Үйлс 17:1–14
Судраас эрэлхийлэх
Та судраас судлах нь яагаад ийм чухал юм бол гэж өмнө нь бодож байсан уу? Паулын хоёр дахь номлолын аяллын үеэр Паул, түүний хамтрагчдад тохиолдсон үйл явдлын зарим нь Бурханы үгийн бидэнд үзүүлдэг хүчийг дүрслэн харуулдаг. Энэ хичээл нь өдөр бүр судраас судлахын адислалыг хүлээн авах илүү их хүсэлтэй болоход танд тусална.
Судраас судлах явцдаа олж авсан ойлголт
Судрын үнэ цэний талаарх жишээ
Паулын хоёр дахь номлолын үеэр болж өнгөрсөн зарим үйл явдал судраас судлахын үнэ цэнийг харуулдаг. Судлах тэмдэглэлдээ дараах гарчгийг бич. Судраас судлах нь миний амьдралыг хэрхэн адислах вэ? Өнөөдөр судалж байхдаа энэ гарчгийн доор жагсаан бичих боломжтой ойлголтуудыг хайж ол.
Боломжтой бол Паулын хоёр дахь номлолынхоо үеэр явсан Тесалоник болон бусад газрыг олохын тулд Библийн газрын зургийн д.13-т буй “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-ыг ашигла.
Үйлс 17:1–4-ийг уншаад, Паул Тесалоник дахь иудейчүүдийн дунд юу хийснийг олж мэд.
-
Паулын хүчин чармайлтын юу нь онцгой ач холбогдолтой гэж та бодож байна вэ?
-
Энэ түүх судрын үнэ цэний талаар юуг ойлгоход танд тусалж байна вэ?
Тесалоникт Паулын иудейчүүдэд өгсөн захиас судрууд нь Есүс Христийг болон Түүний тэнгэрлэг үйл хэргийг гэрчилдэг болохыг бидэнд сануулдаг (Иохан 5:39-ийг үзнэ үү). Энэ үнэнийг судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэмэхийг бодож үз.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон судруудын зорилгын талаар дараах зүйлийг заажээ. Та “Судрын адислал” видеог 10:49-өөс 11:21 секунд хүртэл үзэж эсвэл доорх мэдэгдлийг уншиж болно.
“Эцэст нь, судруудын гол зорилго бол Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэх явдал юм. Тэд байдаг гэдэгт итгэх итгэлээр, бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралд зориулсан Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр, аз жаргалын төлөвлөгөөг боломжтой болгогч Есүс Христийн Амилалтад болон Цагаатгалд итгэх итгэлээр, Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа замнал болгох итгэлээр, “Цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг (Иохан 17:3)” танин мэдэх тэрхүү итгэлээр судрууд бидний бодгалийг дүүргэх болно.
(Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34.)
-
Та судраас судлах явцдаа ахлагч Кристоффэрсоны дурдсан аль адислалыг өөрийн биеэр мэдэрсэн бэ?
-
Судрын ямар шүлгүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх таны итгэлийг нэмэгдүүлсэн бэ? Эдгээр шүлэгт заасан үнэнүүд таны итгэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалсан бэ?
Тесалоникийн олон эрэгтэй, эмэгтэй хүн Паулын сургаалаар дамжин хөрвөгдөж, итгэсэн ч гэсэн өөр олон хүн нэгдэн бүлэглэж, Паул, Силас хоёрыг баривчлахыг оролджээ (Үйлс 17:4–5-ыг үзнэ үү). Паул, Силас хоёр тэр бүлэг дээрэмчдээс зугтаж чадсан бөгөөд ойролцоох Берой хотод очиж, тэнд номлолоо үргэлжлүүлжээ.
Үйлс 17:10–12-ыг уншаад, Паул, Силас хоёрыг Берой хотын хүмүүс хэрхэн хүлээн авсныг олж мэд. Таны хувьд ач холбогдолтой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз.
-
Өдөр бүр судраас судлах нь энэ хүмүүст хэрхэн тусалсан бэ?
Энэ түүхээс судруудыг тогтмол судлах нь биднийг үнэнийг таньж мэдэн, итгэхэд бэлтгэдэг гэх үнэнийг тодорхойлж болно. Энэ үнэнийг судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэмэх талаар бодож үз.
Судраас тогтмол судлах нь дараах нөхцөл байдлуудад танд хэрхэн тусалж болох тухай бод.
-
Сургуулийн тань нэг багш таны итгэл үнэмшилтэй зөрчилддөг ойлголтыг тайлбарлав.
-
Зарим найз тань таныг “Ганц удаа яав л гэж” хэмээн, жишигтэй тань зөрчилдөх зан үйлд оролцохыг уриалдаг.
-
Ерөнхий чуулганаар дэлхийн одоогийн чиг хандлагын эсрэг зүйлийг төлөөлөгч заав.
Судраас судлахын бусад адислал
Үйлс 17-оос таны тодорхойлсон үнэнүүд судар судалснаар хүлээн авах боломжтой адислалуудын зөвхөн цөөн хэдийг дүрслэн харуулдаг.
Дараах судрын хэсгүүдийн заримыг эсвэл бүгдийг судлахад хэдэн минут зарцуулаад, Бурханы болон Түүний бошиглогчдын үгийг судалснаар хүлээн авах боломжтой бусад адислалыг хайж ол. Судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа ойлголтуудаа нэм.
Төлөвлөгөө гаргах
Семинарын хүрээнд таныг өдөр бүр судраас судлахтай холбоотой зорилго тавихад урьсан. Та энэ зорилготой холбоотой гаргаж буй ахицаа цаг гарган үнэлж дүгнээд, цааш үргэлжлүүлэхдээ илүү их амжилтад хүрэхэд туслах шаардлагатай аливаа өөрчлөлтийг хий.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Өдөр бүр судраас судалснаар өөр ямар ямар адислал хүлээн авах боломжтой вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номыг өдөр бүр унших талаар дараах зүйлийг амласан:
Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф, биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.
(Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс судрыг Их Эзэнээс илчлэлт хүлээн авахын тулд ашиглаж болох Урим ба Туммимтай харьцуулсан.
Судар бидний хүн нэг бүрд хувийн илчлэлт хүлээн авахад туслах Урим ба Туммим болж болно гэж бид хэлдэг нь хэтрүүлж байгаа хэрэг биш юм.
Судраас унших нь бидэнд илчлэлт хүлээн авахад тусална гэдэгт бид итгэдэг тул судрыг ахин дахин уншихад уриалдаг. Энэ арга замаар бид Тэнгэрлэг Эцэгийнхээ биднээс мэдээсэй, хувийнхаа амьдралд хэрэгжүүлээсэй хэмээн хүссэн зүйлийг олж мэдэх боломжийг олж авдаг. Энэ нь хожмын үеийн гэгээнтнүүд өдөр бүр судраас судлахад итгэдэг шалтгааны нэг юм.
(Dallin H. Oaks, “Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8)