Семинар
1 Тесалоник 4–5


1 Тесалоник 4–5

Христ дэлхий дээр эргэж ирэх үе

“Тэрээр захирч, засаглахаар дахин ирнэ” Мэри Р.Сауэр Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтээр дэлхийд бууж ирж байгаа нь. Түүнийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд тойрон хүрээлсэн байна. Улаан хувцастай Тэрээр цугласан олныг дээрээс харж байна.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бодоход ямар асуулт эсвэл бодол танд орж ирдэг вэ? 4–5-р бүлгүүд дээрх тесалоникчуудад бичсэн анхны захидалдаа төлөөлөгч Паул Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай чухал мэдээллийн хамт бид үүнд хэрхэн бэлтгэх талаар заажээ. Энэ хичээл нь тэр үед юу өрнөх, Есүс Христ дэлхий дээр эргэн ирэх үед хэрхэн өөрийгөө бэлдэх талаар ойлгоход танд туслах зорилготой.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх асуултууд

Цаг гарган хичээлийн эхэнд зургийг хараад, дараа нь дараах асуултуудад өгөх хариултуудынхаа талаар бод.

  • Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар та юу мэдэх вэ?

  • Та ямар ямар зүйлийг мэдэхгүй вэ?

Тесалоникийн гэгээнтнүүдэд ч гэсэн Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар асуух зүйл байсан. Эдгээр бүлэг дээрх Паулын сургаалд тулгуурлан, тэд “Нас барсан хайрладаг хүмүүс маань хэзээ амилуулагдах вэ?,” “Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиох вэ?” эсвэл “Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?” зэрэг асуултуудыг асууж байсан байж болох юм. Магадгүй танд ч гэсэн тэдэнд байсантай адилхан асуулт байж болно. Дараах суралцах үйл ажиллагаануудаар эдгээр асуултыг авч үзнэ.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Өнөөдрийн хичээл дээр дараах суралцах үйл ажиллагаануудаас дор хаяж хоёрыг нь сонгож хийгээрэй. Сонгосон үйл ажиллагааныхаа зааврыг дага.

Суралцах үйл ажиллагаа 1: Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр амьд болон нас барсан хүмүүст юу тохиолдох вэ?

1 Тесалоник 4:13–18-ыг уншаад, Есүсийг эргэж ирэх үед зөв шударга хүмүүст юу тохиолдох талаарх ойлголтыг олж мэд. Нас барсан болон Хоёр дахь ирэлтийн үеэр амьд байгаа хүмүүст тохиолдох зүйлсийн ялгааг тэмдэглэ. (Эдгээр шүлэг дээрх “нойрсогчид” ба “нойрсогч” гэсэн үгс нь нас барсан хүмүүсийг хэлж байна.) 1 Тесалоник 4:15, 17-ийн Иосеф Смитийн Орчуулгыг унших нь тустай байж болох юм (15-р шүлэг, зүүлт тайлбар a ба 17-р шүлэг, зүүлт тайлбар a дээр буй).

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

Дараа нь Сургаал ба Гэрээ 88:96–98-ыг уншаад, эдгээр үйл явдлын талаар нэмэлт ойлголтыг олж мэд. (Мөн та энэ амьдралдаа Есүс Христийг хүлээн аваагүй хүмүүст юу тохиолдох талаар олж мэдэхийн тулд 99–101-р шүлгийг уншиж болно.)

  • Та ямар шинэ ойлголтууд олж авсан бэ?

Та Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан үнэнч гэгээнтнүүд Христийг дахин ирэх үед амилуулагдах болно гэх үнэнийг тодорхойлсон байж болох юм.

“Өргөгдөх” (1 Тесалоник 4:17) гэх нэр томьёо нь зөв шударга хүмүүс Аврагчийг ирэхэд Түүнтэй уулзахаар хамт нэгдэхийг хэлж байгаа болно. Христэд итгэгч олон хүн энэ цаг үеийн талаар ярихдаа хөөрөх (“өргөгдөх” гэсэн утгатай латин нэр томьёоноос гаралтай) гэх үгийг ашигладаг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн энэхүү ариун үйл явдлын талаар дараах зүйлийг хуваалцжээ.

15:1

Бид Христийн тухай ярьдаг

Ахлагч Андэрсэн биднийг Аврагчийн талаар илүү ихийг сурч, Түүний талаар гэртээ, сүмд, олон нийттэй харилцах сувгуудаар, болон өдөр тутмын яриандаа илүү их ярихыг захив.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны 2010 оны 8-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Христийн тухай ярих хүслийг маань Түүний эргэн ирэх талаарх төсөөлөл хамгийн их бадраадаг. Түүний хэзээ ирэхийг бид мэдэхгүй ч эргэн ирэх үеийнх нь үйл явдлууд үнэхээр гайхалтай байх болно! Тэрээр бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар тэнгэрийн үүлэн дундуур гарч ирэх болно. Зөвхөн цөөн хэдэн тэнгэр элч ч биш, харин бүх ариун тэнгэр элчтэйгээ ирнэ. Энд Валентины картан дээрээ хардаг Рафаэлын зурсан улаан хацартай херубимын тухай яриагүй байна. Тэд бол олон зуун дамнан арслангуудын амыг тагласан, шоронгийн хаалгуудыг нээсэн, Түүний удаан хүлээсэн төрөлтийг тунхагласан, Түүнийг Гетсеманид тайвшруулсан, тэнгэр лүү дээш явах үед нь Түүний шавь нарт амлалт өгсөн мөн сайн мэдээний гайхамшигт сэргээлтийг нээсэн тэнгэр элч нар юм.

Хөшигний наад эсвэл цаад талаас нэгэн цагт Түүнтэй уулзахаар өргөгдөх болно хэмээн та төсөөлж чадах уу? Энэ бол зөвт хүмүүст өгөх Түүний амлалт юм. Энэхүү гайхамшигтай үйл явдал бидний бодгалийг мөнхөд өөрчлөх болно.

(Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

Хэрэв та энэ суралцах үйл ажиллагааг сонгосон бол дараах асуултуудад өгөх хариултуудаа бич.

Аврагчийг ирэх үед зөв шударга хүмүүсийн дунд тоологдох нь ямар байх талаар цаг гарган төсөөл.

  • Тэр өдөр танд ямар бодол эсвэл мэдрэмж төрөх вэ? Ирэх үед нь таныг Өөртэй нь нэгдээсэй хэмээн Аврагч хүсдэг болохыг мэдэх нь танд ямар санагдаж байна вэ? Тэрхүү ирээдүйн өдрийн талаар төсөөлөх нь танд өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ?

1 Тесалоник 4:18-д Паул гэгээнтнүүдийг “эдгээр үгсээр бие биеэ тайвшруулахад” уриалсан.

  • Паулын сургаал таныг хэрхэн тайвшруулдаг вэ? Тэдгээр нь ирээдүйд тулгарч болох нөхцөл байдалд хэрхэн тайвшрал өгөх вэ?

Суралцах үйл ажиллагаа 2: Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиох вэ?

Танд Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиох талаар эсвэл үүнд бэлтгэлтэй байгаа эсэхээ бодож байсан үе байгаа юу? Тесалоникын гэгээнтнүүдэд ийм асуулт байсан нь гарцаагүй.

1 Тесалоник 5:1–3-ыг уншаад, Есүсийн дэлхийд эргэж ирэх цаг хугацааг дүрслэхдээ Паулын ашигласан зүйрлэлийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Хулгайч, төрж буй жирэмсэн эмэгтэй хоёрын талаарх Паулын зүйрлэл танд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар юу зааж байна вэ?

1 Тесалоник 5:4–6-г уншаад, Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн байх талаар Паулын заасан үнэнүүдийг олж мэд. Эдгээр сургаалыг Сургаал ба Гэрээ 106:4–5-тай харьцуул.

  • Та ямар ямар ойлголтыг олж авсан бэ?

Паулын сургаалаас хэрэв бид Есүс Христийг дагах замаар “гэрлийн хүүхдүүд” болохыг чармайвал Түүнийг дахин ирэхэд бэлтгэгдсэн байх болно гэх үнэнийг мэдэж авч болно.

Хэрэв та энэ суралцах үйл ажиллагааг сонгосон бол дараах догол мөрд өгөгдсөн зааварчилгааны дагуу гаргасан жагсаалтаа бичиж тэмдэглэ.

Их Эзэн биднийг ямар ямар арга замаар гэрлийн хүүхдүүд болоход урьдаг талаар илүү ихийг олж мэдэхийн тулд 3 Нифай 18:24; Сургаал ба Гэрээ 50:23–25; 88:67–68-ыг унш. Гэрлийн хүүхэд хэрхэн болж болох талаар ойлгоход танд тусалсан олж мэдсэн зүйлсээ судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

  • Та Их Эзэний гэрлийг өөрийн амьдралд хэрхэн урьж авчирдаг вэ? Та Их Эзэний гэрлийг өөрийн амьдралд хэрхэн илүү ихээр урьж авчирч болох вэ?

Суралцах үйл ажиллагаа 3: Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Паул гэгээнтнүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүнтэй уулзахад хэрхэн илүү сайн бэлтгэгдэж болох талаар зөвлөж, тесалоникчуудад бичсэн анхны захидлаа өндөрлөсөн.

1 Тесалоник 5:14–22-ыг уншаад, бэлтгэгдcэн байх талаар ямар ойлголт олж авч болохоо хар. Аль сургаал нь танд илүү тустай байж болох талаар орж ирсэн бодол санаанд нээлттэй бай.

Хэрэв та энэ суралцах үйл ажиллагааг сонгосон бол, дараах асуултуудад хариулаад, сонгосон холбогдох судрын эшлэлийг бичиж тэмдэглэ.

  • Эдгээр сургаалын аль нь танд бусдаас илүү онцгой санагдсан бэ? Яагаад?

Таны сонгосон сургаалын талаарх ойлголтыг тань гүнзгийрүүлэхэд туслах нэг эсвэл хоёр судар ол. (Та холбогдох судрыг олохын тулд Судруудын удирдамж эсвэл Topical Guide дээрх гарчгийг хайх эсвэл зүүлт тайлбарыг ашиглаж болно.)

  • Есүс Христ хэрхэн таныг Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд бэлэн байхад тусалсан бэ эсвэл туслах вэ? Та эндээс Түүний талаар юу олж мэдсэн бэ?

Өнөөдөр олж мэдсэн үнэний талаар мөн таныг Аврагчтай дахин уулзахдаа илүү бэлтгэлтэй, баяр баясгалантай байхад туслах хийхээр өдөөгдсөн үйлдлүүдийнхээ талаар эргэцүүл. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

1 Тесалоник 5:2. Аврагчийн Хоёр дахь ирэлтийн цаг үеийг шөнийн хулгайчтай хэрхэн зүйрлэж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) шөнийн хулгайч ихэвчлэн “гэнэт бөгөөд анхааруулахгүйгээр” ирдэг болохыг тайлбарласан (Doctrinal New Testament Commentary [1973], 3:54). Энэ зүйрлэлээр Аврагчийн Хоёр дахь ирэлт зарим хүнд гэнэтийн зүйл байх болно гэдгийг сануулсан.

1 Teсалоник 5:21. Паул “бүхнийг шалга; сайнаас зуур” гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн бэ?

Паул Teсалоникийн гэгээнтнүүдийг “бүхнийг шалгахад” буюу сайн эсвэл муу болохыг нь мэдэхийн тулд тэдгээрийг шалгаж, сориход мөн ”сайнаас зуурахад” урьжээ. Сүмийн гишүүдийн хувьд бидэнд сайн мэдээг судлахаас гадна энэ талаар тунгаан бодох, залбирах, эцэст нь ойлгох талаар заадаг (3 Нифай 17:1–3; Сургаал ба Гэрээ 68:25–26-г үзнэ үү). Дараа нь бид ойлгож авсан сайн сайхнаасаа чанга, итгэлтэйгээр зууран барих хэрэгтэй.