Үйлс 17:16–34
“Бид Бурханы үр удам”
Төлөөлөгч Паул номлолынхоо хамтрагчдыг Афинд ирж нэгдэхийг нь хүлээж байхдаа, Афины хүмүүсийн хуурамч бурхад шүтдэгийг болон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгохгүй байгаад маш их санаа зовж байсан. Афинчуудыг Бурханы талаар ойлгож, Түүнд ойртоход нь туслахын тулд Паул синагогт болон гудамж зээл дээр Есүс Христийн сайн мэдээг зааж байлаа. Гүн ухаантнууд Арейпа гэдэг газарт Паулыг “энэ шинэ сургаал” (Үйлс 17:19) юу гээч болохыг тайлбарлахад урьжээ. Паул гүн ухаантнуудад Бурханы жинхэнэ мөн чанарын тухай зааж, Түүнтэй холбогдох тэдний тэнгэрлэг холбооны талаар гэрчилсэн байна. Энэ хичээл нь Бурханы хүүхдийн хувьд мөн чанарынхаа ач холбогдлыг мэдрэхэд тань тусална.
Би Бурханы хүүхэд
“Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, х. 2–3) дууллыг Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс сонс. Эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс “Child of God” (2:54) видеог үз. Та сонсож эсвэл дагаж дуулахдаа энэ дууллын захиасны ач холбогдлын талаар тунгаан бод.
-
Энэ дууны ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?
Ахлагч Доналд Л.Халлстром биднийг “Би Бурханы хүүхэд” дууллын захиасыг тунгаан бодоход урьсан.
Энэ гайхалтай дуулал бол энэ Сүмд хамгийн их дуулагддаг дууллуудын нэг юм. Гэвч хамгийн чухал асуулт бол бид үүнийгээ үнэхээр мэддэг үү? Бид оюун ухаан, зүрх сэтгэл болон бодгальдаа үүнийг мэддэг үү? Бид Тэнгэрлэг эцэг эхтэй гэдэг нь өөрсдийгөө хэн гэж боддогийн анхны бөгөөд гүн гүнзгий үндэс суурь мөн үү?
(Доналд Л.Халлстром, “Би Бурханы хүүхэд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10)
Дараах асуултуудыг ахлагч Халлстромын мэдэгдлээс авсан бөгөөд “тийм” эсвэл “үгүй” гэж хариулж болно. Эдгээр асуултад хариулахдаа асуулт тус бүрд яагаад ийн хариулснаа тайлбарла.
Энэ хичээлийн туршид өмнөх асуултуудад өгсөн хариултаа мөн таны хариултууд Тэнгэрлэг Эцэгийн талаарх бодол санааг тань хэрхэн илэрхийлж байгааг бодож үз. Бурханы хүүхэд хэмээх тэнгэрлэг мөн чанараа ойлгож, Түүний таныг гэсэн гүн гүнзгий хайрыг илүү их мэдрэхэд туслах сүнслэг өдөөлтийг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс авахыг эрэлхийл.
Паул Афинд номлов
Төлөөлөгч Паул хоёр дахь номлолын аяллаараа Афинд номложээ. Афины хүмүүс маш олон янзын үзэл, бодол санаа, итгэл үнэмшилтэй байв. Паул хүмүүс “шүтээнээр дүүрэн” (Үйлс 17:16) байхыг олж харсан бөгөөд энэ нь тэд Бурханыг биш өөр зүйлсийг шүтэн биширдэг гэсэн үг юм. Тиймээс Паул өдөр бүр Есүс Христийн тухай мөн Түүний Амилалтын талаар номлож байв. Паулыг Арейпагт барьж авчирсан бөгөөд тэнд тэрээр хэсэг гүн ухаантны өмнө номлосон байна (Үйлс 17:17–21-ийг үзнэ үү).
Үйлс 17:22–23-ыг уншаад, Паул захиасаа хэрхэн танилцуулсныг олж мэд. Та ChurchofJesusChrist.org дээрээс “We Are the Offspring of God” (4:26) видеог 0:00-оос 1:54 секунд хүртэл үзэж болно.
-
Паулын дурдсан тахилын ширээн дээрх бичиг Бурханы талаарх афинчуудын итгэл үнэмшлийн талаар юу хэлсэн байж болох вэ?
-
Энэ бичгийг судар дээрх Бурханы талаар заадаг зүйлтэй хэрхэн харьцуулж болох вэ?
Эртний афинчууд олон хуурамч бурханд итгэдэг байсан бөгөөд тэднийгээ өргөмжлөн, хөшөө дурсгал, сүм хийд барьдаг байжээ. “Эс танигдсан бурханд” (Үйлс 17:23) зориулан барьсан тахилын ширээ нь хэнийг нь мэдэхгүй буюу нэрийг нь ч мэдэхгүй аливаа бурхдыг аргадах гэсэн афинчуудын оролдлого байсан байж болох юм.
-
Та Бурханы тухай мөн Түүнтэй харилцах бидний харилцааны талаар өнөөгийн дэлхий ертөнцөд ямар ямар нийтлэг буруу ойлголт байгааг анзаарч харсан бэ?
-
Хэрэв танд Тэнгэрлэг Эцэгийн талаар сайн мэдэхгүй хүнд заах боломж олдсон бол та уг хүнийг Түүний талаар юуг олж мэдээсэй гэж хүсэх байсан бэ?
Бид Бурханы үр удам
Паулын сургаалаас таны тодорхойлсон нэг үнэн нь “Бид Бурханы үр удам” гэсэн үнэн юм (29-р шүлэг).
-
Бурханы хүүхэд гэдэг нь зүгээр л Түүний бүтээлүүдийн нэг байхаас юугаараа ялгаатай вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “бид Бурханы үр удам” хэмээх үнэний ач холбогдлын талаар гэрчилсэн.
Тэнгэрлэг Эцэг, Эх байдгийн суурь үнэн бол зөвхөн миний эсвэл таны үнэн биш юм. Энэ бол мөнхийн үнэн билээ. Үүнийг томоор, тодоор, том үсгээр бичсэн байдаг. Энэ үнэнийг ойлгож буюу үнэхээр ойлгож, хүлээн авах нь амьдралыг өөрчилдөг. Энэ нь хэн ч танаас булаан авч чадахгүй онцгой мөн чанарыг танд өгдөг. Гэхдээ үүнээс ч илүү нь энэ нь өөрийн асар их үнэ цэн, хязгааргүй ач холбогдлыг мэдрэхэд танд туслах ёстой. Эцэст нь, энэ нь таны амьдралд тэнгэрлэг, эрхэм бөгөөд үнэ цэнтэй зорилгыг өгдөг.
(M. Russell Ballard, “Children of Heavenly Father” [Brigham Young University devotional, Mar. 3, 2020], 2, speeches.byu.edu)
-
Ямар ч эргэлзээгүйгээр “Бурханы үр удам” гэдгээ мэдэх нь таны амьдралыг болон гаргадаг шийдвэрийг тань хэрхэн өөрчлөх вэ?
-
Бурханы хүүхэд хэмээх тэнгэрлэг мөн чанараа илүү сайн ойлгоход ямар ямар туршлага танд тусалсан бэ?
Өөрийнхөө тэнгэрлэг мөн чанарыг ойлгох нь нэгэн эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн талаарх жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Am I a Child of God?” (10:24) видеог 3:24-өөс 5:23 секунд хүртэл үзнэ үү.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Мормоны Ном миний Бурхантай харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан.
Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй.
(Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)
Яагаад Бурханы хүүхдийн хувиар өөрийн үнэн мөн чанарыг ойлгох нь ийм чухал вэ?
Далын ахлагч Брайн К.Тэйлор ийн заасан:
Мосе Их Эзэнтэй нүүр тулан ярилцаж байхдаа өөрийн тэнгэрлэг өвийн тухай мэдэж авсан. Энэ явдлын дараа, Мосегийн мөн чанарыг мушгин гуйвуулахын тулд хорон нарийн санаагаар “Сатан түүнийг сорихоор ирж,” “Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн гэв. Тэгээд … Мосе Сатан уруу харж мөн хэлэв: Чи хэн бэ? Учир нь болгоогтун, Бурханы хүү байна би” [Мосе 1:12–13; тодотгол нэмсэн] гэж хариулсан.
Тэнгэрлэг мөн чанарын талаарх энэ агуу дайн нь, Сатан бидний Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцааг устгах зорилгоор илүү хөнөөлт зэвсгийг гаргаж ирсээр байгаа тул улам даамжирсаар байна. Талархууштай нь, бид өөрсдийнхөө бодит мөн чанарын талаарх тодорхой алсын хараа, ойлголтоор бүр анхнаасаа адислагдсан явдал юм. …
Эцэгээ мэдэж авах нь бүх зүйлийг өөрчилдөг бөгөөд ялангуяа, Түүний зөөлөн Сүнс бидний үнэн мөн чанарыг болон Түүний мэлмийд агуу үнэ цэнтэй гэдгийг баталснаар зүрх сэтгэл маань өөрчлөгддөг. Бид Түүнээс залбиран гуйж, судраас судалж, дуулгавартай хичээж чармайснаар, Түүнийг эрэлхийлэх үед Бурхан бидэнтэй хамт гэрээний замаар маань алхдаг.
(Брайн К.Тэйлор, “Би Бурханы хүүхэд үү?,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10, 12)
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Our True Identity” (3:38) видео дээр Бурханы охид, хөвгүүдийн хувиар бидний жинхэнэ онцлог шинжийн талаар гэрчилсэн. Үүнийг ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.