Сүнслэг мэдлэг олж авах, 2-р хэсэг
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, амьдралд хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь асуудлыг илүү тод томруун харахын тулд мөнхийн талаас нь шинжлэн судлахад танд туслах болно.
Асуулт ба бэрхшээл
Заримдаа бид итгэлийг маань сорьж болох бэрхшээл, сорилттой тулгардаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ач хүүгийнх нь эхнэр буюу бэрд нь тулгарсан нэг сорилтын талаар ийн хуваалцжээ.
“Бурхан ялах болтугай” видеог цагийн код 5:50-аас 6:39 хүртэл үз эсвэл дараах бичвэрийг унш.
Саяхан манай нэг ач хүүгийн эхнэр сүнслэг байдлын хувьд бэрхшээлтэй тулгарсан юм. Би түүнийг “Жилл” гэж нэрлэе. Мацаг барьж, залбирч, санваарын адислал авсан ч Жиллийн аавын амьдрах хугацаа дуусаж байлаа. Тэр аавыгаа болон гэрчлэлээ хоёуланг алдана гэхээс айж байсан юм.
Нэгэн үдэш миний эхнэр Вэнди Нэлсон эгч надад Жиллийн нөхцөл байдлын тухай хэлэв. Маргааш өглөө нь намайг сүнслэг байдлын хувьд бэрхшээлтэй байгаа Жиллд туслах ганцхан үгийг түүнтэй хуваалцах нь зүйтэй гэсэн бодол Вэндид төржээ. Тэр нь миопи гэсэн үг байв.
(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)
Миопи гэсэн үг нь харалган буюу алсын хараагүй гэсэн утгатай.
-
Бурханы болон Түүний төлөвлөгөөний талаарх ямар үнэн ирээдүйд болох зүйлээс тэгж их айхгүй байхад Жиллд туслах байсан бэ?
Яг одоо танд тулгарч буй бэрхшээл, асуултынхаа талаар бод. Энэ нь “Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг”-т таны тодорхойлсонтой ижил байж болох юм.
-
Та яагаад энэ асуулт эсвэл бэрхшээлдээ тусламж авахыг хүсэж байна вэ?
Уй гашуу, зовлон шаналлыг мэдрэх нь амьдралын нэгэн хэсэг гэдгийг санаарай. Есүс хүртэл хайртай хүмүүсийнхээ араас гашуудаж байсан (Иохан 11:32–36-г үзнэ үү). Бид өөрсдийн нөхцөл байдлыг мөнхийн талаас нь харах юм бол Их Эзэн эдгээр мэдрэмжийг даван туулахад бидэнд туслах болно. Өөрийн асуулт, бэрхшээлийг даван туулахад тус болох үнэнийг энэ хичээлээс хай.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд
Бидний амьдралд зовлон бэрхшээл тулгарч, хариулагдаагүй асуулт гарч ирэх үед сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмууд тусалж болох юм. Үүнд:
-
Итгэлээр үйлд.
-
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судал.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий утга санаа олж авахыг эрэлхийл.
Энэ хичээл дээр бид мөнхийн талаас нь асуудлуудыг шинжлэн судлахад Ариун Сүнс бидэнд тэдгээрийг илүү тод томруун харахад тусалж чадна гэсэн үнэнд анхаарлаа төвлөрүүлэх болно.
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8-р догол мөрийг мөн дараах судрын хэсгүүдээс ядаж нэгийг нь судал. Сорилт бэрхшээлээ мөнхийн талаас нь харахад Жиллд тусалж болох үг, хэллэгийг тэмдэглэ.
Асуулт эсвэл асуудлыг мөнхийн талаас нь хэрхэн шинжлэн судлах вэ?
Асуулт эсвэл асуудал байвал аливаа зүйлийг мөнхийн талаас нь харахад бидэнд туслах, бидний дагаж мөрдөж болох үйл явц:
-
Тэнгэрлэг Эцэгийг эсвэл Түүний төлөвлөгөөг буруу ойлгоход хүргэж болзошгүй бидний аливаа таамаглалыг тодорхойл.
-
Эдгээр таамаглалыг засаж залруулдаг Тэнгэрлэг Эцэгийн эсвэл Түүний төлөвлөгөөний тухай үнэнийг тодорхойл.
-
Асуултыг мөнхийн талаас нь авч үзэн эсвэл сайн мэдээний үнэнийг тусган асуултыг өөрчил.
ChurchofJesusChrist.org дээрх “Асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь” (2:56) видеог үзээд, Лорэн хэмээх залуу эмэгтэй энэ үйл явцыг ашиглан найздаа хэрхэн тусалсныг хар.
-
Энэ видео утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах талаар юуг ойлгоход танд тусалсан бэ?
-
Лорэн бидний дөнгөж сая тодорхойлсон гурван алхмыг хэрхэн ашигласан бэ?
Ерөнхийлөгч Нэлсоны хуваалцсан түүхэд, ач хүүгийнх нь эхнэр Жиллд яг энэ үйл явц хэрхэн тус болохыг бод.
Жилл сорилт бэрхшээлээр дамжуулан мөнхийн талаас нь харах чадвараа хэрхэн хөгжүүлж, адислагдсан талаар ерөнхийлөгч Нэлсон хуваалцсан. ChurchofJesusChrist.org дээрх “Бурхан ялах болтугай” видеог цагийн код 6:58-аас 8:24 хүртэл үз эсвэл доорх мэдэгдлийг унш.
Жиллийн аавыг нас барсны дараа миопи гэдэг үг түүний санаанаас гарахгүй байжээ. Тэр үүнийг илүү сайн ойлгохыг хүсэж, зүрх сэтгэлээ нээн, миопи гэдэг нь харалган, алсын хараагүй гэсэн үг байсныг мэдэж авав. Энэ нь түүний бодол санааг өөрчилсөн юм. Жилл дараа нь “миопи гэдэг үг надад амсхийх, эргэцүүлэн бодох, эдгэрэх сэдэл өгсөн. Одоо энэ үг намайг амар амгалангаар дүүргэдэг. Энэ нь надад алсын хараагаа тэлж, мөнхийн зүйлсийг эрэлхийлэхийг сануулдаг болсон. Энэ нь надад тэнгэрлэг төлөвлөгөө байгаа, аав минь амьд хэвээрээ бөгөөд намайг хайрлаж, харж ханддаг гэдгийг сануулдаг болсон. Миопи гэх энэ үг намайг Бурханд авчирсан” гэж хэлжээ.
Би хайртай, эрхэм нандин бэр охиноороо маш их бахархаж байна. Зүрх сэтгэлийг нь эмтэлсэн хамгийн хэцүү зүйл тохиолдсон энэ цаг үед хайрт Жилл маань аавынхаа талаарх Бурханы тааллыг мөнхийн талаас нь харж, хүлээн авч сурч байна. Бурханыг ялуулахад бэлэн байхыг сонгосноор тэр амар амгаланг олж байгаа.
(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 102)
-
Мөнхийн талаас нь харж чадсанаар Жилл хэрхэн адислагдсан бэ?
Энэ хичээлийн эхэнд тодорхойлсон сорилт бэрхшээл эсвэл асуултыг эргэцүүлэн бод. Сурч мэдсэн гурван алхмаа ашиглан асуулт эсвэл сорилт бэрхшээл дээрээ хэрхэн ажилласнаа судлах тэмдэглэл дээрээ бич.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Би уй гашуу, гарз хохиролтой тулгарахдаа мөнхийн талаас нь харж чадвал энэ нь надад хэрхэн тус болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эхнэр Данзэлыгаа зуурдаар нас барахад мөн охин Вэндигээ хорт хавдартайгаа удаан тэмцсэний эцэст таалал төгсөхөд мөнхийн талаас харж чадсан нь түүнд хэрхэн тусалсан талаар ийн тайлбарласан.
2005 онд, гэрлээд бараг 60 жил өнгөрсний дараа хайрт Данзэл маань зуурдаар нас нөгчсөн. Уй гашуугаасаа болоод би хэсэг хугацаанд юу ч хийх аргагүй болсон юм. Гэвч Христийн амилсны баярын захиас, амилалтын амлалт надад тусалсан.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117)
Бид охиноо маш их үгүйлж байна. Гэвч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ байгаа учраас түүний талаар бид санаа зовохгүй байна. Бид Бурхантай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн дээдэлж, түүнтэйгээ хамт дахин амьдрах болно гэсэн хүлээлттэй амьдардаг. Тэр болтол бид энд Их Эзэнд үйлчилж, тэр маань диваажинд Түүнд үйлчилж байх болно.
(Рассэлл M.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)
Яагаад бидний таамаг чухал вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хуваалцжээ.
Хожмын үеийн гэгээнтнүүд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг мэддэг учраас энэхүү мөнх бус дэлхий нь үл таних өнгөрсөн болон тодорхой бус ирээдүй хоёрын хоорондох завсрын нэг үзэгдэлт жүжиг биш гэдгийг мэддэг. Энэ амьдрал бол гурван үзэгдэлт жүжгийн хоёр дахь үзэгдэл юм. Үүний зорилго Нэгдүгээр үзэгдэл дэх сүнслэг оршихуй, Гуравдугаар үзэгдэл дэх мөнхийн хувь тавилангийн талаарх илчлэгдсэн зүйлээр тодорхойлогдоно. Бурханы илчилсэн энэ төлөвлөгөө ба бусад үнэний талаарх бидний мэдлэгээс шалтгаалан, бид өөрсөдтэйгөө адилхан мэдлэггүй хүмүүсийнхээс өөр таамаг дэвшүүлж эхэлдэг. Үүний үр дүнд бид бусад хүний зөвхөн мөнх бус амьдралын талаарх өөрсдийн үзэл бодлоор шүүн үздэг олон чухал сэдвийн тухайд өөр өөр дүгнэлт гаргадаг.
(Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [evening with a General Authority, Feb. 8, 2013], 3–4)
Би асуулт, асуудлуудаа мөнхийн талаас нь харахын тулд тэдгээрийг хэрхэн өөрчлөн тавьж болох вэ?
Шашны институт, семинарын зохицуулагч Чад Х Вэбб ийн хэлсэн.
Хэрэв бид мөнхийн талаас нь харж эхэлбэл мөнхийн үнэнийг харуулан тусгасан дүгнэлтэд хүрэх болно. Гэхдээ дэлхийнхний таамаглалаас эхэлбэл дэлхийнхний дүгнэлтэд хүрэх нь баттай. Тиймээс оршил үндэслэлийг нь бид хүлээн зөвшөөрдөггүй тул зарим асуултаа өөрчлөн тавих хэрэгтэй байж болох юм.
Жишээлбэл: Танаас “Бие биедээ хайртай хоёр хүн гэрлэж болохгүй гэж үү?” гэж асууж байсан байх. Дэлхийнхний ихэнх хүний өнцгөөс харах юм бол хариулт нь “болно” байж ч болох юм. Гэхдээ та авралын төлөвлөгөөний талаар болон Тэнгэрлэг Эцэгийн гэрлэлтийн зорилгын тухай мэддэг зүйлээ бодоорой. Авралын төлөвлөгөө нь асуултыг мөнхийн талаас нь харах чадварыг болон сайн мэдээн дээр үндэслэн өөрчлөн тавих боломжийг олгодог. Та “Яагаад Бурхан гэр бүлийг томилдог вэ?” эсвэл “Их Эзэн яагаад эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг гэрлэхээр болгосон бэ?” гэх мэт зарим асуултыг эргэцүүлэн бодож болох юм. Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд хаанаас ирдгийг, Тэрээр одоо болон мөнх амьдралд тэдэнд юу өгөхийг хүсдэг талаар мэддэг зүйлээ бод. Тэр яагаад биднийг ариун сүмд гэр бүлүүдийг лацдан холбох хүчээр адисалсан тухай бод. Эдгээр зарчмын талаарх таны ойлголт асуултыг хэрхэн өөрчлөн тавьж, асуудлыг сайн мэдээний гэрлээр дамжуулан харах боломжийг олгодог вэ?
(Chad H Webb, “That They May Know How to Come unto Him and Be Saved” [Brigham Young University–Hawaii devotional, Mar. 22, 2016], byuh.edu)