Филиппой 3
“Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсдаг нь Христийг олохын тулд бөлгөө”
Та Есүс Христийг дагаж, Түүний шавь болохын тулд юуг золиослоход бэлэн байна вэ? Төлөөлөгч Паул фарисай хүн байсныхаа хувьд Аврагчийг дагахаар сонгосноор еврейчүүдийн нийгэмд эзэлж байсан нөлөө бүхий байр суурь зэрэг олон зүйлээсээ татгалзсан (Филиппой 3:5-ыг үзнэ үү). Энэ хичээл нь Есүс Христийг танин мэдэхийн тулд золиос гаргахын ач холбогдлыг ойлгоход танд тусална.
Та юу өгөх вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклитэй (1910–2008) Сүмийн гишүүн болохын тулд гаргахад бэлэн золиосуудаа хуваалцсан залуу эрэгтэйн тухай Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн ярьсан дараах түүхийг уншиж эсвэл үзнэ үү.
Олон жилийн өмнө энэ чуулганаар бид Америкийн Нэгдсэн Улсад суралцаж байхдаа сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан нэгэн залуугийн талаар сонссон. Түүнийг төрсөн нутаг руугаа буцах гэж байхад нь ерөнхийлөгч Гордон Б.Хинкли түүнээс гэр рүүгээ Христийн шашинтай болоод буцахаар юу болох бол гэж асуужээ. Тэр “Манай гэрийнхэн сэтгэлээр унах байх даа” гээд, “Тэд намайг гэрээсээ хөөж, үхсэн мэт үзэж ч магад. Ирээдүй болон мэргэжлийн хувьд бүх л боломж маань хаагдаж ч магад гэж хариулсан юм.” Сайн мэдээний төлөө чи ийм их үнэ цэн төлөхөд бэлэн байна уу? гэж ерөнхийлөгч Хинкли асуужээ.
(Даллин Х.Өүкс, “Золиослол,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19.)
-
Залуу эр юу гэж хариулсан гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Уг хүнд Есүс Христийг дагахын тулд маш олон зүйлээс татгалзах сэдлийг чухам юу төрүүлсэн байж болох вэ?
Филиппой 3-ыг судлахдаа, Есүс Христийн сайн мэдээний төлөө та юугаа золиосолсон мөн ийн золиосолсноор хэрхэн адислагдсанаа бодож үз. Нөгөөтээгүүр, Аврагчтай ойр байхын тулд золиос гаргана гэдэг таны хувьд мэдэхгүй ойлголт байж болох юм. Таны нөхцөл байдал ямар ч байсан бай, Аврагч хөгжиж дэвшихэд тань туслахыг ихэд хүсдэг. Хичээлийн туршид таны амьдралд золиосын гүйцэтгэдэг үүргийг ойлгоход туслах Ариун Сүнснээс хүлээн авсан бодол санаа, мэдрэмжид анхаарлаа хандуул.
Есүс Христийн сайн мэдээ ямар ч золиосноос илүү үнэ цэнтэй.
Паул Дамаск орох замд Есүс Христэд хөрвөгдөхөөсөө өмнө (Үйлс 9-ийг үзнэ үү), фарисай буюу еврейчүүдийн дунд шашны болон нийгмийн хүрээнд өндөр байр суурь эзэлдэг хүн байсан (Филиппой 3:5-ыг үзнэ үү) гэдгийг сана. Паул үлдсэн амьдралаа Есүс Христийг дагаж, сайн мэдээг номлоход зориулах болсныхоо төлөө хүнд хавчлага, гай гамшиг, бие махбодын зовлон, сэтгэлийн дарамтыг амссан (2 Коринт 11:23–28-ыг үзнэ үү). Филиппой 3:7–17 дээрээс бид Есүс Христийг дагаж, үр дүнд нь хүлээн авах адислалуудын төлөө өмнөх амьдралаа орхих талаар Паул юу гэж бодож байсан тухай уншсан.
Филиппой 3:7–14-ийг уншаад, Есүс Христийг дагаж, Түүнийг таньж мэдэхийн тулд Паул юунаас татгалзахад бэлэн байсныг олж мэд. 10-р шүлэг дээрх таньж гэдэг үг нь хүлээн зөвшөөрөх гэсэн утгатайг, 12-р шүлэг дээрх “урагшлах” гэдэг үг нь урагш тэмүүлэх, 12-р шүлэг дээрх болгож авах гэдэг үг нь олж авах гэсэн утгатай болохыг анхаар.
Паулын жишээнээс хэрэв бид Есүс Христийг дагаж, итгэлээр урагшлахад татгалзах шаардлагатай бүхнээс татгалзаж чадвал Түүний таньж мэдэн, мөнхийн амийг олж авч чадна гэх зарчмыг мэдэж авч болох юм. Энэ зарчмыг та судар эсвэл судлах тэмдэглэлдээ бичихийг бод.
Цаг гарган энэ зарчим танд хэрхэн хамаатай болох талаар тунгаан бод.
-
Танд ямар бодол, асуулт эсвэл мэдрэмж төрж байна вэ?
Хувийн золиос
Хичээлийн эхэнд сайн мэдээний төлөө ихийг золиослоход бэлэн байсан нэгэн залуутай холбоотойгоор асуусан ерөнхийлөгч Хинклигийн асуултыг эргэн сана. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хуваалцсан түүхийн үлдсэн хэсгийг унш.
Уг залуу нулимс цийлэгнүүлэн, “Энэ үнэн биз дээ, үгүй гэж үү?” гэж хариулсан байдаг. Түүний асуултад баталгаатай хариу өгөхөд, тэрээр “Тэгвэл өөр юу ч чухал биш?” гэж хариулжээ. Энэ бол олон олон шинэ гишүүний гаргадаг золиос юм.
(Даллин Х.Өүкс, “Золиослол,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)
-
Энэ залуугийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Аврагчийн амьдрал, номлол, Цагаатгал хэрхэн золиосын төгс жишээ болж байна вэ?
-
Есүс Христ таны төлөө юуг золиослоход бэлэн байсан талаар тунгаан бодоход танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Филиппой 3:14. Паул “Би бариа өөд урагшилдаг” гэж хэлэхдээ ямар утгаар хэлсэн бэ?
Далын ахлагч Эдвард Дюбэ ийн заасан.
Бариа өөд урагшлах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Аврагчтай хамт “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам” [2 Нифай 31:18] дээр итгэлтэйгээр үргэлжлүүлэхийг хэлдэг. Паул өөрийн зовлон шаналлыг “бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш” [Ром 8:18; мөн 2 Коринт 1:3–7-г үзнэ үү] гэж үзжээ. Шоронд хоригдож байхдаа филиппойчуудад хандан бичсэн Паулын захидал бол тодорхойгүй байдлын энэ хүнд хэцүү үед бидэнд асар их баяр баясал, урам зориг хайрладаг. …
Сонирхолтой нь, Паул биднийг урагш тэмүүл гэж ятгахдаа, өнгөрсөн үеийн айдас, анхаарал, бүтэлгүйтэл, уйтгар гунигаа мартахад мөн уриалсан.
(Эдвард Дюбэ, “Бариа өөд урагшил,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90)
Би Есүс Христэд илүү ойртохын тулд ямар золиос гаргахаа хэрхэн мэдэх вэ?
Далын ахлагч Ларри Р.Лорэнс Их Эзэний төлөө ямар золиос гаргахаа бишрэл хүндэтгэлтэйгээр бодож үзэх хамгийн тохиромжтой цаг бол ариун ёслол гэж заасан.
Энэхүү бишрэл хүндэтгэлийн уур амьсгал доор бидний бодол санаа тэнгэр өөд хандаж байсан үед Их Эзэн бидэнд дараа нь юун дээрээ ажиллах талаар эелдгээр хэлж өгөх болно. Би та нарын нэгэн адил олон жилийн турш хэрхэн өсөж хөгжихийг надад үзүүлсэн Сүнсний олон захиас хүлээн авсан билээ. …
Сүнс танд хэн нэгнийг уучлах хэрэгтэй гэж хэлж магадгүй. Эсвэл та үздэг киногоо эсвэл сонсдог хөгжмөө илүү зөв сонго гэсэн захиас хүлээн авч болно. Танд ажил хэргийн харилцаа холбоондоо арай илүү шударга байхыг эсвэл мацгийн өргөлд илүү өгөөмөр ханд гэсэн мэдрэмж төрж болох юм. Боломжууд хязгааргүй билээ.
(Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–19)
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Аврагчийг дагахын тулд ямар ямар золиос гаргадаг вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн гаргадаг олон золиосыг жагсаажээ. Та түүний “Золиослол,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19–22 гэх хэлсэн үгийг унших эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Золиослол” (16:30) видеог үзэж болно.