Төгс эзэмших сургаал: Иаков 2:17–18
“Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм”
Өмнөх хичээлээр та бид Есүс Христэд итгэх итгэлээ өөрсдийн зөв зохистой үйлдлээр харуулдаг болохыг олж мэдсэн. Энэ хичээл танд Иаков 2:17–18 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Цээжлэх ба тайлбарлах
Үг тус бүрийн хооронд зай аваад, Иаков 2:17–18, Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм гэж цаасан дээр бич. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг чанга хэл. Дараа нь үг, тоо тус бүрийг тус тусад нь салгаж аваад, хооронд нь хольж, буцааж дарааллаар нь болго. Судар болон эшлэлийг дахин хэл. Ямар нэг цаасны тусламжгүйгээр судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ хэлж чаддаг болох хүртлээ уг үйл явцыг давт.
Иаков 2:17–18 -ыг уншихдаа, Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл зөв зохистой үйлсийг шаарддаг гэсэн өмнөх хичээл дээрх зарчмыг эргэн сана.
-
Та хэн нэгэнд итгэлээр үйлдэх сэдлийг төрүүлэх замаар энэ үнэнийг хэрхэн тайлбарлаж чадах вэ?
Дадлага хийх үйл ажиллагаа
1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмыг авч үз. Дараа нь зарчим бүрд зориулж утгыг нь өөрийн үгээр нэгтгэн дүгнэсэн нэг өгүүлбэр бич. Тустай гэж үзвэл, 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг дахин давт.
-
Итгэлээр үйлд.
-
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.
Өөрсдийн итгэлийн дагуу үйлдэх амаргүй байж болно. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Гэхдээ бидний мэддэг зүйлс ажил үйлсээр харагддаггүй” хэмээн хэлсэн (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18). Дараах жишээнүүдийг уншихдаа, бид заримдаа өөрсдийн мэддэг сайн мэдээний зарчмуудын дагуу заримдаа үйлдэхгүй байх шалтгаануудыг бод.
-
Нэгэн залуу эмэгтэй судраасаа өдөр бүр уншихыг хүсдэг. Уншиж буй зүйлээ ойлгохгүй эсвэл утгыг нь олохгүй байх үед заримдаа урам нь хугардаг байна.
-
Нэгэн залуу эмэгтэй хүүхэд байхаасаа аравны нэгийн өргөлийг үнэнчээр төлсөөр иржээ. Одоо тэр том болж, байнгын ажилтай болсон. Түүний өгөх ёстой өргөлийн хэмжээ өмнө өгч байснаас нь хавьгүй их болсон бөгөөд төлөхөд улам л хэцүү болсон байна.
-
Нэгэн залуу эрэгтэй Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар олон жилийн турш судалжээ. Тэр Есүс хүн төрөлхтний нүглийн төлөө зовж шаналсан, түүний нүгэл өршөөгдсөн гэдэгт итгэдэг. Өмнө нь наманчлалтай холбоотой утга учир бүхий үйл явдал түүнд тохиолдож байв. Гэсэн ч тэр наманчлах талаар огтхон ч бодохгүй явсаар удаан хугацаа өнгөрөх гэж буйг ажиглах болжээ.
2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Дээрх нөхцөл байдлуудын аль нэгийг сонго эсвэл итгэдэг боловч үйлдэхэд хэцүү сайн мэдээний өөр нэг зарчмын талаар бод. Та эсвэл таны сонгосон нөхцөл байдалд байгаа хүн уг нөхцөл байдлаасаа гарахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг хэрхэн ашиглаж болох талаар бич.
Хэрэв сонгосон нөхцөл байдалдаа эдгээр зарчмыг ашиглах тал дээр тусламж хэрэгтэй бол дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд хариулахыг бод.
1-р зарчим: Итгэлээр үйлдэх
-
Урьд нь та сайн мэдээний ямар зарчмын дагуу итгэлээр үйлдэж байсан бэ?
-
Энэ нөхцөл байдалд танд туслах юуг та Есүс Христийн талаар энэ туршлагаас олж мэдсэн бэ?
2-р зарчим: Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Тэнгэрлэг Эцэг энэ нөхцөл байдлыг хэрхэн хардаг гэж та бодож байна вэ? Тэр ямар арга замаар тусалж болох вэ?
-
Энэ зарчмын дагуу үйлдэх нь одоо ч мөнхөд ч адислалаас хүртэхэд хэрхэн хөтлөх вэ?
3-р зарчим: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Энэ нөхцөл байдалд Иаков 2:17–18 хэрхэн туслах вэ? Энэ зарчмыг илүү сайн ойлгож, үүний дагуу амьдрах сэдэл төрүүлэхэд танд туслах өөр ямар судар, ерөнхий чуулган дээр хэлсэн үг байна вэ? (Жишээлбэл: Алма 32:27–28 -ыг үзнэ үү.)
-
Ихэвчлэн эдгээр асуудлыг итгэлтэй найз, гэр бүлийн гишүүн эсвэл Сүмийн удирдагчтайгаа ярилцах нь тустай. Их Эзэн таныг энэ асуудлын талаар хэнтэй ярилцаасай гэж хүсэж байж болох вэ?
Энэ хичээлийн туршид юу сурч мэдсэнээ цаг гарган тунгаан бод. Хэрэв та үйлдэхэд хэцүү байгаа сайн мэдээний зарчмаа тодорхойлсон бол одоо үүний дагуу үйлдэхээр төлөвлөж буй эсэхээ чин сэтгэлээсээ үнэлээрэй. Хэрэв та одоо үйлдэхээр төлөвлөөгүй байгаа бол замд тань тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар болон Их Эзэн танд хэрхэн туслах талаар бод.