1 Тимот 3:1-7; Тит 1:6–9
Харгалзагч буюу бишоп: “Сайн гэрчлэлтэй” хүн
Паулын амьдарч байсан цаг үед бишопууд Сүмд үйлчилдэг байсан гэдгийг та мэдэх үү? Бишоп, салбарын ерөнхийлөгчид таны амьдралыг хэрхэн адисалж чадах вэ? Паул Тимот, Тит хоёрт бичсэн захидалдаа, бишопоор дуудагдсан эрчүүдэд тавигддаг шаардлагыг тоймлосон байна. Энэ хичээл нь бишоп, салбарын ерөнхийлөгчдийн зан чанарыг болон Их Эзэний эдгээр үйлчлэгч таны амьдралд хэрхэн тусалж чадах талаар илүү сайн ойлгоход танд тусална.
Та хэнд хандах вэ?
Таны амьдралд том асуудал тулгарсан байна гэж төсөөл. Магадгүй энэ нь таны ирээдүйн талаарх шийдвэр, тулгарч буй сорилт бэрхшээл эсвэл өөрчлөхийг хичээж буй муу дадал хэвшил байж болно.
-
Та том асуудалтай тулгарахдаа хаашаа хандан удирдамж заавар авдаг вэ?
-
Та хэнтэй ярьдаг вэ мөн яагаад?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах мэдэгдлийг унш.
Эрхэм залуу хүмүүс та нар … амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийнхээ босгон дээр ирсэн байна. Эцэг эх, бишопынхоо аль алинтай өмнөө байгаа чухал сонголтуудын талаар зөвлөлдөөрэй. Бишопыг өөрийнхөө найз, зөвлөгч болохыг зөвшөөр.
(Квинтин Л.Күк, “Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60)
Цаг гарган дараах асуултуудыг тунгаан бод.
-
Та өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийг найз, зөвлөгч гэж боддог уу?
-
Та чухал шийдвэр гаргах бол эсвэл танд сүнслэг тусламж хэрэгтэй бол бишопоосоо зөвлөгөө авах магадлал хэр өндөр вэ? Яагаад?
-
Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчдөө хандан зөвлөгөө авах нь танд хэрхэн тусалдаг вэ?
Та энэ хичээлийг судлахдаа, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч тулгарсан сорилт бэрхшээл, гаргах хэрэгтэй шийдвэр, Есүс Христэд итгэх итгэлд тань тусламж дэмжлэг үзүүлж болох арга замуудыг хайж ол.
Паул бишопт тавигдах шаардлагуудын талаар заав
Паулын захидлууд гэдгээрээ танигдсан 1 Тимот, 2 Тимот болон Тит номыг ихэвчлэн пасторын захидал хэмээн нэрлэдэг. Учир нь эдгээр захидалд Сүмийн пастор, удирдагчдад зориулсан Паулын зөвлөгөө байдаг (пастор гэдэг нь хоньчин гэсэн латин үгээс гаралтай). Тимот, Тит хоёр бол номлолын аяллынх нь өөр өөр цаг үед Паултай хамт үйлчилж байсан итгэлийг нь олсон хамтрагчид байсан юм. Тухайн үед Тимот Ефес дэх Сүмийн удирдагчаар үйлчилж байсан бол Тит Грекийн арал болох Критэд байжээ.
Паулын эдгээр сүнслэгээр өдөөгдсөн захидалд заасан олон үнэн дунд тэрээр бишопоор дуудагдсан хүмүүст тавих хэд хэдэн шаардлагыг жагсаасан. Бишоп бол тойргийг эсвэл цуглааныг тэргүүлдэг дээд пристээр томилогдож, онцгойлон адислагдсан хүн юм. Бишоп нь цуглааны материаллаг болон сүнслэг ажил хэргийг удирдан явуулах үндсэн үүрэгтэй. Салбарын ерөнхийлөгч үүнтэй төстэй үүрэг хариуцлага хүлээдэг. Их Эзэн бишопыг илчлэлт эрэлхийлж буй гадасны ерөнхийлөгчөөр дамжуулан сонгодог. Дуудагдахаас нь өмнө бишопыг зохистой бөгөөд үйлчлэх боломжтой гэдгийг Тэргүүн зөвлөл баталдаг.
1 Тимот 3:1–7 болон Тит 1:6–9-ийг уншаад, бишопт тавигддаг шаардлагуудыг олж мэд. Эдгээр шаардлагаас бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид таны амьдралыг чиглүүлж, адислахад нь тусалдаг гурван зан чанарыг ол.
-
Есүс Христ тэдгээр зан чанарыг хэрхэн үлгэрлэн үзүүлдэг вэ? (Эдгээр шүлгийг 1 Петр 2:25-тай холбогдох эшлэл болгох талаар бодож үз. Энд Петр Аврагчийг “Хоньчин буюу сэтгэлийн Харгалзагч” хэмээн нэрлэсэн.)
-
Эдгээр зан чанарыг эзэмших нь хэрхэн бишопт эсвэл салбарын ерөнхийлөгчид Аврагчийн адил танд туслах боломжийг олгодог вэ?
-
Та бишоп, салбарын ерөнхийлөгчийн талаар олж мэдсэн зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин
Бишопын заах үүргийг онцлон тэмдэглэсэн аливаа үг эсвэл хэллэгийг 1 Тимот 3:2 эсвэл Тит 1:7–9-д тэмдэглэж болно.
Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь хурал, хичээл дээр мөн ганцаарчилсан ярилцлагын үеэр болон өөрийн үлгэр жишээ гэх мэт олон арга замаар дамжуулан зааж болно.
Бишоп бидэнд наманчлахад тусалдаг
Их Эзэн бишоп, салбарын ерөнхийлөгчдийг наманчлалын үйл явцаар дамжуулан, нэн ялангуяа ноцтой гэм нүгэл үйлдсэн тохиолдолд бидэнд тусалж, удирдамж заавар өгүүлэхээр дуудсан.
Далын ахлагч С.Скотт Грөү ийн заасан.
Бишоп нь томилгоо болон зөв шударга амьдралаараа тойргийнхоо гишүүдийн талаар, тухайлбал таны талаар Ариун Сүнснээс илчлэлт хүлээн авах эрхтэй.
Бишоп таны эцэг эх болон бусад удирдагчдын өгөх боломжгүй арга замаар наманчлалын үйл явцаар дамжуулан танд тусалж чадна.
… Бишоп Их Эзэний үйлчлэгчийн хувиар таныг сонсож байхдаа эелдэг байж, таныг ойлгох болно. Дараа нь тэр наманчлалын үйл явцаар дамжуулан танд туслах болно. Тэр бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр ариун болоход тань туслах ач ивээлээр дүүрэн Их Эзэний элч юм.
(C. Scott Grow, “Why and What Do I Need to Confess to My Bishop?,” New Era, Oct. 2013, 28–29)
Өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид богино захиа, э-мэйл эсвэл мессеж бичихэд цаг гарга. Түүний заасан хичээл, үзүүлсэн үйлчлэл, үлгэр жишээнд талархаж байгаагаа илэрхийлэх тухай бодож үз. Түүнчлэн танд тус болж байсан тодорхой арга замуудыг оруул. Түүнд байгааг ажигласан, талархдаг Христийнхтэй адил аливаа үлгэр жишээг онцлон дурдах талаар бодож үз. Боломжтой бол та түүнтэй уулзаж гаргах ёстой хэцүү шийдвэр, өөрт байгаа асуудалд зөвлөгөө авах эсвэл наманчлах үйл явцдаа тусламж авахыг хүсэж болно.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
1 Tимот 3:1. Шинэ Гэрээн дэх харгалзагч буюу бишоп гэх нэр цол хаанаас үүдэлтэй вэ?
Бишоп гэх нэр цол нь episcopos гэсэн грек үгээс гаралтай бөгөөд epi гэдэг нь “дээгүүр,” scopos гэдэг нь “харах” эсвэл “ажиглах” гэсэн утгатай. Тиймээс episcopos буюу бишоп нь сүргийг харж ханддаг хүн буюу зааварлагч, асрамжлагч юм.
Яагаад би гэм нүгэл үйлдсэнээ хүлээхийн тулд бишоп руу очих ёстой вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.
Садар самуун гэх мэт ноцтой гэм нүглийн наманчлах үйл явцыг олонд дэлгэхгүйгээр зохих ёсоор гүйцэлдүүлж, эцэслэн шийдвэрлэсэн байхад анхаарахад бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гэх мэт эрх мэдлийн түлхүүрүүдийг атгадаг хүний тусламжийг авсан байх шаардлагатай.
(Richard G. Scott, “The Power of Righteousness,” Ensign, Nov. 1998, 69–70)
1 Tимот 3:1. Бишопын “сайн ажил” гэж юу вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк бишопын үндсэн үүргийн талаар ийн заасан:
Бишоп тойргоо тэргүүлэх талаар таван үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд:
Тэр бол тойргийн тэргүүлэх дээд прист.
Тэрээр Аароны санваарын ерөнхийлөгч.
Олон нийтийн шүүгч байх
Тэр тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах зэрэг аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулдаг.
Мөн тэрээр бүртгэл, санхүү, цуглааны байрын ашиглалт зэрэгт хяналт тавьдаг.
Тэргүүлэх дээд пристийн гүйцэтгэх үүргийнхээ хүрээнд, бишоп бол тойргийнхоо “сүнслэг удирдагч.” Тэр “Есүс Христийн итгэлтэй шавь” юм.” …
Тэрээр ганц бие залуучууд гэх мэт өсөж буй үеийнхнийг Есүс Христ рүү удирдан чиглүүлэх хоньчноор үйлчлэх амин чухал үүрэгтэй.
(Квинтин Л.Күк, “Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 58)
Тит 1:7. Паулын “харгалзагч нь гэм зэмгүй байх ёстой” гэж хэлсэн нь ямар утгатай вэ?
Харгалзагч буюу бишопыг Их Эзэн сонгодог бөгөөд өндөр ёс суртахуунтай, зохистой нэгэн байх ёстой. Гэхдээ бүх бишоп төгс бус тул үйлчлэлийнхээ үеэр алдаа гаргах үе бий.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд дараах зүйлийг заасан:
Хүмүүний алдааны тухайд аядуу зөөлөн хандаж сур, өөрийн алдаа байна уу эсвэл сайн дураараа үйлчилж буй мөнх бус хүмүүсээр удирдуулдаг энэ Сүмд чамтай хамт үйлчилдэг бусад хүний алдаа байна уу хамаагүй. Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол, Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн. Түүнд хэцүү л байдаг байх, гэхдээ Тэрээр болгоод л байдаг. Бид ч мөн ингэх ёстой. Иймээс төгс бус аливаа зүйлийг анзаарвал, энэ нь тэнгэрийн энэхүү төгс ажилтай огт хамаагүй гэдгийг санаарай. … Тиймээс уужуу, эелдэг, өршөөнгүй байгтун.
(Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.)