1 Петр 2–3
“Та нар бол сонгогдсон угсааныхан”
Яагаад та сайн мэдээний зарим үнэнд итгэдэг вэ гэсэн асуултыг танаас өмнө нь асууж байсан уу? Төлөөлөгч Петр гэгээнтнүүдийг үнэнийг гэрчлэхэд үргэлж бэлэн байхад уриалсан бөгөөд тэдэнд өөрсдийнх нь тэнгэрлэг өвийн талаар сануулжээ ( 1 Петр 2:9 ; 3:15 -ыг үзнэ үү). Энэ хичээл нь Есүс Христэд үнэнч байхыг үлгэрлэхийн ач холбогдлыг ойлгоход танд туслах бөгөөд итгэлийнхээ талаар бусдад хариулах дадлага хийх боломжийг олгоно.
Есүс Христийн дагалдагчдыг дүрсэлдэг үгс
-
Таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас зарим зүйлийг бусдаас өөрөөр хийдэг гэдгийг хэн нэгэн өмнө нь ажиглаж байсан уу?
-
Энэ тал дээр танд ямар туршлага байгаа вэ?
-
Дэлхий дээрх өөр олон хүнээс өөр байх нь танд ямар санагддаг вэ?
Өнөөдөр судлахдаа, Их Эзэн Өөрийн дагагчдыг бусдаас хэрхэн онцгой, өөр байхыг хүсдэг мөн яагаад гэдгийг тунгаан бод.
Онцгой хүмүүс
1 Петр 2:9 -ийг уншаад, Петр тухайн цаг үед амьдарч байсан гэгээнтнүүдийг хэрхэн дүрсэлсэн болохыг олж мэд.
-
Танд юу нь онцгой санагдсан бэ?
-
Эдгээр нь Тэнгэрлэг Эцэг бидний талаар ямар бодолтой байдаг тухай юу зааж байна вэ?
Өнөөдөр онцгой гэдэг үг нь ихэвчлэн “өөр” эсвэл “ялгаатай” гэсэн утгыг илэрхийлдэг. Хэдийгээр Их Эзэн Өөрийн дагалдагчдыг дэлхий дээрх бусад хүнээс өөр байгаасай гэж хүсдэг ч Петрийн амьдарч байсан цаг үед онцгой гэдэг нь өөр утгатай байсан байж болох юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Хуучин Гэрээн дэх онцгой гэдэг үгийн еврей нэр томьёог segullah буюу “үнэ цэнтэй хөрөнгө” эсвэл “баялаг” гэсэн утгаар орчуулжээ. Шинэ Гэрээнд онцгой гэдэг үгийн грек нэр томьёог peripoiesis буюу “эзэмшил” эсвэл “олж авах” гэсэн утгаар орчуулсан.
Иймээс онцгой гэх судрын нэр томьёо ‘үнэ цэнтэй,’ ‘Бурханы бүтээсэн буюу Бурханаар сонгогдсон’ гэсэн утгатайг бид харж болно. Их Эзэний онцгой хүмүүсийн хувьд бидэнд үйлчлэгчид нь хэмээн бусдад танигдах нь хамгийн эрхэм дээд магтаал билээ.
(Russell M. Nelson, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 34)
-
Бурхан таныг онцгой бөгөөд үнэ цэнтэй баялаг хэмээн хардгийг мэдэхэд танд ямар санагдаж байна вэ?
1 Петр 2:9–12 -ыг уншаад, дэлхийнхнээс хэрхэн өөр байж болох талаарх ойлголтыг олж ав.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
12-р шүлэгт цэдэглэснээр, бид бусдад хэрхэн нөлөөлж болох вэ?
Бид эдгээр шүлгээс Бурхан Өөрийн гэгээнтнүүдийг дэлхийнхнээс өөр байхад уриалдаг бөгөөд энэ нь бусдад тэдний үлгэр жишээг харж, Бурханыг алдаршуулах боломжийг олгодог гэх үнэнийг тодорхойлж болно.
Дараах мэдэгдлүүдийг тунгаан бодоод, 5-ыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай гэж үзээд, өөрийгөө 1-ээс 5 хүртэл үнэл.
1. Бусад хүн намайг хараад, Есүс Христийн дагагч гэдгийг шууд мэддэг.
2. Аврагчийн дагагчийн хувьд би дэлхий дээрх бусад хүнээс өөр байдагтаа дургүйцдэггүй.
-
Яагаад эргэн тойрныхоо хүмүүсээс өөр байх заримдаа хэцүү вэ?
-
Бид дэлхий дээрх бусад хүнээс ялгаатай, онцгой байхаас эмээхгүй байхад өөрсдөдөө туслахын тулд юу хийж болох вэ?
-
Дэлхий дээрх бусад хүнээс өөр байснаараа бусдад Бурхан руу ойртож очиход нь тусалж байсан ямар жишээг өөрийн амьдралаас эсвэл судраас олж болох вэ?
Ямагт бэлэн бай
Петр захидлаа хүнд хэцүү хавчлага дарамт болон урвалтын дунд бичсэн. Өнөө үед Есүс Христийн дагагч байх хэцүү байдгийн адил, тэр үед ч мөн Христэд итгэгч байх хэцүү байв. Гэсэн ч бид мэддэг, мэдэрдэг зүйлсээ хуваалцахад бэлэн байснаар сайн мэдээний дагуу амьдрахын баяр баясгаланг мэдрэхэд бусдад туслах боломжтой. Дараах хоёр мэдэгдлийг ашиглан итгэлийнхээ талаар бусадтай хуваалцахад хэр бэлтгэгдсэн байгаагаа үнэл. Дээрхтэй ижил 1-ээс 5 хүртэлх хэмжүүрийг ашигла.
1. Би Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлээ бусадтай хуваалцахыг хүсдэг.
2. Би итгэлийнхээ талаар тайлбарлаж, Аврагчийн сайн мэдээний талаарх асуултад хариулах өөрийн чадварт итгэлтэй байдаг.
1 Петр 3:14–15 -ыг уншаад, итгэлийнхээ талаар бусадтай хуваалцах Петрийн зөвлөгөөг олж мэд.
-
Та Петрийн сургаалыг өөрийн үгээр хэрхэн тоймлон хэлэх вэ?
-
Есүс Христ болон Түүний сайн мэдээ хэрхэн танд итгэл найдвар өгдөг вэ?
-
Аврагчийн тухай болон Түүний сайн мэдээний талаар ярих хүсэлтэй мөн ийн ярихад бэлэн байх нь бусдыг хэрхэн адислах вэ?
“Ямагт бэлэн байх” ( 1 Петр 3:15) нэг үр дүнтэй арга бол таны зан ааш, итгэл үнэмшил, Сүмийн талаарх асуулт, ажигласан зүйлсэд хэрхэн хариулах тал дээр дадлага хийх явдал юм.
1. Судлах тэмдэглэлдээ дараах алхмуудыг хийж гүйцэтгэ.
1-р алхам: Дараах асуултуудаас сонирхолтой санагдсан дор хаяж хоёр асуултыг сонго эсвэл сүүлийн үед итгэлийн тань талаар танд тавьсан асуултуудаа бич.
-
Би хүмүүсийг “Есүс аварна” гэж хэлэхийг сонсож байсан. Энэ нь юу гэсэн үг вэ?
-
Танай Сүм кофе, цай уухыг яагаад хориглодог вэ?
-
Чи семинарын хичээлд явахын тулд яагаад өглөө эрт босдог вэ?
-
Бидний ямар үг хэллэг ашиглах нь Есүс Христэд яагаад хамаатай вэ? Энэ нь яагаад чухал вэ?
-
Бид яагаад Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих ёстой вэ? Ням гараг бусад өдрийн л адил энгийн өдөр биш гэж үү?
2-р алхам: Та сонгосон асуултууддаа хэрхэн хариулахаа бодож үзээд, асуулт нэг бүрд хариул. Есүс Христэд итгэх итгэл, найдах найдвар тань таны өгөх хариултад хэрхэн нөлөөлөх талаарх санал бодлоо багтаа.
3-р алхам: Бусдаас онцгойрч, Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар ярих нь яагаад чухал гэж боддогоо бич. Хэрэв та итгэлгүй байвал үүнд өөрийгөө хэрхэн бэлдэхээ залбирч байгаад бодож үзээрэй.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
1 Петр 2:9 . Петрийн сургаалууд бидний энэ эрин үеийн Сүмийн гишүүдэд хэрхэн хамаатай вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Бэки Крэйвин эгч ийн заасан.
Бид бусдын таалалд нийцэхийн тулд эсвэл өөр хэн нэгнийг тааламжтай байлгахын тулд жишгүүдээ бууруулдаггүй. Бид Есүс Христийн шавь нар учраас бусдыг өөд нь татаж, тэднийг ч мөн илүү агуу адислалуудыг олж авч болох илүү өндөрлөг, ариун газар руу өргөхөд хувь нэмрээ оруулдаг. …
Бусад хүн Түүний дүр төрхийг бидний царай төрхөөс амархан олж харж, амьдралаа илүү хянамгай авч явж байгаагаар маань хэнийг төлөөлж байгааг маань мэдэж чадах уу?
Бид гэрээт хүмүүс учраас дэлхийн бусад зүйлтэй холилдон хутгалдах ёсгүй. Бид “онцгой ард түмэн” хэмээн дуудагддаг ( 1 Петр 2:9)—Ямар гайхалтай магтаал гээч! Дэлхийн нөлөө хилэнцийг хүлээн зөвшөөрч байхад бид амьдрал, дэлхийн нөлөө хоёрын дундах зайг холдуулан, Аврагч руу аюулгүй удирддаг зам дээр бат бөх зогсохоор хичээнгүйлэн зүтгэх ёстой.
(Бэки Крэйвин, “Хянамгай ба хайхрамжгүй,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8)
Миний итгэл үнэмшлийн талаар асуух үед би хэрхэн бэлтгэлтэй байж үр дүнтэй хариулах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Есүс Христийг дагагчдын хувьд та нарын хүн нэг бүр Түүний сургаалын дагуу амьдарч чадна. Та нар “ариун зүрх мөн цэвэр гартай” байж чадна. Та нар “Бурханы дүр төрхийг өөрийн [төрх байдалд] шингээж” чадна. Та нарын сайн үйлс бусдад илэрхий байх болно. Их Эзэний гэрэл та нарын нүднээс цацрах болно. Энэхүү цацарсан гэрэлтэйгээр асуултад хариулах бэлтгэлтэй бай. Төлөөлөгч Паул “Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрт хариу өгөхөд ямагт бэлэн бай” ( 1 Петр 3:15) гэж зөвлөсөн.
Хариулт тань халуун дотно, баяр баясгалантай байг. Мөн хариулт тань тухайн хүнд хүндэтгэлтэй хандахуйц байг. Тэр ч бас Бурханы хүүхэд бөгөөд Бурхан түүнийг мөнх амьдралд орох зохистой болж, хэзээ нэгэн өдөр Түүнд эргэн ирэхийг хүсэж байгаа гэдгийг санаарай. Түүний авралын болоод Христийн сургаалын талаарх ойлголтын үүдийг нээх хүн нь та байж болох юм.
(Рассэлл М.Нэлсон, “Итгэгчдийн үлгэр жишээ бай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)