Иаков 1
”Бурханаас гуй”
Танд хариулт авч чадаагүй асуулт байвал эсвэл чухал шийдвэр гаргахад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй бол Түүнээс тусламж хүсэж болно гэж бодогддог уу? Иаков та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал “бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэж тунхагласан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг таны залбирлын хариуд мэргэн ухаан өгөх болно хэмээх гэрчлэлийг тань бэхжүүлэх зорилготой.
Чухал хариулт
Дараах асуултуудыг нэг бүрчлэн хараад, асуулт тус бүр дээр дараах зүйлсийг тунгаан бод. (1) Би Бурханаас хариулт хүлээн авч байсан уу? (2) Би хараахан хүлээн аваагүй байгаа хариултаа Бурханаас авахыг эрэлхийлж байгаа юу? (3) Би хариултаа авахыг эрэлхийлэх сонирхолгүй байна уу?
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн Сүм мөн үү?
-
Есүс Христ үнэхээр миний Аврагч уу?
-
Би Есүс Христийн илүү сайн дагагч байхын тулд юунд төвлөрөх ёстой вэ?
Та Иаков 1 дэх төлөөлөгч Иаковын үгийг судлахдаа, амьдралынхаа чухал асуултуудад хариулт олоход тань туслах зарчмуудыг олж мэд.
Иаковын талаарх дараах мэдээллийг унш. Амьдралынхаа туршид тэр ямар асуултуудад хариулт авахыг эрэлхийлсэн байж болохыг бодоорой.
-
Тэр Есүс Христийн эх эсвэл эцэг нэгтэй ах байсан байх магадлалтай (Судруудын удирдамж дахь “ Иаков, Их Эзэний ах ”-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).
-
Их Эзэний эх эсвэл эцэг нэгтэй өөр бусад ах дүүгийнх нь нэгэн адил тэр эхэндээ Есүс бол Христ байсан гэдэгт итгээгүй байж болох юм ( Иаков 7:3–5 -ыг үзнэ үү).
-
Хожим нь Иаков төлөөлөгч болсон бөгөөд эртний Христийн шашны түүхчдийн бичсэнээр, Иерусалим дахь Сүмийн анхны бишоп байжээ ( Үйлс 12:16–17 ; 21:17–18 ; Галат 1:18–19 ; 2:9 -ийг үзнэ үү).
Иаков 1:1 -ийг уншаад, Иаков хэнд захиа бичсэнийг тодорхойл.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) “Иаков … хараахан цуглараагүй, хараахан сайн мэдээ хүлээн аваагүй, Христийн сүрэгт хараахан ирээгүй байсан хүмүүст зориулж бичсэн” хэмээн тайлбарласан (Doctrinal New Testament Commentary [1973], 3:243).
-
Сайн мэдээг хараахан хүлээн аваагүй байгаа хүмүүст ямар ямар асуулт байж болох вэ?
Иаков 1:5–6 -г уншаад, бидэнд чухал асуулт гарч ирэхэд мөн сайн мэдээний үнэнийг эрэлхийлж буй хүмүүст туслах Иаковын заасан үнэнүүдийг олж мэд. (Буруушаах гэдэг нь алдааг олох эсвэл загнах гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.)
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Та судрын энэ хэсгээс Тэнгэрлэг Эцэгийн талаар юу олж мэдсэн бэ?
Судрын энэ хэсгээс Хэрэв бид Бурханаас итгэлээр гуйвал Тэрээр биднийг мэргэн ухаанаар адислах болно гэх үнэнийг мэдэж авч болно.
-
“Ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? ( Иаков 1:6).
-
Яагаад Тэнгэрлэг Эцэг Өөрт нь хандан хариултаа аваасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
Үргэлжлүүлэн суралцахдаа, Бурханаас мэргэн ухаан эсвэл асуултынхаа хариултыг авахыг эрэлхийлж байсан туршлага, бодол, мэдрэмжийнхээ талаар бод.
Иосеф Смитийн жишээ
Хэрэв бид Бурханаас итгэлээр гуйвал Тэрээр биднийг мэргэн ухаанаар адисална гэсэн зарчмын жишээг тунгаан бодох нь тустай байж болно. Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх нь Иосеф Смитэд гүн гүнзгий нөлөөлсөн.
1. Дараах асуултуудад хариул.
-
Иосеф Смитийн туршлагаас юу нь танд онцгой санагдсан бэ?
-
Анхны үзэгдлээр ирсэн Бурханы хариулт Иосефын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Таны туршлага
2. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.
Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх явцад төрсөн бодол, мэдрэмж, туршлагуудаа бич. Доорх санаануудын заримыг багтаахыг бод.
-
Таны асуултад хариулахад бэлэн байдаг Бурханы талаарх таны мэдрэмж болон бодол ( Иаков 1:5–6 -г үзнэ үү)
-
Бурханаас мэргэн ухаан гуйсан Иосеф Смитийн туршлагын талаарх таны мэдрэмж болон бодол
-
Бурханаас мэргэн ухаан эрэлхийлж байсан буюу эрэлхийлж байгаа мөн хариултаа хүлээн авч байгаатай холбоотой таны туршлага (Эдгээр туршлагад хичээлийн эхэнд байгаа асуултуудад хариулт авахыг эрэлхийлэх багтаж болно)
-
Одоо эсвэл ирээдүйд Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэхийг хүсэж буй арга зам
-
Энэ хичээлийн үеэр Ариун Сүнснээс хүлээн авсан танд тус болж болох ойлголт
Залбирч, Бурханаас мэргэн ухаан, хариулт авахыг хүсэхтэй холбоотой дадал хэвшлийнхээ талаар бод. Та хэзээ хамгийн сүүлд Тэнгэрлэг Эцэгээс мэргэн ухаан эсвэл асуултынхаа хариултыг авахыг хүссэн бэ? Та илүү чин сэтгэлээсээ, тогтмол гуйж эхлэхийн тулд өнөөдөр юу хийж чадах вэ? Өнөөдөр суралцсан зүйлс дээр тань үндэслэн Тэнгэрлэг Эцэг танаас юуг хийхийг хүсэж байна гэж бодож байгаагаа тэмдэглэлдээ бич.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Яагаад Бурханаас мэргэн ухаан хүлээн авч, өөрийн гэсэн гэрчлэлтэй болох нь чухал вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! …
Та юу үнэн болох талаар эргэлзэх шаардлагагүй [Моронай 10:5-ыг үзнэ үү]. Та хэнд баталгаатай найдаж болох вэ гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусад хүний юу хэлэх, хийхээс үл хамааран таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн юу үнэн болох талаарх гэрчлэлийг хэн ч авч чадахгүй. …
Бид Есүс Христийн дагалдагчид. Ариун Сүнсний танд байнга гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм. Тэр амьд!
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)
Иаков 1:6 . “Итгэлээрээ гуйх” гэдэг нь ямар утгатай вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Иаков 1:5–6 -аас эш татаад, ийн тайлбарлажээ.
Итгэлээрээ гуйх гэдэг нь миний ойлголтоор бол зөвхөн асуух биш үйлдэл болгох хэрэгцээг, гуйх мөн гүйцэтгэх давхар үүрэг хариуцлагыг, ярих мөн үйлдэх шаардлагыг хэлдэг болохыг анхаар. …
Иосефын асуултууд дан ганц түүний мэдэх хэрэгтэй зүйлс дээр бус, бас юу хийх ёстой вэ гэдэг дээр төвлөрсөн байв. Тэрээр зүгээр л “Аль сүм нь зөв бэ?” гээгүй харин “Аль сүмд би нэгдэх ёстой вэ?” гэж асуусан байлаа. Иосеф төгөл руу итгэлээр асуухаар очсон бөгөөд бас итгэлээр үйлдэх шийдвэр төгс байв.
Жинхэнэ итгэл Есүс Христэд төвлөрч, Түүн рүү чиглэсэн байдаг бөгөөд үргэлж зөв шударга үйлдэл рүү хөтөлдөг. … Бид “амен” гэж хэлснийхээ дараа, Тэнгэрлэг Эцэгт илэрхийлсэн зүйлсийнхээ дагуу үйлдсэнээр залбирлаар хүссэн зүйлээ ажил хэрэг болгохын төлөө шамдан, тууштай шаргуу ажилладаг билээ.
Итгэлээр гуйхад шударга байдал, хүчин чармайлт, үүрэг амлалт, шаргуу зан чанар шаардагддаг.
(David A. Bednar, “Ask in Faith,” Ensign or Liahona, May 2008, 94–95)