1 Коринт 15:32–54
Селестиел, террестриел, телестиел биес
Бусад хүн гэм нүгэл дотор аз жаргалтай байгаа мэт харагдаж байсан ч Есүс Христийг дагах нь яагаад алсдаа өлзийтэй вэ? Паул Амилуулалтын өөр өөр алдар суугийн зэрэглэлийн талаар коринтчуудад заах замаар нэг шалтгааныг нь тайлбарлажээ. Энэ хичээл нь Есүс Христээр дамжуулан селестиел амилуулалтыг олж авахуйц зохистой байхыг хичээхэд тань тусална.
Бурханы төлөвлөгөөн дэх ирээдүйн адислал
-
Хэрэв өнөөдөр багш тань тодорхой өнгийн хувцас өмссөн хүн бүрийг шагнана гэдгийг мэдсэн бол энэ нь таны хувцасны сонголтод нөлөөлөх байсан уу?
-
Энэ талаар хэт оройтсон хойно нь мэдсэн бол та сэтгэлээр унах байсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учир энэ амьдралын дараа юу болохыг мөн ямар ямар сонголт аз жаргалд хүргэдэг эсвэл харамсахад хүргэдэг талаар бидэнд хэлсэн. Өнөөдөр судраас судлахдаа таныг мөнхийн аз жаргалд хүргэх зүйлсийг сонгох сэдэл төрүүлэх үнэнүүдийг олж мэд.
1 Коринт 15:1–29 дээр төлөөлөгч Паул “үхэгсдийн амилал байхгүй” (1 Коринт 15:13) гэсэн буруу итгэл үнэмшлийг залруулжээ. Тэр дараа нь коринтчуудад “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая” (1 Коринт 15:32) гэж хэлж буй хүмүүсийн хандлагад мэхлэгдэхгүй байхыг сануулсан байна. Энэ хандлага нь үхлийн дараах амьдрал гэж байхгүй тул энэ амьдралдаа юу ч хийсэн хамаагүй гэсэн худал итгэл үнэмшил юм.
Өөр нэг худал итгэл үнэмшил бол бидний сонголтоос үл хамааран Бурхан хүн бүрд мөнх амийн адислалыг олгох болно гэсэн ойлголт юм (2 Нифай 28:8; Алма 1:4-ийг үзнэ үү).
-
Үхлийн дараах амьдрал гэж байхгүй эсвэл Бурхан хүн бүрд мөнх амьдралын адислалыг өгнө гэсэн буруу ташаа итгэл үнэмшил бидний гаргах шийдвэр болон хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ? Яагаад?
1 Коринт 15:40–42-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амилуулалт ямар үүрэг гүйцэтгэдэг талаарх Паулын сургаалыг олж мэд. 1 Коринт 15:40-ийн Иосеф Смитийн Орчуулга нь мөн телестиел биесийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд, амилуулагдсан биесийн хувьд өөр өөр зэрэглэлийн алдар суу байдаг гэсэн үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ?
Алдар суугийн зэрэглэлүүд
Та өөрийгөө селестиел хаант улсад хүрэх замын хаана байна гэж харж байгаагаа тунгаан бод. Та эдгээр адислалыг хүлээн авахуйц амьдрахад Аврагч тусална гэж найдаж байна уу?
Бид үнэхээр селестиел алдар сууд хүрч чадах уу?
Зарим хүн дэлхийд амьдарч байх хугацаандаа селестиел амьдралаас хэчнээн хол амьдарч байгаагаа ухаараад сэтгэлээр унадаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф бидний мөнхийн өсөлт хөгжлийн талаар юу гэж заасныг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Бурхан бидний дунд” видеог цагийн код 5:01-ээс 6:58 хүртэл үзнэ үү.
Зүрх сэтгэл минь Тэнгэрлэг Эцэгтээ талархах сэтгэлээр халгин цалгиж байна. Тэрээр хүүхдүүдээ гэрэл гэгээтэй, мөнхийн ирээдүйд найдах найдваргүйгээр мөнх бус байдалд төөрөлдүүлэхээр орхиогүй гэдгийг би ухаарсан. Тэр Өөрт нь эргэн очих замыг үзүүлсэн зааварчилгааг өгсөн. Түүний Хайртай Хүү, Есүс Христ мөн Түүний бидний төлөө үйлдсэн золиослол энэ бүхний төвд байдаг. …
Бид бүгд алдар суут, сүр жавхлант хүмүүс болохоор бүтээгдсэн бөгөөд тийм хүмүүстэй харьцуулахад бид нялхаараа шахуу байгаа. Байн байн бүдэрч унахгүйгээр, хөхөрч, шарх сорви олохгүйгээр мөлхөж, алхаж, гүйж сурдаг мөнх бус бие гэж байхгүй. Бид тэгж байж л суралцдаг.
(Дийтр Ф.Угдорф, “Бурхан бидний дунд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6)
-
Ахлагч Угдорфын мэдэгдэл Тэнгэрлэг Эцэгийг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?
-
Энэ нь таны Түүний талаарх бодол санаа, Түүнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-
Өнөөдөр таны олж мэдсэн зүйл таныг юу хийхэд өдөөж байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Хэрэв бид энэ амьдралдаа итгэлтэй амьдрахыг хичээсэн ч нас барахдаа төгс биш хэвээр байвал яах вэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–44) ийн тайлбарласан.
Та шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг шүү дээ. Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүнтэй адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой. Гэвч та эдгээр зарчмыг мэдэхээсээ өмнө хөшигний цаад талд гарчихсан бол үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдана. Энэ дэлхийд бүхнийг ойлгоно гэж байхгүй. Бүр ирэх дэлхийд ч аврал, өргөмжлөлөө мэдэх нь агуу ажил байх болно.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 300)
“Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана” (1 Коринт 15:42) гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Паул мөнх бус биеийг төгс төгөлдөр бус буюу муудсан үртэй харьцуулжээ (1 Коринт 15:37–38, 42-ыг үзнэ үү). Бид нас барж, оршуулагдсаныхаа (суулгаж эсвэл тарьсны) дараа, газар шорооноос урган гарч буй ургамал мэт нэг л өдөр булшнаас босох болно. Бидний амилуулагдсан бие дахиж муудахгүй бөгөөд Бурханы хүчээр төгөлдөржих болно.
Хэн селестиел алдар сууг хүлээн авах вэ?
Селестиел хаант улс бол “Есүсийн гэрчлэлийг хүлээн авч” мөн “өөрийн цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн шинэ Гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон” (Сургаал ба Гэрээ 76:51, 69) хүмүүст зориулан бэлдсэн газар юм. Энэхүү бэлгийг өвлөн авахын тулд бид авралын ёслолуудыг хүлээн авч, зарлигуудыг сахиж, нүглүүдээ наманчлах ёстой. Селестиел алдар сууг хүлээн авах хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг Сургаал ба Гэрээ 76:50–70; 76:92–96-аас үзнэ үү.