Семинар
Үйлс 16


Үйлс 16

“Бурхан [биднийг] сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

Зураг
Үзэгдлээр Петр харийн хүнд баптисм хүртээв.

Аврагч салах ёс гүйцэтгэхдээ төлөөлөгчдөдөө “бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Матай 28:19) хэмээн зарлигласан. Паул ба түүний хамтрагчид энэ зарлигийг нь биелүүлэхдээ гайхамшигт үр дүнд хүрсэн. Энэ хичээлийн зорилго бол сайн мэдээг бусадтай хуваалцахыг эрэлхийлэх үед тань Аврагчийн танд өгөхийг хүсэж буй тусламжийг ялган танихад туслах явдал юм.

Сайн мэдээг бусадтай хуваалцах

Аврагч амилсныхаа дараа төлөөлөгчдөө цуглуулаад,“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Матай 28:19) хэмээн зарлигласныг та санаж байгаа байх.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф сайн мэдээг номлох Аврагчийн зарлигийн талаар бодлоо хуваалцжээ. Та “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” видеог 2:46-аас 3:30 секунд хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Би Аврагчийн “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” [Матай 28:19] хэмээн Өөрийн шавь нарт өгсөн агуу үүргийн талаар олон удаа тунгаан бодож, залбирсан.

“Христийн Сүмийн гишүүд мөн шавь нарын хувьд бид энэ агуу үүрэг хариуцлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хамгийн сайнаараа гүйцэтгэж болох вэ?” гэсэн асуултын талаар би чин сэтгэлээсээ залбирч асуусан юм.

Өнөөдөр би та бүхнийг яг энэ асуултыг зүрх сэтгэл, оюун ухаандаа тунгаан бодоход урьж байна.

(Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15).

Ахлагч Угдорфын танаас тунгаан бодохыг хүссэн асуултаас гадна дараах асуултуудад өгөх хариултаа бод. Хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхийг бодож үз.

  • 1–5 хүртэлх хэмжүүрээр хэмжиж үзвэл, сайн мэдээг бусадтай хуваалцах таны хүсэл хэр зэрэг байна вэ? Та яагаад ингэж хариулсан бэ?

  • Танд сайн мэдээг бусадтай хуваалцахад ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

Төлөөлөгч Паул номлолоороо дамжуулан олон бодгалийг Есүс Христэд авчирсан хүчирхэг номлогч байсан. Энэ долоо хоногийн турш та Паулын хоёр, гурав дахь номлолын аяллын үеэр тохиолдсон үйл явдлуудын заримыг судална (Үйлс 15:36–41; 16; 17; 18:1–22 болон Үйлс 18:23–28; 19; 20; 21:1–15-ыг үзнэ үү). Дараах газрын зураг дээр Паулын эдгээр аяллынхаа үеэр туулсан замыг харуулж байна.

Зураг
Библийн газрын зураг Төлөөлөгч Паулын номлолын аяллууд.

Та энэ хичээлээр Паулын хоёр дахь номлолд болж өнгөрсөн зарим үйл явдлыг судлахдаа, Их Эзэн сайн мэдээг нь хүлээн авахад бэлтгэсэн хүмүүс рүү биднийг хөтөлж чадна гэсэн үнэний жишээг олж харах болно. Сайн мэдээг бусадтай хуваалцах хүчин чармайлтад тань туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

Паул хамтрагчидтайгаа Македонид номлов

Зураг
Шинэ Гэрээнд “нил ягаан бөс даавуу худалдаалдаг” Лудиагийн зураг.

Үйлс 16:6–15-ыг уншаад, Паулд болон түүний хамтрагчдад хоёр дахь номлолын аяллынх нь эхэн үед ямар үйл явдал тохиолдсоныг олж мэд.

  • Энэ түүхээс та сайн мэдээг нь хүлээн авахад Их Эзэний бэлтгэсэн хүмүүсийг хайж олохын тулд гаргаж буй хүчин чармайлтад тань Тэнгэрлэг Эцэгийн зүгээс туслах ямар зүйлийн талаар олж мэдсэн бэ?

  • Их Эзэн сайн мэдээг нь хүлээн авахад бусдыг бэлдэж байгааг та хэрхэн олж харсан бэ? Их Эзэнийг хайж буй хүмүүсийг олоход Тэрээр хэрхэн таныг бэлдсэн бэ эсвэл бэлдэж чадах вэ?

Их Эзэн хүмүүсийг Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авч, хуваалцахад хэрхэн бэлтгэдэг дүрслэлийг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрээс “Prayer” (4:12) видеог үз.

Паул, Силас хоёр шоронд хоригдсон ч үргэлжлүүлэн номлосоор байв

Зураг
Паул, Силас хоёр ташуурдуулан, шоронд хоригдсон. - бүлэг.61-4

Паул болон түүний хамтрагчид Лудиад зааж, баптисм хүртээсний дараа Паул нэгэн залуу эмэгтэй шивэгчнээс муу ёрын сүнсийг хөөж гаргав (Үйлс 16:16–18-ыг үзнэ үү). Дараа нь Паулыг болон түүний хамтрагч Силасыг зодож жанчин, шоронд хорьсон (Үйлс 16:19–24-ийг үзнэ үү). Сайн мэдээг номлосныхоо төлөө шоронд орох хэрэгтэй бол энэ нь номлохоо болих хүндэтгэх шалтгаан мэт санагдаж байж болно. Харин Паул, Силас хоёрын хувьд энэ нөхцөл байдал нь Христэд ирэхэд нь бусдад туслах боломж байв.

Үйлс 16:25–36-г уншаад, Их Эзэн Паул, Силас хоёрын шоронд орсон явдлыг хэрхэн сайн мэдээг номлох боломж болгон хувиргасан болохыг олж мэд.

  • Энэ түүхэд Паул, Силас нар Христийнхтэй адил ямар зан чанарыг харуулсан бэ?

  • Эдгээр зан чанар нь хэрхэн тэдэнд сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцах боломжийг олгосон бэ?

  • Их Эзэний сайн мэдээг нь хүлээн авахад бэлдсэн хүмүүсийг хайж олохоор хичээж чармайхад тань туслах юуг та энэ түүхээс олж мэдсэн бэ?

Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх

Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд хийж чадах ямар нэгэн зүйлийг тодорхойлохын тулд Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг өдөөлт эрэлхийл. Танд хамгийн тустай байж болох дараах урилгуудын аль нэгийг сонго.

  • Их Эзэний сайн мэдээг нь хүлээн авахад бэлдсэн хэн нэгэн рүү хөтлөн аваачихыг хүсэн, Түүнд өдөр бүр залбир.

  • Есүс Христийн сайн мэдээг сонсоход бэлэн байж болох хоёр найзаа эсвэл ангийнхаа хүүхдүүдийн нэрийг жагсаан бичих талаар бодож үз. Дараа нь тэднийг Аврагчид авчрах Түүний мутар дахь зэмсэг болохын тулд юу хийхээ олж мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс.

  • Эцэг эх, удирдагчдаасаа зохих зөвшөөрөл авч, номлолын хамтрагчидтай хэдэн цагийн турш хамт ажилла. Дараа нь туршлагаа ангийнхантайгаа хуваалц.

  • Сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд хийж болох ямар нэгэн зүйлийн талаарх өөрийн гэсэн санааг бодож ол.

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та ямар урилгыг сонгосон бэ? Хэрэв танд санаа орж ирсэн бол та юу хийхээр шийдсэн бэ?

  • Юу таныг өгсөн амлалтаа биелүүлэхэд саад болно гэж та бодож байна вэ?

  • Ямар ч саад бэрхшээл тулгарсан бай, даван туулж чадна гэсэн итгэлийг олж авахад тусалсан юуг та өнөөдөр сурч мэдсэн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хэрхэн надад сайн мэдээг хуваалцахад тусалж болох вэ?

To Sweep the Earth as with a Flood” (2:56) видеон дээр Арван хоёрын төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сайн мэдээг түгээхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах тухай ярьсан. Энэхүү видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.

Хэрэв хүмүүс илүү ихийг сурч мэдэх миний урилгыг энэ удаад хүлээн авахгүй бол би яах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Бурхан сэргээгдсэн сайн мэдээг эсвэл Есүс Христийн Сүмийг “худалдахыг” биднээс хүсдэггүй. Тэрээр зүгээр л та бүхнээс үүнийг савны доор нуухгүй байхыг хүсдэг. Хэрвээ хүмүүс Сүмийг өөрсдөд нь тохирохгүй гэж үзвэл, энэ нь тэдний өөрсдийнх нь шийдвэр. Энэ нь та нар унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Та үргэлжлүүлэн тэдэнд найрсаг хандах хэрэгтэй. Энэ нь тэднийг дахин урьж болохгүй гэсэн үг биш. Өдөр тутмын нийгмийн харилцаа ба нинжин сэтгэлийн урам зоригтой шавь байх хоёрын ялгаа бол урилга юм.

(Дийтр Ф.Угдорф, “Та нарын агуу адал явдал,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–98)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн хэлсэн.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны 2010 оны 8-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Та нарт сайн мэдээг хуваалцах хүчтэй хүсэл байгаа ч хичээж зүтгэсний үр дүнд ирсэн амжилтад тийм ч баяртай бус байж болох юм. Та нар “Би гэр бүл, найз нөхөдтэйгөө Сүмийн талаар ярьсан боловч цөөн хэд нь л сонирхсон. Хүмүүсийг эсэргүүцэх бүрд би улам бүр эргэлзэж байна. Би илүү их зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байна л даа. Гэхдээ би яахаа ч мэдэхгүй байна. Би маш их буруутай юм шиг санагдаад байна.” …

Сайн мэдээг хангалтгүй хуваалцсан гэх гэм буруутайн мэдрэмжээ орхихыг би та нарт зөвлөж байна. Харин Алмагийн зааснаар, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, … бусад хүн мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд” [Мозая 18:9] боломжуудын төлөө залбир. Энэ нь гэм буруутайн мэдрэмжээс хавьгүй хүчирхэг өдөөлт болох юм.

(Нийл Л.Андэрсэн, “Бурханы гэрч2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24–25)

Би хичээл заалгах хүмүүсийг хэрхэн олох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бид бэлэн байгаа нэгний төлөө буюу өнөөдөр Түүний биднээс туслаасай хэмээн хүсэж байгаа нэгний төлөө Их Эзэний мутар дахь зэмсэг байхын тулд Түүний тусламж, зааврыг авахаар залбирах ёстой. Тэгээд бид юу хийх талаараа Түүний Сүнсний өдөөлтийг сонсож, анхаарал хандуулахдаа соргог байх ёстой.

Өдөөлтүүд ирэх болно. Бид тоолшгүй олон хувийн гэрчлэлээсээ Их Эзэн Өөрийн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг Өөрийн арга замаар, Өөрийн цаг хугацаанд бэлтгэж байгааг мэддэг. Ийм хүмүүс эрэлхийлж байдаг бөгөөд биднийг өөрсдийг нь олж тогтоохоор эрэлхийлж байх үед Их Эзэн бидэнд хариулснаар тэдний залбирал хариулагддаг. Тэрээр хэрхэн, хаана, хэзээ мөн хэнтэй сайн мэдээг хуваалцах талаар удирдамж заавар авах хүсэлтэй, чин сэтгэлээсээ эрэлхийлж байгаа хүмүүсийг сүнслэгээр өдөөж, удирдан залах болно.

(Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)

Хэвлэх