р сарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншжээ. Энэ тунхгийн төгсгөл нь бид яагаад Их Эзэний гэрлэлт ба гэр бүлийн сургаалыг хамгаалах ёстойг заасан юм.
Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэдгийг бид сануулж байна.
Бид итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замуудыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org)
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч байсан Жюли Б.Бэк эгч “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээрх гэр бүлийн сургаалыг судлах хэрэгцээг тайлбарлажээ.
Энэ үеийнхнийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр гэр бүлийн сургаалыг хамгаалахад уриалах болно. Хэрэв тэд үүнийг мэдэхгүй бол хэрхэн хамгаалах билээ. …
Ерөнхийлөгч [Спэнсэр В.] Кимбалл ийн хэлсэн.
“Өмнөх цаг үед гэр бүлийг бататгаж мөн дэмждэг байсан нийгмийн олон хязгаарлалт нурж унан, үгүй болж байна. Гэр бүлд хүчтэй, эргэлт буцалтгүй итгэдэг хүмүүс л бидний эргэн тойронд байх муу муухай зүйлсээс гэр бүлээ хамгаалж, авч үлдэх боломжтой тийм цаг мөч ирэх болно” [Spencer W. Kimball, “Families Can Be Eternal,” Ensign, Nov. 1980, 4]. (Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 17)
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон ингэж заажээ.
Бид ч мөн гэрлэлт, гэр бүл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлага ба ариун газар болох гэр орны чухал ач холбогдол зэрэг зарчмыг дэлхий бидний чихэн дээр эдгээр нь хоцрогдсон, хязгаарлагдмал, хамааралгүй болсон хэмээн орилон хашхичиж байсан ч зоригтой хамгаалж байх ёстой. Гэр бүлийн нөхцөл байдал ямар болох, мөн хэдэн хүүхэдтэй гэдгээсээ үл хамаараад хүн бүр гэр бүлийн тунхагт тайлбарласан Их Эзэний төлөвлөгөөний хамгаалагч нь байж чадна. Хэрэв энэ нь Их Эзэний төлөвлөгөө юм бол, мөн бидний ч төлөвлөгөө байх ёстой! …
… Өөр үзэл бодолтой хүмүүст хайр энэрэл, нинжин сэтгэлээ үзүүлэхийн зэрэгцээ Их Эзэний томилсноор гэрлэлтийн энэхүү жаягийн хамгаалагчид байцгаая. (Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 133)