1 Тимот 4:12-16
“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”
Ефес шиг ёс бус газарт Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад амаргүй байв. Тимотын нэгэн адил зөв шударга амьдрахаар сонгосон хүмүүс бусад нөхдөөсөө онцгойрон ялгарч байлаа. Гэсэн ч Паул Тимотыг бага залуу гэж эсвэл итгэл үнэмшлийг нь шүүмжилсэн хүмүүсийн үгийг хүндээр тусгаж авалгүй “итгэгчдэд үлгэр дуурайл болохыг” (1 Тимот 4:12) уриалсан. Энэ хичээл нь залуу насандаа Есүс Христийн шавийн үлгэр дуурайлыг үзүүлэхийг хичээн чармайхад танд туслах зорилготой.
Энэ нь танд юуны талаар өгүүлж байна вэ?
-
Хэрэв хэн нэгэн таныг долоо хоногийн турш ажиглавал, Есүс Христийг дагахыг хичээдэг талаар ямар нотолгоог тэр харах байсан бол?
-
Христийг дагахыг эрэлхийлэхдээ юун дээрээ ажиллаж, сайжруулах хэрэгтэй болохыг тэд таны амьдралаас олж харах байсан бэ?
-
Бусдад ямар үлгэр жишээ харуулж байгаагаа бодож үзэх нь яагаад чухал вэ?
Эргэн тойрныхоо хүмүүст Есүс Христийг дагагчийн үлгэр дуурайлыг үзүүлж байна гэж бодоход танд хэр таатай санагдаж байна вэ мөн яагаад ийн санагдаж байгааг бод.
Энэ хичээлийг судлахдаа, бусдад тусалж, тэднийг Аврагч руу хөтөлдөг үлгэр жишээг хэрхэн үзүүлж байгаагаа тодорхойлохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Хэрэв бусдад үлгэр дуурайл үзүүлж байна гэж бодоход танд таатай санагдахгүй байвал танд тусалж, урамшуулан зоригжуулах үнэнүүдийг хайж ол.
Паул Тимотыг урамшуулан зоригжуулсан
Шинэ Гэрээнд Паулын өөрийн хамгийн итгэлтэй нөхдийн нэг болох Тимотод бичсэн хоёр захидал багтсан байдаг (1 Коринт 4:17-г үзнэ үү). Тимотын талаарх дараах мэдээллийг уншихдаа, түүний үлгэр дуурайл бусдыг хэрхэн өөрчлөх тухай бод. Та ямар нэг байдлаар түүнтэй холбогдож байна уу?
-
Тимотын ээж, эмээ хоёр нь зөв шударга үлгэр дуурайл үзүүлж байсан боловч эцэг нь үл итгэгч грекийн харь хүн байжээ (Үйлс 16:1; 2 Тимот 1:5; 3:14–15-ыг үзнэ үү).
-
Тимот Ефест Сүмийн удирдагчаар үйлчилж байсан (1 Тимот 1:3-ыг үзнэ үү). Энэ газар нь хуурамч бурхдыг шүтдэг, ёс бус зүйл түгээмэл болсон том хот байв (Үйлс 19:35-ыг үзнэ үү).
-
Тимотын нас залуу байсан тул зарим гишүүн түүний удирдах чадварт эргэлзэж байсныг Паул цухас өгүүлсэн (1 Тимот 4:12-ыг үзнэ үү).
1 Тимот 4:12–16-г уншаад, Паул Тимотод юу хийхийг зөвлөснийг олж мэд.
-
Таны хувьд утга учиртай болох юуг та олж мэдсэн бэ?
-
Та 12-р шүлэг дэх Паулын урилга мөн 16-р шүлэг дэх амлалтыг хэрхэн үнэний нэг мэдэгдэл болгон нэгтгэх вэ?
Паул 1 Тимот 4:12, 16-д хэрэв бид Есүс Христийн итгэгчдийн үлгэр дуурайл юм бол өөрсдөдөө болон бусдад авралыг авчрахад тусалж чадна хэмээн заасан.
Судрууд дахь жагсаалтыг тодорхойлох нь амьдралдаа сайн мэдээний үнэнүүдийг хэрэгжүүлэх олон арга замыг олж харахад бидэнд тусалдаг. 12-р шүлэгт Паул эргэн тойронд байгаа хүмүүстээ сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд бид аль тал дээрээ Христтэй илүү адилхан болж болохыг жагсаасан.
12-р шүлгийг дахин уншаад, Паулын биднийг төвлөрөхөд урьсан тал бүрийг дүрсэлсэн үгсийг тэмдэглэ. Энэ жагсаалтаа судлах тэмдэглэлдээ хуулж бичиж болно.
-
Эдгээр үг тус бүр ямар утга агуулгатай болохыг та хэрхэн тайлбарлах вэ? (Шаардлагатай бол тэдгээрийг тодорхойлоход судраас судлах хэрэгслүүд эсвэл толь бичгийг ашигла.)
Энэ шүлэг дэх зан байдал гэдэг үг нь бидний хийж буй үйлдлийг юм уу гаргаж буй зан авирыг илэрхийлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.
Паулын жагсаасан талуудаас хоёрыг сонгоод, дараах асуултуудад хариул.
Та хэрхэн үлгэр дуурайл үзүүлж чадах вэ?
Өөрийн сонгосон тал дээр үлгэр дуурайл үзүүлж чадах хэд хэдэн арга замыг жагсаа. Жишээлбэл: “үгээр” үлгэр дуурайл үзүүлэхийн тулд та дараах санаануудын заримыг жагсаасан байж болно. Үүнд:
-
талархлаа илүү ойр ойрхон илэрхийлэх
-
хүмүүсийг чин сэтгэлээсээ магтан сайшаах
-
үнэнийг хэлэх
-
хараалын үг хэлэхээс зайлсхийх
-
хайраа илүү ойр ойрхон илэрхийлэх
-
хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах
-
хов жив ярихаас зайлсхийх
-
илүү чин сэтгэлээсээ залбирах
Хэрэв эдгээр арга замаар үлгэр дуурайл үзүүлэхийг хичээвэл Их Эзэн таныг болон бусдыг хэрхэн адислах талаар цаг гарган тунгаан бод.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Би хэрхэн илүү сайн үлгэр дуурайл үзүүлж чадах вэ?
ChurchofJesusChrist.org дээрх дараах нэг юм уу хэд хэдэн видеог үзэх талаар бодож үз. Энд залуу хүмүүс хэрхэн эргэн тойрныхондоо үлгэр дуурайл үзүүлж байгааг үзүүлсэн болно. Үзэхдээ бусдад ямар ямар арга замаар үлгэр дуурайл үзүүлж чадахаа бодоорой.
“Гэрлээ хуваалцах нь” (2:56)
Өсвөр насны хүүхэд миний үлгэр дуурайл үнэхээр чухал зүйл байж чадах уу?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон эгч таны үлгэр дуурайл ямар ач холбогдолтой талаар ийн заасан:
Хайрт найзууд минь, гэрлээ гийгүүлэх нь яагаад тийм чухал байдаг вэ? Их Эзэн “Тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй” [Сургаал ба Гэрээ 123:12] хэмээн бидэнд айлдсан. Бид тэдэнд тусалж чадна. Бид бусдад харагдахын тулд зориудаар гэрлээ туяаран гийгүүлж чадна. Бид тэднийг урьж чадна. Христийн зүг эргэлзээд ч гэсэн нэг алхам урагшилж байгаа хүмүүстэй бид хамт алхаж чадна. …
Их Эзэн бидний өчүүхэн хичээл зүтгэл бүрийг хүчирхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Ариун Сүнс бидэнд хэлэх, хийх зүйлээ мэдэхэд тусалдаг. Ийм оролдлогуудыг хийхдээ бид тав тухтай байдлаа орхих хэрэгтэй болж магадгүй. Гэсэн ч гэрэл маань туяаран гийхэд Их Эзэн туслах болно гэдэгт итгэлтэй байгаарай.
(Бонни Х.Кордон, “Тэд харж болохын тулд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95-р хуудас)
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) үлгэр жишээ үзүүлэх талаар ийн заажээ:
Үлгэр жишээ бай. … Бидэнд олон боломж бий. Гэвч эдгээр боломж үргэлж бэлэн зэлэн байдаггүй. Ийм боломжууд өөрсдийн маань гэр оронд, бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд байдаг. Бидний Их Эзэн ‘сайныг үйлдэж явсан’ замаа тэмдэглэсэн юм. (Үйлс 10:38.) Тэрбээр үйл хэрэг дээрээ, бүр итгэгчдийн хувьд даган дуурайх үлгэр жишээ байсан юм.
Харин бид тийм байж чадаж байна уу?
(Thomas S. Monson, “An Example of the Believers,” Ensign, Nov. 1992, 98)
1 Тимот 4:16. “Өөрийгөө аврах” гэж хэлэхдээ Паул ямар утга агуулгаар үүнийг хэлсэн бэ?
Паул хэдийгээр “Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна” (1 Тимот 4:16) гэсэн үгсийг ашигласан боловч мөн бид зөвхөн Есүс Христээр дамжуулан аврагдах боломжтой (1 Тимот 1:15–16; 2:5–6-г үзнэ үү) гэдгийг гэрчилжээ. Бид өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, Түүнд биднийг аврах боломжийг олгоно.