Төгс эзэмших сургаал: 2 Тимот 3:15–17
“Ариун судрууд … авралд чамайг мэргэн болгох чадалтай”
Судар тогтмол судлах нь эцсийн өдрүүдэд олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд туслахаас гадна өөр олон арга замаар таны амьдралыг адисална. Энэ хичээл танд 2 Тимот 3:15–17 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад тусална.
Цээжлэх ба тайлбарлах
Цаасны ихэнх хэсгийг эсвэл цаасыг бүхэлд нь дүүргэсэн нээлттэй судрын номыг зур. Зургийнхаа дээд хэсэгт 2 Тимот 3:15–17 гэж бич. Зургийнхаа доод хэсэгт Ариун судрууд … авралд чамайг мэргэн болгох чадалтай гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг бич. Үг хэллэгийг ямар нэг зүйлээр далдлаад, үүнийгээ дахин цээжээр бич. Зөв эсэхийг шалгаад, зургаа дүүртэл уг дасгалыг хэд хэдэн удаа давт.
Өмнөх хичээлээр та бид судраас судалснаар, Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан биднийг авралд хөтлөх мэргэн ухааныг олж авах боломжтой гэх ойлголтыг олж авсан. 2 Тимот 3:15–17-г дахин уншаад, энэ зарчмын нотолгоог болон судар судалснаар бидний хүлээн авч болох бусад адислалыг олж мэд.
Та өөрийгөө Сурави нэртэй залуу эмэгтэйд хичээл зааж буй номлогч гэж төсөөл. Сурави Сэргээлтийн талаарх захиасыг хүлээн авч байсан ч таны болон хамтрагчийн тань өгсөн судрын хэсгүүдийг уншихгүй л байв. Зочлох үеэрээ та Суравигаас судраас уншихад юу саад болж байгааг асуужээ. Тэрээр судраас унших дургүй, уйтгартай байдаг гэж хариулав.
Дадлага хийх үйл ажиллагаа
-
Хэрэв та сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг нэг үгээр нэгтгэн дүгнэх хэрэгтэй бол юу гэж хэлэх байсан бэ?
Шаардлагатай бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давтахад хэдэн минут зарцуул.
Хэдийгээр бид судраас судлахын адислалыг ойлгож, мэддэг ч гэсэн тогтмол, үр дүнтэй гүйцэтгэхэд заримдаа хэцүү байж болох юм.
-
Судраас тогтмол, үр дүнтэй судлахад ямар ямар саад бэрхшээл хүндрэл учруулдаг вэ?
Судраас тогтмол, үр дүнтэй судлахад саад болдог нэг эсвэл хоёр бэрхшээлийг тодорхойлохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. (Хэрэв танд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй бол найз эсвэл гэр бүлийн гишүүнд тань тулгарч байж болох саад бэрхшээлийн талаар бод.)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.
Бурханы үгээс өдөр бүр зооглох нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлахад цаг гаргахын тулд эн тэргүүний зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол үүнийг хийгээрэй.
(Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106)
Өөрийн нэг санаан дээр ажиллаж эхлэхэд хэдэн минут зарцуул.
-
Та өдөр бүр судраас үр дүнтэй судлахад тулгардаг саад бэрхшээлийг даван гарахын тулд хэрхэн итгэлээр үйлдэж болох вэ? Хэд хэдэн санаагаа судлах тэмдэглэлдээ жагсаан бич.