Төгс эзэмших сургаал: Лук 2:10–12
Есүс Христ Аврагч, Их Эзэн болж төрсөн
Өмнөх хичээлээр та тэнгэр элч хоньчдод Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд дэлхийн Аврагч хэмээн гэрчилсэн тухай судалсан (Лук 2:10–12-ыг үзнэ үү). Энэ хичээл танд сүнслэг мэдлэг олж авах зарчмыг бодит байдалд хэрэгжүүлэх явцдаа энэ сургаалын талаарх ойлголтоо харуулах боломжийг олгоно.
Цээжлэх ба тайлбарлах
Аврагчийн мэндэлсэн өдрийн зургийг хараад, Лук 2:10–12 дахь “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” хэмээх судрын эшлэл, түлхүүр үгийг цээжээр унш. Цээжээр бүрэн уншиж чаддаг болтлоо давтаарай.
Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр дэх зарчмуудыг эргэн харахад хэдэн минут зарцуул. Зарчим бүр дээр уг ойлголтыг тайлбарласан хамгийн багадаа нэг өгүүлбэрийг тэмдэглээрэй.
Дараах жишээг авч үз.
Шашин шүтдэггүй нэг найз тань цэцэрлэгт хүрээлэнд хэсэг хүнтэй ярилцаж буй номлогчдыг харжээ. Найз тань танаас “Танай сүмийн номлогчид яагаад гадуур явж, Есүсийн талаар номлодог юм бэ? Та нар итгэл үнэмшлээ бусад хүнд хүчээр тулгаж байгаа юм шиг санагдаж байна. Та нар яагаад тэднийг байгаагаар нь аз жаргалтай байлгаж болдоггүй юм бэ?” гэж асуув.
Энэ жишээг санаандаа аваад, сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудыг судлан, тэдгээр нь найзын тань асуултад хариулахад хэрхэн тусалж чадах талаар эргэцүүлэн бод.
Итгэлээр үйлд
“Бид Бурханд итгэхийг сонгож, эхлээд Түүнд хандан итгэлийнхээ дагуу үйлддэг” (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал, “Сүнслэг мэдлэг олж авах,” 5-р догол мөр).
-
“Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р мөр дэх аль үг хэллэг нь жишээнд тавигдсан асуултад хариулахад тань туслах вэ?
-
Итгэлээр үйлдэх нь найзынхаа асуултын хариултыг эрэлхийлэхэд хэрхэн туслах вэ?
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
“[Утга санаа болон асуултуудыг] мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа бид тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэвт нь авч үзэх хэрэгтэй” (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал, “Сүнслэг мэдлэг олж авах,” 8-р догол мөр).
Лук 2:10–12-ыг эргэж хар. Энэ хэсэг Есүс Христийн тухай аль хэдийн мэддэг болсон зүйлийг тань заахын зэрэгцээ өөр юу заасныг бодож үз.
-
Аврагч авралын төлөвлөгөөнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-
Есүс Христийн тухай хараахан мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд Түүний талаар судлах нь яагаад чухал вэ?
-
Түүний сайн мэдээг аль хэдийн хүлээн авсан Христийн бусад шашны хүмүүстэй төдийгүй бусад бүх хүнтэй Түүний сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцах нь бидэнд яагаад чухал вэ?
-
Та найзынхаа асуултад хариулахдаа дээрх асуултуудын хариултыг хэрхэн ашиглаж болох вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх
Их Эзэн бидэнд сүнслэг мэдлэг олж авахад маань туслахын тулд “тогтоосон сүнслэг мэдлэг олж авах үйл явцын нэг хэсэг болгон Тэрээр үнэн ба удирдамжийг Өөрийн хүүхдүүдэд илчлэх эх сурвалжийг бий болгосон” (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал, “Сүнслэг мэдлэг олж авах,” 11-р догол мөр).
Найзынхаа асуултад хариулахад туслах мэдээллийг хайж олохын тулд дараах сүнслэг эх сурвалжуудаас нэг эсвэл хэд хэдийг унш.
-
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org)
-
Өмнөх хичээл дээр Лук 2:10–12-той холбогдох эшлэл болгон холбосон шүлгүүд
-
Дууллын номын “Есүс Христ” сэдвийн доор жагсаасан дуунууд
Эдгээр эх сурвалж нь Аврагч ба Түүний сургаал хүмүүст хэрхэн баяр баясгаланг авчирдаг тухай танд юу зааж байгааг эргэцүүлэн бод.
-
Та хүмүүст энэ болон ирэх амьдралд нь баяр баясгаланг авчрах Аврагчийн тухай мөн Түүний сургаалын тухай юу сурч мэдэж авсан бэ?
-
Аврагчтай эсвэл Түүний сургаалтай холбоотой ямар хувийн туршлага тань танд баяр баясгалан авчирсан бэ?
-
Эдгээр асуултын хариулт найзынхаа асуултад хариулахад тань хэрхэн туслах вэ?