Иохан 1:1–51
Есүс Христийн нэр цол ба үүрэг
Төлөөлөгч Иохан цэдгийнхээ эхний бүлэгт Аврагчийн олон нэр цол, үүргийг тодорхойлсон. Энэ хичээл Есүс Христийн зарим нэр цол, үүргийг тодорхойлж, сурч мэдсэнээр Түүнийг илүү гүн гүнзгий таньж мэдэхэд тань тусална.
Нэр цол ба үүрэг
60 секундийн дотор өөрийн аль болох олон нэр цол, үүргийг жагсааж бичээрэй (жишээлбэл, үеэл, суралцагч, Залуу эмэгтэйчүүдийн ангийн нарийн бичиг гэх мэт).
Жагсаалтаасаа нэг нэр цол эсвэл үүргийг сонгоод, энэ нь таны талаар мэдэх цорын ганц зүйл гэж төсөөл.
-
Хэрэв таны тухай мэддэг ганцхан зүйл тэр л байсан бол тэд өөр ямар чухал мэдээллийг мэдэлгүй өнгөрөөх байсан бэ?
-
Өөр өөр нэр цол, үүрэг бүрийг тань ойлгодог хүнтэй харилцахад танд ямар байх байсан бэ?
Есүс Христ таны тухай бүх зүйлийг мэддэг бөгөөд таныг хайрладаг. Бидний хүн нэг бүр зөвхөн Түүнийг таньж мэдсэнээр мөнхийн амийн бэлгийг хүртэх учраас ( Иохан 17:3 -ыг үзнэ үү) Тэр таныг Өөрөөс нь ч бас суралцаасай хэмээн урьдаг. Судрууд дээрх Есүс Христийн нэр цол, үүрэг бүр Түүний талаар өвөрмөц, чухал зүйлийг заадаг. Иохан бидэнд Аврагчийг илүү гүнзгий таньж мэдэхэд туслах олон чухал нэр цолыг хуваалцах замаар сайн мэдээгээ эхлүүлдэг.
Иохан 1:29 -ийг уншаад, энэ шүлэгт Аврагчийг тодорхойлоход ашигласан нэр цолыг хайж ол.
Судлах тэмдэглэлдээ “Есүс Христийн нэр цол ба үүрэг” гэсэн хуудсыг эхлүүлж болох бөгөөд “Бурханы Хурга” гэж бич. (Хэрэв та Есүс Христийн талаар энэ жил олж мэдсэн зүйлээ бичих хуудсыг өмнөх хичээлд зориулан тэмдэглэл дээрээ гаргасан бол энэ жагсаалтыг тэдгээр хуудасны аль нэгэн дээр эхлүүлж болох юм.)
-
Энэ нэр цол Есүс Христийн тухай танд юу зааж байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн тухай танд юу зааж байна вэ?
Аврагчийн нэр цол, үүргийн талаар ойлголтоо гүнзгийрүүлэх нэг арга зам бол Түүний нэр цол, үүргийг илүү гүнзгий тайлбарлах бусад судар болон чуулган дээр хэлсэн үгсийг судлах явдал юм. Судруудын удирдамж, Topical Guide, Bible Dictionary болон ChurchofJesusChrist.org, Gospel Library аппликэйшн дээрх хайлтын үйлдлүүд суралцахад тань тусална.
Судруудын удирдамж эсвэл Topical Guide-аас “Есүс Христ, Бурханы Хурга” гэж хайгаад, Иоханы ашигласан энэхүү эрхэм нандин нэр цолоор дамжуулан Аврагч болон Түүний үйл хэргийн тухай заах бусад судрын хэсгийг унш.
-
Та Бурханы Хургын хувьд Есүс Христийн талаар ямар ойлголттой болсон бэ?
Иохан 1:1–14, 41, 49 -ийг уншаад, эдгээр судрын хэсгээс олж мэдсэн Есүс Христийн нэр цол, үүргийг тэмдэглэлийн хуудсан дээрээ нэмж бич. Та мөн Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–14 -ийг (Bible appendix-д) уншихыг хүсэж болох юм.
-
Та Иохан 1-ээс олох боломжгүй Аврагчийн өөр ямар нэр цол, үүргийг мэдэх вэ?
-
Аль нь танд онцгой утга учиртай вэ? Яагаад?
Христийн талаар суралцах
Ухагдахууныг өөрийн үгээр тайлбарлах нь үүнийг илүү сайн ойлгоход мөн Ариун Сүнс хэрхэн тайлбарлаж буй үнэнийг гэрчлэхийг мэдрэхэд тань тусална.
1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж дуусга.
Судлах тэмдэглэл дээрх жагсаалтаасаа анхаарлыг тань татсан эсвэл илүү сайн мэдэхийг хүсэж байгаа Есүс Христийн нэр цол, үүргийг сонго. Та сонгосон нэр цол эсвэл үүргээ ашиглан Есүс Христийн талаар хэн нэгэнд ямар нэг зүйл тайлбарлахыг хүсэж байгаагаа төсөөлөөд үз. Та тэдэнд хэлэх үгээ хамгийн багадаа таван өгүүлбэр бүхий догол мөр болгон бич. Судалж байхад тань тус болсон судрын хоёр эшлэлийг оруулаарай. Судруудын удирдамж, Topical Guide, бусад эх сурвалжийг мөн дараах асуултуудыг хариултаа олоход ашиглаж болох юм.
-
Энэ нэр цол, үүрэг Есүс Христийн тухай танд юу зааж байна вэ?
-
Аврагчийг энэ үүргээр нь илүү сайн ойлгох нь яагаад танд чухал вэ?
-
Та Аврагчийг таны эсвэл өөр хүний амьдралд энэ нэр цол эсвэл үүргийнхээ дагуу үйлдэл хийж байхыг хэзээ харж байсан бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүс Христ бол Үг гэсэн нь ямар утгатай вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Эцэгийн удирдлаган доор Есүс Бүтээгчийн үүргийг гүйцэтгэсэн. Түүний нэр цол бол “Үг” байв. … Грек хэл дээрх Шинэ Гэрээнд үг гэдэг нь логос буюу “илэрхийлэл” гэсэн утгатай үг юм. Энэ бол Эзэний өөр нэгэн нэр байсан. Уг нэр томьёо хачирхалтай санагдаж болох ч энэ нь зохимжтой. Бид үгийг ашиглан, илэрхийлэх гэж байгаа зүйлээ бусдад хэлдэг. Тиймээс Есүс бол Эцэгийнхээ дэлхийнхэнд өгсөн Үг буюу илэрхийлэл нь байсан.
(Russell M. Nelson, “Jesus the Christ: Our Master and More,” Ensign, Apr. 2000, 4)
Яагаад Есүс Христийг Бурханы Хурга гэж дуудах болсон бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Хуучин Гэрээнд амьтны золиос хэмээн нэрлэгддэг байсан цагаатгалын талаар олон удаа дурдсан байдаг. Зүгээр нэг амьтнаар тахил өргөдөггүй байлаа. Үүнд онцгой шалгуурыг авч үздэг байв. Тухайлбал:
Бог малаас согоггүй хуцыг сонгох [ Леви 5:18 ; 27:26 -г үзнэ үү],
Цусыг нь урсгаж, амьтны амиар тахил өргөх [ Леви 9:18 -ыг үзнэ үү],
Ясыг нь хугалахгүйгээр амьтны амийг таслах [ Гэтлэл 12:46 ; Тооллого 9:12 -ыг үзнэ үү],
Нэг амьтнаар өөр нэгэн амьтныг төлөөлөн тахил өргөх [ Леви 16:10 -ыг үзнэ үү] зэрэг юм.
Христийн Цагаатгалын хувьд Хуучин Гэрээний анхны эдгээр хэв шинжийг гүйцэлдүүлсэн юм. Тэрээр согоггүй, Бурханы ууган Хурга байсан. Тэр бас цусаа урсган золиосолсон. Их Эзэний биеийн ямар ч яс хугараагүй байв. Түүнтэй хамт цовдлогдсон хоёр эрийн хөлийг хугалсан байсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу [ Иохан 19:31–33 -ыг үзнэ үү]. Харин Тэр өөрөө бусдын төлөөх золиос байв.
(Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 34–35)
Иохан 1:14 . Бид бүгд Бурханы хүүхдүүд мөн ч гэлээ яагаад Есүсийг Эцэгийн Төрсөн Ганц Хүү гэдэг вэ?
Хэдийгээр бидний хүн нэг бүрийн сүнс үнэндээ Бурханы хүү, охин боловч Есүс Христ бие махбодтой буюу мөнх бус байдалд төрсөн Бурханы цорын ганц хүүхэд юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) ийн заасан.
Мариагаас төрөх хүүхэд Элохимийн буюу Мөнхийн Эцэгийн төрсөн хүүхэд юм. … Хүү Есүс нэг талаас үхэшгүй бөгөөд алдаршуулагдсан Бурханы, нөгөө талаас хүмүүний буюу эмэгтэй хүний, тухайлбал Өөрийн эцэг эхийн бие махбод, оюун ухаан, сүнслэг шинж чанар, хандлага, хүч чадал зэрэг онцлох шинж чанаруудыг өвлөх байлаа.
(James E. Talmage, Jesus the Christ [1916], 81)
Иохан 1:18 . Энэ шүлэг дэх мэдэгдлээр Бурханыг харах боломжгүй гэсэн үг үү?
Иохан 1:18 -ын Иосеф Смитийн Орчуулгад (зүүлт тайлбар c-г үзнэ үү) Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ үзэгдэхдээ Өөрийн Хүү Есүс Христийг гэрчилдэг гэдгийг тодорхой тайлбарладаг. Үүний нэг жишээг Иосеф Смит—Түүх 1:17 -оос олж болно.