Ефес 6:10–24
“Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс”
Бид хүн төрөлхтний бодгалийг аврахын төлөө дайтаж байна. Тэнгэрлэг Эцэг Паулд Сатаны халдлагаас хэрхэн амь гарах талаар заах урам зоригийг өгчээ. Энэ хичээл нь Бурхан таныг дэлхийн муу муухайгаас хамгаалахын тулд юу өгснийг ойлгож, одоогийн сүнслэг бэлтгэлээ үнэлэн дүгнэж, сүнслэг хамгаалалтаа сайжруулах төлөвлөгөө гаргахад танд туслах зорилготой.
Сатаны арга мэх түрэмгий байдаг
-
Өсвөр насны хүүхдийн хувьд та нарт тулгарч буй зүйл, эцэг эхэд тань өсвөр насанд нь тулгарч байсан зүйлийн хоорондын хамгийн том ялгаа юу гэж бодож байна вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн (1932–2017) дараах мэдэгдлийг уншаад, түүний онцолсон нэг ялгааг ол.
Та нарын аав, өвөө нар та бүхний өдөр бүр нүүр тулж байдаг уруу таталтуудтай хэзээ ч учирч байгаагүй. Та нар эцсийн өдрүүдэд амьдарч байна. Хэрэв аав нь хэрэг тарьж сахилгагүйтэхийг хүсэж байсан бол тэрээр асуудлаа өөрөө хайж олох хэрэгтэй байсан. Одоо тийм байхаа больжээ! Өнөөдөр уруу таталт та нарыг олох болж! Үүнийг санаж яваарай! Сатан та нарыг эзэмдэхийг хүсэж байгаа бөгөөд “нүгэл хаалган дээр хэвтэж” байх болсон байна [Мосе 5:23]. Та түүний түрэмгий арга мэхийг хэрхэн сөрөн зогсож чадах вэ?
(Робэрт Д.Хэйлс, “Ариун газруудад бат зогсоцгооё” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 58)
-
Өнөөдөр бид уруу таталтыг өөрсдөө эрэлхийлээгүй байхад ямар ямар арга замаар уруу таталт биднийг олж байна вэ?
Дараах асуултуудыг тунгаан бод эсвэл судлах тэмдэглэлдээ хариултаа бич.
-
Сатан таныг хувь хүний тань хувьд ямар арга замаар уруу татах гэж оролдож байна вэ?
-
Та Сатаны уруу таталтыг эсэргүүцэхэд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд юу хийх вэ? Та юуг илүү сайн хийсэн бэ? Сайжруулахын тулд та юу хийх хэрэгтэй байна вэ?
Энэ хичээлийг судлахдаа Сатаны халдлагаас Аврагчийн хамгаалалтыг өөрийн амьдралд хэрхэн эрэлхийлж, илүү бүрэн дүүрэн хүлээн авч болохыг олж мэдэхэд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Их Эзэний хамгаалалт
Ефес 6:10–13-ыг уншаад, Паулын амьдарч байсан цаг үед гэгээнтнүүд юуны эсрэг тулалдаж байна гэж тэр хэлснийг олж мэд.
-
Ефесийн гэгээнтнүүдийн тухайн цаг үед тулалдаж байсан зүйлийг бидний одоо тулалдаж байгаа зүйлтэй харьцуулахад та ямар ямар ижил төстэй зүйл байгааг олж харж байна вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад биднийг муу муухайгаас хамгаалагдаасай хэмээн хүсдэг вэ? Энэ хүсэл бидэнд Тэдний талаар юуг зааж байна вэ?
-
Паул ефесчүүдийг эдгээр муу муухайг сөрөн зогсох чадалтай болохын тулд юу хийхэд урьсан бэ?
Бид Ефес 6:10–13-аас хэрэв бид Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсвөл муу муухайг сөрөн зогсох чадалтай болно гэдгийг мэдэж авсан.
Бурханы хуяг дуулга гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгдөг хамгаалалтыг зүйрлэсэн зүйрлэл эсвэл бэлгэ тэмдэг юм. Бидэнд тулгарч буй тулаанд Бурханы хуяг дуулга танд болон таны амьдралд тохиох аюул заналд онцгойлон зориулагдсан байдаг. Энэхүү бурханлаг хамгаалалтын талаар ойлгоход тань туслах дараах зургийг судлах тэмдэглэлдээ хуулж эсвэл хэвлэж авч болно. Дараах үйл ажиллагаанд өгсөн хариултаа бүдүүвч зурган дээрээ бичиж тэмдэглэ.
Ефес 6:14–18-ыг уншаад, Бурханы хуяг дуулгын хэсэг бүрийг тодорхойл. Хуяг дуулгын хэсэг бүр юуг төлөөлж байгааг бүдүүвч зурган дээрээ бич. “Хөлдөө өмсөх” (Ефес 6:15) гэдэг нь хөлдөө хамгаалалт зүүхийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.
Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэн Бурханы хуяг дуулгын хэсэг бүрийн талаарх ойлголтоо гүнзгийрүүл.
Аврагчийн бүрэн хуяг дуулгыг өмсөх
Паул, Аврагч хоёр Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх талаар онцолсон (Ефес 6:11, 13; Сургаал ба Гэрээ 27:15-ыг үзнэ үү).
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Аврагчийн хуяг дуулгаар хамгаалагдсан биеийн хэсгүүд ямар ач холбогдолтой вэ?
Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) ийн хэлсэн.
Төлөөлөгч Паулын хэлсэн харанхуйн хүчинд хамгийн их автагдаж болохуйц биеийн дөрвөн хэсэг бидэнд байдаг. Бүсэлхий бол ариун журам, ариун явдлын бэлгэдэл. Зүрх нь үйл хөдлөлийн бэлгэдэл. Хөл нь амьдралын зорилго ба зорилт. Эцэст нь бидний толгой бол оюун санааны бэлгэдэл юм.
(Harold B. Lee, Feet Shod with the Preparation of the Gospel of Peace, Brigham Young University Speeches of the Year [Nov. 9, 1955], 2)
Би Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхийн тулд юу хийж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004):
“Эгэл хүнээ тайлснаар өмнө нь таарахгүй байсан Бурханы өвч зэвсгийг агсах боломжтой болдог! (Ефес 6:11, 13-ыг үзнэ үү).
(Neal A. Maxwell, “Plow in Hope,” Ensign, May 2001, 60)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан:
Би энэхүү сүнслэг хуяг дуулгыг биед яг таг сууж өгдөг хатуу төмрөн хуяг биш харин гинжин хэлхээстэй хуяг гэж бодох дуртай. Гинжин хуяг нь эзнээ хамгаалахын зэрэгцээ бусад хуягаас илүү хөдлөх боломжийг олгодог маш олон жижиг хэсгээс бүрдсэн байдаг. Өөрсдийгөө сүнслэг байдлаар хуяглахын тулд хийж болох цор ганц агуу, гайхамшигт зүйл байдаггүй гэдгийг би өөрийн туршлагаас мэддэг учраас ийн хэлж байгаа юм. Жинхэнэ сүнслэг хүч нь аливаа нүгэл хилэнцээс халхлан хамгаалдаг сүнслэг бэхлэлтийн хийцэд сүлжигдэн орсон олон жижиг үйлдэлд оршдог.
(M. Russell Ballard, “Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8)
Ариун сүмийн гармент Бурханы хуяг дуулгатай юугаараа холбоотой вэ?
Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Карлос Э.Асай (1926–1999) ийн тайлбарласан.
Гэхдээ анхаарлаа хандуулбал зохих өөр нэгэн чухал хуяг дуулга бий. Энэ бол ариун сүмийн хишгийг хүлээн авсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн өмсдөг ариун санваарын өмсгөл буюу ариун сүмийн гармент гэж нэрлэгддэг тусгай дотуур хувцас юм. Энэхүү гарментыг өдөр, шөнийн бүхий л цагт өмсөх нь гурван чухал зорилготой. Тэдгээр нь Их Эзэний ариун өргөөнд Түүнтэй байгуулсан ариун гэрээний сануулга, биеийг хамгаалах өмсгөл мөн Христийн бүх даруухан дагалдагчдын амьдралыг илэрхийлэх ёстой хувцаслалт, амьдралын бэлгэ тэмдэг зэрэг юм.
(Carlos E. Asay, “The Temple Garment: ‘An Outward Expression of an Inward Commitment,’” Ensign, Aug. 1997, 20)