Төгс эзэмших сургаал: Иаков 1:5–6
“Бурханаас гуй”
Өмнөх хичээл болох “Иаков 1” дээр та Бурханаас итгэлээр гуйвал Тэрээр биднийг мэргэн ухаанаар адислах болно гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд Иаков 1:5–6-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Цээжлэх ба тайлбарлах
Найз тань амьдралдаа чухал шийдвэр гаргах гээд чадахгүй байна гэж төсөөл. Энэ найз тань залбирлаар Бурхантай шууд ярьж чадна гэдэгт итгэж өсөөгүй гэдгийг та мэдэж байгаа.
Өмнөх хичээлээр та Иаков 1:5–6 -аас Хэрэв бид Түүнээс итгэлээрээ гуйх юм бол Бурхан бидэнд мэргэн ухааныг соёрхох болно гэх үнэнийг судалснаа сана.
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич.
-
Тэнгэрлэг Эцэгийн биднийг урьдаг харилцаа холбооны талаар тайлбарлахын тулд та Иаков 1:5–6 -г хэрхэн ашиглаж болох вэ? (Хэн нэгэн хүний залбирлаар Бурханаас асуух асуултууд эсвэл эрэлхийлэх мэргэн ухааны жишээ, хувийн туршлага, судрын жишээнүүдийг багтаах нь тустай байж болно.)
Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийг олж, тайлбарлах чадвартай байх нь амьдралынхаа туршид сайн мэдээг бусадтай хуваалцахад тань тус болж болно. “Хэрэв та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуй” ( Иаков 1:5–6) хэмээх судрын энэ хэсгийг цээжээрээ мэддэг болоход туслах үүднээс дараах судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг нэг минутад аль болох олон удаа давт.
Дадлага хийх үйл ажиллагаа
Иосеф Смит бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагаснаар адислагдсан, сударт гардаг олон хүний нэг жишээ юм. Дараах дадлага хийх үйл ажиллагаагаар тэрээр эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсэн талаарх нэг жишээг судална. Эхлэхийнхээ өмнө 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөр дэх зарчмуудыг товчхон эргэж харахад хэдэн минут зарцуул.
-
Иосеф Смитийн туршлагаас юуг аль хэдийн мэддэгээ бод. Иосефт ямар асуулт байсан бэ? ( Иосеф Смит—Түүх 1:8–10 -ыг үзнэ үү.)
-
Бидний хувьд яагаад Иосеф Смитийн адил өөрсдөд байгаа асуултынхаа хариултыг Бурханаас эрэлхийлэх нь чухал вэ?
Өөрт байгаа аливаа асуулт, эрэлхийлж буй мэргэн ухааныхаа талаар бод. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлсэн Иосефын жишээ Бурханы мэргэн ухаан шаардагдах нөхцөл байдалд хэрхэн танд туслах талаар бод.
Иосеф Смит—Түүх 1:8, 11–17 -г судлаад, Иосеф өсвөр насандаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн дагасныг харуулсан үг хэллэг бүрийг тэмдэглэхийг бод. Хэдийгээр та түүний түүхтэй аль хэдийн танил байж болох ч өмнө нь ажиглаж байгаагүй Иосефын хүсэл, хандлага, итгэл үнэмшлийг илчилсэн нарийн ширийн мэдээллийг эдгээр шүлгээс хайж ол.
-
Та Иосефын итгэлээр үйлдэж, мөнхийн талаас нь шинжлэн судалж, тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглаж буй ямар жишээнүүдийг олж харсан бэ?
2. Дараах асуултуудын дор хаяж дөрөвт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх
-
Яагаад Иосеф Смитийн хувьд асуултдаа шууд Бурханаас хариулт авахыг эрэлхийлэх нь чухал байсан гэж та бодож байна вэ?
-
Хариултаа авахын тулд Бурханд хандаагүй байсан бол юу тохиолдох байсан гэж Иосеф итгэж байсан бэ? ( Иосеф Смит–Түүх 1:13 -ыг үзнэ үү.)
-
Залбирлаас гадна та өөр ямар арга замаар Бурханаас хариулт авахаар эрэлхийлэх вэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Бурханд шууд хандан асуултынхаа хариултыг авч болно гэсэн итгэлийг өгсөн юуг Иосеф Түүний талаар мэддэг байсан гэж та бодож байна вэ?
-
Таны асуултын хариулт хурдан ирэхгүй байвал Тэнгэрлэг Эцэг үнэнүүдийг хүүхдүүддээ хэрхэн илчилдэг болохыг ойлгох нь хэрхэн тустай вэ?
-
Сатан яагаад Иосефыг болон таныг Бурханд залбиран хариултаа авахад саад болдог вэ?
Итгэлээр үйлдэх
-
Сатан залбирахад нь саад болсон ч гэсэн Иосеф Смит “ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй” ( Иаков 1:6) гэдгийг хэрхэн харуулсан бэ? ( Иосеф Смит—Түүх 1:15–16 -г үзнэ үү.)
-
Иосефын жишээ таны асуулт, асуудалд хэрхэн туслах вэ? Итгэлээр үйлдэх тусгай төлөвлөгөө гаргах талаар бодож үз.